| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0026/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/29 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/29
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Шын Бд холбогдох эрүүгийн 1717000630019 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Шын Б /РД:ЕЙ75081113/ Улаанбаатар хотод 1975 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн -д оршин суух, “Энхжих формат” ХХК-ний захирал ажилтай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Ш.Б нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1-1 тоот хашааны үүдэнд иргэн З.Цыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1-1 тоот хашааны үүдэнд З.Цтай хэрүүл маргаан үүсгэж заамдалцан улмаар түүнийг газарт унаган зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянбулагийн худаг засварлах ажлыг эхэлүүлж ажилчдаараа шуудууны нүх ухуулсан. Би хяналт тавиад байж байтал Ц гэдэг хүн айлын хашаанаас согтуу гарч ирж намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед би ажил хийж байсан болохоор чи явсан нь дээр гэж хэлэхэд намайг заамдаад авахаар нь би тавиулах гээд түлхэж унагасан. Түүнээс болж хавирга нь хугарсан гэдэг асуудлаар хохирогч цагдаад хандсан байсан. Ц нь манай байрны дээд талд амьдардаг. Халаалт өгсөн үеэс эхлэн би тухайн айлд хий аваарай манайх халахгүй байна гэж шаардлага тавьж байсан. Ц нь ажил хийж байхад над дээр ирж, чи манайд орж ирээд хий ав гээд томроод байсан пизда мөн үү гэж агсам тавиад намайг заамдаж авахаар нь салгах гээд түлхэж унагасан. Согтуу байсан болохоор нь би өргөж босгоод урд талын цахилгааны шитний хажууд суулган ажил үүргээ гүйцэтгэхээр явсан. Орой 16 цагийн үед цагдаагаас хүмүүс ирж та энэ хүнийг зодсон юм уу гэж асуусан. Би зодсон зүйл байхгүй энэ хүн агсам тавиад байхаар нь түлхэн унагасан гэж хэлсэн. Миний түлхсэн үйлдлээс болж тухайн хүнд гэмтэл учирч шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Биеийн хажуу хэсгээр унасан. Би гэм буруугаа сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, хүлээлгэх хариуцлагын талаар хууль зүйн үр дагаврыг ойлгож байна. Эмчилгээний зардалд 400 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн гэв.
1.2. Хохирогч З.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Баянбулагийн 1-1 тоотод өөрийн найз Түмэнбаатарын ах Ттай хамт 1 шил архи хувааж уугаад хонхор луу харихаар 16 цагийн үед Түмэнбаатарынхаас гарахад тэдний хашааны гадаа хүмүүс нүх ухаад зогсож байсан. Тэр хүмүүс дотор манай доод талын давхарт байдаг залуу зогсож байхаар нь би түүн дээр очоод юу байна хөгшөөн гэхэд тэр миний өөдөөс чи манай дээд айлын залуу мөн биз дээ гэхээр нь би мөн байна чи өмнө нь манай гэрт орж ирээд манай эхнэрийг пиздаа авгай хийгээ авсангүй гээд байсан уу гэхэд би тэр чинь мөн тэгээд чи муу яах юм гэснээ одоо чамайг ална гэж хэлээд тэр миний нүүрэнд гараараа 1 цохиход би газар унасан. Тэгээд тэр залуу миний цээжин дээрээс хэд хэдэн удаа дэвссэн. Би тэр хүнд зодуулаад найзынхаа хашаа руу мөлхөж орсныхоо дараа эмнэлэг рүү дуудлага дуудсан. Тгийн гэрт ороход тэр ганцаараа байсан бөгөөд би түүнд гадаа хүнд зодуулсан талаараа хэлээд буцаад гарсан. Тухайн үед миний цээж толгой өвдөөд амьсгалахад хүндрэлтэй байсан. Бид хоёрыг хүн салгаагүй. Тэр өөрөө намайг зодож байгаад больсон. Би тэр өдөр түүнээс өөр хүнтэй маргалдаж муудаагүй. Тэр хүн л намайг зодож ийм болгосон. Намайг зодсон залуу манай яг доод давхарын хүн байгаа юм. 10 гаран хоногийн өмнө тэр хүн манай гэрт орж ирээд парны хийгээ авсангүй гэж уурлаад манай эхнэрийг пиздаа гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Би тухайн үед нөгөө өрөөндөө байж байгаад гарч ирээд тэр хүнд чи гэрт орж ирээд яагаад эхнэр доромжлоод байгаа юм бэ гэхэд тэр надтай маргалдаад эхнэр ирж бид хоёрыг салгаад гаргаж байсан. Миний биеийн байдал жаахан муу байна зүүн талын хавирганууд хатгаж өвдөөд мөн толгой дүүрээд янгинаад байна. Тэр хүнд маш их гомдолтой байна. Тухайн хүнд зодуулсаны улмаас би эрүүл мэндээрээ хохирсон. Эм тариа, эмчилгээнд 400 000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-9, 50 хуудас/
1.3. Гэрч Г.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүү Түмэнбаатарынд ороход найз Ц нь ирсэн байсан. Тухайн үед манай дүү Түмэнбаатар замын баруун талд жоншин дээр ажиллахаар явсан байсан. Ц надад өчигдөр архи уусан чинь шартаад яг үхлээ гэж хэлэхээр нь би дэлгүүрээс 1 шил архи аваад түүнтэй хувааж уугаад тэр манай дүүгийн гэрээс харилаа гэж хэлээд гараад явсан. Би өөрийнхөө гэрт орсон. Гэртээ ороод байж байтал хэсэг хугацааны дараа тэр манай гэрт эргэж орж ирээд би танай хашааны гадаа хүнд зодуулчихлаа гэж хэлээд гараад явсан. Хэнд гэж асуухад гадаа гудамжинд худгийн нүх ухаж байсан манай орцонд байдаг хүн намайг зодчихлоо гэж хэлж байсан. Манай дүүгийнд надтай хамт архи ууж байхдаа бие хаа нь зүгээр эрүүл саруул байсан. Бид хоёр хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Ц миний хавирга эвгүй болчихоод байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10, 21 хуудас/
1.4. Гэрч М.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Дын хамт Баянбулагийн 1-1 тоот хашааны урд талын 5 дугаар худгийн цахилгааны кабелийн нүх ухаж байсан. Д бид хоёртой цуг Б ах байсан. Тэгсэн нэг согтуу хүн хашаанаас гарч ирээд Б ахтай юм ярьж байгаа харагдсан. Тэр хүнийг Б ах чи яв энд ажил хийж байна гэж байсан. Тэр хүн нь явахгүй байгаа бололтой байсан. Тэгээд намайг нэг харахад Б ах тэр согтуу хүнийг түлхээд газар унагаад цахилгааны шитний тэнд суулгасан. Тэр согтуу ахыг тэндээсээ хаашаа явсан талаар нь би анзаараагүй. Б тэр танихгүй согтуу хүнтэй яг юунаас болж муудаж маргалдсан талаар нь би мэдээгүй. Аль талаараа унаж байсныг одоо санахгүй байна. Бусдаар би тэр хүнийг Б зодож цохиж байхыг нь хараагүй. Б тэр хоёроос би 40-50 метр зайнд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/,
1.5. Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг өнгөрч байсан байх Баянбулагийн гудамжны баруун үзүүрийн худгийн тогны утасны нүх ухах ажлыг Э бид хоёр хийгээд Б ах хажууд зааварлаад зогсож байхад худгийн хойно байрлах трансформаторын зүүн талын хашаанаас 30 гаран насны согтуу эрэгтэй хүн гарч ирээд Б ах дээр ирээд юу байна гэсэн чинь Б ах тайвандаа гэж хэлсэн. Тэгсэн нөгөө согтуу ах Б ахыг чи чинь 4 дүгээр байранд харагдаад байдаг банди мөн үү гэхэд Б ах тийм бол юу гэж гэсэн чинь нөгөө согтуу ах Б ахын хувцаснаас нь заамдаад авсан. Тэр үед Б ах хөөе чи зүгээр бай гээд түлхэхэд нөгөө согтуу ах унаад өгсөн. Тэгээд өндийгөөд суугаад байхаар нь Б ах түшиж босгоод трансформаторын хажууд суулгасан. Удалгүй нөгөө ах харагдахаа байсан. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин энд нэг зодуулсан хүн байна гээд дуудлага ирсэн хаана байна гээд хайгаад явж байсан. Б ахтай муудалцсан тэр ах нилээн согтуу байсан. Тэр согтуу ах өөрөө Б ахыг үгээр идээд бас заамдаж авсан. Харин Б ах зүгээр л түлхсэн. Би доошоо харчихсан нүх ухаж байсан болохоор сайн анзаараагүй. Намайг хараад зогсож байхад ямар ч зодоон цохион болоогүй. Би бол яг хажууд нь хараад гэрлийн утасны нүх ухаад сууж байсан. Намайг буруу хараад сууж байхад зодож цохисон л юм биш бол өшиглөж цохиж байхыг нь би хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-17 хуудас/,
1.6. Гэрч Д.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг 103 дээр ээлжинд гарч байхад 16 цагийн үед З.Ц гэх хүн дуудлага өгсөн байсан. Уг дуудлагын дагуу Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 1-1 тоотод очиход Ц гэх хүн ганцаараа хашааны баруун урд хаалганы хажууд хашаа түшээд тонгойгоод суусан хэвлийгээ дарсан байдалтай байж байсан. Очоод би тухайн хүнээс юу болсон талаар асуухад хашааны гадаа нүх ухах ажил хийж байгаа хүн зодсон гэж хэлж байсан. Тэгээд би тэр хүнийг шууд эмнэлэг рүү тээвэрлэж авч яваад анхны үзлэгийг эмнэлэг дээр ирсэн хойноо хийхэд цээжний баруун тал болон хэвлийгээр өвдөлттэй бусад амин үзүүлэлтүүд хэвийн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/,
1.7. Гэрч С.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг 103-ын утсан дээр дуудлага хүлээн аваад сууж байхад 16 цаг өнгөрч байсан байх 99770192 гэсэн дугаараас 1 эрэгтэй хүн залгаад цээжээр өвдөөд амьсгал бачуураад амьсгал авахад хүндрэлтэй байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлага хүлээн аваад тухайн өдрийн 103-ын их эмч Д.Ад танилцуулаад түргэний машинтай очиж үзэхээр явсан. 103-ын эмч Д.А очиж үзээд тухайн хүнийг тээвэрлээд аваад ирсэн байсан. Дуудлагаар хүрэлцэн ирэгч нь З.Ц гэж хүн байсан. Биеийн ерөнхий байдал дунд зэрэг зовиур ихтэй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/,
