| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0009/З |
| Дугаар | 110/ШШ2025/0028 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 110/ШШ2025/0028
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, шүүгч М.Еркеш, Ерөнхий шүүгч З.Гүлбарша /илтгэгч шүүгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Е ,
Хариуцагч: Аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга,
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А нарын хоорондын аймгийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийн хязгаарыг баталсан захиргааны хэм хэмжээ тогтоосон актын талаарх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Е, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, иргэдийн төлөөлөгч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 дугаар “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг батлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
1. Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 тоот “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай” захирамж нь Монгол улсын хуулийг зөрчиж, тус аймагт нийт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээд, түүний гэр бүлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн, илт хууль бус алдаатай гарсан захирамж учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргаж байна.
2. Учир нь, миний нөхөр болох Х.Ж их дээд сургуулийн 3 дипломтой боловч мэргэжлийн дагуу ажилд орж чадахгүй 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тус аймагт “Рояал паб” нэртэй үйлчилгээний газрыг ажиллуулж, хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, жирийн иргэн болно. Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, “Рояал паб” баар, караоке үйлчилгээний газрыг үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хууль журмын дагуу ажиллуулдаг, Гэр бүлийн нөхцөл байдал хэцүү байна, оюутан хүүхэд сургаж байна. Манайх 19:00 цагаас 00:00 хүртэл 5 цаг ажиллуулдаг, үр ашиггүй ажиллуулж байна.
3. Уг үйлчилгээний газарт ажиллаж буй ажилчид нь аливаа гэмт хэрэг, зөрчлөөс байнга урьдчилан сэргийлэн Монгол Улсын хууль, журам болон аймгийн Засаг даргаас гарсан эрхийн актыг мөрдөж ажиллаж байгаа бөгөөд зөрчсөн тохиолдол байхгүй,
4. Харин баасан гаригт Засаг даргын захирамжийн дагуу ажиллуулдаггүй. Гэтэл манай нөхөр Х.Ж “Өлгий Рояал” ХХК-ыг 2024 оны11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 тоот “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай” захирамжийг зөрчсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9-д заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгосон, хуулиар хамгаалагдсан манай гэр бүлийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн тул нэгэнт хууль бус, хууль зөрчсөн илт алдаатай захирамжийг би дараах үндэслэлээр хүчингүй болох ёстой гэж бодож байна. Энэ захирамжийн улмаас торгуулж байгаа тохиолдолд 5,000,000 төгрөгийг хуулийн этгээдээр төлүүлэхэд манай гэр бүлийн дундын сангаас торгууль төлөгддөг учраас гомдол гаргаж байна.
5. Монгол улсын Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно” гэж, 16.2-д “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна”, 16.2.1-д “11:00-22:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх”, 16.2.2-д “14:00-04:00” цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх тухай заасан байна.
Мөн хуулийн 16.5-д “Энэ хуулийн 16.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 16.2-т заасан цагийн хязгаарт нийцүүлнэ” гэж заасан байх боловч Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 тоот “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай” захирамжид хурим болон бусад хүлээн авалт зохион байгуулах үйлчилгээний газар, баар 14:00-24:00 гэж цагийн хязгаарыг буруу тогтоосон байдаг.
6. Уг захирамжаар бол 24 цагийн турш ажиллах бүрэн боломжтой байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, 1 хоног=24 цаг хугацааг хэмжих ойлголт гэсэн олон улсад батлагдсан стандарт байдаг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/516 дугаар захирамжийн хавсралтын 3 дугаарт хурим болон бусад хүлээн авалт зохион байгуулах үйлчилгээний газар, баар 14.00 цагаас 24.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдаа, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаар тогтоосон боловч үүнийг манай аймгийн Цагдаагийн газар 24:00 гэдгийг 00:00 хүртэл гэж шууд ойлгоод үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийг 00:00 цаг хэтрүүлсэн гэх үндэслэлээр зөрчилд холбогдуулан торгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.
7. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 16.2.2-т зааснаар цагийн хязгаар боломжит хэлбэр, хугацаагаар, үйл ажиллагаа эрхлэх боломжийг бизнес эрхлэх иргэдэд нээлттэй байхад Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар иргэд олон нийтэд, Цагдаагийн газарт 00:00 хүртэл гэх ойлголтыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга болон холбогдох албан хаагч нар өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна. 24:00 цаг гэж бүтэн өдөр, 00:00 цаг гэж тухайн өдрийн төгссөн цагийг хэлдэг юм. Хэрвээ 24:00 цаг гэвэл Монгол Улсын хуулийг давсан шийдвэр болно, 00:00 цаг гэвэл иргэдийн эрхийг болон Монгол Улсын хуулийг зөрчиж гарсан захиргааны хэм хэмжээний акт болж байна.
8. Монгол улс , Олон улсад хүн, хуулийн этгээд зах зээлд чөлөөтэй өрсөлдөх, чөлөөтэй үйл ажиллагаа эрхлэх бүрэн эрхтэй ба гагцхүү хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхлэх ёсгүй байдаг. Гэтэл хуульд эрх нь нээлттэй боловч Засаг даргын захирамжаар бизнесийн чөлөөтэй үйл ажиллагаа эрхлэх эрхийг 00:00 цаг хүртэл гэж хууль бус хязгаар тавьж хясан боогдуулж чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхэд халдах эрх байхгүй.
9. 3асаг даргын захирамж нь орон нутгийн тухайн асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахаас гадна хувиараа бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангахад орон нутгийн төрийн үүрэг байх ёстой.
10. Гэтэл Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 тоот “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай” захирамж эсрэгээр зөрчилтэй акт байна. Бусдын эрхийг шууд хөндсөн, үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн, хохироосон хууль бус захирамж байна.
Уг А/ 516 тоот хууль бус захирамжийн улмаас миний болон манай гэр бүлийн болон манай нөхрийн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн цаашид энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн эрх улам зөрчигдөх, байнга зөрчигдөж болзошгүй болох нь тогтоогдсон тул хүчингүй болох ёстой юм.
11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-т “ …утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “ …бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “…тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “…захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй”, 47.1.5-д “…хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “...иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “ ...түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан байна.
12. Уг захирамж нийтийн эрх ашиг сонирхлыг гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд хөндсөн, зөрчсөн байдаг. Анх гарах үед ч захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу явуулаагүй, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд холбогдох үйл ажиллагаа эрхлэгч нарыг оролцуулаагүй, санал хүсэлт, гомдлыг сонсоогүй, оролцох эрхээр хангаагүй, орон нутгийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, иргэд олон нийтэд сонсох ажиллагаа хийгээгүй, /явуулаагүй/ захиргааны шийдвэр, шийдвэр гаргах ажиллагааны хугацааг буруу тодорхойлсон, захиргааны актыг тайлбарлахыг хүссэн боловч үл тоосон, захиргааны актын илэрхий алдааг засуулахыг хүссэн боловч мөн адил үл тоосон, иргэд олон нийтийн эрх ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, хууль журмын дагуу дахин тогтоолгох хүсэлт гаргасан боловч үл тоосон тул шүүхэд хандсан болохыг дурдаж байна.
13. Засаг даргын захирамж нийтийг хамарсан захиргааны хэм хэмжээний акт учраас бодит нөхцөл байдалд таарсан, тодорхой судалгаа хийсэн, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд мэдэгдэх ёстой байсан. Энэ захирамжийг бид авч чадаагүй, зөвхөн хавсралтыг олгосон болохоос биш захирамж байгаагүй, архивт хандахад захирамж нь байсан, хавсралт нь байгаагүй, холбогдох эрхийн актыг гаргаж өгч чадахгүй байна.
14. Би одоогийн аймгийн Засаг даргыг хариуцагчаар тодорхойлсон ба өмнөх Засаг дарга А.К хэд хэдэн удаа бичгээр хүсэлт гаргаад, биечлэн очиж уулзаж байсан боловч нэг ч удаа хариу өгч байгаагүй. Сонсох ажиллагаа нь 30 хоногийн өмнө нь хийгдсэн байх ёстой. Гэтэл жилийн хугацаанд сонсох ажиллагаа хийгдсэн талаар нотлох баримт байхгүй. Хариуцагч талын ирүүлсэн хариу тайлбар болон нотлох баримттай танилцаад, би тайлбараа дэлгэрэнгүй бичгээр гаргасан, хариуцагчийн хариу тайлбар нь үнэн биш.
15. Тухайн захиргааны хэм хэмжээний актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад уг захирамжийн талаар мэдэгдсэн, тэмдэглэл үйлдсэн, бид нарын гаргасан нотлох баримт, хүсэлтийг дурдсан нэг ч зүйл алга байна. Хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөвхөн дэлгүүрүүдийн үйл ажиллагаа явуулдаг иргэдэд сонсох ажиллагаа явуулсан байна. Цагдаагийн байгууллага торгодог хүнийг торгоно, таньдаг хүмүүсийг торгохгүй, шударга бус байна. Маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
16. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 тоот “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай” захирамж Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-60.6-д заасан шаардлага хангасан байх ёстой боловч огт хангаагүй тул зөрчилтэй, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой боловч хууль зөрчсөн байна гэв.
3. Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/516 тоот захирарамж нь Монгол Улсад хүчин төгөдлөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт юм. Иймд уг захирамж нь тус хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан болно.
2. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс хуулийн шаардлагын дагуу уг захирамжийн төслийг боловсруулсан.
3. Мөн тус хуулийн 61.2-т “зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухай захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна” гэж заасны дагуу санал авч нөлөөллийн шинжилгээг Захиргааны ерөнхий хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, холбогдох нөхцөл байдлыг тусган танилцуулга бэлтгэсэн.
4. Уг захиргааны хэм хэмжээний актыг батлахын өмнө нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөс сэргийлэх зорилгоор олон нийтийн санал бодлыг тусгай үйл ажиллагааг зохион байгуулсан. Тухайлбал цахим хуудас болон аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээллийн салбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд ил тод байршуулж, олон нийтийн саналыг авах боломжийг бүрдүүлсэн.
5. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “аймаг нийслэлийн Засаг дарга гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэр гаргаж болно” гэж хуульчилсны дагуу аймгийн Засаг дарга зохих хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны актыг баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамд хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хянаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 6895 дугаарт бүртгэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/3397 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна.
6. Энэхүү аймгийн Засаг даргын 2024 оны А/516 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангасан, олон нийтийн оролцоог ханган батлагдсан тул хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр акт юм гэжээ.
4. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа
1. Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х миний бие хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг боловсруулан аймгийн Засаг даргад танилцуулсны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас болон аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээллийн салбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд ил тод байршуулж, олон нийтийн саналыг авсан.
2. Аймгийн Засаг дарга ирсэн санал болон нөлөөллийн шинжилгээтэй танилцаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т” аймаг нийслэлийн Засаг дарга гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэр гаргаж болно” гэж хуульчилсны дагуу зохих хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны актыг баталсан.
3. Захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлсний дагуу Хууль зүй дотоод хэргийн яамнаас хянаж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 6895 дугаарт бүртгэж, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 1/3397 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна.
Иймд миний бие ямар нэгэн шийдвэр гаргагч биш зөвхөн гүйцэтгэх үүрэгтэй албан тушаалтан учраас хариуцагчаар орохоос татгалзаж байна. Учир нь, нэхэмжлэгч тал нь хариуцагчаар намайг буруу тодорхойлсон гэж үзэж байна гэжээ.
5. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
1. Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахдаа захиргааны процессын алдаа гараагүй. Захиргааны ерөнхий хуульд 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Захиргааны хэм хэмжээний актын батлан гаргахаас өмнө нь захиргааны хэм хэмжээний актын төслийг /bayan-olgii.gov.mn/ цахим хаягт байршуулсан. Өнөөдрийг хүртэл тухайн цахим хаягт байршсан хэвээр байна. Хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд байршуулсан, гэхдээ иргэд олон нийт цахим хаягт байрлуулсан линкэд ямар нэгэн санал, хүсэлт бичээгүй.
2. Захиргааны ерөнхий хуульд холбогдох байгууллагуудаас санал авахаар заасан.
Үүнд, Цагдаагийн байгууллага болон Өлгий сумын удирдлагаас холбогдох саналуудыг авсан. Энэ саналуудыг нотлох баримтуудаар хүргүүлсэн. Захиргааны хэм хэмжээний актыг батлан гарахаас өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын баталсан журамд нөлөөллийн шинжилгээ хийхээр хуульчилсны дагуу нөлөөллийн шинжилгээ хийж, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам Улсын нэгдсэн сангийн 6895 дугаарт бүртгэж 2024 оны 1/3397 дугаар албан бичгээр тус аймгийн Засаг даргын тамгын газарт энэхүү хэм хэмжээний актыг хүргүүлсэн. Энэхүү хэм хэмжээний актыг улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгүүлснээр орон нутгийн хэмжээнд дагаж мөрдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.
3. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй” гэж заасан. Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү хэм хэмжээний актыг хянаж, шаардлага хангасан учраас бүртгэж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний акт байна гэв.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:
1. Өлгий хотод оройн цагаар залуучууд суух, чөлөөт цагийг өнгөрүүлэх газар хомсдолтой байна. Хэдэн хүмүүсийг цалинжуулж байгаа юм байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 дугаар “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг батлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
2. Хариуцагч аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/516 дугаар “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай” захирамжийн /хэргийн 51 дүгээр тал/ нэгдүгээр хавсралтаар /хэргийн 52 дугаар тал/ аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх байгууллагуудын цагийн хязгаарыг, хоёрдугаар хавсралтаар худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тус тус шинэчлэн баталсан байх ба нэгдүгээр хавсралтын 3 дах заалтаар хурим болон бусад хүлээн авалт зохион байгуулах үйлчилгээний газар, баарны үйлчилгээ үзүүлэх цагийн хязгаарыг 14:00-24:00 цаг гэж тогтоожээ.
