Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/1142

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

иргэний нэхэмжлэгч Б.Э,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Б.Гантөмөр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Б М, 1977 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “И” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

            Шүүгдэгч Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-ын Давааны урд замд “L” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Дын жолоодож явсан “Т” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Т” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Н.А, жолооч Б.Д нарын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б Мг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мий цагдан хоригдсон 160 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Мээс 300.000 төгрөгийг гаргуулан МУИС-ийн - тэнхимийн Г банк - тоот дансанд, 200.000 төгрөгийг гаргуулан шинжээч И.Базаррагчаа, Д.Бадрах, А.Эрдэнэтуяа нарын нэхэмжлэх болох Хаан банк - тоот дансанд төлүүлж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний - дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэлэлцээгүй орхисныг дурдаж, хохирогч А.Т нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 2023/ШЦТ/1064 дүгээр шийтгэх тогтоолоор зам тээврийн ослын гарах шалтгаан, жолооч нарын хариуцлагын талаар “Дээр дурдсанаар осол болоход шүүгдэгч Б.М, амь хохирогч жолооч Б.Д нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс шалтгаалсан” талаар дүгнэсэн. Улмаар “шүүгдэгч Б.М, түүний эхнэр Б.Эт 56.403.000 төгрөгийн эд хөрөнгө учирсан бол Б.Д нь амь насаараа хохирчээ. Тиймээс учруулсан хохирлын харилцан хариуцан буюу амь хохирогч Б.Дт учирсан хохирлын 70 хувийг шүүгдэгч Б.М хариуцах, шүүгдэгч Б.Мд учирсан хохирлын 30 хувийг дүйцүүлэн хасах нь хэргийн нөхцөл байдалд тохирно” гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш амь хохирогчийн оршуулгын зардалд 8.035.877 төгрөг, - улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, ачилтын хөлс, үйлчилгээний хөлс зэрэгт 5.612.000 төгрөг, нийт 13.647.877 төгрөг, мөн хот хооронд зөрчсөн болон буудлын зардалд 321.000 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 212.000 төгрөгөөр тооцон 18 нас хүртэл нэхэмжилснийг тус тус үндэслэлтэй хэмээн шүүхээс дүгнэсэн. Улмаар амь хохирогчийн насанд хүрээгүй 1 нас 3 сартай хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийг 42.612.000 төгрөгөөр тооцон нийт 56.580.877 төгрөгийн 70 хувь буюу 39.606.613 төгрөгийг шүүгдэгч Б.Мгөөс гаргуулж шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс “Энэхүү үнийн дүнгээс шүүгдэгчийн эхнэрт учирсан эд хөрөнгийн хохирол 56.403.000 төгрөгийн 30 хувь буюу 16.920.000 төгрөгийг хасаж тооцоход хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд 22.686.613 төгрөгийг шүүгдэгч Б.Мгөөс гаргуулан олгохоор тогтоосон. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн эхнэрт болон насанд хүрээгүй хүүхдэд учирсан хохирлын төлбөрөөс амь хохирогчийн бусдад учруулсан хохирлыг суутган төлүүлж байгаа нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх шударга ёсны зарчмыг хуульчилсан. Амь хохирогч Б.Дын хариуцах хариуцлага буюу шүүгдэгчийн эхнэрт учирсан эд хөрөнгийн хохирол 56.403.000 төгрөгийн 30 хувь буюу 16.920.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлоос хасаж тооцсон нь эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэж буй явдал юм. шүүгдэгч Б.Мгээс гаргуулахаар шийдвэрлэсэн 39.606.613 төгрөгөөс шүүгдэгчийн эхнэрт учирсан эд хөрөнгийн хохирол болох 16.920.000 төгрөгийг хасан тооцож байгаа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүгдэгчийн эхнэрт учирсан хохирлыг төлүүлж байгаа хэрэг юм. Уг шийдвэрийн бодит биелэлт нь амь хохирогчийн 1 нас 3 сартай байхдаа өнчирч тэжээгчээ алдсан хүүхэд, эхийнхээ хамт өөрт учирсан хохирлыг төлбөрөөсөө шүүгдэгчийн эхнэрт учирсан хохирол болох автомашины төлбөрийг төлөхөөр болж байна. Тус зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар ч шалтгаант холбоогүй, гэм буруугүй тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний бага насны хүүхэд шүүгдэгч, түүний эхнэрт учирсан хохирлыг хариуцан төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дугаар шийтгэх тогтоолын “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд олгох 39.606.613 төгрөгөөс шүүгдэгчийн эхнэрт учирсан эд хөрөнгийн хохирол 56.403.000 төгрөгийн 30 хувь буюу 16.920.000 төгрөгийг хасаж тооцон” гэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авч, ямар нэгэн давж заалдах гомдол гаргаагүй. Тухайн шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын өмгөөлөгч Б.Цэнгүүнээс хохирол, төлбөртэй холбоотой баримтыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дүгээр талд хэрхэн 70, 30 хувиар хуваах болсон нөхцөл байдлыг тайлбарласан. Иргэний хуулийн 497.3, 514.1-т заасны дагуу гэм буруугийн үйлдэл, тодорхой хэсгүүдийг шүүх өөрийн дотоод итгэлээр 70, 30 гэх байдлаар хувилж гаргасан нь хууль ёсны үндэслэлтэй болсон. Ийм учраас анхан шатны шүүх хохирлын хэмжээг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тогтоосон. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлын хувьд Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн. Мөн сэтгэл санааны хор уршигтай холбоотой асуудал 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаатай холбогдуулан Хууль зүйн яамны сайдын тушаал, мөн Улсын Дээд Шүүхийн нийт шүүгч нарын 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор аргачлалыг хэрхэн тогтоох талаар нэг бүрчлэн заасан байдаг. Энэ хэргийн хувьд уг нөхцөл байдалд хамаарахгүй юм. Учир нь, хэрэг шүүхэд ирсэн байсан. Шинжээч томилогдох нөхцөл байдал байгаагүй. Хэрэг 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр болсон. Миний ойлгож байгаагаар 4 дэх удаагаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Аль аль талын маргаантай асуудал байсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралттай байсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс тогтоож өгсөн дүнгийн дагуу хохирол, төлбөрийг төлсөн. Өмнөх шүүх хуралдаанд хохирлыг 100 хувь төлсөн байсан учраас өмнөх төлсөн байсан хохирогч нарт 70, 30 гэх байдлаар хуваарилахаас шүүх татгалзсан байгаа. Зөвхөн давж заалдах гомдол гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд учирсан хохирлыг барагдуулаагүй. Хохирогч Тд 30.157.752 төгрөг төлөхөөс 22.623.300 төгрөг төлсөн байсан учраас анхан шатны шүүхээс 7.534.452 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 7.534.452 төгрөгийг төлсөн. Хохирогч Тд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Бусад хохирогчдын тухайд хохирол, төлбөрөө бүрэн авч дууссан. Хохирогч Т цаашид гарах эмчилгээний зардал гэх утгаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байгаа. Хохирогч Ст 1.857.590 төгрөг, хохирогч Бд 3.100.000 төгрөг, хохирогч От 12.600.000 төгрөг тус бүр төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээг шүүх тогтооно. Хохирлыг хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн гэм хортой холбогдох зохицуулалтыг шүүх хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497, 514 дүгээр зүйлийг хэрэглэсэн. Амь хохирогчийн болгоомжгүй үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх агуулгаар гэмт хэрэг гарсан байдал, мөн буруутгагдаж байгаа этгээдийн байдлыг харгалзан уг шийдвэрийг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу Иргэний хуулийн 497, 514 дүгээр зүйлийг баримтлан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн гэм хорыг арилгах зохицуулалтад хамаарч байгаа гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан гаргасан гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгосон. Уг дүгнэлтээр “L” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М, “Т 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нарыг хоёуланг нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “...эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн Тээврийн Прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор “Т 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Дыг нас барсан гэх үндэслэлээр Б.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Б.Д нь буруутай боловч нас барсан. Анхан шатны шүүхээс Б.Дыг нас барсан гэх үндэслэлээр Б.Мг гэм буруутайд тооцож шийдвэрлэж, Иргэний хуулийн 497.3-т зааснаар эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч Б.М болон амь хохирогч Б.Д нар хамтран хариуцах байсан ба ослын шалтгаан нөхцөлийг харгалзан шүүгдэгч Б.Мгээс хохирогч нарын хохирлын төлбөрийн 70 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Мгийн хувьд бусад хохирогч нарын хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөрийг 70, 30 хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг 20 минутын үед С  дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэр, - урд замд “L” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Дын жолоодон явсан “Т” маркийн -улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Т” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Н.А, жолооч Б.Д нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Тгийн “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр талийгаач найз Аын хамт Х  явахаар Д төв дээрээс “T” маркийн - улсын дугаартай машинд суусан. ...Би 22-ын товчоо орчим явж байгаад унтсан. Нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. ...” /1хх 61-62/,

хохирогч З.Бийн “...2019 оны 07 дугаар сарын 4-ний өдөр ... “Т” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Дс Д чиглэлд гарсан. ... - урд замд явж байтал урдаас “L” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд ороод ирсэн. Манай жолооч зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дарсан. Тэгээд л түс тас гээд л дугарсан. Осол гарах үед би автомашины урд, жолоочийн зүүн талд сууж явсан. Манай машин зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэж байгаа зүйл анзаарагдаагүй, надад тоормос гишгэж мэдрэгдээгүй. Харин зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дарж байгаа нь мэдэгдсэн. Мөн урдаас урсгал сөрж явсан гэх саарал өнгийн машин зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэж байгаа байдал надад анзаарагдаагүй. Миний баруун гарын шуу хугарсан байсан. Уг гэмтлээс үүдэн би эмчилгээ хийлгэсэн, мөн ажилдаа яваагүй улмаас цалингаа бүрэн гүйцэт авч чадаагүй. Одоо эмчилгээний зардал бусад зардалд 3.100.000 төгрөг авсан тул гомдолгүй. ...” /1хх 66-67/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн “...Манай дүү 27 настай, завсар зайгаараа Дархан, Улаанбаатар хотын хооронд хүн тээвэрлэж, хот хооронд явдаг байсан. Эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг. Бага насны хүүхэдтэй учир нааш ирэх боломжгүй байгаа. Тиймээс намайг төлөөлөөд хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан. Би осол хэргийн талаар хараагүй, харин осолд орсон гэх дүүгийн автомашиныг харсан, эвдрэл ихтэй аймаар харагдсан. ...” /1хх 43-44/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оийн “...Талийгаач айлын отгон хүүхэд байсан ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Талийгаач төрсөн эхийн хамт амьдардаг. Мөн 12-14 насны 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь ээж, аавынхаа дунд ирэн очин амьдардаг байсан. Эхнэрээсээ салаад 7-8 жил болж байгаа. Иймээс итгэмжлэл хийж өгсний үндсэн дээр би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би осол хэргийн талаар хараагүй. Харин осолд орсон гэж утсаар дуулсан. Талийгаач Хөтөл рүү наадам үзэх гэж явсан. ...Би талийгаачийн буяны ажилд нийт 10.274.490 төгрөг зарцуулсан. Мөн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшин болох 230.000 төгрөгөөр тооцон 24.610.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /1хх 54-55/,

