Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2025/0024

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: И.Н ,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын Засаг дарга ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Н,  түүний өмгөөлөгч С.Нургайып,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1.Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн  И.Н холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Өлгий сумын Засаг даргын 2019 оны А/110 дугаар захирамжаар  нэхэмжлэгч И.Н 2 га газрыг ойжуулах зориулалтаар  эзэмшүүлсэн   бөгөөд уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр  2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. 

3. Хариуцагч уг захирамжийн талаар 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэнээр  нэхэмжлэгч И.Н нь  Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            4. Нэхэмжлэгч И.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа:

“Миний бие Өлгий сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 110 тоот шийдвэрээр Өлгий сумын нутаг дэвсгэрээс 20000 м.кв газрыг таримал ойн зориулалтаар авч, 000031726 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан билээ. Дараа  жил болох 2020 оны зун 600 м бүхий хашаа татсан.Тэрний дараа 2021 оны хавар Байгаль орчны газраас 50-60 ширхэг мод,2023 онд компаниас мод худалдан аваад тарьсан. Гэвч тухайн газарт дэд бүтэц байхгүй тул  1000 л бүхий саваар  усаа зөөж, 2 жил усалсан боловч ургаагүй болно. Тэгээд энэ жил “Гау-Нур” ХХК-тай гэрээ байгуулж, гүний худаг гаргуулахаар тохиролцсон, бас цахилгаан эрчим хүчээ хөрш хашааны подстанцаас    авахаар болсон. Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 246 тоот захирамжаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн хүчингүй болгох захирамж гаргасан байна. Тэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Би уг газарт хашаагаа татан, модоо тарьж зориулалтын дагуу ашигласан, мөн хүндэтгэн үзэх шалтгаан байсан болно. Иймд миний газар эзэмших эрхийг сэргээж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 246 тоот захирамжийн И.Н холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засаг даргын маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Хариуцагчийн тайлбар дээр ажлын хэсгийн тайланг үндэслэж газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гээд байна. Тухайн Засаг даргын захирамж нь ажлын хэсгийн тайлан гарахаас өмнө нь гарсан байна. Засаг даргын маргаан бүхий захирамж нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Харин ажлын хэсгийн тайлан 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой байна. Иймд ажлын хэсгийн тайланг үндэслэж  Засаг даргын захирамж гараагүй.

Мөн тухайн үед ажлын хэсгийн зүгээс газар эзэмшигч И.Нурболд мэдэгдээгүй, уулзаагүй, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг дутуу тогтоосон. И.Нурбол нь “Абай” бичгийн хэргийн том дэлгүүрийг ажиллуулдаг, түүнээс илүү гарсан орлогоор  газрыг ойжуулах, бизнесээ цаашдаа сурталчлах, мөн аймаг орон нутгийн үзэмжид тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор тухайн газрыг ойжуулах зорилгоор эзэмшиж авсан И.Нурболын хувьд 2020 онд хашаа татсан, тухайн газарт мод тарьсан, холбогдох байгууллага болон “Балгын” ХХК-аас  мод авсан. Өөрийн хувийн машинаар ус зөөвөрлөж тухайн газраа усалдаг байсан. Сансрын зургаас хашаа нь харагдаж байна. И.Нурболын хашаалж татсан газар нь замын талбайтай давхцаж байсан учраас татсан хашааг 2023 онд өөрчлүүлсэн. Мөн 2020-2022 онд Ковид-19 цар  дэлхий даяар болсон, цар тахлын улмаас зориулалтын дагуу газраа ашиглах ямар ч боломжгүй болж, хугацаа тасалдсан байгаа. Тухайн газарт цахилгаан татагдаагүй байсан. Гүний худаг гаргахаар, цахилгаан авахаар тохиролцсон байгаа.  Энэ талаар тайлбар аваагүй, сонсох ажиллагааг дутуу хийсэн .Иймд тухайн маргаан захирамжийг хүчингүй болгож өгнө үүгэв.

5. Хариуцагч  Өлгий сумын Засаг дарга хариу тайлбартаа:

“Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар  бүхий “Зөрчил арилгуулах  тухай” албан шаардлага хүргүүлсэн. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд И.Нурбол нь ойжуулах зориулалтаар газар эзэмшсэн байгаа нь тогтоогдсон.

Тухайн үед  албан шаардлагын дагуу  зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг  өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба  мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.

Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх  зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж дуудаж, албан шаардлага болон ашигласан байдлын талаар танилцуулж, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар тайлбарлаж, сонсох ажиллагаа явуулсан.

Энэхүү байдлаар нэхэмжлэгч эзэмшлийн газрын гэрчилгээ хүчингүй болж,  эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдмэгцээ 07 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн тайлбарын дагуу газрыг хэвээр үлдээх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасны дагуу 7 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас эзэмшлийн гэрчилгээг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдсон.Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж, ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан.Иймд И.Нурболын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Саулеш шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгч И.Н нь эзэмшсэн газартаа зөвхөн багана  босгосон, хашаа татагдаагүй, худаг гаргаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байсан учраас түүнийг зургаар баримтжуулж аваад, Өлгий сумын Засаг даргад танилцуулсан. Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу И.Нурболын эзэмшиж буй газрыг хүчингүй болгосон. Ойжуулах зорилгоор авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас хүчингүй болгосон” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Ажлын хэсгийн зүгээс 2024 оны 5 дугаар сард очиж шалгахад тухайн хашаанд мод байгаагүй. И.Н эзэмшиж буй хашааны хажууд нь Е гэдэг хүний хашаа нь байсан, түүний хашаанд мод байсан. Харин И.Н нь газраа ямар нэгэн байдлаар зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас дээрх байдлаар Өлгий сумын Засаг даргад танилцуулаад, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн “Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн  И.Н холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар  Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг үндэслэн  “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр И.Н газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын захирамжийн  холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус хүчингүй болгожээ.

3.Өлгий сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн  А/110  дугаар захирамжаар тус сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2 га газрыг  ойжуулах зориулалтаар, 26 жилийн хугацаагаар  нэхэмжлэгч И.Н эзэмшүүлж, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/  “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг  албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 8-д И.Н газар эзэмшүүлсэн захирамжийн огноо,  дугаарыг   тусгасан байна.

Уг албан шаардлагын дагуу  Өлгий сумын  Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60  дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг 2024 оны 5 дугаар  сарын 09-ээс 24-ний  өдрүүдэд хяналтын  улсын байцаагчийн албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан  нь тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 36-46,50-55,70-72 дах тал/ тогтоогдсон ба ажлын хэсгээс И.Н эзэмшлийн газрын талаар “хашааны шон татагдсан, ойжуулалт хийгдээгүй” гэсэн судалгаа гаргажээ.

5. Нэхэмжлэгч талаас “Тухайн газартаа 2020 онд хашаа  барьж,  2021, 2023 онд тус тус  мод тарьж, зөөврийн аргаар усалгаа хийж байсан боловч  ургаагүй тул  гүний худаг гаргах шаардлагатай болсон ба гүний худаг гаргуулахаар гэрээ байгуулсан, уг газарт дэд бүтэц буюу цахилгаан байхгүй тул  хувийн хөрөнгөөр подстанц барьсан хүнтэй цахилгааны шугам татахаар тохиролцсон, мөн короновируст  халдварын цар тахлын улмаас  улс даяар хөл хорио тогтсон зэрэг  нөхцөл байдлын улмаас 2 жилийн хугацаанд ойжуулж чадаагүй” гэсэн   тайлбар гаргасан.

