Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1168

 

 

                   

А.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/- дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн прокурорын эсэргүүцлээр А.Эад холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Агийн Э, 1972 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

            Шүүгдэгч А.Э нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн - хороо, Бы 43-2 тоотод “ээжид архи өглөө” гэх шалтгааны улмаас М.Бтай маргалдаж, улмаар түүний хоолойг боон цээж рүү нь гараараа цохих, нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч А.Эад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Б нь нийт 3 удаа мэдүүлэг өгсөн ба хохирогч М.Бын 3 удаагийн мэдүүлэгт “зөрүүтэй” буюу нэг мэдүүлгээр нөгөөгөө үгүйсгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүний 3 удаагийн тогтвортой мэдүүлгээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А.Э нь түүний хоолойг боох, цээж рүү нь гараараа цохих, нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар М.Бын биед халдаж, цохиж зодсон үйл баримт тогтоогддог. Мөн хохирогч М.Б нь 2022 оны 6 дугаар сарын 10-наас 2-3 хоногийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байх үедээ ойчсоны улмаас хамраа шалбалсан болох нь хохирогч М.Бын биед халдаж, цохиж зодох үед урьд М.Бын хамарт шалбарсан байсан шарх нь дахин шалбарч арьс нь зулгарсан, харин М.Бын биед учирсан “...зүүн нүдний зовхины цус хуралт...” гэмтэл нь А.Э нь түүний нүүрэн тус газарт цохисон үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон.

Хохирогч М.Б нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 7 цагийн үед А.Эад зодуулсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байдаг ба энэ өдрөө хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Хнь хохирогч М.Бын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох зорилгоор 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж. Г нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Харцагын 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолгүй, түүнчлэн үзлэгийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хүний биед үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй. Мөн хохирогч М.Баас 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 3 дахь удаагийн мэдүүлгээр тухайн хэрэг болохоос өмнөх өдрүүдэд бусдад зодуулж цохиулсан, эсхүл өөр бусад байдлаар биедээ гэмтэл авсан асуудал болсон эсэхийг тодруулж асуухад, тэрээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ямар нэгэн байдлаар бусдад зодуулсан асуудлын талаар огт дурдаагүй ... ба гагцхүү 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А.Эад зодуулсан талаараа мэдүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр, хохирогч М.Бын биед “зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны арьсны зулгаралт гэмтэл” тогтоогдсон ба дээрх гэмтэл нь ... хэрэг учрал болсон гэх хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой талаар дурдсан. Учир нь, “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын “олсон нь” хэсэгт “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ... М.Б зүс таних хүнд зодуулсан” гэж, 8511 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Болсон хэргийн товч” хэсэгт “...2022 оны 6 дугаар сарын 10-нд бусдад зодуулсан” гэж тус тус хэрэг учрал болсон огноог тодорхой тэмдэглэсэн байна. Гэтэл цагаатгах тогтоолд, “... М.Б нь ... 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2 өдрийн өмнө гэмтэл авсан байхыг үгүйсгэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээс давсан асуудал болжээ. Мөн цагаатгах тогтоолд “...2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хохирогч М.Бын хамар нь шалбарсан, зүүн нүд хөхөрсөн байсныг насанд хүрээгүй гэрч Б. С, гэрч А. Э нарын мэдүүлж байх тул...” гэж дүгнэжээ. Гэтэл насанд хүрээгүй гэрч Б. С нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр /РД: -, 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 10 настай, шүүгдэгч А.Эын төрсөн дүү А. Огийн хүүхэд, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ойролцоогоор 10 сарын дараа мэдүүлэг өгсөн/ “...Э буюу  Э ах ээжийн төрсөн ах нь, Б ах нь ээжийн хамгийн том эгчийнх нь нөхөр байгаа юм... хэзээ гэдгээ сайн мэдэхгүй байна... Б буюу  Б ахтай уулзсан, ...манайд орж ирэхдээ хамар хэсэг дээрээ жижигдүү шалбарчихсан, цус нь гоожоогүй байсан, зүүн нүд нь бүдэг хөхөрчихсөн байсан. ...” гэж /1хх 109/, гэрч А. Э нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “...А.Э нь миний төрсөн дүү, М.Б нь миний төрсөн эгчийн нөхөр байгаа юм, ...2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр санагдаж байна, би Сонгинохайрхан дүүргийн - хороо, Бд байрлах гэртээ байж байгаад хүргэн Тгийнх руу ороход ... М.Бын хамар нь бага зэрэг халцарчихсан, нэг нүд нь бүдэг хөхөрчихсөн л байсан. Өөр би яасан, юу болсон талаар мэдэхгүй...” гэж /1хх 112-113/ тус тус мэдүүлсэн хэдий ч эдгээр гэрч нар нь хэдэн сарын хэдний өдөр болсон асуудлын талаар ярьж байгаагаа “тодорхой” хэлж мэддэггүйгээс гадна хэргийн талаар ач холбогдол бүхий тодорхой зүйл мэдүүлээгүй, мөн шүүгдэгч А.Этай төрсөн эгч болон төрсөн дүүгийнх нь хүүхэд гэх хамаарал бүхий харилцаатай хүмүүс байдаг. Дээрх цагаатгах тогтоолд “...хохирогч М.Бын нүд 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хөхөрсөн байсан. ...” гэснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь гэрч Б.Ц, Л.Б нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба гэрч Б.Ц, Л.Бнарын тухайд хохирогч М.Бын төрсөн охин болон төрсөн дүү гэх хамаарал бүхий харилцаатай хүмүүс хэдий ч тэдний мэдүүлэг, тодорхой он, сар, өдөртэй, логик дэс дараалалтай, мөн мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8511 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШУГТЭ-ийн Зүрх судасны төвийн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн - албан бичиг зэрэг хөндлөнгийн бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримтууд нь хохирогч М.Бын мэдүүлгийг давхар нотолдог. Шүүгдэгч А.Э нь хохирогч М.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон буюу хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй ба “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” мөн тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...тогтоол хүчин төгөлдөр болтол А.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж 1 асуудлыг хоёр өөр байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/- дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Прокуророос А.Э нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн - хороо, Бы - тоотод “ээжид архи өглөө” гэх шалтгааны улмаас М.Бтай маргалдаж, улмаар түүний хоолойг боон цээж рүү нь гараараа цохих, нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд А.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүх, хохирогч М.Быг зодож хөнгөн гэмтээсэн гэх үйлдлийг насанд хүрээгүй гэрч Б. С, гэрч А. Э нарын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болсон үйл баримтын талаар 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг болон хохирогчийн 3 удаагийн өгсөн зөрүүтэй гэх мэдүүлгээр үндэслэн А.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хавтас хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байх тул А.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч М.Бын “...Манай хадам дүү Э ... над руу хүрч ирээд “чи яахаараа ээжид архи уулгадаг юм бэ? ... чи дандаа архи өгдөг” гээд над руу дайраад намайг орон дээр дарж байгаад хоёр гараараа толгой уургалж аваад хоолой боогоод цээж рүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Нүүр рүү тохойлдоод 2-3 удаа цохисон. Бас миний дээр гарч суучихаад, хоолой боогоод байсан. Тэгээд би арай гэж гарыг нь салгаад ... Э гараад явахаар нь хаалгаа түгжсэн. ... /1хх 18-19/, “...Намайг орон дээр хэвтэж байхад дээрээс дараад хоолойноос боогоод, хоолойноос боож байхдаа миний зүүн нүд рүү тохойгоороо цохиод гэмтээчихсэн, мөн хамар руу бас тохойгоороо цохиж гэмтээгээд, хамраас цус гарсан. ...” /1хх 23-24/, “...Тухайн хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө нь би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамраараа ойчоод хамраа шалбалчихсан юм. ...” /1хх 133-134/, гэрч Б.Цийн “...Би Хөвсгөл аймаг явах гээд аав руу өглөө 7 цагийн үед залгасан чинь аав утсаа аваад “Э ирээд намайг боож унагаагаад зодчихоод гараад явлаа, миний охин хүрээд ир гэхээр нь би утсаа салгаад цагдаагийн байгууллага, түргэн тусламж хоёрт дуудлага өгсөн юм. ...Тэгээд би гэрээсээ гараад аавын ... гэрт нь ирэхэд аавын нүүр нь цус болчихсон, ор дэр нь цус болчихсон, хамраас цус гарчихсан байдалтай байсан. ...” /1хх 137-139/, гэрч Л.Бийн “...Б ахаас юу болсон талаар асуухад “Э гаднаас орж ирээд учир зүггүй зодоод байсан гэж хэлж байсан, тэгээд гараад зугтаагаад яваад өгсөн” гэж хэлж байсан. Би Э руу залгаад “яагаад ахыг зодож байгаа юм бэ” гэж асуусан чинь “ээжтэй хамт архи уугаад ээжийн хөлийг гэмтээсэн, тэгээд зодсон юм” гэж хэлж байсан. Тухайн үед миний харснаар хамар нь шалбарчихсан, нүүрэн цус болчихсон, мөн ор дэр нь цус болчихсон байдалтай байсан. ...” /1хх 142-143/, А.Эын “...Ээжийнх рүү очих замдаа Бынхаар оръё гэж бодоод ... гэрт нь очиход Б ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд ... “яах гэж 80 гаруй нас хүрсэн хүнд архи, дарс өгсөн юм бэ? ...яах гэж дуудсан юм, настай хүнийг архи уулгаад, хэрэв архи уугаагүй байсан бол сүүжээ хугалаач уу, үгүй ч үү” гэж хэлсэн чинь “танай ээж чинь угаасаа архичин байсан шүү дээ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд бид хоёр хэрүүл маргаан болж маргалдаж, муудалцаж байгаад бие биеийнхээ хоолойноос нь боосон. Тэгээд хоёулаа зууралдаж байгаад салаад Б ах нойлын өрөө рүү орж нүүр гараа угаасан. Би тэгээд гараад явчихсан юм. Ээжид маань архи өгөөд, ээж маань харихдаа юм уу, гэртээ байхдаа согтуу явж байгаад сүүжээ хугалчихсан юм, энэ талаар ярьж бид хоёр маргалдсан. Бид хоёр бие биеийгээ хоолойноос боосон, харин цохиж, зодсон асуудал байхгүй. ...” /1хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан ба А.Э нь өөрийн ээжид архи өгснийг мэдээд очиж М.Бын хоолойг боох, цохих зэргээр зодсон хэргийн үйл баримт тогтоогдож байх ба тухайн хохирогч М.Бын мэдүүлгээс үзэхэд цохисон үйл баримтын талаар илтэд зөрүүтэй нөхцөл байдлуудыг тодорхойлж мэдүүлээгүй нөхцөл байдлууд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “ Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг” гэж заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байх тул А.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтууд зөрүүтэй байхад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэх үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, талуудын мэтгэлцээнд оролцогч талуудын санал хүсэлт, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтад хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх атал хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж, бусад баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:” гэж заасан бөгөөд ийнхүү хуульд заасан шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг өөрчлөх байдлаар давж заалдах шатны шүүх зөвтгөх хууль зүйн боломжгүй.

            Иймд прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1249 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгагдсан этгээд А.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