Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2025/0022

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:К.С,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг дарга ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А нарын хоорондын  төрийн албаны маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1. Нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/76 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Маргаан бүхий захиргааны актаар Улаанхус сумын Засаг дарга К.С түүний албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.

3. Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

3.1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Хөх хөтөл” багийн ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт жил бүр төрсөн эгч К.Л талаар дурдаж байсан. Харин К.Л нь “Ш” хоршооны хувьцааг эзэмшдэг гэдгийг мэдээгүй, энэ тухай Авлигатай тэмцэх газарт удаа дараа гаргасан тайлбарт тодорхой дурдсан юм. Нөгөө талаас К.Лухиягийн зүгээс “Ш” хоршооны хувьцаа эзэмшдэг талаар мэдүүлж байгаагүй юм. Ер нь аливаа хуулийн этгээдэд хэн, ямар хувьцаа эзэмшдэг болох нь тухайн аж ахуйн нэгжийн нууцад багтдаг учир “Ш” хоршооны хэн нэгэн этгээд хувьцаа эзэмшдэг гэдгийг мэдэх боломжгүй гэж үзэж байна.

3.2. Уг зөрчлийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа гаргасан гэж үзвэл түүний уг зөрчилд тус аймгийн Засаг дарга шууд хариуцлага тооцож байгаа нь хууль эрх зүйн хувьд зөрчилдөөнтэй асуудал гэж үзэж байна. Хэрвээ уг зөрчлийг гаргасан гэж үзвэл сахилгын шийтгэл ногдуулах талаар хуулиар тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн.

3.3. Уг захирамжийн 2-т “Улаанхус сумын Засаг дарга К.С цаашид үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг мөрдөж зөчилгүй ажиллахыг үүрэг болгосугай” гэжээ. Уг өгүүлбэрт дурдсан “зөчилгүй” гэдэг үгийг юу гэж ойлгох вэ, энэ нь уг захирамж нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай болохыг харуулж байна гэжээ. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Нэхэмжлэгч К.С нь түүний төрсөн эгч К.Л нь “Ш” хоршооноос хувьцаа эзэмшдэг тухай мэдээгүй.  К.С төрсөн эгч К.Л компаниас хувьцаа эзэмшдэг асуудалтай холбож буруутгаж байгаа нь учир дутагдалтай. Мөн тэр талаар хавтаст хэрэгт ямар нэгэн гэрээ авагдаагүй байна.

“Ш” хоршоо гэж хуулийн этгээд байдаг юм уу, түүний захирал нь хэн болох, тухайн хоршооноос К.Л хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг талаар ямар нэгэн нотолгоо хавтаст хэрэгт байхгүй байна.

4.2. Хэрвээ энэ зөрчлийг К.С нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий  боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа гаргасан гэж үзвэл түүнд аймгийн Засаг дарга шууд  хариуцлага тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

К.С нь 2024 оны 11 дүгээр сард Улаанхус сумын Засаг даргаар томилогдсон. Түүнээс хойш гаргасан зөрчилд нь аймгийн Засаг даргад хариуцлага тооцно. Иймд  аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль ёсны хувьд зөрчилтэй,  маргаантай эрхийн акт гэж ойлгож байна.

4.3. Хэрвээ уг зөрчлийг К.С гаргасан гэж үзвэл хэзээ гаргасан зөрчил вэ, илрүүлснээс хойш 6 сар, гаргаснаас хойш 1 жилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа байгаа. Энэ талаар нотолгоонууд хавтаст хэрэгт авагдаагүй,тухайн захирамж нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай гарсан, сургуулийн захирлаар албан тушаалд томилсон эрх бүхий субъект арга хэмжээ авах ёстой байсан гэв.

5. Хариуцагчийн  шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Иргэний гомдлын дагуу Улаанхус сумын Засаг дарга К.С Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байна. Энэхүү хяналт шалгалтаар К.С тус аймгийн Улаанхус сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч К.Л хувьцаа эзэмшдэг “Ш” хоршоотой хамтран ажиллах гэрээг 2022-2024 онуудад байгуулж ажилласан байна. Уг гэрээг байгуулахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газраас уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай 2024 оны 05/20624 дугаар хугацаатай албан бичгийг ирүүлснийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонсох ажиллагааг хийж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын Б/76 дугаар захирамжаар К.С албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Авлигатай тэмцэх газраас 2024 оны 12 дугаар сард 05/20624 дугаартай албан бичгээр К.С сахилгын шийтгэл ногдуулж, 12 дугаар сарын 30-ны өдрийг  хүртэл хариу ирүүлэх тухай албан бичгийг ирүүлсний үндсэн дээр аймгийн Засаг дарга  нь Улаанхус сумын Засаг даргад хариуцлага тооцож,  Авлигатай тэмцэх газарт хариу хүргүүлсэн.  Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирүүлснээс бусад асуудлыг Засаг дарга мэдэхгүй, хууль хяналтын байгууллагаас сахилгын шийтгэл ногдуулах тухай албан бичиг ирүүлсний дагуу зөрчил тогтоогдсон гэж үзээд арга хэмжээ авсан. Уг албан бичигт “...Улаанхус сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ” гэж тодотгож ирүүлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2. Хэргийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч К.С нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр томилогдон 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны Б/96 дугаартай тушаалаар уг ажлаас чөлөөлөгдсөн байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дугаартай захирамжаар Улаанхус сумын Засаг даргаар томилогдсон байна.

3. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас ...Улаанхус сумын Засаг дарга К.С нь  тус сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч К.Л хувьцаа эзэмшдэг “Ш” хоршоотой хамтран ажиллах гэрээг 2022-2024 онуудад байгуулж, уг гэрээг байгуулахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1, 8.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/76 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4, 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;” гэж тус тус заасныг болон Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05/20624 дугаар албан бичгийг үндэслэн Улаанхус сумын Засаг дарга К.С албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;” гэж,

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн  8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;” гэж тус тус заасан.

5. Авлигатай тэмцэх газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05/20624 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргад ирүүлсэн албан бичгээс үзвэл нэхэмжлэгч К.С нь Улаанхус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан үедээ өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Л.Л хувьцаа эзэмшдэг  “Шындаулет” хоршоотой 2022-2024 онд гэрээ байгуулж ажилласан, ингэхдээ нийтийн албан тушаалтаны хувьд  гэрээ байгуулахын өмнө хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах, албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ тус тус  хэрэгжүүлээгүйг  Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар тогтоосон байна.

6.  Нийтийн албан тушаалтан дээрх байдлаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд түүнд эрх бүхий албан тушаалтан мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох боловч дээрх зөрчлийг нэхэмжлэгч К.С нь Улаанхус сумын захирлаар ажиллаж байх үедээ гаргасан байх тул хэрэв уг ажлаасаа чөлөөлөгдөөгүй тохиолдолд сургуулийн захиралд сахилгын шийтгэл хүлээлгэх асуудлыг  хуульд зааснаар томилох эрх бүхий этгээд болох аймгийн Боловсролын газрын дарга шийдвэрлэхээр байна.

Авлигатай тэмцэх газраас дээрх албан бичгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн байх боловч  нэхэмжлэгч  К.С нь Улаанхус сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас дээрх байдлаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдсөн,  улмаар Улаанхус сумын Засаг даргаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр томилогдсон байхад Улаанхус сумын Засаг дарга К.С сургуулийн захирлын хувьд үйлдсэн зөрчилд нь албан тушаалын цалинг гурван сар хүртэл 30 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасантай нийцээгүй байна.

Хэдийгээр Авлигатай тэмцэх газраас дээрх албан бичгийг ирүүлэх үед нэхэмжлэгч сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, сумын Засаг даргаар томилогдсон байх боловч нэхэмжлэгч уг зөрчлийг сумын Засаг даргын хувьд үйлдээгүй тул сумын Засаг даргад сургуулийн захирлаар ажиллаж байсан үед гаргасан зөрчилд нь хариуцлага тооцож шийдвэрлэснийг дээрх байдлаар хууль бус гэж дүгнэв.

Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1-д "нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;”, 3.1.2-т "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;”, 3.1.3."ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;” ойлгохоор заасан ба нэхэмжлэгч нийтийн албан тушаалтны хувьд дээрх байдлаар “Шындаулет” хоршоотой гэрээ байгуулахаас өмнө уг байгууллагад өөрийн төрсөн эгч К.Л ажилладаг тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байгаа эсэхийг судалж мэдэх үүрэгтэй бөгөөд хэрэв “Ш” хоршоотой гэрээ байгуулснаар ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй бол энэ талаар мэдэгдэл гаргах, албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх нь хуульд зааснаар нийтийн албан тушаалтны хүлээх үүрэг байна. Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч тухайн үед төрсөн эгч К.Л нь “Ш” хоршооноос хувьцаа эзэмшдэг эсэхийг мэдээгүй гэж маргасан нь үндэслэлгүй ба энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

8. Дээрх байдлаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн сургуулийн захирлын хувьд үйлдсэн гэх зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх хуульд заасан эрх бүхий албан тушаалтан биш байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сахилгын шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхтэй холбоотой  бусад маргаанд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/76 дугаартай  “Улаанхус сумын Засаг дарга К.С сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   М.РИЗА