Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны  04 дүгээр сарын 02-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтийн талаар тайлбарлахдаа: “Миний бие 1970 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд малчин ард *******гийн 3 дахь хүү болон мэндэлсэн. 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 дүгээр ангид элсэн орж 1986 онд төгссөн. Улмаар эх ын хамтаар Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байгаад 1989-1991 онд цэргийн алба хаасан бөгөөд үргэлжлүүлэн мал маллаж байгаад 1994 онд тай гэр бүл болж одоог хүртэл мал маллаж ирсэн. Одоо тэтгэвэртээ гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.******* намайг Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв..

2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1.Хүсэлт гаргагч Б.*******өөс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн алба хаасан лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, , нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,

2.2. Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, ХААТР маягтын хуулбарууд, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, гэрч , нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалаар Б.*******ийг мөн өдрөөс эхлэн нэгдлийн туслах үйлдвэрт томилж ажиллуулсан байна. /хавтаст хэргийн 7 дахь тал/

Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадын 1988-1989 оны 70 дугаар дансанд Дуламын нэр дээр /хүсэлт гаргагчийн ээж/ цалин, хөлс бодогдож бичилт хийгдсэн байна. /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 онд ******* сумын 8 дугаар сургуулийг төгссөн болох нь тус сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаагаар Б.******* нь 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ардын армийн 123 дугаар ангид цэргийн албанд татагдаж, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр халагдсан нь нотлогдож байна. /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29/303 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******ийн ХААТР 1А маягтаар “ажилладаг байгууллага Сүхбаатар зам нэгдэл, ажилд орсон он 1986 он, эрхэлдэг ажил ямаачин” гэж, ХААТР 15а маягтад “эрхэлдэг ажил малчин” гэж тус тус бичигджээ. /хавтаст хэргийн 24-28 дахь тал/,

№113 дугаартай Б.*******ийн “эцгийн нэр  Пүрэвийн Баатархүү, эхийн нэр Мятавын Дулам” гэсэн төрсний гэрчилгээгээр  хүсэлт гаргагчийн төрсөн эх нь болох нь тогтоогдож байна.

Гэрч ын “...Би Б.*******ийг багаасаа танина. Бид нэг нутаг усны хүмүүс. Б.******* нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрээр ээжийн хамт мал маллаж байгаад 1989 онд цэргийн алба хаасан. Цэргээс 1991 онд халагдаж ирээд нэгдэл тартал 3 дугаар бригаддаа малчнаар ажилласан. Түүнээс хойш ч гэсэн мал маллаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Гэрч ийн “...Би Б.*******ийг баг наснаасаа эхлэн танина. Бид нэг нутаг усны хүмүүс. Б.******* нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрээр ээжийн хамт мал маллаж байгаад 1989 онд цэргийн алба хаасан. Цэргээс 1991 онд халагдаж ирээд нэгдэл тартал 3 дугаар бригаддаа малчнаар ажилласан. Түүнээс хойш ч гэсэн мал маллаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ хэрэгт авагдсан.

Гэрч нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалаар тус нэгдэлд малчнаар томилогдож байжээ. 

Дээрх архивын лавлагаа, ажилд томилсон тушаал, гэрчийн мэдүүлэг, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цэрэгт татагдах хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд өөрөө болон ээж ын хамт мал маллаж, малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

5. Гэрч , нарын “бид хамт ажиллаж байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан нэгдлийн даргын тушаал болон бусад бичмэл нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрчээс хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

6. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ийн Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* ******* овогт *******гийн *******ийн Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК