| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2311000001153 |
| Дугаар | 2023/ДШМ/1144 |
| Огноо | 2023-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/1144
О.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн О гийн Б, 1967 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр - аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн - дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Шүүгдэгч О.Б нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яын богино зуслангийн төв зам дээр - улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан эхнэр Ч.Сыг нь саатуулахаар шаардлага тавьсан тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Т.Тыг эсэргүүцэж хүч хэрэглэн биед нь халдсан, хууль сахиулагчийг дээрх албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх явцдаа түүний биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн О гийн Б ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бод оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Бод сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, шүүгдэгч О.Быг Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тус тус зорчих хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр Ч.Сыг өмөөрч цагдаагийн албан хаагчийн биед халдаж гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн. Тухайн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгосон ба хохирлыг барагдуулсан. Хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа Д аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн жолоочоор сарын 2.500.000 төгрөгийн цалинтай ажилд орсон болно. Би ам бүл 7-уулаа амьдардаг ба эхнэр таван хүүхдээ тэжээн тэтгэж, хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагатай байна. Шүүхээс надад хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт 700.000 төгрөгөөр торгох, харин цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэдэг хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял өгсөн. Миний ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэх эрх үүргийг минь харгалзан үзэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргадаггүй. Зөвхөн хувийн байдалтай холбоотойгоор зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн. О.Б нь уг ял шийтгэлийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх ёстой гэдэг. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа өнөөдрийн цахим сүлжээгээр оролцож байгаа газар буюу Д аймагт “С” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа. Иймд шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хувийн байдлыг харгалзан үзэх нөхцөл байдлууд байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон нэгтгэж оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилго буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ болон шүүгдэгч О.Бын хувийн байдлыг харгалзан үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгч О.Бын хувьд тухайн үед “тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, такси үйлчилгээнд явдаг” гэсэн тайлбар, мэдүүлэг өгч байсан. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан сонгох ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч О.Б тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үед Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авдаг. Шүүгдэгч О.Б нь өнөөдрийн байдлаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байгаа атлаа “жолоочоор ажиллаж байгаа” гэсэн тайлбар гаргаж байгаа нь төрийн эрх бүхий албан тушаалтны оногдуулсан арга хэмжээ, эрүүгийн хариуцлагад хэрхэн хандаж байгаа хандлага нь харагдаж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн - дүгээр хороо, Яын богино зуслангийн төв зам дээр - улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан эхнэр Ч.Сыг нь саатуулахаар шаардлага тавьсан тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Т.Тыг эсэргүүцэж хүч хэрэглэн биед нь халдсан, хууль сахиулагчийг дээрх албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх явцдаа түүний биед “...дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт...” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Т.Тын “...“п” маркийн цагаан өнгийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгатал, жолоочийн суудалд эмэгтэй хүн суусан байсан ба хажууд нь нөхөр нь бололтой эрэгтэй хүн өвөр дээрээ 4-5 орчим насны бага насны хүүхэдтэй сууж явсан. Тухайн эмэгтэйг драгер хэмжигчээр үлээлгэтэл 0.68 гарсан. Тээврийн хэрэгсэл саатуулах болсон журмыг танилцуулан “машинаасаа бууна уу” гэтэл эхнэр нь гэх эмэгтэй буугаад, түлхүүрээ өгөхгүй байсан ба жолоочийн эсрэг талаас нөхөр нь бололтой 4-5 насны хүүхэд тэвэрсэн эрэгтэй гарч ирж харагдсан. Тэгтэл тэр эрэгтэй миний хажуугаас ирээд гараараа уруул, ам хэсэг рүү нэг удаа цохисон. ...” /хх 6-8, 10/,
гэрч Б.Эийн “...цагаан өнгийн “П” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудал дээрээс нэг эрэгтэй бууж харагдсан ба Т дэслэгч дээр очоод шууд уруул буюу нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Би очоод түүнийг салгатал Тын уруул хэсгээс нь цус гараад байсан ба 102 дугаар руу залгаад ... дуудлага өгсөн. ...” /хх 13/,
гэрч Ч.Сын “...миний согтолтын зэрэг 0.68 хувьтай гарсан. Би цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг нь биелүүлээд ... байж байтал манай нөхөр Б нь ач хүү Нг тэврээд тээврийн хэрэгслээсээ бууж ирээд “юу болж байна” гээд хүрээд ирэхээр “би түүнийг машиндаа суу” гэж хэлээд машиндаа суулгасан. Тэгтэл цагдаагийн алба хаагч “таны жолоодож яваа тээврийн хэрэгслийг тань журмын хашаанд хийнэ, одоо ачилтын машин ирж байгаа, тээврийн хэрэгслийн түлхүүрээ өгнө үү” гэхээр нь “би ачилтын машин иртэл байж байя, хаашаа ч явахгүй” гэдгээ хэлээд байж байтал нэг харсан чинь манай нөхөр Б машинаас бууж ирсэн харагдсан. Тэгсэн гэнэт л өнөөх цагдаагийн алба хаагч “хамар руу цохичихлоо” гэж хэлэхээр нь хартал цагдаагийн алба хаагчийн амнаас нь цус гарч байсан. ...” /хх 16/,
О.Бын яллагдагчаар өгсөн “...явж байхад зуслангийн зам дээр замын цагдаагийн алба хаагчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, үлээлгэж байхад манай эхнэр үлээлгэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж гарч ирсэн. Тэгээд машинаа зогсоогоод манай эхнэр Со машинаас буугаад удаад байхаар нь би эхнэр ач хүү хоёроо явуулаад өөрөө цагдаа нарт баригдаж үлдэх зорилгоор манай эхнэрийг шалгаж байсан цагдаагийн алба хаагчийн уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход тэнд байсан цагдаа нар намайг саатуулж, эрүүлжүүлэх байранд хийсэн. ...” /хх 43/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Т.Тын биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг үр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн 8991 дугаартай дүгнэлт /хх 19-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байна. Мөн оногдуулсан торгох, зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт нь зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгон оногдуулсан нь шүүгдэгч О.Бын үйлдсэн тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч О.Бын гаргасан “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгон өөрчлүүлэх...” талаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
Гэтэл анхан шатны шүүх Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр гэсэн 2 дүүргийг хамааруулан тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна, яагаад хоёр дүүргээр тогтоож байгаа үндэслэл нь тодорхойгүй байх тул О.Бын зорчих эрхийг түүний оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч О.Бод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “...Шүүгдэгч О.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