Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2025/0023

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М.Е ,

            Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

            Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комисс хоорондын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан  маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон салбар зөвлөлийн байгуулсан сонгон шалгаруулалтын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч анх “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комиссыг  хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, энэхүү хэрэгт Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комиссыг шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ32025/0069 дугаартай захирамжаар[1] хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

            3. Нэхэмжлэгчээс дээрх маргаж буй асуудлаар эхлээд  2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан  байх ба Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/2214 дугаартай бичгээр[2] хариу хүргүүлсний дараа тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгчийн шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд:

4.1. М.Е миний бие 2011 оноос хойш Баян-Өлгий аймагт сургуулийн өмнөх боловсролын салбарт тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс үндсэн багшаар 3 жил, арга зүйчээр 9 жил тус тус ажилласан туршлагатай билээ. 2024 оны 4 дүгээр сараас эхлэн Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэн ажиллаж байна.

4.2. Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцохоор 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд бүртгүүлсэн. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болох Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны шалгаруулалтад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл намайг багшилсан жил хүрээгүй гэдэг шалтгаанаар татгалзсан юм.

Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийн 33.2.2-д “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх" гэж заасан учраас тус аймгийн Төрийн албаны зөвлөл намайг 6 жил багшлаагүй гэх үндэслэлээр шалгалтад оруулах боломжгүйг мэдэгдэв.

4.3. Боловсролын салбарт тасралтгүй 12 дахь жил үүнээс үндсэн багшаар 3 жил, арга зүйчээр 9 жил ажилласан би дээрх хуульд заасан туршлагыг хангаж байгаа ба намайг шалгалтад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.4. Би энэхүү асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс миний гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд шалгалтыг түр хойшлуулсан юм.

4.5. Боловсролын сайдын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 тоот тушаалаар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох журам”-д боловсролын бусад сургалтын байгууллагад ажилласан жилийг багш, захирал, эрхлэгчээр ажилласанд заасан байхад цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгчээр ажилласан жилийг багшаар ажилласанд дүйцүүлэн тооцохгүй гэх Төрийн албаны салбар зөвлөлийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

 Учир нь, цэцэрлэгийн арга зүйч нь багшийн ажилд арга зүйн зөвлөгөө өгөх, багшийн ажлыг үнэлэх, зөвлөн туслах, чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг учир багшаар ажилласанд дүйцүүлэн тооцох ёстой. Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд хамгийн ойр албан тушаал гэж надаар түр орлон  гүйцэтгүүлж байгаа мөртлөө албан тушаалын туршилтын хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

4.6. Би энэхүү асуудлаар Төрийн албаны зөвлөлийн даргад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичгээр гомдол гаргахад, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/2214 дугаартай албан бичгээр “Боловсролын яамны дэргэдэх салбар зөвлөл”-өөс тайлбар хүсэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Үүнтэй холбоотой Боловсролын яамнаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр намайг “тусгай шаардлагыг хараахан хангаагүй” гэх байдлаар хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэж тайлбар хүргүүлжээ. Үүнийг миний бие эс зөвшөөрч шүүхэд энэхүү гомдлоо гаргаж байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад М.Е намайг бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, М.Е намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл даалгаж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс хоёр үндэслэлээр маргаж байна.

5.2. Нэгдүгээрт, хариуцагч нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж байна. Тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил ажилласан бол” гэж заасан. Нийт 10 жилийн багшаар зургаагаас доошгүй жил ажилласан хүн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй гэж ойлгоно. Эсхүл арга зүйчээр дөрвөөс доошгүй жил гэж арга зүйчийг бууруулж байгаа гэхээр арга зүйч нь эрхлэгчид хамгийн ойр албан тушаалтан.

5.3. Хуульд заасан таслал гэдгийг буруу ойлгоод байна.  Түүнээс болж маш олон багш нарын эрх ашиг, сонирхол зөрчигдөж байна. Багшаар насаараа ажилласан хүн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орох эрхгүй юм шиг тайлбарлаж байна. Таслалыг буруу ойлгосноос болоод, сонгон шалгаруулалтын бүртгэл буруу явагдсан. Салбар зөвлөл “үүнээс багшаар 6 жил” гэдгийг таслалгүй гэж ойлгоод байна. Таслал гэдэг нь “эсхүл” гэдэг ойлголт. Таслал өөрөө утга, учиртай байдаг. Хуульд боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаан жил ажилласан бол шалгалтад оруулж болно. Тэгэхээр М.Е нь цэцэрлэгчийн эрхлэгчээр шалгалт өгөх эрхтэй.

5.4. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт” тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан” гэж жилийг нь заасан нь аль нэгэнд нь ажилласан байх ёстой гэж ойлгоно, мөн мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байж болно гэж заасан. Ажилласан жилтэй холбоотой шаардлагыг 4 жил  арга зүйчээр байж болно, эсхүл  багшаар 6 жил байж болно гэж заасан.

5.5. Хоёрдугаар үндэслэл нь,  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох тухай” журам байна.

Салбар зөвлөл тухайн журмын гарчгийг нь буруу тайлбарлаад, бүртгэхээс татгалзаж байна. Үүнд сургууль, политехникийн коллеж хамааралтай гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл коллежоос бусад боловсролын сургалтын байгууллага гэж бичсэн. Харин цэцэрлэг нь сургалтын байгууллага мөн болно. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хүснэгтийн 3 дахь хэсэгт арга зүйчээр ажилласан жил гэж заасан. Хүснэгтийн 3  дахь баганад Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад гэдгийн гүйцэтгэх албан тушаалтанд ажилласан жилээр тооцох гэж байгаа учраас 50 хувиар тооцож болно.  М.Е нь 2 жил 7 сар 20 хоног багшаар ажиллаж байгаа, арга зүйчээр 4 жилээс гадна 9 жил 9 сар ажилласан. Мөн өнөөдөр хүртэл эрхлэгчээр ажиллаж байна. Эрхлэгчээр ажилласан хугацааг нэмсэн тохиолдолд 10 жил болж байна. Үүнийг 50 хувиар тооцвол багшаар ажилласан дутаад байгаа 3 жилийн хугацаа хангалттай хүрч байна. Нийтдээ 12 жил ажилласан. Тиймээс салбар зөвлөлийн байгуулсан шалгалтын комиссын шийдвэр нь үндэслэлгүй байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шүүхэд гаргасан тайлбар:

6.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах байсан хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтын талаар зарим иргэдээс Төрийн албаны зөвлөл болон Боловсролын яаманд гомдол гаргаснаар бүх цэцэрлэгийн албан тушаалын сонгон шалгаруулалт хойшлогдсон байсан юм. Харин гомдол гаргасан Н.Е, Б.Б нарт Монгол Улсын Боловсролын яамны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2265 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

6.2. Дээрх албан бичигт “Таны ажилласан жил одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хууль болон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталж ирүүлсэн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт заасан “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэх шаардлагыг хангаагүй байна, цаашид энэ тухай журамд тусгаж ажиллах тухай дурдсан байна.

6.3. Салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар шалгалт нь хойшлогдсон байсан цэцэрлэгүүдийн шалгалтын талаар болон Боловсролын яамнаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж зарлагдсан хүүхдийн цэцэрлэгүүдийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. Зарлагдсан нийт 6 цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас Өлгий сумын хүүхдийн 26, 27, 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд нийт 8 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

6.4. Үүнээс Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 4 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж 1 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн, 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 3 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж 2 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн, 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 1 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж шаардлага хангаж бүртгүүлсэн ба эдгээр 4 иргэний бүртгэлийг баталгаажуулж шалгалтыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болсон тухай бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн хүмүүст утсаар мэдэгдсэн.

Өлгий сумын 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Х.Е нь хотод хагалгаанд орсон шалгалтад товлосон хугацаанд ирж чадахгүй ба түр хойшлуулж өгөх тухай хүсэлтийг хангаж шалгалтыг 7 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн.

6.5. Дараа нь Өлгий сумын 26, 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд бүртгүүлж чадаагүй М.Е, Б.Б нараас гомдол ирүүлж, шүүхэд хандсан талаар мэдэгдсэн. Дээрх асуудлуудаас болж шалгалт дахин хойшлогдсон ба ямар нэгэн гомдол маргаангүй нэг хүн бүртгүүлсэн байсан Өлгий сумын 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион явуулав.

6.6. Нэхэмжлэгч М.Е цэцэрлэгийн багшаар ажилласан жил одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хууль болон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталж ирүүлсэн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт заасан “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж, сонгон шалгаруулалтын комисс бүртгэл баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

6.7. Иймд Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль, журмын дагуу тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласан, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэх үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

7. Хариуцагч  аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комиссын шүүхэд гаргасан тайлбар:

7.1. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулалтын комиссоос Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын шалгалтын бүртгэлтэй холбоотой Н.Е захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

7.2. Комиссоос тус аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал, Өлгий сумын хүүхдийн 22, 26, 27, 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Алтай сумын хүүхдийн 2 дугаар, Толбо сумын хүүхдийн 2 дугаар, Дэлүүн сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн болон Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын нийт 9 ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэдийн материалыг хянасан.

7.3. Зарлагдсан нийт 6 цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас Өлгий сумын хүүхдийн 26, 27, 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд нийт 8 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 4 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж 1 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн, 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 3 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж 2 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн, 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 1 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж шаардлага хангаж бүртгүүлсэн. Өлгий сумын 26 дугаар болон 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд бүртгүүлж шалгалт өгөх хүсэлт ирүүлж, албан тушаалын тусгай шаардлага хангаагүй тул бүртгэл цуцалсан комиссын шийдвэрийг үл зөвшөөрч Н.Е, Б.Б нараас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан тухай өргөдөл ирүүлсэн учир уг цэцэрлэгүүдийн шалгалт хойшлогдсон билээ.

7.4. Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад У, Б, Б, М гэсэн 4 иргэн бүртгүүлэх материал ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Н.Е хувьд нийт 11 жил 5 сар ажилласан боловч мөн цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт заасан “Цэцэрлэгийн багшаар 6-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлага хангаагүй байсан тул шалгалтын комиссоос бүртгэл баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэж, бүртгүүлэх хүсэлтийг цуцалсан юм.

7.5. Боловсролын ерөнхий хуульд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тусгай шаардлагыг “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэж заасан байх тул томилох эрх бүхий албан тушаалтнаас уг шаардлагын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж өгөх тухай захиалга ирүүлж, шалгалт зарлагдсан ба одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд комисс бүртгэл хийсэн болно.

7.6. Иймд Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шаардлагыг хангахгүй гэж үзээд тухайн албан тушаалд бүртгэл цуцалсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч М.Е захиргааны хэргийн шүүхэд гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

8.1. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулалтын комисс нь төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар томилогдсон.

8.2.  Сонгон шалгаруулалтаар хэд хэдэн байгууллагын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарласан. Тухайн үед Баяннуур сумын 2 дугаар Ерөнхий боловсролын сургууль, мөн Өлгий сумын 22, 26, 37, 32 цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал, мөн Алтай сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг, Толбо сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Дэлүүн сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн албан тушаал, Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал зэрэг нийтдээ  төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын 9 ажлын байр зарлагдсан байсан.

8.3. Цэцэрлэгийн эрхлэгчийн 6 албан тушаал зарлагдсан. Өлгий сумын 26, 27, 32 дугаар цэцэрлэгийн албан тушаалд нийтдээ 8 хүн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн. Үүнээс Өлгий сумын 26 цэцэрлэгийн албан тушаалд нийтдээ 4 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн.

Өлгий сумын 26 хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн М.Е хүсэлтийг цуцалж, комисс шийдвэр гаргасны улмаас М.Е болон өөр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалтай холбоотой дээд байгууллагад гомдол гаргаад, сонгон шалгаруулалт хойшлогдоод явж байсан ба  Боловсролын яамнаас тухайн  иргэдийн гомдолд хариу өгсний дараа шалгалтыг үргэлжлүүлэн явуулсан.

8.4.  Маргаан бүхий Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөн  сонгон шалгаруулалтад У.А, Б.Ө Б.Р, М.Е зэрэг 4 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн. М.Е  хувьд  нийт 11 жил 5 сар ажилласан боловч мөн цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах  тусгай шаардлагын туршлага хэсэг заасан “Цэцэрлэгчийн  багшаар зургаагаас  доошгүй ажил ажилласан байх” гэсэн шаардлага хангаагүй байсан тул шалгалтын комиссоос бүртгэл баталгаажуулахаас татгалзаж, шийдвэрлэж, бүртгүүлэх хүсэлтийг цуцалсан юм.

