Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/28

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Тийн Бд холбогдох эрүүгийн 1717000790042 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Тийн Б /РД:ЕЙ63071013/ Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1963 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, -д оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарт жолооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын зүүн урд талын шороон зам дээр 29-36 ГСА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.13-д “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а. тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэж заасныг зөрчиж иргэн Д.Лийн жолоодож явсан 08-29 ГСЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн ард сууж явсан зорчигч Д.Сын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын зүүн урд талын шороон замаар Хюндай Портер маркийн 29-36 ГСА улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13-т заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэснийг тус тус зөрчин  Д.Лийн жолоодож явсан 08-29 ГСЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн ард сууж явсан зорчигч Д.Сын амь насыг хохироосон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хойд зүгт ажил руугаа явж байхад зүүн талаас чиргүүлтэй Хово маркийн машин ирж байсан. Тэгэхэд мотоцикльтой хүн харагдаагүй. Машин өнгөрөөд харахад зүүн тал тоосжилттой байсан. Хажуу талаас мотоцикль хурдтай орж ирэхэд би машинаа зогсоох арга хэмжээ авсан. Мотоцикль миний машинтай мөргөлдөж цааш 20-30 метр найгаж явж байгаад арын хүн нь жолоочийн дээгүүр шидэгдэж толгой хэсгээрээ унасан. Тухайн зам нь адил чанарын, хөдөөгийн зам байсан. Би машинаа хөдөлгөөд замын зүүн талд зогсож байгаад түргэний машин ирээд хүнээ аваад явахаар нь машинаа буцаагаад байранд нь тавьсан, дараа нь цагдаад дуудлага өгсөн. Би ослын газраас хөдлөхгүй байх үүрэгтэй байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд прокурорын шатанд 3 200 000 төгрөг, саяхан үлдэгдэл төлбөрийг төлсөн. Нийт 8 851 000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Би 1992 оноос хойш шатахуун тээврийн тэрэг жолоодсон. Ийм алдаа гаргасандаа маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

1.2. Хохирогч Д.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэрээсээ ирээд дугуй засвар дээр машинаа засуулж байсан чинь Алтангэрэл ах өөрийнхөө утсыг надад өгөхөөр нь авсан чинь эмнэлэг дээр яаралтай хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр очсон. Тэгсэн чинь талийгаач ахыг хэдэн минутын өмнө нас барчихлаа гэсэн. Талийгаач тэр өглөө ажлынхаа Л гэдэг хүний ард мотоцикльтой сундалж яваад машинд мөргүүлж нас барсан. Талийгаач 1958 онд Говьсүмбэр аймагт төрсөн. Манай хамгийн том ах байгаа юм. 20 гаруй насны хүүтэй ба хүү нь хөдөө айлд мал малладаг. Өөрөө ганцаараа төвд амьдардаг байсан. Улаанбаатар транс гэдэг компанид харуул хийдэг байсан. Хүнд тусархуу цайлган цагаан сэтгэлтэй мөрөөрөө хүн байсан. Архи хааяа уудаг байсан. Миний бодож байгаагаар зам хөндлөн орж ирсэн жолоочийн буруугаас талийгаач нас барсан гэж бодож байна. Уг хэрэгт буруутай этгээдээс оршуулгын зардалд нийт 9 851 129 төгрөг гаргуулж авмаар байна. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-36 хуудас/

1.3. Хохирогч Д.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач Сыг ардаа суулгаад ажил руугаа явж байтал хажуунаас Портер маркийн тээврийн хэрэгсэл мөргөж мотоцильтойгоо унаж С ах нас барсан ба миний тархи доргиж, зүүн сарвуу зулгарсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний мотоциклийн ачаа, зөв талын амортизатор тахийсан, рам гулзайсан, урд ачаа зүүн тийш далийсан байсан. Нийт 225 000 төгрөгийн хохирол учирсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-39 хуудас/

