| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0080/З |
| Дугаар | 110/ШШ2025/0025/З |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 110/ШШ2025/0025/З
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Е,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Ж.Е холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Маргаан бүхий захиргааны актаар Ж.Е Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 6400 м2 газрыг 2021 онд эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна.
3. Уг шийдвэрийн талаар нэхэмжлэгч Ж.Е нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдсэнээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
3.1. Би Өлгий сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/218 дугаар захирамжаар Өлгий сумын 12 дугаар баг, Хөх хашаа-1 139 тоот хаягт 6400 м2 газрыг таримал ойн зориулалтаар 25 жилийн хугацаатайгаар эзэмшсэн юм.
Газрыг эзэмшиж авсан үед коронавирусын цар тахал гарч бүхий л үйл ажиллагаа хөдөлгөөн хязгаарлагдсан тул 2022 оны намар хүртэл ямар нэгэн байдлаар газрыг ойжуулж чадаагүй. Харин 2023 онд тухайн эзэмшил газрыг тэгшилж, цэвэрлэгээ хийж, хашаалж хамгаалсан. 2024 оны намар тухайн газрыг ойжуулахаар төлөвлөн ажиллаж байхад “энэ газрыг хүчингүй болгоно” гэх байдлаар зориулалтын дагуу ашиглахад саад учруулсан юм. Цар тахлын улмаас газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байхад нөхцөл байдлыг тогтоохгүйгээр газрыг шууд хүчингүй болгож байгаад нь гомдолтой байна.
3.2. Тухайн ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн газруудыг эзэмшиж байгаа бусад иргэд мөн адилхан зориулалтын бусаар ашиглаж, гэр бүлийн хэрэгцээний газар болгож ашиглаж байхад зөвхөн миний газрыг хүчингүй болгож ялгаварлан гадуурхсан.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад хариуцагч байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Би 6400 м2 газрыг 2021 онд ойжуулах зориулалтаар авсан ба тухайн жилдээ ямар нэгэн ажил хийгээгүй. 2022 онд газраа ойжуулах зориулалтын тоног төхөөрөмж, материалуудыг бэлдэж байсан боловч “Ковид-19” цар тахлын улмаас ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Харин 2023 оны 6 дугаар сараас эхлэн уг газрын хог хаягдлыг ачиж, тухайн газар нь овон товон газар байсан тул газрыг тэгшлэх, 580 метр газарт модон шон суулгаж, төмрөөр хашаа татах, газрыг ухаж, туршилтын журмаар мод суулгах зэрэг ажлуудыг хийж, мод тарихаар “Б” ХХК-тай мод нийлүүлэх гэрээ хийж, чацарганын модыг авахаар урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг өгөөд захиалсан.
Тухайн газар нь нэлээн салхитай газар байсан ба хашаалж татсан төмрийн зарим нь 2023 оны өвөл унаад түүнээс болж хүн амьтанд ямар нэгэн осол учруулахгүйн тулд дахиж хураагаад, дараа жил нь өөр материалаар хашаа татах гэж төлөвлөж байсан. Уг газарт нийтдээ 36 000 000 төгрөгийн ажил хийгдсэн.
4.2. 2024 оны 10 дугаар сарын үед би Завхан аймагт тендерт шалгарсан компанийн менежерээр ажиллаж байсан. Тухайн үед надад утсаар Өлгий сумын удирдлагаас холбогдоод “танай эзэмшлийн газрыг хүчингүй болгох гээд байгаа, та ирээд гарын үсэг зурна уу” гээд ярьж байсан. Тэр үед би “өнөө, маргааш очих боломжгүй” гэсэн хариу өгсөн. Уг нь гаргасан төлөвлөгөөнд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл модыг тарих ёстой байсан, тарьж чадаагүй.
4.3. Мөн би ходоодны шархтай, тухайн үед эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан хүндэтгэн үзэх шалтгаантай гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэгч газрыг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж эзэмшихээр болж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй гэрээ байгуулсны дараа газар эзэмших эрх нь үүссэн. Маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримталж, “... газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн тайлбар, маргаан нь үндэслэлтэй байна. Үүнд:
5.1.1. 2020-2021 онд дэлхийн нийтэд “Ковид-19” цар тахлын өвчин гарсантай холбоотой хууль тогтоогчоос 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс Улсын онцгой комиссоос зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, зөвхөн онц шаардлагатай хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр нээлттэй үлдээсэн. Өөрөөр хэлбэл, энэ хууль тогтоомжид зааснаар “Ковид-19” цар тахал гарсантай холбоотой хязгаарлалт тогтоох тухай Улсын комиссын шийдвэр, Засгийн газрын шийдвэрүүд 2020 онд бүхэлдээ хэрэгжээд, 2021 оны 12 дугаар сарын байдлаар цуцалсан.
Тиймээс миний үйлчлүүлэгч 2021 онд маргаан бүхий газарт зориулалтын дагуу ойжуулалт хийж чадаагүй гэж үзэх нь үндэслэлтэй.
