| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0072/З |
| Дугаар | 110/ШШ2025/0026 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 110/ШШ2025/0026
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Н,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.З,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн З.Н холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Маргаан бүхий захиргааны актаар З.Н Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1500 м2 газрыг 2018 онд эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна.
3. Уг шийдвэрийн талаар нэхэмжлэгч З.Н нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдсэнээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
3.1. Миний бие Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмын дагуу газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар Өлгий сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/319 дугаартай захирамжаар 12 дугаар баг, Хөх хашаа-2 гудамжны 223 тоотод байршилтай нутаг дэвсгэрээс 1500 м2 газрыг таримал ойжуулалт хийх зориулалтаар байгаль экологид ээлтэй бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж, үр шимийг хүртэх, бүтээлч ажлыг дэмжих зорилгоор эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр байгаа билээ.
3.2. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эрх бүхий албан тушаалтнаас улсын бүртгэлд бүртгэж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн ..... дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмших эрхийг баталгаажуулсан байгаа юм.
Газар эзэмшигч З.Н би Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж, тухайн эзэмшил газарт зориулалтын дагуу зохих хэмжээний модны суулгац тарьж ургуулж байгаа бөгөөд арчлан хамгаалах, тордож өсгөн үржүүлэх зорилгоор хашаалж хамгаалалтад авсан байгаа болно.
Гэтэл Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/246 дугаартай захирамж гаргаж, түүний хавсралтаар миний эзэмшиж байгаа 1500 м2 газрыг эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосныг эс зөвшөөрч харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Өлгий сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/319 дугаартай захирамжаар иргэн З.Н 1500 м2 газрыг таримал ойжуулалт хийх зориулалтаар эзэмшсэний дараа 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан тул З.Н газар эзэмших эрх нь 2020 оноос эхлэн үүссэн гэж үзнэ. Эзэмшил газартаа З.Н нь ойжуулалт хийж, мод тарьж, зохих ажлуудыг хийсэн.
4.2. Дараа нь уг газарт Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газраас бусад объект болох өндөр хүчдэлийн шугам татагдсан. Кабель шугам 2021 онд татагдсан нөхцөл байдал Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газраас олгосон нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд маргаан бүхий захирамжид заасан Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил ашиглаагүй гэдэг үндэслэл үгүйсгэгдэнэ.
4.3. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна.” гэж заасан. Засаг дарга татагдсан шугамд хамгаалалтын зурвасыг тогтоох үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдож байна. Мөн 33.3-т “Хамгаалалтын зурвасын дотор тарьсан, ургасан мод, бут нь шугам сүлжээнд гэмтэл учруулахаар буюу үзлэг, үйлчилгээ хийхэд саад болохоор бол мод, бутны өмчлөгч, эзэмшигч нь түүнийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох үүрэгтэй.”, 33 дугаар зүйлийн 33.4-т “Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагч эрх бүхий ажилтан нь шугам сүлжээнд үзлэг, үйлчилгээ хийх, хяналт хэрэгжүүлэх зорилгоор хамгаалалтын зурвасын дагуу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар, барилга байгууламжид нэвтрэн орох, дайран өнгөрөх, өмчлөгч, эзэмшигч нь энэ хуулийн 33.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол уг мод, бутыг шилжүүлэн суулгуулах, хэрэв боломжгүй бол тайрч огтлуулах арга хэмжээ авах эрхтэй.” гэж заасан. Тухайн газарт мод тарихыг Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зохицуулалтаар хориглосон учраас тус газарт байршилтай шугамыг авах хүртэл тэнд мод тарих боломжгүй гэв.
5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, З.Н нь ойжуулах зориулалтаар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт тайлбарласан. Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн очиж, зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан. Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Өлгий сумын Засаг дарга 2024 оны 3 дугаар сараас ажлын хэсэг байгуулж, улсын байцаагчийн албан шаардлагад тусгагдсан газар дээр нэг бүрчлэн яваад, зурагжуулалт хийсэн. Нэхэмжлэгч З.Н эзэмшлийн газарт ямар нэгэн ойжуулалтын зориулалтаар үйл ажиллагаа явуулсан зүйл огт харагдаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэж, уг эрхийг нь хүчингүй болгосон, газрыг дахин эзэмшүүлэх боломжгүй гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Бид тухайн газарт очих үед ямар нэгэн мод харагдаагүй, хашаа татагдаагүй байсан. Харин шүүхийн зүгээс үзлэг хийх үед тогтоогдсон газрын буланд мод тарьсан жижиг газрыг тухайн үед анзаараагүй, мөн цахилгааны хоёр кабель шугам татагдсан байна. Уг хоёр кабель шугамын хамгаалалтын бүс болох шугамаас хоёр тийш 2 метр, нийтдээ 4 метр газарт хамаарах талбайг хасаад үлдсэн газар дээр нь ойжуулалт хийх боломжтой байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч З.Н Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1500 м2 газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2018 оны А/319 дугаартай захирамжийн холбогдох хэсэг болон 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 000102725 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр 30 жилийн хугацаагаар эзэмшсэний дараа Өлгий сумын газрын даамлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 43-т З.Н газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээг тусгасан байна.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар З.Н нь Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 1500 м2 газарт хашаа татаагүй, ойжуулалт хийгээгүй гэх нөхцөл байдлуудыг тогтоожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 1500 м2 газарт шүүхээс хийсэн үзлэгээр газрыг хашаалаагүй, харин газрын зүүн талын 52.2 м2 газарт 22 мод тарьж, уг талбайг хашаалсан нь тогтоогдсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч дээрх байдлаар мод тарьсныг ажлын хэсэг тухайн үед анзаараагүй байна гэж тайлбарласан.