1.4. Гэрч Г.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай компани Ник Петровис ХХК-ны харуул хамгаалалтанд ажилладаг. Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө ээлж хүлээлцэхээр 10 цаг 30 минутын орчим нефтийн 16 дугаар саван дээр хэмжилт хийгээд зогсож байхад Чойр талаас нилээн хурдтай хүн суулгасан мотоцикль баруун тийш явж байсан. Нефтийн урдуур зүүн тийш Чойр чиглэлд чиргүүлтэй Хово маркийн машин явж байсан. Мөн Цахилгаан дамжуулах сүлжээний талаас буюу урд талаас хойш чиглэлтэй цэнхэр өнгийн Портер машин ирж байгаа харагдсан. Хово маркийн машин зүүн тийшээ явж байхад Портер маркийн машин уг машиныг урдуураа өнгөрүүлэхээр зогссон. Хово маркийн машин Портер маркийн машины урдуур гараад явахад зүүн талаас баруун тийшээ хурдтай явж байсан мотоцикль Хово маркийн машины баруун гар талаар зөрж уг машины чиргүүлийг өнгөрөх шиг болоод гуйвганаж яваад мотоцикль унасан. Мотоциклийн ард сууж явсан хүн нь урд явж байсан хүнээ даваад газар унасан. Мотоциклиос унасан хоёр хүний нэг нь босч ирээд нөгөө хүнээ босгох гэж байгаа харагдсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Мотоцикль онхолдсон хойно Портер маркийн машин ямар ч байсан хойшоо харсан байрлалтай зогсож байсан. Хөдөлгөөн хийсэн үгүйг би хараагүй. Зам хөндлөн гарсан үгүйг мэдэхгүй байна. Зам тээврийн осол болсон газраас би 400-500 метрийн цаанаас харж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/

1.5. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө Цагаантолгойн уурхайгаас Мөнхбатын эзэмшлийн 65-86 УНА улсын дугаартай Хово маркийн чиргүүлтэй машинаар жонш авч ирээд замын баруун талын “Юби Транс” ХХК-ний хашаанд буулгаад Никийн урдуур гараад Чойр чигтэй явж байхад өөдөөс нилээн хурдтай 2 мотоцикль ар араасаа явж зөрсөн. Нэг мотоцикль нь ардаа хүнтэй явж байсан. Тэр мотоцикльтой хүн миний машинаас нилээн зайтай зөрөөд явсан. Намайг Чойр чигт явж байхад баруун талаас цэнхэр өнгийн Портер машин зам хөндлөн гарах гэж байхаар нь би дуут дохио өгсөн чинь тэр Портер машин зогсоод би цаашаа явсан. Намайг Портер маркийн тээврийн хэрэгслийн урдуур гараад 100 орчим метр явахад өөдөөс нилээн хурдтай мотоцикльтой хоёр хүн зөрсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

1.6. Гэрч Д.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Өглөө 10 цаг өнгөрөөгөөд талийгаач С ажил явах хэрэг байна хүрээд ир гэж над руу утсаар залгахаар нь өөрийн эзэмшлийн 08-29 ГСЗ улсын дугаартай мотоциклио унаад талийгаачийн байсан айлд очсон. Талийгаачийг авах гээд байж байхад Наранхүү, Чимэдмягмар нар мотоцикльтой ирсэн. Тэгээд хамт замын баруун талд байдаг Юби трасс руу миний ард талийгаач суугаад явсан ба араас Чимэдмягмар өөрийн мотоциклийг жолоодоод ард нь Наранхүү сууж явсан.  Петровисын зүүн урд чиргүүлтэй Хово маркийн машинтай зөрөөд гартал зүүн гар талаас Портер гарч ирээд мотоциклийн бөгс рүү мөргөсөн. Би мотоцикльтойгоо унаад босоод ирсэн чинь талийгаач миний ард хэвтэж байсан. Би талийгаачийг бариад байж байхад ард явж байсан Наранхүү, Чимэдмягмар нар ирээд Наранхүү толгойг нь бариад өвөр дээрээ тавиад сууж байтал Портер машины жолооч бууж ирсэн ба Наранхүү та чинь хүн хардаггүй юм уу мөргөчихлөө гэсэн чинь Портерийн жолооч ах нь машин харж байгаад анзаарсангүй ахыгаа уучлаарай гэсэн. Би тэр ахыг эмнэлэг дууд гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг ирээд талийгаачийг аваад явсан. Би 40-50 км цагийн хурдтай явж байсан. Миний өөдөөс Хово маркийн чиргүүлтэй машин ирээд зөрөөд тоос нь арилж амьжаагүй байхад яах ийхийн зуургүй зүүн гар талаас Портер машин ирсэн. Би мотоциклийн хаазаа нэмсэн үгүйг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд газар унасан. Тоормос гишгэхийн завдалгүй хажуунаас машин орж ирж мөргөсөн. Би хамгаалах малгай өмссөн байсан. Талийгаач хамгаалах малгай өмсөөгүй байсан. Миний осол гаргасан зам 4 талаасаа орж ирсэн зам байсан. Би Портер маркийн тээврийн хэрэгслийг зогсож байхад нь мөргөөгүй. Б ах буцаж машиндаа суугаад хөдөлгөөд Петровисын торон хашааны хажууд машинаа тавьсан байсан. Түүнээс би Б ахыг машинаа хөдөлгөөд яв гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-45 хуудас/

1.7. Гэрч Б.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Л С ахыг ардаа суулгаад түрүүлээд явсан ба миний мотоцикль асахгүй жаахан удаж байгаад араас нь явсан. Төмөр замын гармаар гараад Сод монголын агуулах өнгөрөөд явтал мотоцикль уначихсан Л талийгаачийн толгойг өргөөд зогсож байсан. Бид хоёрыг яваад очиход мотоциклийн зүүн талд хойшоо харсан цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Портерийн жолооч эмнэлэг дуудаж байсан ба Н тэр жолоочийг та замаа хардаггүй юм уу гэж хэлсэн чинь тэр жолооч ах машин харж байгаад анзаарсангүй гэсэн. Намайг Сод монгол ШТС хажуугаар явж байхад чиргүүлтэй Хово зөрсөн. Би Лийг хэр зэрэг хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Надаас түрүүлээд явсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46 хуудас/

1.8. Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Бид хоёр Мөнхийн эгнээнд яваад очиход Л, С ах хоёр айлаас гарч ирээд түрүүлээд хөдөлсөн ба Чын мотоцикль асахгүй байж байгаад араас нь явсан. Бид хоёр төмөр замын гармаар гараад явж байхад урд мотоцикль харагдахгүй байсан ба нилээн цаашаа яваад харахад мотоцикль унасан хажууд нь хойшоо хараад зогссон Портер маркийн машин байсан. Бид хоёр явж очиход талийгаачийг Л болон Портерийн жолооч түшээд суулгаж байсан. Би тэр ахад яагаад мөргөлдсөн юм бэ та урдаас чигээрээ орж ирсэн юм уу гэсэн чинь тэр ах машин харж байгаад харсангүй мөргөчихлөө гэсэн. Тэр ахыг түргэн, цагдаа дууд гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47 хуудас/,

1.9. Гэрч Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Дуудлага ирээд би жолоочийн хамт нефтийн урд талын зам дээр очиход нэг хүн тэврээд сууж байсан. Яаралтай тусламжийн үзлэг хийхэд хамар, амнаас нь цус гарсан дух нь овойсон, хухирсан, өмдөндөө шээсэн, эвэрлэгийн рефлекс байхгүй, хүүхэн хараа өргөссөн, пульс нь 51 зүрхний авиа, судасны лугшилт бүдэг байсан. Тэгээд 103-т авч ирээд мэс засал гэмтэл, мэдрэлийн эмчид үзүүлээд яаралтай сэхээний тасагт шилжүүлсэн. Ногоон өнгөтэй мотоциклийг замын хойд талд данхраадаад тавьсан байсан. Хажууд байсан хүн нь хол шидэгдсэн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 50 хуудас/,

1.10. Гэрч Ж.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Өглөө 10 цаг 29 минутанд 99821960 гэсэн дугаараас Б яриад нефть баазын урд талд мотоцикльтой хүн унасан байна гэж дуудлага өгсөн. Яаралтай тусламжийн их эмч А, жолооч Эын хамт дуудлаганд явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51 хуудас/,

1.11. Шинжээч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Хэргийн газрын үзлэгээр мотоциклийн тоормосны зам мөр нь байхгүй байсан учир хурдыг тогтоох боломжгүй. Уг мотоцикль нь 5 дугаар араан дээр явж замын хөдөлгөөнд оролцож байх тохиолдолд 40 км цагаас дээш хурдтай явах боломжтой байдаг. Ямар нэгэн зохицуулалтгүй, тэмдэг тэмдэглэгээ байхгүй шороон замд баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл түрүүлж нэвтрэх ёстой гэсэн замын хөдөлгөөний дүрэм үйлчилнэ. Жолооч Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осолд холбогдсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Учир нь жолооч Л нь баруун гар талдаа саадгүй байсан учир түрүүлж нэвтрэх ёстой. Жолооч Б нь хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтанд тусгагдаагүй газарт баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцон мотоцикльтой мөргөлдөж осол гаргасан. Жолооч Лийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Жолооч Б нь осол гарсан газраас тээврийн хэрэгслээ хөдөлгөж өөр газар байрлуулж болохгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 а-д зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т зааснаар шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71-72 хуудас/

1.12. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэнд: “Hyunday Porter маркийн 29-36 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.13-т заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. Sanya маркийн 08-29 ГСЗ дугаартай мотоциклийн жолооч Д.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в.-т заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Зорчигч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.1.а-д заасан “Мотоциклиор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” гэснийг зөрчсөн байна. Зам тээврийн осол нь Hyunday Porter маркийн 29-36 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.13 дахь заалтыг зөрчсөний улмаас гарсан гэх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэд хурандаа С.Б гэжээ. /х.х-ийн 67 хуудас/,

1.13. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтэнд: Hyunday Porter маркийн 29-36 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.13-т заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн 2 дугаар бүлгийн 2.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т зааснаар шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн байна. Sanya маркийн 08-29 ГСЗ дугаартай мотоциклийн жолооч Д.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в-т заасан “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-т заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Зорчигч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.1-т заасан “Мотоциклиор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” гэснийг зөрчсөн байна. Hyunday Porter маркийн 29-36 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Hyunday Porter маркийн 29-36 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.13-т заасан “Хөдөлгөөний дараалалт энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ц, цагдаагийн ахмад Л.У, цагдаагийн ахлах дэслэгч П.М, цагдаагийн ахлах дэслэгч Д.Б, цагдаагийн дэслэгч Б.Б гэжээ. /х.х-ийн 79 хуудас/

1.14. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10912 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Л 32 нас” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч А.Б гэжээ. /х.х-ийн 87 хуудас/

1.15. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10913 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Т.Б 54 эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч А.Б гэжээ. /х.х-ийн 89 хуудас/

1.16. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 433 дугаартай дүгнэлтэнд: Д.Лийн биед тархи доргилт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 95 хуудас/

1.17. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтэнд: Талийгаач Д.Сын цогцост толгойн битүү гэмтэл, гавлын орой болон суурь яс, тархины тархмал няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дотор эрхтний доргилт, уушгины цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс нь гавлын орой болон суурь ясны хугарал, тархины тархмал няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, духанд зулгаралт, духны цус хуралт, цээжинд цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Д.С нь нойр булчирхайн архаг үрэвсэл, архаг судас хатуурах өвчинтэй байжээ. Талийгаач Д.С нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусанд /2,0 промилли/. Талийгаач Д.Сын цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байв.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 101-102 хуудас/,

1.18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 3-8 хуудас/

1.19. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 9-10 хуудас/

1.20. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 11-15 хуудас/

1.21. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 18-19 хуудас/

1.22. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 20-21 хуудас/

1.23. Бичиг баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /х.х-ийн 28-31 хуудас/

1.24. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 97-99 хуудас/,

1.25. Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /х.х-ийн 83-84хуудас/

1.26. “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 110, 112 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Т.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

ХОЁР. Шүүгдэгч Т.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Д.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 хуудас/

2.2. Гэрч Л.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б нь манай байгууллагад жолоочоор ажилладаг. Би Бтой 2010 оны 11 дүгээр сараас хойш хамт ажиллаж байна. Ажилдаа сайн, төлөвлөгөө нормыг сайн биелүүлдэг, идэвхи чармайлт сайтай, машинаа сайн эзэмшдэг. Хамт олонтойгоо нийтэч, хүнд тусархуу. архи тамхи хэрэглэдэггүй. Байгууллагын болон бүсийн аваргаар удаа дараа шалгарч байсан” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 53 хуудас/,

2.3. Гэрч Т.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Бтой 1992 оноос хойш хамт амьдарч байна. 28, 25 насны хоёр охинтой.  Манай нөхөр 32 дугаар баазад жолоочоор ажиллаж байгаад бааз татан бууж хувиараа ажил хийж байгаад 2007 оноос Ник Петровис ХХК-д шатахуун түгээхийн жолоочоор ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа байгууллагын олон удаагийн аварга болж байсан. Мөн салбарын аварга болж байсан. Онц тээвэрчин, осолгүй манлай жолооч болсон. Манай нөхөр их даруу, уур уцаар байхгүй, архи тамхи хэрэглэдэггүй. Хүний ажлыг бүтээж өгөхийн төлөө явдаг, нийтэч, хүүхдүүдтэйгээ эвтэй харьцаатай, амьдралаа авч явахын төлөө их зүйлийг хийж явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54 хуудас/

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 128 дугаар хуудас/

2.5. Говьсүмбэр аймаг дахь нефть хангамжийн салбрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай албан бичиг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны 1672 дугаартай “Хүндэт жуух бичиг”, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах албаны “Осолгүй манлай жолооч” тэмдгийн 901 дугаартай үнэмлэх, Монгол улсын “Онц тээвэрчин” тэмдгийн 15377 дугаартай үнэмлэх, өргөмжлөл, баярын бичгүүдийн хуулбарууд /х.х-ийн 132-139 хуудас/,

2.6. Хохирогч М.Гад хохиролд 3 200 000 төгрөг, 5 651 000 төгрөг тус тус төлсөн  баримт зэрэг болно.

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

Шүүгдэгч Т.Быг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Бын 19361 дугаартай ВСDE ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Тийн Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Бод оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Бын 19361 дугаартай ВСDE ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.