3. Хариуцагчийн батлан гаргасан дээрх захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах үндэслэлээ нэхэмжлэгч “... Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т “ 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх” гэж заасан байхад хариуцагч нь 14:00-24:00 цаг хүртэл гэж тогтоосон нь хуулиас давсан шийдвэр бөгөөд энэ шийдвэрийн улмаас манай нөхрийн ажиллуулдаг “Өлгий рояал” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах цаг богиносож, манай гэр бүлийн ашиг олох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, энэ хууль бус захирамжийн үйлчлэлээс болж “Өлгий Рояал” баарыг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9-д заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр 2 удаа торгож хохироосон, захиргааны байгууллага уг шийдвэрийг гаргах үед бидний саналыг аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, захиргааны хэм хэмжээний актын хуульд заасан шаардлагыг хангаагүй хууль бус шийдвэр “ гэж тайлбарлан маргажээ.
4. Хариуцагчаас анх маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргахаас өмнө холбогдох бусад захиргааны байгууллагаас албан ёсоор санал авсан нь аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30/6969 дугаар албан бичиг /хэргийн 58 дугаар тал/ болон Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/67 дугаар албан бичгээр /хэргийн 63 дугаар тал/, уг актын төслийг бэлтгэх явцад Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай журмын нөлөөллийн шинжилгээ хийсэн нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн танилцуулгаар /хэргийн 64-65 дугаар тал/, төсөлтэй холбогдуулан иргэдээс санал авах зорилгоор төслийн хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын htts://bayan-olgii.gov.mn/231020-2/ цахим хуудаст болон мэдээллийн самбарт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоног байршуулсан нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хэлэлцүүлгийн талаарх мэдээллээр /хэргийн 54 дүгээр тал/ тус тус тогтоогдож байна.
5. Захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”, 61.2-т заасан “Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна”, 61.4-т заасан “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ”, 62.1-т заасан “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэсэнтэй тус тус нийцжээ.
6. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална”, 64.4-т “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш хуульд өөрөөр заагаагүй бол ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 65 дугаар зүйлийн 65.2-т “Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй” гэж хуульчилжээ.
7. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг баталсан хариуцагч нь уг актыг баталснаас хойш Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамд хуулийн хугацаанд хүргүүлсэн, тус яам нь уг захиргааны хэм хэмжээний актыг хянаад, хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзээд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нь хэрэгт авагдсан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3397 дугаартай аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгээр /хэргийн 55 дугаар тал/ тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “…хуульд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.
8. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудаар захиргааны актыг батлан гаргахад тухайн захиргааны актыг чиглэгдсэн этгээдэд мэдэгдэх, сонсгох, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар зохицуулсан, харин захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад уг захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авахаар нарийвчлан зохицуулсан байх тул “…шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг мөн үндэслэлгүй гэж үзлээ.
9. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна”, 16.2.1-д “ 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх”, 16.2.2-т “ 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно” гэж тус тус заажээ.
10. Хуулийн дээрх заалтаар харьялах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох эрхийг аймгийн Засаг даргад олгосон байх ба хариуцагч нь энэхүү эрхийн хүрээнд харьяалах нутаг дэвсгэртээ хурим болон бусад хүлээн авалт зохион байгуулах үйлчилгээний газар, баарны үйлчилгээ үзүүлэх цагийн хязгаарыг 14:00-24:00 цаг хүртэл гэж тогтоосон нь хуулиар тогтоосон 14:00-04:00 цаг хүртэл гэх дээд болон доод хугацааг хэтрүүлээгүй, уг хугацаан дотор багтааж тогтоосон, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” хуулийн шаардлагыг хангасан байх тул хуулиас давсан шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
11. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.7-д “Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно”, 33.13-т “Цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна” гэж тус тус заасан.
12. Хариуцагчаас хурим болон бусад хүлээн авалт зохион байгуулах үйлчилгээний газар, баарны үйлчилгээ үзүүлэх цагийн хязгаарыг 14:00-24:00 гэж тогтоосон нь тухайн хоногийн 14:00 цагаас эхэлж, 24:00 цагт дуусах гэж ойлгогдох ба энэ нь хуульд заасан хоногийг хорин дөрвөн цагаар тоолох, цагаар тогтоосон хугацааг уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусахаар тогтоосон хуулийн дээрх заалтуудтай нийцсэн гэж үзлээ.
13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
14. Иймд харьяалах нутаг дэвсгэртээ захиргааны хэм хэмжээ тогтоосон хариуцагч аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 дугаар “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг батлах тухай” захирамж нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Е Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/516 дугаар “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг батлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА
ШҮҮГЧ С.ЕРКЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША