Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

хохирогч Л.Б,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705011990050 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,.

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 10-07 тоотод оршин суух иргэн Л.Б-тай маргалдаж, биед нь хүч хэрэглэн халдаж түүний бөөрөн тус газарт нь нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан гэдэг дээр маргаан байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь манай гэрт байдаг хутга юм. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 сарын 10-ны өдөр 17 цагийн үед нилээн согтуу Азжаргалын гэрт орсон. Маргаан юунаас болсныг мэдэхгүй байна. Би мөрдөн байцаалтад бүх зүйлээ ярьсан. Энэ хэрэг болсны дараа би Азжаргалын гэрт нь байхад Азжаргалтай таарахад кармаанаасаа хутга гаргаж ирээд ширээн дээрээ тавьж байсан. Азжаргалаас одоо нийт 510.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.А-ын өгсөн:

            “...2017 оны 12 сарын 10-ны үүрээр гэртээ унтаад байж байтал Бямбаа согтуу орж ирсэн. Орж ирчихээд манай дүү Отгонжаргал руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед босоод дүүгээ өмөөрчихвөл бөөн зодоон болох байх гэж бодоод чимээгүйхэн 5 цаг гээд гэрээсээ гараад явсан. Доошоо 4 зам орж ТҮЦ-нд сууж байгаад автобус явж эхлэхээр нь найзынхаа гэр рүү явсан. Ингээд найзындаа байж байгаад буцаад манайх руу явцгаасан. Манайд хоёулаа 11 цаг өнгөрч байхад ирээд хоол хийж идэх гээд байж байтал манай ээж, дүүгийн охин Энхжин хоёр орж ирчихээд удаагүй буцаад гараад явсан. Мөнхбаяр бид хоёр хоолоо идээд сууж байтал гадаа юм дуугарах чимээ гарсан манай найз Мөнхбаяр гараад буцаж орж ирэхдээ Бямбааг сугадаад орж ирсэн. Орж ирээд орон дээр суухаар нь би чи юугаа хийж ирсэн юм, согтуу битгий энүүгээр яваад бай манай ээж гэртээ тогтохоо болилоо, Энхжин ч гэртээ хонохгүй байна гээд ууралтал, гараад явсан. Гарч яваад удаагүй буцаж орж ирээд орон дээрээ сууж байгаад шууд манай найз Мөнхбаярыг гараараа цохиод авсан. Би очиж болиулах гэтэл намайг гараараа ёвроод авсан ба миний хамар бөгжинд нь үү хумсанд нь уу мэдэхгүй нэг юманд урагдаж шалбарсан. Тэгээд би мах огтолж байсан хутгаа бариад хохь чинь шүү гээд дайрахад гараад зугтаасан ба би хутгатайгаа араас нь хөөсөөр байгаад гудамжны үзүүр хүрсэн ба Бямбаа зам гараад 36-а 36-и байрны голоор ороод алга болсон. Би тэгээд буцаад явсан. Гэртээ ирж байтал Мөнхбаяр урдаас гарч ирсэн ба хамт харьж хоолоо идчихээд салсан. Би гэртээ унтаад байж байтал орой бүрий болсон хойно манай дүү Отгонжаргал, охин Энхжингийн хамт ирээд Азаа ахаа та Бямбааг хутгалсан юм уу гэсэн би үгүй, би хөөгөөд гүйцээгүй юу яриад байгаа юм гэсэн. Тэгээд удалгүй цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 72-73/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Б-гийн өгсөн:

            “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гадуур найзуудтайгаа ууж байгаад орой 17 цагийн орчимд гэртээ ороход Азжаргал найз Мөнхбаярын хамт сууж байсан. Тэгээд намайг согтуу орж ирлээ гэж уурлаж надтай маргалдсан юм шиг байгаа юм. Тэгэж байгаад намайг нэг удаа хутгалахаар нь би гараад зугтаасан. Гудамжаар миний араас Азжаргал нилээн хөөсөн. Хөөцөлдөж байгаад би нэг удаа шургаж унасан. Одоогоор надад хохирол мөнгө барагдуулсан асуудал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Я.Мөнхбаярын өгсөн:

            “...2017 оны 12 сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай найз Азжаргал манай гэрт 08:30 цаг өнгөрөөд ирсэн. Бид хоёр манайд байж байгаад цугтаа Азжаргалын гэр рүү явж 11 цаг өнгөрч байхад очсон. Очихдоо 200 граммын жижиг архи аваад орсон. Гэрт нь хоол хийж идчихээд архиа уучихаад байж байтал 14-15 цагийн хооронд хүргэн нь гэх залуу ганцаараа нилээн согтуу орж ирсэн. Орон дээрээ хэсэг сууж байгаад эргээд гараад явсан. Гарч яваад 5 минут орчимын дараа буцаад ороод ирсэн. Орж ирээд намайг сууж байхад араас ирээд миний дагз руу гараараа нэг удаа цохиод авсан. Энэ үед Азжаргал босож ирээд ширээн дээр байсан хутга бариад чи муу яах гээд байгаа юм хохьчинь шүү гээд дайрсан Азжаргал, Бямбаа хоёр гэрийн зүүн талын орны урд зууралдаж газар унаад дээр доороо орж минут гаран хугацаанд ноцолдсон. Тэгж байгаад хүргэн нь Азжаргалыг түлхэж өөрөөсөө холдуулчихаад гараад зугтаасан. Араас нь Азжаргал хутгаа барьсан чигтэй хөөгөөд гарсан. Би гэрийг нь түгжээд араас нь гудамж уруудаад гараад явтал урдаас Азжаргал ганцаараа ирж байсан гартаа хутгаа барьсан явж байсан. Тэгээд гэрт нь очоод хоол идчихээд гэрээс нь гараад явсан. Явж байгаад орой 20 цагийн үед гэрт нь очихоор явж байтал Азжаргалын дүү Отгоо нь тааралдсан. Тэгээд Азжаргал хүн хутгалсан байна гэж надад хэлсэн энэ үед цагдаагийн машин ирж Отгоо бид хоёр суугаад хамт Азжаргалын гэрт нь очсон. Цагдаа ороод Азжаргалыг бариад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 103 тоот: 

1. Л.Бгийн биед хамрын нуруу, дух, хоёр хацарт зулгаралт, бүсэлхийд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх бүсэлхийн хатгагдсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 23/,

 

            Эд зүйлийн үнэлгээ /хх-н 76/,

 

Шүүгдэгч Б.А-ын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 93/,

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 57/,

- Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 58, 95/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 59-62/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 56/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/,

- Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 39-41/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 214 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 42-43/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 669 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 44/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 45/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 205 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 46/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 47-49/,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 792 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 50-52/,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 515 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 53-56/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 10-07 тоотод оршин суух иргэн Л.Бтай маргалдаж, биед нь хүч хэрэглэн халдаж түүний бөөрөн тус газарт нь нэг удаа хутгалж бие махбодид нь хамрын нуруу, дух, хоёр хацарт зулгаралт, бүсэлхийд хатгагдсан шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Бгийн “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гадуур найзуудтайгаа ууж байгаад орой 17 цагийн орчимд гэртээ ороход Азжаргал найз Мөнхбаярын хамт сууж байсан. Тэгээд намайг согтуу орж ирлээ гэж уурлаж надтай маргалдсан...намайг нэг удаа хутгалахаар нь би гараад зугтаасан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Я.Мөнхбаярын “...2017 оны 12 сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай найз Азжаргал манай гэрт 08:30 цаг өнгөрөөд ирсэн. Бид хоёр манайд байж байгаад цугтаа Азжаргалын гэр рүү явж 11 цаг өнгөрч байхад очсон. Очихдоо 200 граммын жижиг архи аваад орсон. Гэрт нь хоол хийж идчихээд архиа уучихаад байж байтал 14 -15 цагийн хооронд хүргэн нь гэх залуу ганцаараа нилээн согтуу орж ирсэн. ...Орж ирээд намайг сууж байхад араас ирээд миний дагз руу гараараа нэг удаа цохиод авсан. Энэ үед Азжаргал босож ирээд ширээн дээр хутга бариад чи муу яах гээд байгаа юм хохьчино шүү гээд дайрсан. Азжаргал Бямбаа хоёр гэрийн зүүн талын орны урд зууралдаж газар унаад дээр доороо орж минут гаран хугацаанд ноцолдсон. Тэгж байгаад хүргэн нь Азжаргалыг түлхэж өөрөөсөө холдуулчихаад гараад зугтаасан. Араас нь Азжаргал хутгаа барьсан чигтэй хөөгөөд гарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 103 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Л.Бд гэм хорын хохиролд эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон /Самсунг Жи-7 гар утас 260.000 төгрөг, куртик 100.000 төгрөг, ноосон цамц 30.000 төгрөг, пудволк 10.000 төгрөг, гэмтлийн зэрэг тогтоолгосн 8.000 төгрөг /хх-н 76/ зэрэг нийт 408.000 /дөрвөн зуун найман мянган/ төгрөг шүүгдэгч Б.Ааас гаргаж олгуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Б.Аын хувийн байдал зэргийг харгалзан түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хуванцар 11 см иштэй, 26 см урттай “hong li” гэсэн бичигтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар Б.А-аас 408.000 /дөрвөн зуун найман мянган/ төгрөг гаргуулж хохирогч Л.Б-д олгосугай.

 

6. Хохирогч Л.Б нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хуванцар 11 см иштэй, 26 см урттай “hong li” гэсэн бичигтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт  устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