5.1.2. Тухайн үед нэхэмжлэгч өвчтэй байсан, иймээс Улаанбаатарын хотын “Брилиант” эмнэлэгт үзлэгт орж, эмчилгээ хийлгэж байсан нь өвчтөн илгэх хуудас, шинжилгээ хийсэн тухай баримтуудаар тогтоогдож байна.
5.1.3. Маргаан бүхий акт гаргах үед газар эзэмшигч Ж.Е нь Завхан аймагт албан томилолтоор ажиллаж байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.41 дэх заалтад “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж хэд хэдэн үндэслэлүүдийг заасан. Үүнд, эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан, хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгоно гэж заасан.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5 дахь хэсэгт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан. Энэ үүргээ хариуцагч тал зөрчсөн гэж үзэж байна.
Жишээлбэл, СD дэх дүрс бичлэг, фото зургуудаас харахад 2023 оны 6 дугаар сарын байдлаар маргаан бүхий газарт ажил хийгдсэн болох нь нотлогдсон байна.
Нэхэмжлэгч тухайн газраа тэгшлээд, хог хаягдлыг ачих зэрэг ажлууд хийгдсэн, үүнийг зарим хүмүүс гэрчилсэн. Гэтэл хариуцагч тал 2024 оны 12 дугаар сард шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт нөхцөл байдлыг тогтоосонтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, хийсвэр тайлбар гаргасан.
5.3. Ажлын хэсэг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуралдаад, “хэрвээ эзэмшилд авсан газраа иргэд хашаалсан, худаг гаргасан бол 2025 оны 6 дугаар сар хүртэл боломж олгох нь зүйтэй гэж үзсэн” байна. Тэгвэл нэхэмжлэгчийн 2023 онд хийж гүйцэтгэсэн ажил буюу газар тэгшилсэн, хашаа татсан зэрэг ажлуудыг ажлын хэсэг мэдээгүй байна. Газраа хашаалсан нь нотлогдож байгаа.
5.4. Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх тухай гэрээний 5.4 дэх хэсэгт газар эзэмшүүлэгчийн гэрээг дүгнэх үүрэг нь байна. Энэ үүргээ биелүүлээгүй байж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эхлээд газар эзэмшигч 2021, 2022, 2023 онд газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг дүгнэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэх боломжтой гэв.
6. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, Ж.Е нь таримал ойн зориулалтаар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт тайлбарласан.
Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн очиж, зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан. Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Өлгий сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад 2024 оны 5 дугаар сараас ажлын хэсгийн бүрэлдэхүүн улсын байцаагчийн албан шаардлагын жагсаалтын дагуу бүх газруудаар явж үзсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр ямар нэгэн хашаа татагдаагүй, ойжуулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учраас 2024 оны 7 дугаар сарын эхээр нэхэмжлэгчийн өөрт нь утсаар мэдэгдсэн. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу ашигласан эсэх талаар ямар нэгэн хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй учраас 2024 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
8.1. Бид анх тухайн газар дээр очихдоо ямар нэгэн төмөр хашаа харагдаагүй, харин сүүлд шүүхийн зүгээс хийсэн үзлэгт очихдоо хэдэн багана босгосон байсныг харсан. Тухайн газрын хоёр талд нь “Даян ресорт” үйлчилгээний төвийн, дээд талд нь н.А гэж хүний хашаатай байсан. Ж.Е олгосон газрын талбайн урт нь 540 метр байгаа. Нэхэмжлэгч 580 метр газарт хашаа татсан гэж хэлсэн.
Олгосон газраас илүү газарт хашаа татсан уу, эсхүл буруу хэлээд байна уу мэдэхгүй байна. Анх 2006 онд тухайн газар н.А гэдэг хүнд олгогдсон. Дараа нь Ж.Е газраа шилжүүлсэн. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ нь 2019 онд хийгдсэн. Иймд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийснээс хойш 5 жил, эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ хийснээс хойш 3 жил өнгөрсөн байна. Тэр хавийн айлууд цахилгаан сүлжээнд холбогдсон, худаг гаргах бүрэн боломжтой, газар эзэмшигч тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
8.2. “Ковид-19” цар тахлын үед нэхэмжлэгч гэр бүлээрээ тухайн газарт ойжуулах зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. “Ковид-19” цар тахлын үед 7-30 хоногийн хугацаагаар хөл хорио тогтоож байсан болохоос тухайн газар дээр ойжуулах үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн хорио цээр тогтоогоогүй гэж бодож байна.
8.3. Нэхэмжлэгч өвчтэй байсантай холбоотой эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарах ёстой. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан бол хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ. Түүнээс биш эмчилгээ хийлгэсэн хүн болгоныг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй.
8.4. Нэхэмжлэгч гадаадад биш Монгол Улсын дотор өөр аймагт ажиллаж байсныг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй.
8.5. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь иргэний хувьд гэрээг дүгнүүлэх үүрэгтэй.
Хэрвээ нэхэмжлэгч буюу газар эзэмшигч өөрөө гэрээг дүгнүүлэхээр хандвал бид гэрээг дүгнэх ёстой байсан. Газар эзэмшигч нь өөрөө гэрээг дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Е Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 6400 м2 газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2021 оны А/218 дугаартай захирамжийн холбогдох хэсэг болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ...... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр 25 жилийн хугацаагаар эзэмшсэний дараа Өлгий сумын газрын даамлаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 21-д Ж.Е газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээг тусгажээ.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар Ж.Е нь Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 6400 м2 газарт ойжуулалт хийгээгүй, хашаа нь нурсан гэх нөхцөл байдлуудыг тогтоосон байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид таримал ойн зориулалтаар эзэмшүүлсэн 6400 м2 газарт шүүхээс үзлэг хийхэд уг газрыг бүхэлд нь хашаалаагүй буюу газрын хойд хэсгийг модоор хашаалсан, таримал ой бий болгох зорилгоор мод суулгаагүй болох нь тус тус тогтоогдсон ба гэрч С.А, Х.Н, О.А, Е.Е, С.Б нарын мэдүүлэг, уг газрын фото зураг, CD-д хуулсан дүрс бичлэг, болон бусад баримтуудаар нэхэмжлэгчийн “2023 оны 6 сараас хойш газраа зориулалтын дагуу ашигласан” гэх тайлбар, маргаантай холбоотой дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
6.1. Нэхэмжлэгч анх тухайн газраа хашаалахад гарах зардлын төсвийг (29 710 000 төгрөг) мэргэжлийн төсөвчин Х.С хийлгэж, 2023 оны 6 сараас мод болон төмөр материалаар газраа хашаалж, хамгаалсан, тухайн газарт хураагдсан хогийг ачиж цэвэрлэсэн, газрын хөрсийг тэгшилж, мод тарих зориулалтаар нүх ухсан, туршилтын журмаар хайлаас төрлийн 5-6 мод тарьсан, мод үржүүлгийн “Б” ХХК-тай “Модны суулгац бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, урьдчилаа төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн, 2023 оны 12 сард хүчтэй салхины улмаас хашааны зарим хэсэг нурснаар нэхэмжлэгч газраа хашаалсан төмөр материалаа буулгаж авч, дахин хашаа татахаар болсон байна.
7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
8. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
9. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ж.Е нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор таримал ойн зориулалтаар эзэмшсэн 6400 м2 газарт хашаа татаж, хамгаалалт хийсэн, туршилтын журмаар хайлаас төрлийн мод тарьсан, газрын хөрсийг тэгшилж, нүх ухсан зэргээр тариалалт хийхээр газраа бэлдсэн, модны суулгац худалдан авахаар мод үржүүлгийн компанитай гэрээ хийж, төлбөрийн зарим хэсгийг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч Ж.Е нь газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойших 2 жилийн хугацаанд газраа ойжуулах зорилгод хамаарах тодорхой үйл ажиллагаа хийсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглах зорилгоор огт үйл ажиллагаа хийгээгүй гэж үзэх нь үндэслэлгүй гэж дүгнэв.
10. Үүнээс гадна нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор дээрх төрлийн үйл ажиллагаа явуулсны дараа зориулалтын дагуу газраа үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглахад газар эзэмшигчээс хамаарахгүй нөхцөл байдал нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна. Үүнд дээрх байдлаар хүчтэй салхины улмаас 2023 оны 12 сард хашааны зарим хэсэг нурсан, ингэснээр 2023 оны 12 дугаар сараас хойших хугацаанд хашаагаа шинэчилж дахин татаж, газартаа хамгаалалт хийх шаардлага үүссэн байна.
Гэвч Ж.Е нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг “Дайчин хүлэг” ХХК-ийн менежерээр тус компанийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 21/01 дугаартай тушаалаар ажилладаг байх ба тус компанийг төлөөлж 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр УТ2102000402 дугаартай “XVIII.1.31 Эрүүл мэндийн төвийн барилга, 15 ор /Завхан, Яруу сум/-ийн ажлын нэмэлт гэрээг Эрүүл мэндийн яамтай байгуулсан, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан талаарх нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажлын зайлшгүй шаардлагаар өөр орон нутагт ажилласан нь тогтоогдож байх тул хариуцагчаас “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.
Дээрх байдлаар хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй гэж үзлээ.
12. Иймд нэхэмжлэгч Ж.Е хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
13. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн.
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "хөл хорио" гэж тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэсэн арга хэмжээг;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална: 5.1.4. нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй: 12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх; 12.2.5. албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих;” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч газраа таримал ойн зориулалтаар эзэмшсэн байх ба Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар иргэний газар эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаагүй, уг хуулийн үйлчлэлийн хугацаанд, мөн улсын хэмжээнд Ковид/-19/-ын цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон үед нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах чадаагүй шалтгаантай байснаа нотлоогүй, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Е тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ж.Е холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА