Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00210

 

 

 

 

 

 

 

 

                                                                                     301/ШШ2025/00210

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг . тоотод байрлах Х ХХК

Хариуцагч: А аймгийн Б сумын З баг . тоотод оршин суух Б овгийн Э.М

Нэхэмжлэлийн шаардлага: 1,028,637.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.М нь 2023 оны 5 сарын 10-ны өдөр АХ-СТГ/2023-114685 тоот санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулан 659,400 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Э.М нь санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 650 хоногийн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Э.М нь байгуулсан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг тус тус үндэслэн 1,028,637.40 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Х ХХК-с 2023 онд зээл авч одоогоор эрхэлсэн ажилгүй байсан тул төлж чадахгүй Х ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй маргахгүй. 1,028,637.40 төгрөгийг төлж барагдуулна. 1,028,637.40 төгрөгтэй маргахгүй төлөх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.М-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг 1,028,637.40 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

                Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

 

                 Зохигчийн байгуулсан 2023 оны 5 сарын 10-ны өдрийн АХ-СТГ/2023-114685 дугаар санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний 3.2, 5.2.2-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

 

Мөн зохигчийн байгуулсан барьцаат санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.7, 6.8-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал төлөхийг шаардах”-аар заажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Э.М гэрээний дагуу буцаан төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зөрчсөн гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 1,028,637.40 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,238 төгрөгөөс 14,619 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.М-с 14,619 төгрөг, улсын орлогоос 14,619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 1,028,637.40 (нэг сая хорин найман мянга зургаан зуун гучин долоо) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.М-ны зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,238 төгрөгөөс 14,619 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.М-с 14,619 төгрөг, улсын орлогоос 14,619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

                4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА