| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0077/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/82 |
| Огноо | 2018-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Пхолбогдох эрүүгийн 1838001150078 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.П нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Н.Утолгойн тус газарт нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.П нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Н.Утолгойн тус газарт нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Пийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энхням эгчийнд очиход нөхөр У нь байгаагүй ба хоол идээд байж байтал гаднаас нэг хүнтэй хамт орж ирсэн. Энхням эгчийн аваачсан пивоноос 1-2 удаа л уусан. Би явах болоод такси аваад ир гээд ахын 2 хүүхдэд мөнгө өгөөд гаргасны дараа У чи миний 2 хүүхдийн аваачсан пивоноос 1-2 удаа л уусан. Би явах болоод такси аваад ир гээд ахын 2 хүүхдэд мөнгө өгөөд гаргасны дараа У чи миний 2 хүүхдийг зардаг хэн бэ гээд хүрч ирээд намайг тэврээд авахаар нь би юу байсныг нь мэдэхгүй нэг зүйл аваад цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гаднаас орж ирэхэд Энхням, П нар байсан. П би явна такси олж ир гээд Энхнямын 2 хүүхдийг хөөгөөд байхаар нь гадаа хүйтэн байхад чи яах гэж хүүхдүүд хөөж гаргаад байгаа юм гэхэд ахынхаа 2 хүүхдийг мэдэж байна гээд стакан аваад миний толгойн ар хэсэг рүү цохисон. Би толгойруугаа цохиулаад ухаан алдсан...Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 дугаар хуудас/,
Гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...П Шинээ, Энхүүш нарыг такси аваад ир гэхэд нь Ууганаа Пг чи орой болсон хойно хүүхэд таксинд явуулж яах гээд байгаа юм өөрөө гараач гэхэд П чи миний ахын гэрт ирчихээд юу яриад байгаа юм гээд Ууганааг заамдаж авсан. П Ууганааг 2-3 удаа толгой руу нь шаазан аягаар цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-21 дүгээр хуудас/,
Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...У гэдэг залуу ар дагзандаа шархтай үүндээ оёдол тавиулсан байсан. У өөрөө ярихдаа бусдад зодуулсан гэж байсан. У нь 5 хоног мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж зовиур харьцангуй багасаж өөрийн хүсэлтээр одоо гайгүй болсон гээд эмнэлгээс гарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 93 тоот дүгнэлтэд:
Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 тоот дүгнэлт:
болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Н.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838001150078 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.П нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Н.У нь эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Пээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838001150078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Таныг соёмбо сүлд ивээх болтугай Лхагвын Мөнхбаатар” гэсэн бичиглэл бүхий аяга 1 ширхгийг устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.П-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.У нь эмчилгээний зардал 500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.П-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн 1838001150078 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Таныг соёмбо сүлд ивээх болтугай Лхагвын Мөнхбаатар” гэсэн бичиглэл бүхий аяга 1 ширхэгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР