| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2203005640563 |
| Дугаар | 2023/ДШМ/1143 |
| Огноо | 2023-11-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/1143
С.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч С.Бн өмгөөлөгч Ж.Энхчулуун,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/609 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан давж заалдах гомдлоор С.Бд холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 11 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж овгийн Сын Б, 2000 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Г аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х сургуулийн Эдийн засгийн сургуулийн - дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:ДЮ00272715/.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 35 минутын орчимд, Хан-Уул дүүргийн - дүгээр хороо, Яийн зам, В хотхоны урд талын зам дээр, “С” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, /анивчихгүй/” гэх заалтыг зөрчсөний улмаас, унадаг дугуй унаж явсан 11 настай, Ө.Быг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Сын Бг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 3.899.750 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Рд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Р нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Бн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын үйлдэн ирүүлсэн 2023 оны 216 дугаар яллах дүгнэлтэд С.Бн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/609 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д “Автотээврийн хэрэгслийн жолооч ... улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ... эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тодорхой заасан байхад эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн оногдуулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил байхаар заасан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргаж, шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэжээ. Мөн түүнчлэн шүүгдэгч С.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж болохоор байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээг хууль зөрчин хэтрүүлэн оногдуулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн алдаа болсон байна. Шүүгдэгч С.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийг ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Бд шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг өөр төрлийн хөнгөн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс хохирогчид 3.899.750 төгрөг гаргуулахаар заасан. Шүүгдэгч С.Бас хохирол, төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан бөгөөд 9 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд дээрх хохирлыг төлөөгүй оролцсон. Улсын яллагчаас шүүгдэгч С.Бд 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй гэж заасан нь техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Бн өмгөөлөгч Ж.Энхчулуунаас хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн бөгөөд хохирол, төлбөр төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 35 минутын үед - дүүргийн - дүгээр хороо, Яийн зам, В хотхоны урд талын зам дээр “Т” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “...Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, /анивчихгүй/...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас, унадаг дугуй унаж явсан 11 настай Ө.Быг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Ө.Бын “...2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би ... унадаг дугуйгаа унаад явган хүний гарцын ногоон гэрэл асахаар нь хөдлөөд явтал зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөнд оролцож явсан “С” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, унагаасан. Би унадаг дугуйгаа унаад явж байсан бөгөөд машины урд хамар хэсгээр миний зүүн хөлийн гадна хэсэгт мөргөж унагаасан. Унахдаа би нүүрээрээ зам дээр унасан болохоор шүд унасан. ...” /1хх 96/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Рын “...манай хүүхэд математикийн сургалтдаа суучихаа буцаад гэртээ ирэхээр явж байх үедээ мөргүүлсэн байсан. ...” /1хх 15, 93/,
иргэний хариуцагч М.Цийн “...“T” маркийн - улсын дугаартай ... машиныг Б 2020 онд Монголд орж ирсэн байхад нь Гааль дээрээс 20 сая төгрөгөөр худалдаж аваад өөрөө - харьяалалтай байсан учраас орон нутгийн дугаар авахгүй гээл миний нэр дээр авч хотын дугаар авсан. ...” /1хх 19/,
гэрч Д.Бын “...Гарцаар гарах гэтэл явган хүний гарцын улаан гэрэл асчихсан хүмүүс ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байсан бөгөөд ... ногоон гэрэл асаад миний өмнө байсан хүмүүс гарцаар гарч явахад л түс хийх чимээ гарсан. Тухайн ... зүгт харахад зам дээр хар өнгийн суудлын машин гарцаар гарч явсан унадаг дугуйтай хүүхдийг мөргөчихсөн байсан. ...Миний бодлоор ногоон гэрэл асахад хүүхэд шууд зам хөндлөн гарсан. ...” /1хх 98/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ө.Бын биед үүссэн баруун хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, зүүн өвдөгний гадна хагас жийргэвчийн бүрэн бус урагдал гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун дээд талын үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд талын үүдэн 1-р шүдний цууралт, сулрал, ирмэгийн эмтрэл, баруун дээд талын үүдэн 2-р шүдний сулрал, духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар, баруун бугуй, умдагны зулгаралт, цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн 479 дугаартай /1хх 195-200/, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн “... “Т” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын улсын дугаар сууриараа хугарсан байгаа нь ослын үед үүссэн шинэ эвдрэл, гэмтэл байна. ...” гэсэн - дугаартай /1хх 37-42/шинжээчийн дүгнэлтүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11/, мөрдөгчийн магадалгаа /1хх 43/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх 52-69/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч С.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын “...нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэсэн ялаас их байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагыг зөвтгөн тухайн зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээнд нийцүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Бн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн тэрээр Х сургуулийн Эдийн засгийн сургуулийн - дүгээр дамжаанд суралцаж байгаа хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Бн өмгөөлөгч Ж.Энхчулуун нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б нь хохирогчийн эмчилгээний зардал болох 3.899.750 төгрөгийг төлсөн баримт, ажил эрхэлдэг компанийн тодорхойлолт болох 2 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүгдэгч С.Бн өмгөөлөгч Ж.Энхчулуун нь “...шүүгдэгч С.Бд шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг өөр төрлийн хөнгөн ял шийтгэлээр солиулах...” талаар давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн ялын төлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан нь түүний явган хүний гарц дээр, зөвшөөрөгдсөн гэрлээр зам хөндлөн гарч буй Ө.Быг мөргөж гэмтэл учруулсан хэргийн хэр хэмжээнд тохирсон байна, оногдуулсан ялын төрөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/609 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Бг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг “...7 сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