Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00766

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00766

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00497 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч АӨСҮТ-д холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 384 185 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б хариуцагчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О 1993 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмчээр төгссөн ба ЗХЦТ эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад 2004 оны 8 дугаар сараас эхлэн АӨСҮТ-ийн эрүүл мэндийн даатгалын бага эмчээр ажиллаж эхэлсэн ба 2019 оны 12 дугаар cap хүртэл тасралтгүй 15 дах жилдээ ажиллаж байсан. Миний бие эрүүл мэндийн салбарт ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2012 онд Эрүүл мэндийн яамны жуух бичиг, 2016 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Түүнчлэн АӨСҮТ-д ажиллаж байх хугацаандаа Эрүүл мэндийн даатгалын газартай хийсэн гэрээний дагуу cap, улирал, жил бүрийн тайлан мэдээг цаг хугацаанд нь тогтмол хүргүүлж, байгууллагын бусад үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдог, алдаа дутагдалгүй ажиллаж, ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй, байгууллагын зүгээс ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй, жил бүрийн Эрүүл мэндийн даатгалын гэрээ дүгнэлтээр тогтмол 100 хувь үнэлгээ авч байсан. Гэтэл тус төвийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно. Б.О ийг ажлаас чөлөөлсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.9, 11.1.13., 11.2.1.3 дах заалтуудыг баримталсан байдаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. буюу ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогддоггүй юм. Мөн Б.О ээлжийн амралттай байх үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл амрахаар байсан боловч араас нь дуудан байж тайлан мэдээ гаргуулж ажлаас нь халж байгаа нь Хөдөлмөрийн духай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.9-д ажлын байранд архи уусан нь гэрэл зураг, видео, үндэслэл бүхий гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байх ёстой гэсэн байдаг боловч эдгээрийн аль нь ч нотлогдохгүй байгаа. Гэрч Б.Б-ийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаа, удирдлагын багийн хурал дээр 10 орчим хүн байсан гэдэг сүүлд мэдүүлэг өгөхдөө 5 хүн байсан гэдэг, захирал руугаа өөрөө ярьсан гэдэг ийм зөрүүтэй мэдүүлэг өгдөг тул энэ гэрчийн мэдүүлгийг үнэн гэж үзэх боломжгүй. Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот албан даалгаврыг зөрчсөн гэж байгаа боловч юуг зөрчсөн нь бас л тодорхойгүй байдаг. Иймд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил болох Даатгалын бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 384 185 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалаар тус төвийн даатгалын бага эмчээр ажиллаж байсан Б.О нь ажлын байран дээрээ архи ууж, согтуурсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү гэрээг цуцлах болсон үндэслэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3, хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1, 10 дугаар зүйлийн 10.3.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11 дүгээр зүйлийн 11.2.1.3 дах заалтыг тус тус үндэслэл болгосон болно. Энэ асуудал нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагаас мөн өдрийн 23:00 цагийн хооронд тус төвийн Б байрны 3 дугаар давхарын 301 тоотод болсон. Тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б нь нэхэмжлэл гаргасан Б.О болон түүнтэй хамт тухайн өрөөнд архи ууж байсан чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статистикч их эмч Г.Г, нягтлан бодогч Г.Д нарыг ажлын байран дээр архи ууж байгаа асуудлыг таслан зогсоох зорилгоор та бүхэн ажлаасаа гарсан нь дээр шүү гэж 2-3 удаа орж анхааруулсан боловч түүний үгийг согтуу байсан хүмүүс хүлээж аваагүй. Эмнэлгийн жижүүр эмч гэдэг бол тухайн өдөр эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, албан хаагчдад мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй. Мөн байгууллагын орлогч захирал албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл тоож, ажлын байранд дээр архи уух нь сахилгын ноцтой зөрчил гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ талаар жижүүр эмчийн дэвтэрт бичсэн боловч тухайн өдөр жижүүр эмчээр хамт ажиллаж байсан их эмч Ж.А түүнийг штрихээр арилгасан байна. Энэхүү асуудал үүсээд тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19:00 цагийн үед жижүүр эмчээр ажиллаж байсан төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б нь хүний нөөцийн менежер Б.Е болон төвийн ерөнхий захирал Ц.У нарт энэхүү асуудлыг албан ёсоор танилцуулсан. Хүний нөөцийн менежерийн зүгээс Цагдаагийн байгууллагад хандах нь зөв гэж хэлсэн. Тус төвийн ерөнхий захирлын гар утсан дээр төвийн дотоод хяналтын камер давхар хянагддаг тул үүссэн нөхцөл байдлыг утсан дээрх камераараа харахад төвийн Б байрны 3 дугаар давхарт нэг хүн 00-ийн өрөөний дэргэд суучихсан байсан тул тухайн 00-ийн өрөөтэй ойр байрлах камераар харахад тархвар судлаач Б.С 00-ийн өрөөний хажууд сууж байсан бөгөөд 00-ийн өрөөний дотроос нь нэг эмэгтэй гуйвсан байдалтай гарч ирэхэд төвийн Чанарын албаны дарга Д.Б нилээд их гуйвсан байдалтай, мөн тархвар судлаач Б.С гуйвсан байдалтай 301 тоот өрөө рүү орсон. Мөн нягтлан бодогч Г.Д дээрх 301 тоот өрөөнөөс гарч ирээд 00-ийн өрөө рүү орж байсан, мөн л гуйвж байсан. Эмнэлэг дээр болж байгаа үйл явдлын талаар тухайн өдрийн жижүүр эмч буюу эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б ээс утсаар тодруулахад, дээрх 301 тоот өрөөнд өдрийн 15:00 цагаас хойш чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статистикч их эмч Г.Г, даатгалын бага эмч Б.О нягтлан бодогч Г.Д нар архи уугаад байна. Миний бие тэдгээр хүмүүст 2-3 удаа хууль ёсны шаардлага тавьсан боловч миний шаардлагыг хүлээж аваагүй, ар гэрийнхэнд нь хэлчихлээр өдий насны хүмүүсийг ар гэрт нь ажил дээрээ архи уугаад байна гэж хэлэхлээр эвгүй санагдсан, мөн шууд хөөгөөд гаргачихлаар гадаа их хүйтэн байсан тул тэдний аюулгүй байдлыг бодоод хөөж чадаагүй, мөн Цагдаагийн байгууллагад хэлэхлээр эрүүлжүүлэхэд орно гэж эдгээр зүйлийг бодоод эхлээд захирал болон хүний нөөцийн менежерт утсаар танилцуулсан гэж хэлсэн. Энэ талаар эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б тухайн өдрийн маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт төвийн ерөнхий захиралд илтгэх хуудсаар дэлгэрэнгүй байдлаар бичгээр танилцуулсан. Үүссэн асуудлын талаар тус төвийн удирдлагын багийн хурлыг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулсан. Хуралд төвийн ерөнхий захирал Ц.У, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б , хүний нөөцийн менежер Б.Е , сувилахуйн албаны дарга Ө.А, ахлах нягтлан бодогч Ш.Г нар оролцсон. Хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төвийн Б байрны 301 тоотод чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С . статистикч их эмч Г.Г, даатгалын бага эмч Б.О нягтлан бодогч Г.Д нар ажлын байран дээр архи уусан асуудлыг хэлэлцсэн. Тэдгээр албан хаагчид өөрсдөө ажлын байранд дээр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр архи уусан нь үнэн гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан өргөдөл өгсөн, мөн дээрх нэр бүхий албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэгдэл нөхцөлд хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэлд ажлын байран дээр архи уусан тохиолдолд ажлаас шууд халахаар заасан, мөн төвийн хөдөлмөрийн дотоод журам, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар зэргийг үндэслэн хурлаас ажлын байранд архи уусан албан хаагчид болох чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статистикч их эмч Г.Г, даатгалын бага эмч Б.О нягтлан бодогч Г.Д нарыг ажлаас халах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг ноцтой зөрчил гаргасан дээрх албан хаагчдад төвийн ерөнхий захирал Ц.У танилцуулахад тэд ямар нэгэн үг, өгүүлбэр хэлээгүй, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тул өрөөнөөс гараад явсан. Тухайн үед камерт бичигдсэн бичлэг, гар утас дээр мөн зураг бичлэг нь байсан боловч бүгдийг нь устгасан байсан тул одоо шүүхэд өгөх боломжгүй болсон. Ажлын байран дээр архи уусан албан хаагчдыг ажлаас халах тухай төвийн ерөнхий захирлын тушаалыг танилцуулж, хуулбарыг тэдэнд өгч, тэдний ажлыг хүлээлцэхэд дээрх нэр бүхий зарим албан хаагчид ажлын компьютер дээрх ажилтан холбоотой файлуудыг устгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заалт нь ажилтныг ээлжийн амралттай байх үед ажлын байр нь хадгалагдаж байх тухай заалт юм. Манай энэ тохиолдол биш, ажилтан ээлжийн амралттай байх үедээ ажлын байран дээр ирэхдээ байгууллагын дотоод журмыг баримтлах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.О ийг АӨСҮТ-д холбогдуулан тус төвийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох даатгалын бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 384 185 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан АӨСҮТ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны удирдлагын багийн хурлын тэмдэглэлд огт тусгагдаагүй, бичигдээгүй асуудлыг шийдвэрийнхээ үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргаж өгсөн бодит нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны удирдлагын багийн хурлын тэмдэглэл 4 хуудас бүхий материалд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зарим ажилчид ажлын байранд архи ууж, согтуурсан асуудлыг хэлэлцсэн байх ба тархвар судлаач Б.С, чанарын албаны дарга Д.Б, даатгалын бага эмч Б.О нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхыг сувилахуйн албаны дарга Ө.А харж, хүний нөөцийн менежер Б.Е д мэдэгдсэн тухай тэмдэглэжээ гэсэн үг, өгүүлбэр огт байхгүй атал шүүх ийнхүү тэмдэглэлд тусгагдаагүй зүйлийг шийдвэрийнхээ үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... Гэрч Ш.Г болон гэрч Б.Б нарын мэдүүлгийг үндэслэсэн нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн маргааныг харсан гэх гэрч Б.Б-ийн шүүхэд өгсөн удаа дараагийн гэрчийн мэдүүлгүүд болон мөн удирдлагын багийн хуралд ярьж байсан зүйлүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайлбал, тус төвийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны удирдлагын багийн хурлын тэмдэглэлд Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал буюу Б.Б 301 тоот өрөөнд хүмүүс цуглараад чанга дуу гараад байсан ба хаалгыг тогшоод ороход 10 орчим хүн байсан, тэд архи ууж байсан гэж хэлсэн атлаа удаа дараа шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлгүүддээ Чанарын албаны даргын өрөөнд 5 хүн байсан хэмээн анхнаасаа зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гэрчийн мэдүүлгийн үеэр Б.Б ээс энэ талаар буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний 15 дугаар удирдлагын багийн хурлын тэмдэглэлд 10 орчим хүн байсан гэж байсан одоо яагаад 5 хүн байсан гэж яриад байгаа талаар асуухад удирдлагын багийн хурлын тэмдэглэлийг би хараагүй хэмээн мэдүүлсэн зэргээс харахад тус өрөөнд хэн хэн байсан нь ч эргэлзээтэй, тодорхойгүйг харуулж байна. Гэрч Б.Б тухайн өдөр нэхэмжлэгчийг архи согтууруулах ундаа уусан талаар ч эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүдийг мэдүүлсэн байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хэвийн бус ч гэхийнмуу байдалтай байсан, архи уусан байдалтай царай нь улайсан байсан., бүгдээрээ хамт байсан учир хэрэглэсэн гэж бодож байна, коридорт хэд хэд таарсан, өрөөгөөр нь ороход бөөнөөрөө байсан учир архи уусан байна гэж дүгнэсэн., бөөнөөрөө цугласан байсан учир архи ууж байна гэж бодсон., зэрэг мэдүүлгүүд, 15 цагаас хойш, 17 цагаас хойш, 18 цагаас хойш гэх мэт цаг хугацаа нь бүгд зөрүүтэй, мөн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Хүний нөөц рүүгээ ярихаас өмнө би энэ хэд рүү орсон, ажлаа цэгцэлж байна гэж ойлгосон, Баахан юм цуглуулаад бичиг цаасны юм хураачихсан байсан ., ажлын бус цагаар болсон зэрэг зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүхэд удаа дараа өгсөн атал шүүхээс уг зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй юм. Мөн гэрч Ш.Г гаас мэдүүлэг авах үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Таныг хэдэн хэдэн цагийн үед очиход Б.О согтуу байсан бэ хэмээн асуухад сайн санахгүй байна, камерын бичлэг дээр миний явж байгаа зураг, цаг байгаа., камерын бичлэг захирлын утсан дээр байсан, эмчилгээ эрхэлсэн орлогчийн утас, хүний нөөцийн утсанд, миний утсанд байсан хэмээн нотлох баримт хангалттай байгаа мэтээр мэдүүлсэн атлаа хавтаст хэрэгт эдгээр бичлэг гэх зүйлүүдээ огт өгөөгүй, хариуцагч талаас нэг ч бичлэг болон нотлох баримт шүүхэд өгөөгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй зөвхөн энэ хүний хэлсэн нотолгоогүй мэдүүлэг л байгаа болно. Гэтэл шүүхээс дээрх байдлаар нотолгоогүй, эргэлзээтэй, зөрүүтэй гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Ажилтан Б.О нь архи ууж согтуурсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тус төвийн Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан Б.Б-ийн илтгэх хуудас, нэхэмжлэгч Б.О-ийн өргөдөл, гэрч Б.Б , Ш.Г нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус төвийн Удирдлагын багийн хурлын тэмдэглэлд Ерөнхий захирлын хэлсэн үгэнд тухайн өдөр болсон үйл явдлыг гар утаснаасаа камернаасаа үзээд шалгасантай холбоотой Б.О ийг архи уусан согтуурсан талаар огт дурдаагүй байдаг. Мөн өмнө дурдсанчлан уг тэмдэглэлд дурдагдсан зүйлүүд болон гэрч Б.Б-ийн мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй байдаг ба түүнчлэн шүүх хуралд гэрчээр орсон Ш.Г ч уг хуралд нэхэмжлэгчийг архи уусан талаар харсан үзсэн гэх гэрчийн мэдүүлгээр мэдүүлсэн зүйлсээ огт мэдүүлээгүй байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй илтгэх хуудсанд тусгагдсан зүйлүүд нь өмнөх гэрчийн мэдүүлгүүдтэй зөрүүтэй учир түүнийг үнэн зөв хэмээн үнэлэх ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч Б.О-ийн өргөдлийг шүүх үндэслэл болгосон байдаг. Гэтэл АӨСҮТ-ийн Хүний нөөцийн менежер Б.Е д гаргасан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бичвэрийг Хүний нөөцийн менежер Б.Е болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Б-ийн хэлсний дагуу Б.С бичиж Б.О-оор гарыг үсэг зуруулсан болох нь гэрч Д.Б, гэрч Б.С, гэрч Б.Б нарын удаа дараагийн шүүх хуралд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдсоор атал шүүхээс нэхэмжлэгч Б.О ийг өөрөө өргөдөл гаргасан хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэвч хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалаа хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил буюу ажлын байранд архидан согтуурсан хэмээн тайлбарладаг боловч түүнийгээ хөдөлмөрийн дотоод журамд заасан гэрэл зураг, видео камерын бичлэг, үндэслэл бүхий гэрчийн мэдүүлгээр нотолж чадаагүй. Энэ талаар яг адил үндэслэлээр ажлаас халагдсан нэхэмжлэгч Г.Г-ийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд ч тодорхой тусгасан байдаг. Хариуцагч талаас тус архи уусан гэх 301 тоот өрөөтэй зэргэлдээ байрладаг хажуугийнх нь өрөөнд суудаг, түүнчлэн тус 301 тоот өрөө нь дотроо угаалтууртай тул хамт ажилладаг хүмүүс ус авах, аягаа угаах, цай кофе уух зэрэг байдлаар 301 тоот өрөөнд ороод гардаг зэрэг хамт ажилладаг хүмүүсийн хувьд хүний амьдралд байдаг энгийн харилцааных нь төлөө яг адил үндэслэл буюу архи уусан гэх үндэслэлээр нэр бүхий хэд хэдэн хүнийг ажлаас нь халсан байдаг. Мөн нэхэмжлэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ныг дуустал ээлжийн амралттай байсан бөгөөд нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд тус төвийн захиргаанаас дуудаж тайлан мэдээ гаргуулахаар ажиллуулсан байдаг. Ийнхүү нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчиж уг тушаал гарснаараа хуулийн дээрх заалтыг зөрчсөн хууль бус тушаал юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч АӨСҮТ-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 384 185 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс АӨСҮТ-ийн даатгалын бага эмчээр ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-19-20, 35-36 дах тал/

 

Нэхэмжлэгч Б.О нь АӨСҮТ-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаал гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, АӨСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.1.13, 11.2.1.3-т заасан заалтуудыг тус тус баримталсан байх ба ажилтан нь ажлын байранд архи ууж согтуурсан, согтуу орж ирсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-т ажлын байранд архи ууж согтуурсан, согтуу орж ирсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байна.

 

Мөн хэргийн 37-64 дэх талд АӨСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журам авагдсан байх бөгөөд уг хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.9-т ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байрандаа ирсэн, согтуу үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, мансуурсан байдалтай болон архи үнэртүүлж ирсэн, согтуу хүн ажлын байранд нэвтрүүлсэн, ажлын байранд согтууран танхайрсан зэрэг асуудлууд нь нотлох баримтаар нотлогдсон /Үүнд: гэрэл зураг, видео камерын бичлэг, үндэслэл бүхий гэрчийн мэдүүлэг/, тохиолдолд ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийн шинж чанарыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн заасан сахилгын шийтгэлийг заавал шат дараалан ногдуулахгүйгээр аль тохирох шийтгэлийг ногдуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 28ы өдөр АӨСҮТ-ийн Б байрны 301 тоотод архи ууж согтуурсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн 15-18, 21-25, 65-68, 89, 176-181 дэх талд авагдсан хариуцагчийн тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №15 тоот Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, Б.О-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдөл, гэрч Б.Б , Ш.Г нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон тул ажилтан Б.О нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул Б.О-ийн АӨСҮТ-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 384 185 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №15 тоот Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, гэрч Б.Б , Ш.Г нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...шүүх нотолгоогүй, эргэлзээтэй, зөрүүтэй гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

 

Нэхэмжлэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ныг дуустал ээлжийн амралттай байсан бөгөөд нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд тус төвийн захиргаанаас дуудаж тайлан, мэдээ гаргуулахаар ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