6. Шүүхээс үзлэг хийхэд /Хавтаст хэргийн 75-79 дах тал/ нэхэмжлэгчид  ойжуулах, мод тарих зориулалтаар  эзэмшүүлсэн  Өлгий сумын 10 дугаар  багт байрлах 2 га   газрыг 4 талаас нь хашаалсан  буюу төмөр хаалгатай, 620,9 м хэмжээтэй хашаа барьсан,  хашаалсан газрын зүүн талд ухсан  нүх 76 байгаагаас  20 гаруйд нь тарьсан мод  байсан  болно.

Хариуцагч талаас “Ажлын хэсгийн  2024 оны 5 дугаар сард хийгдсэн шалгалтаар И.Н эзэмшлийн газарт хашаа байгаагүй, зөвхөн  шонгууд байсан” гэсэн тайлбар гаргаж, тухайн үеийн гэх  фото зургийг нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа, ажлын хэсгийн гишүүнээс “И.Н  эзэмшлийн газрын зургийг  зөвхөн нэг талаас буюу урд талаас нь  авсан,  нүх ухсан эсэхийг нарийн шалгаагүй” гэсэн тайлбар шүүх хуралдаанд  гаргасан.

Үүнээс гадна Өлгий сумын 10 дугаар багт байрлах И.Н эзэмшүүлсэн 2 га газрын  байршлыг 2020 онд захиргааны байгууллагын  аман шийдвэрээр өөрчилсөн бөгөөд тухайн үед /2020 он/  И.Н  нь эзэмшлийн газраа хашаалсан байсан,  эзэмшлийн газрын байршлыг өөрчилсөнтэй холбоотойгоор  2023 онд хашааны тодорхой хэсгийг шилжүүлэн барьсан болох нь газрын даамал албан тушаалтай, энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Т.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр /Хавтаст хэргийн 141 дэх тал/   тус тус тогтоогдсон, мөн   2020 онд хашаалсан нөхцөл байдал нь 2019 оны 10 дугаар сар,2020 оны 8 дугаар сар,2020 оны 10  дугаар сарын сансрын зураг /google earth/-аар /Хавтаст хэргийн 86,92-96 дах тал/ тус  тус   нотлогдож байна.

Хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 7-9,32,108-110,117,121,122,126,133-134,141 дэх тал/ нэхэмжлэгч И.Н нь 2021 онд 50 гаруй,  2023 онд  70 гаруй улиас, бургас мод  худалдан авч эзэмшлийн газрынхаа  тодорхой хэсэгт  нь  тарьсан, ус зөөвөрлөж авчирч усалж байсан, 2024 оны 3 дугаар сард тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй гүний худаг гаргуулахаар гэрээ байгуулсан, түүний эзэмшлийн  газрын  хажууд хувийн хөрөнгөөр цахилгааны подстанц барьсан хөрштэйгөө цахилгааны шугам татах талаар тохиролцсон,  мөн  Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах И.Н эзэмшлийн болон түүний ойр орчмын газрын хувьд улс, орон нутгийн хөрөнгөөр хийгдсэн  инженерийн шугам сүлжээ байхгүй, элсэрхэг, чулуу ихтэй,  гүний худаг ухах  замаар ус гаргах боломжтой газар болох нь тус тус   тогтоогдсон болно.

Түүнчлэн эзэмшлийн газрын ашиглалт  буюу дээрх нөхцөл байдлуудын талаар нэхэмжлэгч И.Н  маргаан бүхий шийдвэр гарахаас өмнө  хариуцагчид  бичгээр тайлбар гаргасан болохыг  дурдах нь зүйтэй.

7.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”  гэж тус тус заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай”  тогтоолын  1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..."  гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан  "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй"  гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч  И.Н нь газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойших 2 жилийн хугацаанд ойжуулах зорилгоор  2020 онд эзэмшлийн газартаа хашаа барьж, хамгаалалт хийсэн,  2021, 2023 онд  тус тус мод тарьж, ус зөөвөрлөж авчирч усалж байсан болох нь тогтоогдож байх тул гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилгоор  огт үйл ажиллагаа хийгээгүй гэж  үзэх үндэслэлгүй байгаа, үүнээс гадна   И.Н эзэмшүүлсэн газар нь  чулуу ихтэй, элсэрхэг бөгөөд  гүний худаг гаргах шаардлагатай, 2023 онд захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу 2020 онд барьсан хашааных нь  зарим хэсгийг шилжүүлэн  барьсан зэрэг  өөрөөс нь үл хамаарах шалтгаантай байсан ба тэрээр гүний худаг гаргуулахаар гэрээ байгуулсан, цахилгааны шугам татахаар тохиролцсон зэрэг нөхцөл байдал  тогтоогдож  байх  тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь  үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгчид газар эзэмших,ашиглах эрх үүссэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш жил орчмын дараа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нь  нийтэд илэрхий үйл баримт  бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна. Энэхүү нөхцөл байдал нь   газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу эзэмших, ашиглахад нөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн, тайлбарыг  үгүйсгэх боломжгүй байна.

9. Түүнчлэн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагад  заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авах  зорилгоор  Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг нь  албан шаардлагад  заасан иргэн,  хуулийн этгээдийн эзэмшлийн газруудад очиж шалгаад 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүнгийн хурал хийсэн байх ба уг дүнгийн хурлаас  “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож,...харин ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа  хашаа татаж,  худаг гаргасан  иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн  ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 72 дах тал/ тогтоогдсон болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ажлын хэсгийн гишүүнээс шүүх хуралдаанд “Ажлын хэсгээс хашаа татаагүй, худаг гаргаагүй, мод тариагүй газруудыг хүчингүй болгоод, хашаа татсан, тодорхой хэмжээний мод тарьсан иргэдэд 2025 оны 6 дугаар сар хүртэл дахиж боломж олгох тухай санал гаргаж байсан.И.Н эзэмшиж байсан газар нь хашаагүй байсан” гэсэн тайлбар гаргасан.

Гэтэл  нэхэмжлэгч И.Н хувьд эзэмшлийн газартаа хашаа татсан, мод тарьсан байсан, гүний худаг гаргуулахаар гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон  ба ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж хашаа татаж, мод тарьж, худаг гаргасан зарим эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн  ажиллагааг хийж дуусгах зэргээр тухайн газрыг үргэлжлүүлэн ашиглах боломж олгосон мөртлөө дээрх иргэдтэй ижил нөхцөл байдалтай нэхэмжлэгч И.Н тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь шууд дуусгавар болгож шийдвэрлэсэн  нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.3-т заасан төрөөс газрын талаар баримтлах газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.

10.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус  заасан.

Дээрх байдлаар нэхэмжлэгч  И.Н нь 2019 онд ойжуулах зориулалтаар  эзэмшүүлсэн  газарт 2020 онд хашаа барьж, хамгаалалт хийсэн, 2021,2023  онуудад  мод тарьж, ус зөөвөрлөж усалж байсан,  тухайн газар нь элсэрхэг, чулуу ихтэй,  гүний  худаг гаргах шаардлагатай болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчийн хувьд энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан мод ургаагүй гэж үзээд гүний худаг гаргуулахаар 2024 оны 3 дугаар сард гэрээ байгуулсан, цахилгааны шугам татахаар тохиролцсон  байсан зэрэг   газар ашиглалтын  бодит нөхцөл байдлын  талаар   маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тайлбарласан байхад хариуцагчаас   шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой уг үндэслэлүүдийг шинжлэн судлахгүйгээр түүний  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан  нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т  заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”  захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна гэж үзлээ.  

Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмших   гэрээний биелэлтийг жил бүр  дүгнээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн нь буруу  болохыг дурдах нь зүйтэй .

11. Иймд  нэхэмжлэгч И.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх  үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь  хуульд заасан зарчим болон зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй  байх тул  түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн  гэж үзээд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч И.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн  И.Н холбогдох  хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