Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 007

 

Ж.Очироо, П.Батдорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0052/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                

           Шүүх хуралдаанд: 

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Ялтан                                                        Ж.Очироо, П.Батдорж

           Ялтны өмгөөлөгч                                     Р.Цэрэнханд

            Хохирогч                                                        Б.Гангаамаа

           Нарийн бичгийн дарга                            И.Буманбаяр нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Очироо, П.Батдорж нарт холбогдох 201606000056 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ж.Очироо, ялтны өмгөөлөгч П.Адьяасүрэн, Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, Догшин овогт Пүлээгийн Батдорж, 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-өндөр сумын Шанд багийн 26-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г375052015 регистрийн дугаартай,

 Монгол Улсын иргэн, Буурал овогт Жамбаагийн Очироо, 1975 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Г375030413 регистрийн дугаартай,

 

П.Батдорж, Ж.Очироо нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Булган" зочид буудалд хохирогч Б.Гангаамааг хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Догшин овгийн Пүлээгийн Батдорж, Буурал овгийн Жамбаагийн Очироо нарыг хүч хэрэглэн бусдыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар шүүгдэгч Ж.Очироо, шүүгдэгч П.Батдорж нарыг тус тус 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нарын тус тус цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний ягаан өнгийн дотоож, 2,5 литрийн “Боргио” пивоны сав 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

     Ялтны өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах гомдолдoo: “...тухайн хэрэг учрал болсон шалтгаант холбоог сайтар судалж үзвэл П.Батдоржийн үйлдсэн гэх гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна. Хохирогч гэх Гангаамаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “Очироо миний хажуунаас босоход Батдорж хажуугаар хэвтсэн. Би Батсүх ахыг дуудахад Батсүх босож ирээд бос гэж хэлээд Батдоржийг татаж босгосон” гэжээ. Гэрч Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө “... үүр дөнгөж цайж эхэлж байхад Батаа ахаа гэх Гангаамаагийн дуунаар би сэрсэн. Тэгээд харахад нөгөө орон дээрээ Батдорж Гангаамаагийн дээр гарчихсан ноцолдож байсан. Би тэгээд боль, бос гэхэд Батдорж боссон. Батдорж тэр үед дээгүүрээ цээж нүцгэн доогуураа саарал өмдтэй байсан” гэжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2181 тоот шинжилгээний дүгнэлтэд “... хохирогч ДНХ тогтоц нь сэжигтэн П.Батдоржийн цусны тогтоцтой тохирохгүй байна” гэжээ.

Хавтас хэрэгт мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цугларсан нотлох баримтуудыг ЭБШХ-ийн 94, 95 дугаар зүйлд заасан хэм хэмжээний дагуу үнэлж үзвэл шүүгдэгч П.Батдорж нь Б.Гангаамааг хүчиндсэн гэх гэмт хэрэг нотлогдохгүй байна. Хохирогч нь шүүгдэгч П.Батдоржид хүчиндүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Хохирогчийн мэдүүлгийг гэрч Батсүх нотолдог тул шүүгдэгч Батдорж намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн хохирогч Б.Гангаамаагийн мэдүүлэг эх сурвалжтай зөрж байна. Хохирогч Б.Гангаамаагийн мэдүүлгээр П.Батдорж нь Ж.Очироогийн дараа намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн байсан. Гэмтэл шинжээчийн дүгнэлтээр П.Батдоржийн үрийн шингэн хохирогчийн дотоожноос авсан мэдээлэлтэй тохирохгүй…хохирогчийн П.Батдоржтой намайг хүчиндсэн гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

… шүүгдэгч П.Батдорж хохирогч гэх Б.Гангаамааг хэл амаар доромжилж цохиж зодсон үйлдэл гаргаснаас болж Б.Гангаамаа П.Батдоржид гомдсон учир хүчиндсэн гэж мэдүүлэг өгсөн гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Шүүгдэгч П.Батдорж дээрх баримтуудаас үзвэл хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч П.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: “...Ж.Очироо нь хохирогч Гангаамааг бусадтай бүлэглэн хүчиндсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Гангаамаа нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “Очироо миний хажуугаар хэвтээд мөн бэлгийн харьцаанд орсон. ...үүний дараа Очироо миний хажуугаас босоход Батдорж хажуугаар хэвтсэн. Би Батсүх ахыг дуудахад Батсүх босч ирээд боль гэж хэлээд Батдоржийг татан босгосон. Би уйлаад Батдорж, Очироо нарыг нэг нэг удаа цохиход Батдорж миний гэдэс рүү цохисон гэж хэлжээ.

Ялтан П.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ буудалд орсны дараа Гангаамаа, Очироо нар үнсэлцээд байсан. Би шөнө бие засах гээд гэрэл асаахад Очироо, Гангаамаа нар тэврэлдсэн байдалтай хэвтэж байсан. Би Гангаамаатай бэлгийн харьцаанд ороогүй хэмээн тус тус мэдүүлснээс харахад ялтан Ж.Очироо, П.Батдорж нар нь хохирогч Гангаамааг бүлэглэн хүч хэрэглэж хүчиндсэн нь хангалттай тогтоогдохгүй байна.

Харин ялтан Ж.Очироо нь хохирогч Гангаамаатай бэлгийн харьцаанд дангаар орсон нөхцөл байдал нь тогтоогдож байна. Ялтан Очироог хохирогч Гангаамаатай бэлгийн харьцаанд орж байхад Батдорж нь түүнд туслаж, саад бэрхшээлийг нь арилгах болон хохирогчийн гар хөлнөөс барьсан, Очироод тусласан үйлдэл огтхон ч хийгээгүй байх бөгөөд энэ тухай ч хохирогч Очироог босохоор Батдорж хажуугаар орж хэвтсэн гэж мэдүүлсэн.

Мөн ялтан Батдоржид ялтан Очироо нь хохирогчтой бэлгийн харьцаанд оруулах гэж тусалж дэмжсэн үйлдэл огт хийгээгүй байна. Ялтан Очироо нь хохирогчтой бэлгийн харьцаанд орохдоо хэн хэгний тусламж дэмжлэгийг ямар нэгэн байдлаар аваагүй бөгөөд бусадтай бүлэглэж хохирогчтой бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэв ялтан Ж.Очироог хохирогчтой бэлгийн харьцаанд орж байхад Батдорж дэргэд нь байсан учраас бүлэглэсэн гэж үзвэл мөн гэрч Батсүх ч байсан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар ялтан Ж.Очироо нь хохирогч Гангаамаатай бүлэглэж биш дангаараа бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдож байх тул … шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ж.Очироогийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 126.1-д заасан хөнгөрүүлэн зүйлчилж, ялтан Ж.Очироо нь хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, мөн хохирогч Гангаамаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Ялтан Ж.Очироо давж заалдах гомдолдоо: “...миний бие Батдоржтой бүлэглэж хүчиндээгүй, харин тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орсон. Хохирогчтой бэлгийн харьцаанд орж байхад болон орохоос өмнө ялтан Батдорж нь надад туслаж, дэмжсэн зүйл байхгүй. Би ч Батдоржид тусалж дэмжсэн зүйл байхгүй. Миний бие хохирогчтой дангаараа бэлгийн харьцаанд орсон ... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогчдоо хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан ба хохирогч надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иймд миний үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хөнгөрүүлж зүйлчилж, ногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд П.Батдорж, Ж.Очироо нар нь 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Булган" зочид буудлын 221 тоот өрөөнд хохирогч Б.Гангаамааг бүлэглэн, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Гангаамаа, гэрч Д.Батсүх, Б.Хишигбат, Г.Болдбаатар нарын мэдүүлгүүд, шинжээчийн 80, 2181 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ялтны өмгөөлөгч П.Адьяасүрэн нь “...П.Батдорж хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй болох нь тогтоогдож байх тул П.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх,

ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд, Ж.Очироо нар нь “...хохирогч Гангаамааг бусадтай бүлэглэн хүчиндсэн нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна...иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 126.1-д зааснаар зүйлчилж, ногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг шүүхэд гаргасан байх боловч

 

хохирогч Б.Гангаамаа болон Ж.Очироо, П.Батдорж нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7, 10, 12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9, 11, 13/,

хохирогч Б.Гангаамаагийн “...нөгөө дээлтэй ах үүр цайтал ноцолдож байгаад намайг  1 удаа хүчиндээд босоод явсан…гэтэл 3 дахь ах зөрж босож ирээд миний өвөрт ороод ирсэн…гарыг маань дээш нь болгоод …хүчиндсэн. Энэ үед Батаа ах босч ирээд та нар арай дэндэж байна, ингэж болохгүй гэж хэлээд нөгөө ахыг араас нь татаж чирээд босгосон…эхлээд намхан дээлтэй залуу нь дараа нь өндөр залуу хоёр хоёулаа хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон…” гэх /хх 26-27/,

гэрч Д.Батсүхийн “... Батаа ахаа гэх Гангаамаагийн дуунаар би сэрсэн. Тэгээд харахад нөгөө орон дээрээ Батдорж Гангаамаагийн дээр гарчихсан ноцолдож байсан. Би тэгээд боль бос гэхэд Батдорж боссон…” гэх /хх 25/,

гэрч Б.Хишигбатын “...Би пивоны саваар өндөр залууг нилээд хэд цохисон байх, хумсаараа маажиж өөр цохисон зүйл байхгүй…” гэх /хх 32/,

гэрч Г.Болдбаатарын “…манай охин үс гэзэг нь сэгсийчихсэн юманд хөөгдсөн байдалтай орж ирсэн…манай эхнэр охиныг хүмүүс доромжилсон юм шиг байна гэхээр нь…Булган буудал руу очсон…би намхан залууг хоёр удаа гараа урдаа барьчихсан байхад нь өшиглөсөн…манай эхнэр …хоосон пивоны саваар л хэд цохисон байсан…гэх /хх 33/ мэдүүлгүүдээр ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.

 Мөн шинжээчийн 80 дугаартай дүгнэлтэнд “…Б.Гангаамаагийн биед бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо…гэмтэл үүссэн гэх хугацаатай тохирно…” гэж, 2181 дугаартай дүгнэлтэнд “…дотоожинд эр бэлгийн эс илэрсэн…ДНХ тогтоц нь сэжигтэн Ж.Очироогийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна…” гэж /хх 38, 44/ тус тус дүгнэсэн бөгөөд

хэргийн нөхцөл байдлын талаар хохирогч Б.Гангаамаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа, тогтвортой өгсөн “…намайг Очироо, Батдорж нар хүчиндсэн … ” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэх, өөрөөр хэлбэл П.Батдорж нь хохирогчийг хүчиндээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ж.Очироо, П.Батдорж нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан тэдэнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ж.Очироо, П.Батдорж нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.

Иймд ялтан, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ялтан  Ж.Очироо, ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд, П.Адьяасүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

     2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                 ШҮҮГЧИД                                               С.ЦЭЦЭГМАА        

                                                                                                С.УРАНЧИМЭГ