8.5. Боловсролын ерөнхий хуульд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тусгай шаардлагыг “ Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил, арга зүйчээр дөрвөөс доошгүй ажил ажилласан байна” гэж заасан байх тул шаардлага тус бүрийг авч үзсэн.

8.6. Энэхүү шаардлагын дагуу дээд байгууллагаас жишиг баталж өгсөн. Үүнийг баримтлаад Боловсрол, шинжлэн ухааны газрын албан тушаалын тодорхойлолтыг батлаад, үүний дагуу захиалга ирүүлсний улмаас зарлагдсан. Комиссын зүгээс  тусгай шаардлагад заасан шаардлагыг хангаагүй гэх үүднээс М.Е бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан.

Иймд Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шаардлагыг хангахгүй гэж үзээд тухайн албан тушаалд бүртгэл цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаар “Орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай” тогтоолоор[3] Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулах шийдвэр гаргаснаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 288 дугаар “Сул орон тоог нөхөх захиалга хүргүүлэх тухай” албан бичгээр[4] шинээр байгуулагдсан сургууль, цэцэрлэгүүдийн  захирал, эрхлэгчийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай  захиалгыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн, салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар “Сул орон тооны захиалга хүргүүлэх тухай” албан бичгийг[5] хүргүүлсэн байх ба уг албан бичигт Баян-Өлгий аймгийн төрийн үйлчилгээний байгууллагын 9 төсвийн шууд захирагчийн албан тушаалын сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах зарыг нийтэд мэдээлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар тусгажээ.

3. Дээрх сул орон тоонуудад сонгон шалгаруулалт явуулах хугацааг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар тогтоосон нь сонгон шалгаруулалтыг  зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг томилсон Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор[6] батлагдаж байна.

4. Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцохоор нийт 4 иргэн бүртгүүлэхээр баримт бичгээ цахимаар хүргүүлсэн байх ба сонгон шалгаруулах комисс нь дээрх 4 иргэнийг тухайн албан тушаалд тавигдах хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод заасан  шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, 1 иргэний   бүртгэлийг нь  шаардлага хангасан үндэслэлээр баталгаажуулж,  нэхэмжлэгч болон бусад 2 иргэний бүртгэлийг шаардлага хангаагүй үндэслэлээр бүртгэлийг нь цуцалсан болох нь хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлийн материал шалгасан тухай тэмдэглэлээр[7] тогтоогджээ.

5. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна”, 33.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна”, 33.2.1-т “багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр энэ хуулийн 27.1.2-т заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 33.2.2-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж тус тус заажээ.

6. Хуулийн дээрх заалтын агуулгыг цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалтай холбож  тайлбарлавал, өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх  удирдлагад хамаарах цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах тусгай  шаардлага нь боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх, үүнээс 6 жилийг багшаар, 4 жилийг арга зүйчээр ажилласан байхыг шаардсан, тодруулбал, хуульд заасан 10-аас доошгүй жилийн 6-аас доошгүй жилийг багшаар, 4-өөс доошгүй жилийг арга зүйчээр ажилласан гэх шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх гэж ойлгоно.  

7. Мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” гэж зааснаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-ын[8] III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсгийн “Туршлага” хэсэгт “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх”  шаардлагыг тусгажээ.

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... боловсролын салбарт 12 дах жилдээ ажиллаж байна, үүнээс багшаар 3 жил, арга зүйчээр 9 жил  тус тус ажилласан, цэцэрлэгийн арга зүйч нь багшийн ажилд арга зүйн зөвлөгөө өгөх, багшийн ажлыг үнэлэх, зөвлөн туслах, чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох тухай” журмын холбогдох заалтаар дүйцүүлэн тооцох ёстой” гэж тайлбарлан маргасан.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “... Боловсролын ерөнхий хуулийн 33.2.2 дахь хэсэгт заасан 10-аас доошгүй жил боловсролын салбарт ажилласан байх, үүнээс багшаар зургаагаас доошгүй, эсхүл арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлагын аль нэгийг хангасан байх ёстой гэж ойлгоно, хуульд заасан таслал нь  “эсхүл” гэсэн ойлголт, мөн  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох тухай” журмын гарчиг дах “... бусад боловсролын сургалтын байгууллага”-д цэцэрлэг хамаарна, тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хүснэгтийн 3 дахь хэсэгт арга зүйчээр ажилласан жил гэж заасан байх ба хүснэгтийн 3  дахь баганад заасан боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага гэдэгт мөн цэцэрлэг хамаарах ба цэцэрлэгт арга зүйчээр ажилласныг багшаар ажилласан 1 жилийг 50 хувиар дүйцүүлэн  тооцож болно” гэж тайлбарлажээ.

10. Нэхэмжлэгч нь   2011 оны 11, 12  дугаар саруудад, 2012 оны 1 дүгээр сараас 6 сарыг дуустал, 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал, 2013 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал   “Оюуны холбоо алхам” ТТБ байгууллагад багшаар 1 жил 7 сар , 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал  Өлгий сумын хүүхдийн Аравдугаар цэцэрлэгт багшаар 7 сар, 2016 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал Өлгий сумын  хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт арга зүйчээр 6 жил, 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 9 дүгээр сарыг дуустал Өлгий сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2 жил 9 сар, Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 1 сар,  боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй нийт 11 жил 3 сар, үүнээс багшаар 2 жил 4 сар, арга зүйчээр 8 жил 9 сар тус тус ажилласан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг тодорхойлсон төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоор[9], түүнийг ажилд томилсон, чөлөөлсөн эрх бүхий албан тушаалтны тушаалуудаар[10], мөн түүнд “Тэргүүлэх багш”  мэргэжлийн зэрэг олгосон нь Өлгий сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/2 дугаар тушаалаар[11]  тус тус тогтоогджээ.

11. Нэхэмжлэгчийн дээрх байдлаар ажлын туршлагаас үзэхэд, Боловсролын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан   болон албан тушаалын тодорхойлолтод заасан боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан,  ... үүнээс 4-өөс доошгүй жил арга зүйчээр ажилласан, ... мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагуудыг хангасан байх боловч багшаар 6-аас  доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байна.

12. Боловсролын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Боловсролын удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын үндэсний зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, боловсролын байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, боловсролын сургалтын байгууллагын удирдлагаас бүрдэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-т “Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна” гэж тус тус заасан.

13. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох тухай” журмын Дөрөвийн 2 дах баганад тусгасан “Боловсролын сургалтын байгууллагад багшаар ажилласан 1 жил”-д тооцох албан тушаал нь аймгийн хувьд  Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад буюу аймгийн боловсролын газарт удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын ажилласан байдлыг багшаар ажилласанд дүйцүүлэн тооцоход мөрдөх  хугацаа бөгөөд үүнийг хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан хугацааг багшаар ажилласанд дүйцүүлэн тооцох асуудалд хамааруулан мөрдөх боломжгүй байна.

14. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-т “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэж заасны дагуу  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 6.2-т “Төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс /цаашид “Шалгалтын комисс” гэх /-ыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр тухай бүр байгуулна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Зөвлөл, Салбар зөвлөл тогтооно”, 6.6-д “Шалгалтын комисс энэ журмын 6.5-т зааснаас гадна дараах чиг үүргийг нэмэлтээр хэрэгжүүлнэ”, 6.6.1-т “бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-т заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянах”, 6.6.2-т “зарлагдсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолттой танилцах, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах”, 7.8-д “Энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэн(цаашид “оролцогч” гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

15. Нэхэмжлэгчийг Өлгий сумын хүүхдийн  26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн  албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан  салбар зөвлөл болон сонгон шалгаруулах комиссын шийдвэр нь журмын дээрх заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгчийг хуульд  болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн үндэслэлийг  хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Боловсролын ерөнхий хуулийн  33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

 

 

[1] Хэргийн 78 дугаар тал

[2] Хэргийн 5 дугаар тал

[3] Хэргийн 126 дугаар тал

[4] Хэргийн 120 дугаар тал

[5] Хэргийн 121 дүгээр тал

[6] Хэргийн 23 дугаар тал

[7] Хэргийн 30 дугаар тал

[8] Хэргийн 133-139 дүгээр тал

[9] Хэргийн 37-41 дүгээр тал

[10] Хэргийн 106-111 дүгээр тал

[11] Хэргийн 104 дүгээр тал