7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
8. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
9. Нэхэмжлэгч З.Н маргаан бүхий газрыг Өлгий сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний А/319 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байх боловч дээрх байдлаар Өлгий сумын газрын даамлаас нэхэмжлэгчид 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байх тул уг энэ үеэс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор буюу 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол ...2 жил газраа дараалан ашиглаагүй гэж үзнэ.
10. Нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Т.Н мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий газрын 52.2 м2 газарт тарьсан 22 модыг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор тарьсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч З.Н гэрээнд заасан зориулалтын дагуу таримал ойн зориулалтаар огт үйл ажиллагаа хийгээгүй гэж үзэх нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна гэж дүгнэв.
11. Түүнчлэн Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн тайлангаас үзэхэд ажлын хэсгээс хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагад заасан иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газруудад очиж шалгаад 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүнгийн хурал хийсэн байх ба уг дүнгийн хурлаас “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй, иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож, ...ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан байна.
Гэтэл нэхэмжлэгчид уг газрыг эзэмших эрх 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үүссэнээс хойш 2 жилийн дотор газрын тодорхой хэсэгт мод тарьж ургуулсан, тухайн талбайг хашаалж, хамгаалсан зэргээр ойжуулах үйл ажиллагааг эхлүүлсэн байх тул Өлгий сумын Засаг даргаас нэхэмжлэгч З.Н тухайн газрыг эзэмших эрхийг шууд дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрөөс газрын талаар баримтлах газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.
12. Үүнээс гадна нэхэмжлэгчээс “…2022 онд тус газраар дамжуулж миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар цахилгааны шугам татсан тул газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй” гэж маргасан ба хэрэгт авагдсан гэрч Е.Х, Т.Н, М.Ж нарын мэдүүлэг, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеийн схем зураг, Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газрын 2025 оны 23, 51, 68, 81 дугаартай албан бичгүүд, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 57 дугаартай албан бичгээр дээрх маргаантай холбоотой дараах үйл баримтууд тогтоогдсон.Үүнд:
12.1. Нэхэмжлэгч З.Н эзэмшүүлсэн газрын хойд талаас “Даян ресорт” үйлчилгээний төв газар эзэмшдэг, тус төвийн барилга шинээр баригдаж 2022 оны 03 дугаар сард ашиглалтад орсон үед нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг дайруулж, газрын дороор цахилгааны кабель шугам татаж, “Даян ресорт” төвийн барилгад холбосон, уг кабель шугамыг татах үед газар эзэмшигч З.Нургуланд мэдэгдээгүй, энэ талаар нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сард тухайн газрын хөрсийг тэгшлэхээр очих үед мэдсэн, маргаан бүхий газрын баруун хэсгийн газрын дороор З80В-ын цахилгааны хоёр кабель шугам татагдсан, уг кабель шугамыг “Даян ресорт” үйлчилгээний төв, иргэн Т.А, Б.Н нар нь 2021 оны 08 дугаар сар, 2022 оны 07 дугаар сараас хойш ашиглаж ирсэн байна.
13. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна.”, 33.3-т “Хамгаалалтын зурвасын дотор тарьсан, ургасан мод, бут нь шугам сүлжээнд гэмтэл учруулахаар буюу үзлэг, үйлчилгээ хийхэд саад болохоор бол мод, бутны өмчлөгч, эзэмшигч нь түүнийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох үүрэгтэй.” гэж,
Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн Хоёрын 2.1-д “Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно.”, 2.2-т “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно: 2-т “газар дор байрласан кабель шугамаас хоёр тийш 1 м” гэж тус тус заасан байх ба Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 99 дугаартай албан бичгээр маргаан бүхий газарт орших 380В-ын цахилгааны кабель шугамын хамгаалалтын зурвас бүхий газрын эзлэх талбай нь 260 м2 болохыг тодорхойлсон байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эзэмших эрхтэй болсноос хойш 2 жилийн дотор газрын тодорхой хэсгийг буюу 260 м2 газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй байсан гэж үзэхээр байна.
14. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.
Дээрх байдлаар хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.
15. Нэхэмжлэгч З.Н өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар газрын 260 м2 талбайг ашиглах боломжгүй байсан, үлдсэн газрын 52.2 талбайд мод тарьж ургуулж ойжуулах ажиллагааг эхлүүлсэн нь тогтоогдсон тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн З.Н холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА