Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Б.Бямбадагва,

хохирогч Г.П, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

гэрч Ч.Долгорсүрэн, Т.Норжинсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805000650056 дугаартай, 1 хавтас  хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө нөхөр Мөнхбат, найз Долгорсүрэн, Болдбаатар бид 4 бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бид дөрөв 0,5 гр архи уусан. Тухайн үед хохирогч Пагмадулам бааранд нэг хүнтэй маргалдаад байхаар нь салгасан. Тэгээд би ширээндээ очоод сууж байхад хохирогч Пагмадулам над руу муухай хараад амандаа үглээд байх шиг болохоор нь архины шил аваад хана руу шидэхэд Пагмадулам миний шидсэн зүг рүү тонгойж таараад  хацар нь зүсэгдсэн. Би хохирогчийн толгой дээр нь архины шил хагалаагүй. Шүүхийн шатанд 275.000 төгрөг авч ирсэн боловч хохирогч авахгүй гэж хэлсэн. Би хүүхдээ хараад гэртээ суудаг болохоор хохирол төлөх боломжгүй. Цугларсан мөнгөө өнөөдөр авч ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.П мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой би ангийнхаа Батхонгор, Норжинсүрэн хоёртой Фламинго нэртэй бааранд 22 цаг өнгөрч байхад орсон. Бид нарыг ороход Энхмаа нь бид нарын суусан ширээний арын ширээнд сууж байсан. Бид нар ороод 20 орчим минут болж байхад Энхмаа нь намайг араас үсдэхэд надтай хамт явсан Батхонгор салгахад Энхмаа нь миний толгой дээр архины шилээр цохисон. Тэгээд миний толгойноос тэр дороо цус гарсан. Цагдаа дуудаад цагдаа ирэхэд Энхмаа нь алга болсон байсан. Би тэндээс шууд гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан.

Энхмаад цохиулснаас болж би 3 сар эмнэлгээр явсан. Цаашид ч гэсэн явахаар байна. Одоо Энхмаагаас 900.000 орчим төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлаа тухай бүрт нь нэхэмжилнэ. Тиймээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Долгорсүрэн мэдүүлэхдээ:

“...Хэрэг гарах үед шүүгдэгч Энхмаа архины шилээр Пагмадуламын толгой руу нь цохиогүй, хана руу шил шидсэн. Би мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Норжинсүрэн мэдүүлэхдээ:

“...Пагмадулам тухайн бааранд хүнтэй маргаагүй. Энхмаа нь тухайн үед шил шидэх шиг болоход Пагмадуламын толгойд шил оносон...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эгийн өгсөн:

“...2017 оны 12-р сарын 24-ний өдөр 22 цагийн үед нөхөр болох Мөнхбат найзууд Батболд, Долгорсүрэн нарын хамтаар БГД 8 хороо Фламинго бааранд орж үйлчлүүлсэн. Тэнд ороод 1 шил 0,5 литрийн Хар Чингис архи аваад хувааж уусан. Тэгээд байж байтал манай хажуу талын ширээний нэг эмэгтэй буюу сүүлд тархиа хагалуулсан байсан хүн /Пагмадулам/ надруу муухай хараад байсан. Тэгэхээр нь би явж очоод чи яагаад надруу муухай хараад байгаа юм бэ гэж хэлээд тэр хүний цамцнаас нь татсан чинь нэг залуу ирээд бас манай найз болох Долгорсүрэн боль гэж салгасан. Тухайн үед надтай хамт явсан бусад нь гарч тамхи татах гээд гарсан байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө эмэгтэй дахиад надруу муухай хараад байхаар нь би архины шил аваад шидсэн чинь тэр шил нь хананд хагараад тэр эмэгтэйгийн толгойг зүссэн. Тэгээд надруу тэр эмэгтэй пивоны шил аваад надруу далайсан гэхдээ шидээгүй тэгээд нөхөр ирээд намайг чи явж бай цагдаад баригдана гэхээр нь би гэрлүүгээ явсан, 5 минутын хугацаанд л үйл явдал болоод өнгөрсөн, тухайн үед тэр эмэгтэйн толгойноос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.П-ын өгсөн:

“...Би 2017 оны 12 сарын 24-ний өдөр өөрийн найзууд болох Батхонгор Норжин нарын хамт 22:30 цагийн үед БГД-н 8 хороо Фламинго нэртэй баар руу үйлчлүүлэхээр орсон. Тэнд ороод хүн тус бүр 1 шил пиво авч уусан. Тэгээд сууж байтал арын ширээнд сууж байсан махлаг шар царайтай эмэгтэй араас ирээд миний үснээс татаад доошоо дараад нэг удаа архины шилээр толгой руу цохисон. Тэгсэн хөмсөг нүүр хавиар шилний үртэсээр бага багаар зүсэгдээд хамрын баруун талд дээрээс доош шилээр зүсэгдэж цус гарсан. Тэгээд цагдаа дуудаад тэндээсээ ГССҮТ орж оёулсан. Нүүрний оёдлын сорвийг арилгаж өгвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Норжинсүрэнгийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 24-ний 23 цагийн үед Өргөө кинотеатрын өөдөөс харсан Фламинго бааранд ангийн эгч Пагмадулам Батхонгор нарын хамт орж нэг нэг шил шар айраг уусан. Бид 3 нэг ширээнд суугаад шар айргаа ууж дуусгаад дараагийнхаа шар айргийг захиалаад сууж байтал арын ширээн дээр сууж байсан 2 хүүхний нэг нь босч ирээд Пагмадуламын үснээс зулгааж доош дараад нүүрэн тус газар руу шилээр 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Батхонгорын өгсөн:

“...2017 оны 12 сарын 24-ний өдөр ангийн найзууд болох Норжинсүрэн Пагмадулам нарын хамтаар 21 цагийн үед БГД-н 8 хороо Фламинго бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд ороод 1 шил пиво аваад сууж байтал 00 цагийн үед ард талын ширээнд сууж байсан эмэгтэй шууд гэнэт босч ирээд Пагмаа эгчийг үсдээд авсан. Тухайн үед Пагмаа эгч зүгээр байсан тэр хүнтэй юу ч яриагүй тэгээд эхлээд үсдэнгүүт нь би салгаад тэр эмэгтэйг цааш нь суулгасан чинь дахиад тэр эмэгтэй шил аваад Пагмаа эгч рүү шидсэн. Тэгээд нэг харсан Пагмаа эгчийн нүүр зүсэгдээд цус нь гоожсон байсан. ...ГССҮТ орж оёулсан олон тооны оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Долгорсүрэнгийн өгсөн:

“...Би 2017 оны 12 сарын 24-ний өдөр найз Энхмаа нөхөр нь Мөнхбат бас манай нөхөр бид дөрөв БГД-н 8 хороо Фламинго нэртэй бааранд 23 цагийн үед орж үйлчлүүлсэн. Дотор ороод нэг шил архи аваад хуваагаад уусан. Энхмаа талбай дээр гарч бүжиглээд байж байтал тэр Пагмадулам гэх эмэгтэй нэг хүн рүү муухай хараад муудалцаад байсан. Тэр үед Энхмаа уг нь салгасан. Тэгээд Энхмаа бас тэр Пагмадулам хоёр 2-уулаа ширээндээ суусан. Суугаад байж байтал Пагмадулам Энхмаа руу муухай хараад байсан. Тэгсэн Энхмаа очоод тэр хүнийг заамдаад сандал руу нь түлхсэн. Тэгээд би салгаад Энхмааг ширээнд нь суулгатал Энхмаа ширээн дээр байсан архины шилийг аваад тэр хүн рүү шидсэн ба шидсэн шил нь хананд ойж хагарсан. Тэгсэн тэр эмэгтэйн нүүрнээс цус гараад удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхбатын өгсөн:

“...Би 2017 оны 12 сарын 24-ний өдөр 23 цагийн үед өөрийн эхнэр болох Энхмаа найз Батболд болон мөн тэрний эхнэр Долгорсүрэн нарын хамтаар БГД-н 8-р хороо Фламинго нэртэй бааранд 23 цагийн үед орж үйлчлүүлсэн. ...би Батболдыг дагуулаад тамхи татах гээд гарсан ба эргээд ороод иртэл нэг эмэгтэйн нүүрнээс буюу хацар нь зүсэгдсэн байдалтай цус гарсан манай эхнэр би шил хана руу шидсэн чинь ийм зүйл боллоо гээд цагдаа дуудсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 680 тоот:

               1. Пагмадуламын биед баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын язарсан шарх, зулгаралт, духны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

               2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19/,

 

            Шүүгдэгч Б.Э-ийн хувийн байдалтай холбоотой:

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Пын биед баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын язарсан шарх, зулгаралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Пын “...Би 2017 оны 12 сарын 24-ний өдөр өөрийн найзууд болох Батхонгор, Норжин нарын хамт 22:30 цагийн үед БГД-н 8 хороо Фламинго нэртэй баар руу үйлчлүүлэхээр орсон. Тэнд ороод хүн тус бүр 1 шил пиво авч уусан. Тэгээд сууж байтал арын ширээнд сууж байсан махлаг шар царайтай эмэгтэй араас ирээд миний үснээс татаад доошоо дараад нэг удаа архины шилээр толгой руу цохисон. Тэгсэн хөмсөг нүүр хавиар шилний үртэсээр бага багаар зүсэгдээд хамрын баруун талд дээрээс доош шилээр зүсэгдэж цус гарсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Норжинсүрэнгийн “...2017 оны 12 дугаар сарын 24-ний 23 цагийн үед Өргөө кинотеатрын өөдөөс харсан Фламинго бааранд ангийн эгч Пагмадулам Батхонгор нарын хамт орж нэг нэг шил шар айраг уусан. Бид 3 нэг ширээнд суугаад шар айргаа ууж дуусгаад дараагийнхаа шар айргийг захиалаад сууж байтал арын ширээн дээр сууж байсан 2 хүүхний нэг нь босч ирээд Пагмадуламын үснээс зулгааж доош дараад нүүрэн тус газар руу шилээр 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

гэрч А.Батхонгорын “...2017 оны 12 сарын 24-ний өдөр ангийн найзууд болох Норжинсүрэн Пагмадулам нарын хамтаар 21 цагийн үед БГД-н 8 хороо Фламинго бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд ороод 1 шил пиво аваад сууж байтал 00 цагийн үед ард талын ширээнд сууж байсан эмэгтэй шууд гэнэт босч ирээд Пагмаа эгчийг үсдээд авсан. Тухайн үед Пагмаа эгч зүгээр байсан тэр хүнтэй юу ч яриагүй тэгээд эхлээд үсдэнгүүт нь би салгаад тэр эмэгтэйг цааш нь суулгасан чинь дахиад тэр эмэгтэй шил аваад Пагмаа эгч рүү шидсэн. Тэгээд нэг харсан Пагмаа эгчийн нүүр зүсэгдээд цус нь гоожсон байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Долгорсүрэнгийн “...Би 2017 оны 12 сарын 24-ний өдөр найз Энхмаа нөхөр нь Мөнхбат бас манай нөхөр бид дөрөв БГД-н 8 хороо Фламинго нэртэй бааранд 23 цагийн үед орж үйлчлүүлсэн. ...Суугаад байж байтал Пагмадулам Энхмаа руу муухай хараад байсан. Тэгсэн Энхмаа очоод тэр хүнийг заамдаад сандал руу нь түлхсэн. Тэгээд би салгаад Энхмааг ширээнд нь суулгатал Энхмаа ширээн дээр байсан архины шилийг аваад тэр хүн рүү шидсэн ба шидсэн шил нь хананд ойж хагарсан. Тэгсэн тэр эмэгтэйн нүүрнээс цус гараад удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Мөнхбатын “...би 2017 оны 12 сарын 24-ний өдөр 23 цагийн үед өөрийн эхнэр болох Энхмаа найз Батболд болон мөн тэдний эхнэр Долгорсүрэн нарын хамтаар БГД-н 8-р хороо Фламинго нэртэй бааранд 23 цагийн үед орж үйлчлүүлсэн. ...би Батболдыг дагуулаад тамхи татах гээд гарсан ба эргээд ороод иртэл нэг эмэгтэйн нүүрнээс буюу хацар нь зүсэгдсэн байдалтай цус гарсан манай эхнэр би шил хана руу шидсэн чинь ийм зүйл боллоо гээд цагдаа дуудсан байж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 680 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар Б.Эгаас гэм хорын хохиролд нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд нийт 881.530 /найман зуун наян нэгэн мянга таван зуун гучин/ төгрөг гаргуулж хохирогч Г.Пд олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар Б.Э-гаас 881.530 /найман зуун наян нэгэн мянга таван зуун гучин/ төгрөг гаргуулж хохирогч Г.П-д олгосугай.

 

5. Хохирогч Г.П нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