иргэний нэхэмжлэгч Д.Сын “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ... Драгон дээр очиж машинд суусан. Тэгээд хотоос гараад явж байхад явж байгаад нэлээн далийж байгаад харахад 1 морь ачсан портер машин өнгөрсөн. Эсрэг урсгалаас нэг машин ороод ирсэн чинь манай жолооч баруун нэг дараад зүүн тийш дараад тэгээд мөргөлдсөн. Ослоос үүдэн надад хөнгөн гэмтэл учирсан. ...52-ын даваа руу өгсөж явах үед манай машины урдаас “L” маркийн саарал өнгийн машин ирж явсан. Би барагцаагаар 20 метрийн цаана явах үед нь харсан ба манай эгнээгээр ирж явахад нь манай машины жолооч хараад баруун гар тал руугаа жолоогоо хальт дараад, буцаад эсрэг урсгал руу жолоогоо дараад л түс тас гээд явсан. Осол гарах үед зам халтиргаа гулгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар цэлмэг, зам эвдрэл гэмтэлгүй байсан. Миний сууж явсан машин 100 км цаг орчим хурдтай явсан. Тухайн үед замд явж байхад хажууд сууж явсан хоёр залуугийн нэг нь зөөлөн яваарай гэж хэлж байсан. Миний сууж явсан “T” маркийн автомашин болон урдаас ирж явсан саарал өнгийн “L” маркийн автомашин аль аль нь зогсоох арга хэмжээ аваагүй, шууд л очоод мөргөлдсөн. 2-уулаа хоорондоо тулж ирээд баруун, зүүн гар тийш хальт дараад мөргөлдсөн. Манай машинд сууж явсан 2 залуу архи, пиво уусан байдалтай байсан. ...” /1хх 71-72/,

иргэний нэхэмжлэгч Б.Эийн “...Осол хэрэг гарах үед миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Тухайн үед нөхөр Б.Мий жолоодож явсан “L” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. Би тухайн үед машиныг “N” LLC XXK-д түр зээлийн барьцаанд тавьсан байсан. Миний эзэмшлийн “L” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 56.403.000 төгрөгийн хохирол учирсан. Эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй. харин автомашины хохирлыг нэхэмжилж байна. ...52-н давааны урд явж байтал эсрэг урсгалаас гэнэт саарал өнгийн “П” маркийн машин урдуур ороод ирсэн. Тэгээд “хүүе” гэх хооронд түс тас гээд л явсан. ...Манай нөхөр машинаас гараад, би араас нь буугаад хартал урсгал сөрсөн машины жолооч аймар байдалтай болсон байсан. Би харж чадаагүй. Түргэн, цагдаа дуудсан. ...Манай морийг ачиж явсан Б машин бидний урд морь ачиж явсан. Манай нөхөр бид 2 араас нь дагаж явж байсан. ...” /1хх 69, 74-75/,

гэрч Б.Чын “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ... зам ачаалал авсан, урагшаа муу яваад байсан бөгөөд урагшлаад явж байтал зам дээр осол гарсан байсан. Би хамт явсан хүний - дугаартай утсаар осол гарсан талаар дуудлага, мэдээллийг өгсөн. Осол хэргийн газарт “L” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл зам голлосон, баруун хойш харсан байдалтай, замын баруун гар талд буюу урд талд “T” загварын тээврийн хэрэгсэл урд хэсэг нь нэлээд эвдэрсэн, чихэгдсэн байдалтай замаас гарсан зогсож байсан. Тэгээд би тогтож сайн хараагүй, хүмүүс гэмтсэн бололтой их эвгүй харагдсан. ...”/1хх 80-81/,

гэрч Б.Мын “...16 цаг өнгөрч байх үед 52-ын даваа уруудаад явж байтал миний урдаас “T” загварын саарал машин нэлээд хурдтай өнгөрсөн. Би “яасан ширүүн явж байна” гээд туслах уяачтай яриад явж байтал миний хойно маш чанга буу дуугарч байгаа юм шиг дуу гарсан. Тэгэхээр нь би зогсоод машинаас буугаад хартал миний хойно явсан Б.М ахын “L” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгсэл эргэж харсан байдалтай, замын гол хэсэгт зогсож байсан. Надтай зөрсөн “T” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл замын урд хэсэгт буюу баруун гар талд замаас гарсан, хойш харсан байдалтай зогсож байсан. Тэгээд би осол хэргийн газарт явж очсон. Осол гаргасан “T” загварын тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 4 зорчигч явсан. Жолоочийн хажууд буюу зүүн гар талд нь эмэгтэй, хойд суудалд 3 залуу сууж явсан. Хойд суудалд хамгийн зүүн талын захад сууж явсан, бие нь арай гайгүй болов уу гэсэн залууд би очиж хаалга онгойлгож өгсөн. Тэр залуу буугаад голд нь толгойны хуйх нь ярагдсан залуу сууж явсан. Тэр залууг би хүнтэй хамт гаргасан. Машинаас гаргаад машины зүүн гар талд газарт хэвтүүлсэн. Харин машины хойно, баруун захад сууж явсан саравчтай хар малгайтай залуугийн бие хүнд байгаа бололтой байсан. Түүнийг манай ах М машинаас гаргаж байгаа харагдсан. Осол гарах үед цаг агаар хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй, зам халтиргаа, гулгаагүй байсан. Нэг морины хөл доголсон байсан. Тэгээд Б.М “ах зөөлөн яваарай, наад морь савуулчхав, би араас чинь дагаад явъя” гээд миний араас морио хараад дагаж явсан. ...” /1хх 88-89/,

