Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

2023       12          14                                        2023/ДШМ/42

 

    С.Я-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Я, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн  өмгөөлөгч М.Мөнхөөгийн давж заалдсан гомдлыг үндэслэн С.Я-д холбогдох, 2235000000227 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт С-ын Я, 1971 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 7-35 тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар:..............

Холбогдсон хэргийн талаар:

 1. Шүүгдэгч С.Я нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Баянзүрх” хүнсний дэлгүүрийн урд иргэн А.Гийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Т овогт С-ын Я-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Я-д хоёр жил хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Я-д оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч С.Я-ын энэ гэмт хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 132 (нэг зуун гучин хоёр) хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

- энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Я-аас гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй, хохирогч А.Г нь цаашид шүүгдэгч С.Я-аас хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

- шүүгдэгч С.Я-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдсан гомдолдоо: “...С.Я нь хувийн байдлын хувьд оюуны хөнгөн хомсдолтой, шинжээчийн дүгнэлтээр түүний оюуны түвшин 68 хувийн коэффицентэй байна гэж гарсан. С.Я нь төрсөн эгч Орлом, хүргэн ах Л нарын асаргаанд амьдардаг.  Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг 14 наснаас хүлээлгэхээр заасан. С.Я-ын хувьд биологийн нас хэдий 51 боловч сэтгэхүйн нас нь 9-12 нас  буюу өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн субъектив талтай байна.

Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх эсэх болон хариуцлага хөнгөрөх эсэх асуудлыг тайлбарлаад ч эрх зүйн үр дагаврыг нь ойлгохгүй байгаа. Сэтгэхүйн насны хувьд С.Я-ын эрх зүйн байдлыг дордуулаад байгаа тул С.Я-ын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

 5. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “ Шүүгдэгчийн сэтгэхүйн асуудлыг дахин хөндөж ярихаас өөр аргагүй, түүний хувийн байдлын гол үндэслэл болж байна.

 Шүүгдэгч С.Я нь шүүх хуралд өөрийгөө илэрхийлэх, мөрдөн байцаалтын шатанд болон цагдан хорих байранд хоригдож байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадамж, сэтгэл хөөрлөө илэрхийлж байгаа байдал зэрэг нь хүүхдийн сэтгэлгээтэй байна.

Хууль хэрэглээнд биологийн насыг зааж, харин сэтгэхүйн насны талаар тодорхой заагаагүй учраас өсвөр насны шүүгдэгчээр тооцож өгнө үү гэсэн саналыг гаргах боломжгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхдээ дүгнэлт хийх чадвар нь хөгжөөгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Хохирлын хувьд хохирогч А.Г хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуралд оролцохдоо гэм буруугийн маргаангүй оролцсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна” гэв.

  6. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан.

   Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Я-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахын тулд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байх ёстой.

 Шүүгдэгч С.Я нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогч А.Г нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол гомдолгүй талаар илэрхийлсэн хэдий ч шүүгдэгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгч С.Я-т сэтгэцийн дүгнэлт гаргуулахад хэрэг хариуцах, хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт гарсан учраас шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд А.Гийг би зодоогүй, өөр хүнд зодуулчхаад намайг гүтгэж байна гэж мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй боломжгүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

 Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөөгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Я-д холбогдох, 2235000000227 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. С.Я-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгч С.Я нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Баянзүрх” дэлгүүрийн дэргэд хохирогч А.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүү А.Б-гийнд очиж ажил хийж байхдаа найзтайгаа хамт хоёр шил 0.5 литрийн, Ерөөл нэртэй архи уучхаад найз Ж.Л-гийн хамт гэрлүүгээ явж байгаад дөрвөн замын уулзвар дээр байх Баянзүрх гэх дэлгүүрийн гадна очоод амраад сууж байхад гэнэт дээлтэй хүн гарч ирээд намайг заамдаж газар унагааж байгаад нэг удаа өшиглөж, цээжин хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж, миний толгойг газар мөргүүлсэн, тэгэхээр нь би “ үхэх гэж байна, намайг тавьчих” гэж хэлэхэд намайг тавиад  “би чамайг ална шүү” гэж элдэв янзаар хэлж байгаад миний малгайг авч яваад урчихсан... 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн төв дээр ирж шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 9, 10 дугаар хавирга хугарсан, уушги нэг талдаа бяцралттай, нэг уушги хөөсрөлттэй гэсэн тул гэмтлийн тасагт 9 хоног, эрчимт эмчилгээний тасагт 6 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Тухайн хүнийг би таньдаг бөгөөд надтай хамт явж байсан Ж.Лхагвын хадам дүү С.Я байсан. Би урьд өмнө таарч байсан боловч маргалдаж байгаагүй. Миний биеийн байдал дунд зэрэг бөгөөд анх эмнэлэгт ирэхэд босох чадваргүй байсан, 15 хоног эмчилгээ хийлгээд өөрөө босох чадвартай болсон. Гэхдээ амьсгалахад хүндрэлтэй, удаан ярьж чаддаггүй, амьсгалын аппарат тогтмол зүүдэг. Мөн уушги өөрчлөлттэй гэсэн тул эмч нарын зөвлөгөөнөөр орж Улаанбаатар хот руу явах талаар яригдаж байгаа...гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 6-10 дахь тал),

- гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой нь манай нөхөр А.Г нь унтаж байхдаа бие өвдөөд байна гэж хэлээд зовиуртай хоносон бөгөөд надад толгой өвдөж байна гэж хэлж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой би ажлаа тараад ирэхэд нөхөр бие өвдөөд байна гэж хэлээд хэвтээд байхаар нь 103-т дуудлага өгсний дагуу эмч ирж үзээд хавирга гэмтсэн байна, ажлын цагаар ирж нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгөөрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь нөхрийн хамт нэгдсэн эмнэлэг орж эмчид үзүүлээд баруун талын хоёр хавирга хугарсан тул яаралтай эмнэлэгт хэвт гэж хэлээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн.  Гэмтлийн тасагт 8-9 хоног орчим хэвтэн эмчлүүлж байхад дахин шинжилгээ авч, томографид ороход зүүн талын уушги нь бяцралттай, баруун талын хавирга хугаралттай тул бяцарсан тал нь ажиллагаа хэвийн бус байгаа талаар эмч нарын зөвлөгөөнөөр орж Улаанбаатар хот руу явж гэмтлийн тасагт очиж дахин нарийн шинжилгээ өгөхөөр яригдаж байхад биеийн байдал нь хүндэрч эрчимт эмчилгээний тасагт шилжиж одоогоор 8 дахь хоногтоо хэвтэн эмчлүүлж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар болсон. ...Баянзүрх дэлгүүрийн үүдэн дээр сандал дээр сууж байхад нь Я нь гэнэт гарч ирээд зодсон. Гэтэл хамт байсан Ж.Л нь салгасан зүйл байхгүй бөгөөд манай нөхөр газар уначихаад босоод ирэхэд Ж.Л байхгүй байсан учраас гэртээ ганцаараа ирсэн гэж хэлсэн..гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал);

- гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 19-20 цагийн үед аав ганцаараа бас архи уусан байдалтай, толгой хэсэг нь хавдаж нүүр болон хувцас толгой нь шороо болсон мөн нурууны ар хэсэг нь өвдөж зовиуртай байна гэхээр нь юу болсон талаар асуухад эхлээд унаснаас болж гэмтчихлээ, Лг дууд мөн цагдаа дууд гэж хэлэхээр нь Ж.Л ах ямар хамаатай юм гэж асуухад согтуу байсан учраас Ж.Лг дууд гээд дахин дахин хэлж байгаад өвчин намдаагч уугаад унтсан. Маргааш өглөө нь орноосоо босохгүйгээр халуурч бөөлжиж, хоол цай идэхгүй байсан учраас дахин өвчин намдаах эм уугаад байсан бөгөөд яагаад бэртсэн талаар асуухад 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Л-тэй хамт айлд очиж архи уучихаад буцаж гэрлүүгээ явж байгаад дөрвөн замд байх Баянзүрх гэдэг дэлгүүрийн үүдэн дээр сууж хөлөө амрааж байхад Л-гийн хадам дүү Я нь ирээд Л-г уруу татаж гэртээ хонуулж архи ууж байна гэж хэлээд уурлаж түлхэж унагааж байгаад хавирга хэсэг рүү дэвссэн учраас хэсэг хугацаанд ухаан манарч байгаад нэг сэрээд босоход Л болон Я нар байхгүй байсан, тэгээд би гэртээ ганцаараа ирсэн гэж хэлсэн. ...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ээж, аав бид гурав эмнэлэг дээр очиж рентген зураг болон томографид үзүүлэхэд хавирга хугарсан учраас уушги гэмтсэн байна гээд яаралтай гэмтлийн тасагт хэвтүүлж, нарийн шинжилгээнүүдийг авсан. Гэмтлийн тасагт 8-9 хоног хэвтэн эмчлүүлж байхад биеийн байдал нь муудаж эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14-17 дахь тал);

-гэрч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Улаанбаатар хот явсан учраас гэрийнхээ түлхүүрийг надад үлдээж, би гэрийг нь харж байсан. А.Г бид хоёр Б-гийн гэрт 0,5 литрийн Ерөөл нэртэй хоёр шил архи уусан. Тухайн үед өөр ямар нэгэн хүн байгаагүй учраас бид хоёр өдөржин хамт уусан,би тухайн үед нилээн согтсон байсан. Бид хоёр архиа ууж дууссаны дараа нэг мэдэхэд А.Г бид хоёр дөрвөн замд явж байсан бөгөөд Баянзүрх гэдэг нэртэй дэлгүүрийн урд байх сандал дээр очоод тамхи татах гээд сууж байтал манай хадам дүү С.Я нь хаанаас ч юм гарч ирээд А.Гийг цохиж байхаар нь би очоод салгах гээд С.Я-ын гарнаас татахад нь би унах гээд байсан тул салгаж чадаагүй. Би тухайн үед их согтсон байсан учраас зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Г бид хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Бид хоёрыг хамт явж байхад өөр хүн А.Гийг зодож цохисон зүйл байхгүй. С.Я улаан хүрэн өнгийн дээлтэйгээ явж байсан. Ганцаараа ирсэн бөгөөд ямар нэгэн хүнтэй хамт явж байгаагүй. Би тухайн үйл явдал болсноос хойш 2-3 хоногийн дараа С.Я-д чи А.Г-ээс очиж уучлалт гуй, настай хүнийг яагаад цохиж байгаа юм гэхэд надад уурлаж би уур хүрээд цохисон гэж хэлэхээр нь намайг А.Г-тэй нийлж архидсан учраас А.Гийг зодсон гэж би хувьдаа ойлгосон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн  17-19, 22-23 дахь тал);

- гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн дүү С.Я нь А.Г гэх хүн намайг хэл амаар доромжилж, миний хамраас цус гаргасан учраас би А.Гийг цохисон гэж хэлэхээр нь би яагаад бие муутай хүнийг цохиж байгаа юм гэж хэлэхэд намайг доромжилсон гэж хариулсан. Дахин манай нөхөр Ж.Л нь надад хэлэхдээ хамт ажилладаг хүмүүсийн хамт А.Г-ийг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон. А.Гийн хавирга хугарсан байна гэж хэлж байсан бөгөөд өөр ямар нэгэн юм хэлээгүй. Би Я-д чиний цохисон хүн эмнэлэгт хэвтэж байна, хаана нь, яаж цохисон  бэ гэж асуухад тэгсэн байна уу гэж хариулсан бөгөөд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн А.Г-ийн өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн  32-50 дахь тал),

- Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаартай : “Үзүүлэгч А.Г-ийн биед баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхийд нь хамарсан арьсан доорх хий хуралт, баруун далны дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 28-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №11983 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхийд нь хамарсан арьсан доорх хий хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 54-57 дахь тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

         4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч А.Гийн биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгчийн  өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүхэд : “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр С.Я нь оюуны хөнгөн хомсдолтой, оюуны түвшин 68 хувийн коэффицентэй байна гэж гарсан бөгөөд тэрээр бусдын асаргаанд амьдардаг.  С.Я нь  51 настай боловч сэтгэхүйн хувьд  9-12 нас  буюу өсвөр насны хүүхдийн сэтгэхүйтэй тул  гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх эсэх болон хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эсэх асуудлыг тайлбарлаад ч эрх зүйн үр дагаврыг нь ойлгохгүй байгаа. Иймд С.Я-ын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба уг гомдлыг  хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

6.1. Шүүгдэгч С.Я-ын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

  6.2 . Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Я-ын сэтгэцийн байдлын талаар 3 удаагийн шинжилгээ хийгдсэн байх бөгөөд хэрэгт авагдсан,       

 -  Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтэд: С.Я нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол эмгэгтэй байна.С.Я нь одоогоор өөрийн оюун ухааны хөгжлийн түвшиндээ болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадна. С.Я нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна. С.Я нь 9-12 насны оюун ухааны түвшингийн сэтгэхүйтэй байна” гэж,

 - Ховд аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай, Шүүх сэтгэцийн дүгнэлтэд: С.Я нь оюуны хөнгөн хомсдол эмгэг /F70/-тэй, энэ нь төрөлхийн өвчин бөгөөд эдгэрэх боломжгүй. Оюун ухааны түвшин 65 хувьтай, оюуны чадавхын баримжаа 9-12 насны дундаж ухааны хэмжээтэй. С.Я нь болсон явдлын талаар өөрийн оюун ухааны хөгжлийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Одоогийн сэтгэцийн байдал нь хэрэг хариуцах чадвартай байна. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын гаргасан шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт нь үндэслэлтэй гэж,

- Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын 625 дугаартай дүгнэлтэд : С.Я нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. С.Я-ын оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. С.Я нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Я нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй бөгөөд оюуны /түвшин/ коффицент нь 64%-тай байна. Насанд хүрэгчдийн хувьд оюуны хөгжил нь 9-12 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн үг, үүний улмаас дунд сургуульд суралцахад зарим бэрхшээл гарна. Ийм эмгэгтэй ихэнх насанд хүрэгчид ажиллах хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд орох, нийгэмд хувь нэмэр оруулах чадвартай байна. С.Я нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. С.Я-ын дээрх эмгэг нь төрөлхийн гаралтай бөгөөд шинж тэмдэг нь тогтвортой илэрдэг тул өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно. С.Я нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. С.Я хэрэг үйлдэх догшрол үүссэн гэх эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна. Ховд аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эмч нарын гаргасан шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт үндэслэлтэй байна” гэж тус тус дүгнэжээ.

         Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч С.Я нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд түүний хэрэг хариуцах чадварыг үгүйсгэх буюу чадваргүйд тооцох үндэслэл хэрэгт тогтоогдоогүй болно.

         6.3 Шүүхээс гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага /ял, албадлагын арга хэмжээ/ нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч С.Я-ын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Я-д ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал буюу төрөлхийн оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ буюу хоёр жил хорих ял оногдуулсан нь  гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

          7. Шүүгдэгч С.Я-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөөгийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

          8. Шүүгдэгч С.Я-ын  анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөөгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Я-ын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 63 / жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

        3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                     Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.ЖАМБАЛСҮРЭН