2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/03140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, “ХБ” ХК РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ... овогт Ц.Р /РД:.../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 40,362,582 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай байгууллагын зүгээс Ц.Р...-д холбогдуулан хоёр зээлийн гэрээний үүрэгт мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Ц.Р... нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ/201944538012 тоот зээлийн гэрээ болон №БГХ201944538012 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 5,814,397.26 төгрөг дээр нэмж 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээ, №БГХ201944618660 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 4,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчийн хүсэлтээр дээрх зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 30 сарыг 38 сар болгож зээлийн гэрээний хугацааг өөрчилсөн. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ/201944618660-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, "... Зээлийн гэрээний хугацаа 38 сар" гэсэн хэсгийг “Зээлийн гэрээний хугацаа 44 сар" гэж тус тус өөрчилж сунгасан.

Зээлдэгч Ц.Р...д нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,508,622.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,654,536.87 төгрөг, нийт 7,163,159.75 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч Ц.Р...-ын №ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл нь 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 5,491,377.12 төгрөг, хүүгийн төлбөр 4,698,141.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 627,205.88 төгрөг, нийт 10,816,724.70 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 Зээлдэгч Ц.Р...-д нь дахин Баянгол Долоон буудал тооцооны төвтэй 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээ, №БГҮ/202045421724 тоот барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж,  15,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Ц.Р...-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №... дугаартай, ... тоот хаягт байршилтай 53 м.кв талбайтай хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Р...-ын эзэмшлийн улсын бүртгэлийн гэрчилгээний №... дугаартай, газар эзэмших эрхийн бүртгэлийн Э-... дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байршилтай 205 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалуулсныг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Мөн зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, "... Зээлийн гэрээний хугацаа 36 сар" гэснийг “Зээлийн гэрээний хугацаа 38 сар" гэж тус тус өөрчилж сунгасан.

Зээлдэгч Ц.Р... нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,294,697.14 төгрөг, зээлийн хүүд 1,292,646.32 төгрөг, нийт 2,587,343.46 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний "Зээлийн эргэн төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, утсаар мэдэгдэх, очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээлээ төлөөгүй байгаа болно.

Иймд Хаан банкны зүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,705,302.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,930,910.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,644.12 төгрөг, нийт 29,428,857.56 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 117,000 төгрөг, №ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээний үүрэгт 10,816,724.70 төгрөг, №ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний үүрэг 29,428,857.56 төгрөг, нийт 40,362,582.3 төгрөгийг зээлдэгч Ц.Р...-аас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг дэмжиж байна гэв.

2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ц.Р... миний бие нь 2020, 2019 онуудад ...банкны хүүхдийн 100, Долоон буудал зэрэг салбаруудаас цалин, бизнессийн зээлүүдийг авсан боловч тодорхой хугацаанд төлж чадаагүй гол шалтгаан нь Ковид болсон учир бизнессийн үйл ажиллагаа саатаж зээл төлөх чадваргүй болсон.  Иймд авсан зээлийг зээлийн гэрээний дагуу төлөх хүсэлтэй байна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээл хүсэгчийн анкет, 2019 оны 6 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 7 сарын 22-ны өдрийн зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2020 оны 12 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай гэрээ 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариуд, зээлийн бүртгэлийн карт, Ц.Р...-ын эзэмшлийн ХААН банкны дансны хуулга, зээл төлөх мэдэгдлүүд зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:      

 

1.Нэхэмжлэгч “ХБ” ХК нь хариуцагч Н.Р...-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 40,362,582 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/201944538012 тоот зээлийн гэрээ болон 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,491,377.12 төгрөг, зээлийн хүү 4,698,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 627,206 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202045421724 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,705,303 төгрөг, зээлийн хүү 13,930,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,644 төгрөг, нийт 40,362,582  төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Нэг талаас “ХБ” ХК, нөгөө талаас зээлдэгч Н.Р... нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/201944538012 тоот болон 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ/201944618660-1 тоот гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ/201944618660-2 тоот гэрээ тус тус  байгуулагдаж, нийт 10 сая төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 44 сарын хугацаатай, мөн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 15,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай нэхэмжлэгч “”ХБ” ХК-иас хариуцагч Ц.Р...-д олгосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, дурдсан гэрээнүүдийн хуулбар, зээл төлөх график, зээл олгох өргөдөл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 11-31 дүгээр тал/ 

3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч зээлийн гэрээнд заасан графикийн дагуу зээл, түүний хүүг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн бүртгэлийн карт, 2023 оны 4 дүгээр сарын 07, 2023 оны 6 дугаар сарын 13, 2023 оны 9 дүгээр сарын 5, 2023 оны 10 дугаар сарын 4, 2024 оны 2 дугаар сарын 09, 2024 оны 5 дугаар сарын 08, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өдрийн зээл төлөх тухай мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 43-50 дугаар тал/

4.Хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт гэх зээлийн тооцооллын баримтаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ЗГ/201944538012, ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,491,377 төгрөг, хүүгийн төлбөрт 4,698,141 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 627,205 төгрөг, ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,705,303 төгрөг, хүүгийн төлбөрт 13,930,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,644 төгрөг, дээрх хоёр гэрээний үүрэгт нийт 40,245,581 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагчаас зээлийн төлбөрийг зээлийн гэрээний дагуу төлөх хүсэлтэй байгаа талаар тайлбараа бичгээр ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Р...-аас ЗГ/201944538012, ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,491,377 төгрөг, хүүгийн төлбөрт 4,698,141 төгрөг нийт 10,189,519 төгрөг, ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,705,303 төгрөг, хүүгийн төлбөрт 13,930,910 төгрөг, нийт 27,636,212 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс ЗГ/201944538012, ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 627,205 төгрөг, ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,792,644 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх хэдий ч хариуцагчийн зээл буцаан төлөх гэрээгээр хүлээсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил ЗГ/201944538012, ЗГ/201944618660 тоот гэрээний хувьд 2020 оны 12 сар, ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний хувьд 2020 оны 10 дугаар сараас эхлэн тус тус үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн байхад шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд хүргэсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,419,849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №БГҮ202045421724 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр хариуцагч Ц.Р...-н өмчлөл, эзэмшлийн ... тоот хаягт байршилтай, 53 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-... дугаартай, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... хаягт байрлах, газар эзэмших эрхийн №... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий 205 мкв талбайтай газар барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /х.х-ийн 24-25, 29-32 дугаар тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, үл хөдлөх хөрөнгүүдийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. /хх-ийн 29-32 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... тоот хаягт байршилтай, 53 мкв талбайтай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... хаягт байрлах, газар эзэмших эрхийн №... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий 205 мкв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний зардалд 117,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3. дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээ гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгчийн нотариатын зардал 117,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нотариатын зардлыг үйлчилгээ авах этгээд төлөхөөр хуулиар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу гарсан зардал болох 117,000 төгрөгийг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нотариатын зардалд төлсөн 117,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

8.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчид хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1., 169 дүгээр зүйлийн 169.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Р...-аас зээлийн гэрээний үүрэгт 37,825,731 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,536,849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус гэрээний барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байршилтай, 53 мкв талбайтай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202028096 дугаартай, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .... хаягт байрлах, газар эзэмших эрхийн №.... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий 205 мкв талбайтай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Р...-с зээлийн гэрээний үүрэгт 37,825,732 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,536,849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 169 дүгээр зүйлийн 169.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Р нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байршилтай, 53 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-... дугаартай, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... хаягт байрлах, газар эзэмших эрхийн №... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий 205 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 347,079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БАЯРМАА