Б.Мгийн яллагдагчаар өгсөн “... “П” маркийн -улсын дугаартай автомашин урсгал сөрж орж ирээд миний машиныг мөргөсөн. Би өөрөө хохироод явж байтал яагаад намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. ...” /2хх37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Тгийн биед баруун сүүжний тогооны цөмөрсөн, зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний толгойн мултрал, зүүн сүүжний тогоо, умдагны дээд салаа, суудал ясны доод салааны зөрөөгүй хугарал, зүүн бугалганы далд, зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун дээд зовхи, баруун шуунд шарх, дух, баруун зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн 1092 дугаартай /1хх 101-102/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...З.Бийн биед баруун шуу ясны далд хугарал, уруулд шарх, баруун, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн 1091 дугаартай /1хх 125-126/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Сын биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн - дугаартай /1хх 141/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Эийн биед баруун шилбэнд цус хуралт, баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 9363 дугаартай /1хх 152/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... “R” - улсын дугаартай автомашины эд ангиуд бүрэн, гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс баруун урд талын тоормосны механизмын ажиллагаа, автомашин асаж явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй, тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэсэн - дугаартай /1хх 163-165/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...-улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн автомашины эд ангиуд бүрэн, гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Тоормосны АВS системтэй, тоормосны шингэн дамжуулгатай, урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Автомашины хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй, тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн - дугаартай /1хх 163-193/,

Техникийн шинжээч Ш-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын профессор Б.Б, ахлах багш Ж.М, багш Н.М нарын “... “Л” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М, “Т” маркийн -улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрсөн гэж үзэж байна. Замын нөхцөл байдал зам тээврийн осолд нөлөөлөөгүй гэж үзэж байна. Осолд холбогдсон 2 автомашины хурдыг тогтоох боломжгүй. Ослын “А” цэг нь “Л” маркийн - улсын дугаартай автомашины зорчих хэсэгт тэмдэглэсэн байна. “А” цэгээс -улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн замын хөвөө хүртэл 4.5 метрийн зайтай байна. “А” цэгээс - улсын дугаар тээврийн хэрэгслийн зорчих замын хөвөө хүртэл 2.4 метрийн зайтай байна. Автомашины жолоочийн самбаачлах хугацаа нь олон хүчин зүйлсээс хамааран ялгаатай боловч 0.8 секунд гэж нормчилдог. Жолооч нарт самбаачлах буюу эерэг үйлдэл үзүүлэх хугацаа байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэн нь эхэлж урсгал сөрж явах үйлдлийг хийсэн, хэн нь ослоос зайлсхийхийн тулд аргагүй үйлдэл хийж эсрэг урсгалд орсон эсэхийг тогтоох боломжгүй байгаа тул энэ асуултад техникийн шинжээч хариул өгөх боломжгүй. Хавтас хэрэгт авагдсан “А” цэгээс зорчих хэсгийн тасархай шугам хүртэл 1.05 метр байна. Харин “Л” маркийн автомашины өргөн 2.1 метр байна. “Л” маркийн автомашин баруун урд хэсгээр “А” цэгт мөргөлдсөн тул “Л” маркийн автомашин нь замын дунд хэсгийн тасархай зурвасыг 0.5 метрээс их хэмжээгээр давж урсгал сөрсөн байна. ...” гэсэн 09/64 дугаартай /4хх 201-204/,

