Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2025/0027

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Б,

            Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

            Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс хоорондын төрийн албаны маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон  салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисст   холбогдуулан “Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад Б.Б бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч маргаж буй асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан  байх ба Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/2214 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн гомдолд хариу өгснөөр шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

            2.1. Би  Баян-Өлгий аймагт сургуулийн өмнөх боловсролын салбарт тасралтгүй 13 дахь жилдээ ажиллаж байгаа ба үүнээс 1,5 жил үндсэн багш, 7 жил арга зүйч, 4,5 жил эрхлэгчийн албан тушаалд тус тус ажилласан туршлагатай, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Би Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцохоор 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд бүртгүүлсэн.  Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болох Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны шалгаруулалтад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл намайг багшилсан жил хүрээгүй гэдэг шалтгаанаар бүртгэхээс татгалзсан.

Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж заасныг Төрийн албаны салбар зөвлөлөөс намайг  зургаан жил багшлаагүй гэх үндэслэлээр шалгалтад оруулах боломжгүй гэж мэдэгдэж, шалгалтад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй юм.

2.2. Боловсрол, шинжлэх ухааны  сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 тоот тушаалаар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох журам"-д боловсролын бусад сургалтын байгууллагад ажилласан жилийг багш, захирал, эрхлэгчээр ажилласанд дүйцүүлэн тооцохоор заасан байхад цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгчээр ажилласан жилийг багшаар ажилласанд дүйцүүлэн тооцохгүй гэх Төрийн албаны салбар зөвлөлийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь цэцэрлэгийн арга зүйч нь багшийн ажилд арга зүйн зөвлөгөө өгөх, багшийн ажлыг үнэлэх, зөвлөн туслах, чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг учир багшаар ажилласанд дүйцүүлэн тооцох ёстой. Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд хамгийн ойр албан тушаал гэж надаар эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгүүлж байгаа мөртлөө албан тушаалын туршлагын хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гэж байгаа нь шударга ёсны заримд нийцэхгүй байна гэжээ.

            3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. Арга зүйч гэдэг нь багшийн багш,  багшид зөвлөгөө өгдөг албан тушаалтан юм. Би арга зүйч хийсний дараа эрхлэгч хийсэн. Холбогдох хуульд боловсролын байгууллагад 10 жил ажилласан байх ёстой гэж заасан. Миний бие боловсролын байгууллагад 13 жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй хүн байхад миний эрх зүйн байдлыг доордуулж байна.

3.2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох журам”-д заасан боловсролын сургалтын байгууллага гэдэгт хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч хамаардаг. Миний арга зүйч, эрхлэгчээр ажилласан хугацааг дээрх журмын дагуу багшаар ажилласнаар дүйцүүлэн тооцох ёстой гэж маргаж байна. Би өргөдөл гаргахад дүйцүүлэн тооцох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэсэн яамнаас албан бичиг ирсэн гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 дугаар тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох тухай журам”-ын 1 дүгээр хавсралт Дөрөвдүгээр зүйлийн 4.1-ийн 3 дахь хэсэгт тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр ажилласан нэг жилийг гүйцэтгэх албан тушаалын 50 хувиар тооцно гэж заасан.

Б.Б хувьд арга зүйчээр 7 жил, эрхлэгчээр 5 жил ажилласан. Иймд 6 жил багшаар ажилласан байх ёстой гэсний 4,5 жил дутуу байгааг дүйцүүлэх боломжтой гэж үзэж байна.

Үүнтэй холбоотой шалгалтын комисс хариу өгөхдөө боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага гэдэгт  хамаарахгүй гэж журмыг буруу тайлбарласан. Энэхүү дүйцүүлэн тооцох журмын дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой.

4.2. Боловсролын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалт, албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Албан тушаалын тодорхойлолтын туршлага гэдэг хэсэг дээр Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт заасныг тусгасан байдаг.

Үүнд, боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэж заасныг шууд албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага дээр тавьсан. Үүнийг буруу тайлбарлаж байна гэж ойлгож байна. 10 жил боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй ажилласан хүн 6 жил багшаар ажилласан бол эрхлэгчийн албан тушаалд өрсөлдөх эрх нь нээлттэй байхаар ойлгох ёстой. Эсхүл боловсролын сургалтын байгууллагад 10 жил ажиллаад, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр 4 жил ажилласан хүн энэ шаардлагыг мөн адил хангасан гэж үзэх ёстой. 

Хуулийн бичвэрийн хувьд таслал авсан байдаг. Таслалыг “эсхүл” гэж ойлгоно.

Тэгэхээр шалгалтын комисс тухайн хуулийн холбогдох зүйл заалтад дурдагдсан таслалыг буруу ойлгож, хэрэглэснээс болж олон жил боловсролын байгууллагад ажилласан,  шалгалтад орох ёстой хүний эрх ашиг нь зөрчигдсөн.

Насаараа боловсролын байгууллагад ажилласан хүн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж болохгүй гэж хандаж байгаа нь буруу байна. Б.Б нь багшийн үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгдөг, дээд шатны харьяалах албан тушаалд  арга зүйчээр 7 жил ажилласан хүнийг багшаар ажилласан жил нь  хүрэхгүй гэдэг байдлаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд өрсөлдөх эрхгүй гэж хасаж байгаа нь буруу. Б.Б нь 2 жил гаруй багшаар ажилласан, багш мэргэжилтэй хүн. Хуулийг шалгалтын комиссын зүгээс буруу тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах байсан хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтын талаар зарим иргэдээс Төрийн албаны зөвлөл болон Боловсролын яаманд гомдол гаргаснаар бүх цэцэрлэгийн албан тушаалын сонгон шалгаруулалт хойшлогдсон.  

Харин гомдол гаргасан …Б.Б  Монгол Улсын Боловсролын яамны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2265 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. Дээрх албан бичигт “Таны ажилласан жил одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хууль болон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталж ирүүлсэн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт заасан “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэх шаардлагыг хангаагүй байна.” гэж цаашид энэ тухай журамд тусгаж ажиллах тухай дурдсан байна.

5.2. Салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар шалгалт нь хойшлогдсон цэцэрлэгүүдийн шалгалтын талаар болон Боловсролын яамнаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж зарлагдсан хүүхдийн цэцэрлэгүүдийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 3 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж 2 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн, 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд бүртгүүлж чадаагүй Б.Б гомдол ирүүлж, шүүхэд хандсан талаар мэдэгдсэн. Дээрх асуудлуудаас болж шалгалт дахин хойшлогдсон.

5.3. Нэхэмжлэгч Б.Б цэцэрлэгийн багшаар ажилласан жил одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хууль болон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталж ирүүлсэн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт заасан “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж, сонгон шалгаруулалтын комисс бүртгэлийг баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Цаашид уг захиргааны хэргийн хариуцагчаар Төрийн албаны зөвлөлийн Баян- Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулах комисс оролцох болно гэжээ.

6. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын шүүхэд гаргасан тайлбарт:

6.1. Өлгий сумын хүүхдийн 26, 27, 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд нийт 8 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Үүнээс ..27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 3 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж 2 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б цэцэрлэгийн багшаар ажилласан жил одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хууль болон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталж ирүүлсэн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт заасан “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх" гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж, сонгон шалгаруулалтын комисс бүртгэл баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

7.1. Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд нийтдээ 3 хүн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн.

Нэхэмжлэгч Б.Б хувьд хууль болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан багшаар 6 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байгаа гэх үүднээс бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

7.2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох журам дээрх боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэгт нь Боловсролын, шинжлэх ухааны яамны албан хаагч нар хамаардаг гэж үзэж байна. Мөн Боловсролын асуудал эрхэлсэн орон нутаг дахь байгууллага дээр аймгийн Боловсролын газар хамаардаг. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, боловсролын чанарын баталгаажуулалт магадлан итгэмжлэлийн байгууллага, насан туршийн суралцахуйн төв гэдэг байгууллагуудад ажилласан албан хаагч нарын албан тушаалын ангилал, зэрэглэл удирдах, гүйцэтгэх төрлөөр нь   дүйцүүлэх журам байна.

Өөрөөр хэлбэл, манай  Боловсролын газрын нэгжийн дарга буюу хэлтсийн даргаар ажилласан бол тухайн ажилласан жилийг багшаар ажилласнаар тооцдог журам байна.

Боловсролын яамнаас  гомдол гаргасан хүмүүст тайлбар хүргүүлсэн байсан. Үүнд, “...одоогийн мөрдөгдөж байгаа журам, хуулиар шаардлага хангахгүй байгаа, цаашид дүйцүүлэх арга хэмжээ авах тал дээр ажиллана.” гэдэг байдлаар хариу өгсөн байсан. Үүнийг салбар зөвлөлийн хуралдаанаас хэлэлцээд, нэгэнт одоогийн зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод шаардлага хангахгүй байгаа тул тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт явуулъя гэх үүднээс бүртгэлийг шийдвэрлээд явсан. Үүнээс улбаалан маргаан гарсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгчийн  маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

2. Хэргийн нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаартай “Орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай” тогтоолоор Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулах шийдвэр гаргаснаар тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  420 дугаар “Сул орон тоог нөхөх захиалга хүргүүлэх тухай” албан бичгээр Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай  захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлжээ.  Үүний дагуу  Салбар зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаартай албан бичгээр уг орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах зарыг нийтэд мэдээлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар Төрийн албаны зөвлөлд хандсан байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 66.1.11-д “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэж заасны дагуу  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 6.2-т “Төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс /цаашид “Шалгалтын комисс” гэх/-ыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр тухай бүр байгуулна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Зөвлөл, Салбар зөвлөл тогтооно”, 6.6-д “Шалгалтын комисс энэ журмын 6.5-д зааснаас гадна дараах чиг үүргийг нэмэлтээр хэрэгжүүлнэ”, 6.6.1-д “бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-д заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянах”, 6.6.2-т “зарлагдсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолттой танилцах, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах”, 7.8-д “Энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэн (цаашид “оролцогч” гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.

4. Уг журмын дагуу Салбар зөвлөлийн  2024 оны 56 дугаартай тогтоолоор  Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар болж, шалгалтын комисс байгуулсан байна.

5. Шалгалтын комисс нь уг сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр нийт 3 хүнээс баримт бичгээ цахимаар хүргүүлснийг хянаж, 2 хүнийг хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан   шаардлагыг хангасан гэж үзэж бүртгэлийг нь баталгаажуулж, нэхэмжлэгч Б.Б багшаар 6 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэх  үндэслэлээр бүртгэлийг цуцалсан нь  талуудын тайлбар болон 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлийн материал шалгасан тухай тэмдэглэл”-ээр тогтоогдсон.

6. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна”, 33.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна”, 33.2.2-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж тус тус заасан.

7. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” гэж зааснаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-ын тусгай шаардлагын “туршлага” хэсэгт “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх”  гэж тусгажээ.

 

8. Нэхэмжлэгч “...боловсролын салбарт тасралтгүй 13 жил,  үүнээс 1.5 жил үндсэн багшаар, 7 жил арга зүйчээр, 4.5 жил эрхлэгчийн албан тушаалд тус тус ажилласан, мэргэжлийн  тэргүүлэх зэрэгтэй” гэж тайлбарласан ба уг үйл баримтын талаар талууд маргаагүй.  Хариуцагчаас   “…нэхэмжлэгч Б.Б нь  1.5 жил багшаар ажилласан нь хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан багшаар 6 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэж,  нэхэмжлэгчээс “...арга зүйчээр 7 жил ажилласан, цэцэрлэгийн арга зүйч нь багшийн ажилд арга зүйн зөвлөгөө өгдөг, багшийн ажлыг үнэлэх, зөвлөн туслах, чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг,  үүний дараа цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/182 дугаар тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох журмын дагуу багшаар ажилласнаар дүйцүүлэн тооцох ёстой.” гэж тайлбарлан маргасан.

9. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад зургаагаас доошгүй жилийг багшаар, дөрвөөс доошгүй жилийг арга зүйчээр ажилласан байх гэж тодорхой заасан. Иймд хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгч …зургаагаас доошгүй жил багшаар, дөрвөөс доошгүй жил арга зүйчээр, нийт боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын туршлага хэсгийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

10. Нэхэмжлэгчийн ажлын туршлагаас үзэхэд, Боловсролын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан болон маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтод заасан “...боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан,  үүнээс 4-өөс доошгүй жил арга зүйчээр ажилласан, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй байх шаардлагуудыг хангасан боловч багшаар 1.5 жил ажилласан нь багшаар зургаагаас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангахгүй тул энэ талаарх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Боловсролын ерөнхий хуулийн 33.2.2 дахь заалтыг 10-аас доошгүй жил боловсролын салбарт ажилласан байх, үүнээс багшаар зургаагаас доошгүй, эсхүл арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлагын аль нэгийг хангасан байх гэж ойлгоно, хуулийн зүйл, заалт дахь таслалыг “эсхүл” гэдэг агуулгаар ойлгоно гэх маргаан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 11. Боловсролын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Боловсролын удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын үндэсний зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, боловсролын байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, боловсролын сургалтын байгууллагын удирдлагаас бүрдэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.” гэж тус тус заасан.

12. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох  журам”-ын Дөрвийн 4.1-д заасан “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага, насан туршийн суралцахуйн төв” гэдэгт хүүхдийн цэцэрлэг хамаарахгүй тул  хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгчээр ажилласан хугацааг багшаар ажилласанд дүйцүүлэн тооцох ёстой гэх  нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.

13. Дээрх байдлаар нэхэмжлэгчийг хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан  багшаар зургаагаас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, Өлгий сумын хүүхдийн  27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан  хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Боловсролын ерөнхий хуулийн  33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад Б.Б бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хүүхдийн 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

      

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.РИЗА