1.8. Шинжээч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “З.Цын биед тархи доргилт, цээжний зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, дух баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хүнд түлхүүлж газар унахад үүсэх боломжтой гэмтлүүд юм. Газарт яаж унаж байгаагаас шалтгаалж үүсэх боломжтой. Цын биед үүссэн тархи доргилт, цээжний зүүн 7 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дух, дээд, доод уруулын зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Энэ нь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчийн үзлэгт үндэслэсэн болно. Цээжний зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтлийг авснаар хүний хөдөлгөөн амьсгал авах буюу гаргах үед эмзэглэл ихтэй, зүүн гарыг хөдөлгөх, хугарлын харалдаа дарагдах цохигдох үед эмзэглэл их бусад үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдахгүй. Энэ гэмтлийг тогтооход аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген зургийг уншсан эмчийн тэмдэглэлийг үндэслэн тогтоосон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/,
1.9. Гэрч Б.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бийнх 4 дүгээр байрны 3 дугаар орцны нэг давхарт, манайх 5 давхарт нь байдаг юм. Хэрэг болохоос 10 гаран хоногийн өмнө байрнуудын халаалтыг тавьж байх үед намайг гэртээ байж байхад хүн хаалга тогшихоор нь хаалгаа нээж өгөхөд Б зогсож байсан. Тэр надаас зөвшөөрөл аваад гэрт орж ирээд танайх 5 давхарын айл болохоор парныхаа хийг авахгүй бол манай гэр халахгүй байна. Танайх хий авч бай гээд над руу уурлаад захирангуй зандрангуй харьцаад байсан. Тэгэхээр нь би түүнд мэргэжлийнх нь хүнээр хийгээ авахуулна айлд орж ирээд яагаад байгаа юм бэ гэхэд хачин юм чинь дуугүй бай, пиздаа минь гээд байсан. Манай нөхөр унтаж байгаад босож ирээд юу болоод байгаа юм бэ, яагаад хүн рүү пиздаа гэж хараагаад байгаа юм бэ гэхэд тэр манай нөхөртэй маргалдаад, би салгаад түүнийг гэрээсээ гаргаад явуулж байсан. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг гэртээ байж байхад Ц би эмнэлэг дээр байна. Хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очиход түүний нүүр хавдаж хөхөрсөн, нүүр амнаас нь цус гарсан, хавирга хөндүүрлээд гээд их зовиуртай байсан. Түүнээс юу болсон талаар асуухад гудамжинд явж байгаад манай гэрт хийгээ авсангүй гэж орж ирж байсан 1 давхарын айлын хүнд зодуулчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51 хуудас/,
1.10. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 383 дугаартай дүгнэлтэнд: З.Цын биед тархи доргилт, цээжний зүүн 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний доод зовхи, дээд доод урууланд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 25 хуудас/
1.11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-5 хуудас/
1.12. Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 39-40 хуудас/
1.13. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 52-53 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ш.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ш.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч С.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ш.Б нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Б нь дээд боловсролтой, хувийн компанитай хүн байгаа юм. Хувийн зан байдлын хувьд хүнтэй эвсэг харьцдаг, нийтэч, даруу төлөв зан төрхтэй, архи дарс огт хэрэглэдэггүй, муу зуршилгүй, хүнд их тусархуу, гарын эв дүйтэй, ажил хийх эрмэлзэлтэй, эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа нь амардаг, хөдөлмөрч хүн байгаа юм. Хэрэг төвөг хийгээд яваад байхаар хүн биш байгаа юм. Урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62 хуудас/,
2.2. Гэрч Ш.Би мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ш.Б нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү хүн барьж авч зодоод байх хүн биш өөрөө группэд байдаг, нэг нүд нь юм хардаггүй. Архи дарс хэрэглэдэггүй, хүнд итгэмтгий цагаахан зантай хүн байгаа юм. Хэрэгт холбогдсон талаар нь би огт мэдээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61 хуудас/,
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 30 хуудас/,
2.4. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 67-68 хуудас/
2.5. Хохирогчид 400 000 төгрөгийн хохирол төлсөн баримт /х.х-ийн 72-74 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Шын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.