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн эрхлэгч, доктор, дэд профессор И.Б, ахлах багш, доктор Д.Б, ахлагч багш А.Э нарын “... “А” цэг буюу хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгийг зөв тогтоосон гэж үзэж байна. /1хх 173, 192/ тал дахь анх мөргөлдөх үеийн байрлалыг үндэслэлтэй зурагдсан байна, “Л” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, “Т” маркийн -улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Уг осолд холбогдсон “П”, “Л” маркийн автомашинууд нь мөргөлдсөний дараа хоёулаа цагийн зүүний дагуу эргэлдэх хөдөлгөөнд орсон ... зэргээс тооцож үзэхэд осол болох үед ойролцоогоор “П” автомашины нийт уртын 43 хувь нь тусгаарлах зурвасыг давж орсон. Физик, инженерийн зураг зүй, техникийн механик, автомашины хөдөлгөөний онол, автомашины шасси, материал судлал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын онолын мэдлэг, энергийн хадгалагдах хууль, хавтгай биеийн хөдөлгөөн, хэмжил зүй, автомашины хөдөлгөөний онол зэргийг ашиглан дүгнэлт гаргасан. “Л” нь мөргөлтийн хүчний үйлчлэлээр эргэх хөдөлгөөнд орох боломжтой, мөргөлдөлтийн улмаас давших хөдөлгөөн нь эргэх хөдөлгөөн болж өөрчлөгдсөн байна. ...” гэсэн бол /6хх117-120/, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн профессор доктор Ж.В, Н.Ц нар дүгнэлтдээ “...Баримтуудаас үзэхэд “Л” давшихын зэрэгцээ эргэлдэн хөдөлсөн байна. Харин “П” машин ухарч хөдлөхийн зэрэгцээ эргэлдэх хөдөлгөөн хийсэн байна. “П” 60 хувиас ихгүй орчим хэсэг нь шугам давсан байх боломжтой. ...Мөргөлтийн цэг “П” дээр баруун гар талын зах руугаа ойр, нүүрний гол цэгээсээ арай хол зайд байна. Мөргөлдсөн хэсгийн хэмжээг /дардсаар 1хх 176 дугаар хуудасны арын нүүр/ үндэслэн төвд нь мөргөлтийн цэг байгаа гэж үзвэл 50.3 см зайд байна. “Л”-ийн мөргөлдсөн хэмжээг /дардсаар 1хх163 дугаар хуудасны арын нүүр/ үндэслэн төвд нь мөргөлтийн цэг байгаа гэж үзвэл мөргөлтийн цэг машины нүүрний төвөөс 72.5 см зайд байна. Энд хүндийн төвийг дайрсан шугамаас нь ямар зайд мөргөлдсөнийг тогтоохдоо машинуудын хүндийн төвийг дайрсан шугамууд нэг шугам дээр оршихгүй, “Л”-ын дээр, “П”-ын доор орших ёстойг тооцож үзэх ёстой. Яг үүний улмаас машинуудын бөгсийг мөргөлтийн цэг харьцангуйгаар дээш нь эргүүлэх момент үүссэн. “Л”-ын баруун хойд дугуйны обудны мөр, “П”-ны баруун гар талын обудны болон тосны мөр үүнийг нотолдог. ...А цэг эргэлтийн төв биш гэдэг нь зургаас харагдаж байна. Импульс хадгалагдах хууль ёсоор мөргөлдөөний өмнөх машинуудын нийлбэр импульсийн чиглэх чиглэл мөргөлдөөний дараах нийлбэр импульсийн чиглэлтэй давхацна. “Л”-ын импульс 2430x13,8=33750кг м/с, “П” 90км/ц хурдтай явж байсан гэвэл масс нь 1375кг+5х65=1700кг учраас нийт импульс нь 42500кг м/с. Мөргөлдөөн абсолют харимхай биш мөргөлдөөн учраас энэ тохиолдолд энэ хоёр машин хамтдаа хөлдөхдөө “П”-ын явж байсан чиглэлийн дагуу хандлагатай хөдөлгөөн хийх ёстой. Гэтэл хэргийн материалд байгаа зураг баримтаас (1хх13-14 хуудасны Зураг1, 3, 9 дардсаар) харахад мөргөлдөөний дараа машинууд “Л”-ын хөдөлж байсан чигт хандлагатайгаар хөдөлсөн байна. Ийм учраас “Л”-ын импульс энд өгүүлж байгаагаас өндөр байсан бололтой. Эсвэл “П”-ны хурд энэ тооцоонд авснаас бага байсан байна. Хэрэв “Л” 50км/ц хурдтай явж байсан нь үнэн бол “П” нь 72 км/ц-аас илүүгүй хурдтай байсан байна. Иймээс “Л” машин “П”-ээ түрэн хөдөлсөн ба энэ үед үүссэн импульсын моментын дүнд хоёр машин эргэлдэж зурагт үзүүлсэн байрлалыг эзэлж зогссон байна. ...Энэ ослын материалд хавсаргасан зургуудад импульс хадгалагдах хууль, энерги хадгалагдах хууль, импульсийн момент хадгалагдах хуульд үндэслэн ойролцоо тооцоо хийж үзэхэд А цэг зөв тавигдсан гэх үндэслэлтэй байна. ...Хоёр машины импульсийн харгалзах байгуулагчууд харгалзан тэнцүү байвал боломжтой. Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад “Л” давшин хөдлөхийн зэрэгцээ эргэлдэн хөдөлсөн мэт харагдаж байна. ...” гэсэн 01/10 дугаартай /6хх 126-128/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Б.Дын цогцост үзлэг хийсэн “...Талийгаач нь гавал тархи, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтлээр нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. ...” гэсэн 1499 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 92-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Н.Аын цогцост үзлэг хийсэн “...Талийгаач гавал болон хүзүү, нуруу нугалам, цээжний хөндийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. ...” гэсэн 1493 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1x 95-99/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 42-43/, шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 8/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-10, 11, 12, 13-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Мг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын өмгөөлөгч Б.Цэнгүүн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд олгох 39.606.613 төгрөгөөс шүүгдэгчийн эхнэрт учирсан эд хөрөнгийн хохирол 16.920.000 төгрөгийг хасаж тооцсоныг хүчингүй болгуулах...” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.М, амь хохирогч Б.Д нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг тус тус зөрчиж, жолооч анхаарал болгоомжтой зорчих, аюул саад бий болсон тохиолдолд хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах, хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүй байх жолоочийн нийтлэг үүргийг биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг харгалзан амь хохирогч Б.Дт 30 хувь, шүүгдэгч Б.М 70 хувийг хувийг дүйцүүлэн гаргуулахаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд учирсан хохирлыг нийт 56.580.877 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Мгийн төлөх хохирлын 70 хувь буюу 39.606.613 төгрөгөөс иргэний нэхэмжлэгч Б.Эт учирсан эд хөрөнгийн хохирол 30 хувь буюу 16.920.000 төгрөгийг хасаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд 22.686.613 төгрөгийг шүүгдэгч Б.Мээс гаргуулан олгохоор тогтоосон.

Шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авч 22.686.613 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд төлж барагдуулжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын нэхэмжлэлээс, амь хохирогч Б.Дын оршуулгын зардалд 8.035.877 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, ачилтын хөлс, үнэлгээний хөлс зэрэгт 5.612.000 төгрөг, хот хооронд зорчсон болон буудлын зардалд 321.000 төгрөг, нийт 13.698.877 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилснийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй амь хохирогчийн орлогыг дүгнэж, тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг хэрэглэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санаа, тэтгэмжийн зөрүү зэрэг гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дүгээр шийтгэх тогтоолын

тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэлэлцээгүй орхисныг дурдаж...” гэсэн хэсгийг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