Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00768

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00768

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2021/00619 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ийн хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нарт холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах, сонгогдох эрхэд халдсан аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б, Н.Т, С.Э нар нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд Эрдэнэт хотын иргэд З ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байна гэсэн нэртэйгээр хэвлэлийн бага хурал хийсэн. Хариуцагч Н.Т, Д.Б нар хэвлэлийн хурал хийх явцдаа, мөн www.daam.mn сайтад ярилцлага өгөхдөө нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан. Тухайлбал, нэхэмжлэгч Д.А нь олон мянган хувьцаа эзэмшигчдийг хохироосон, ерөнхийлөгчийн дүү гэж хэлээд хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж байна, хувьцаа эзэмшигчдийг луйвардаж, луйврын аргаар компанийн хэлбэрийг өөрчилсөн, шүүхэд нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан, н.М прокурор болон хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж хэргээ хаалгасан, шударга бусын хонгилын схемийн нэг хэсэг гэх агуулга бүхий ярилцлага хийж нэр хүндэд халдсан. Энэ хэвлэлийн хурлын бичлэгийг хариуцагч С.Э нь өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийттэй хуваалцсанаас гадна хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нар нь өөрсдийн фэйсбүүк хуудсаа ашиглан Эрдэнэтийн 24.500 иргэдээс их хэмжээний мөнгө авч луйвардсан, луйварчин Д.А гэсэн нэр төр гутаасан, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараасан. Иймд нэхэмжлэгч Д.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т миний бие энэ компанийн үүсгэн байгуулагч Д.А ийг үндэслэлгүйгээр гүтгэн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичиг, нотлох баримтын хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж баримттай ярьсан. Д.А-ийн үүсгэн байгуулсан З ХК нь 2012-2019 он хүртэл 7 жилийн хугацаанд хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байхдаа бүртгэлгүй хуурамч хувьцаа олон мянган иргэдэд худалдаж хохироосон нь эрх бүхий байгууллагуудаас ирсэн албан бичгүүдээр тогтоогддог. Хэвлэлийн хурлыг З ХК-д хохирсон хохирогчдын эрх ашгийг хамгаалах тулд хууль шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагааг илчилж байна гэсэн гарчигтайгаар хийсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирсэн албан бичиг дээр 2012 оноос 2019 оны хооронд Зэс эрдэнийн хувь компани нь хувьцаат компанийн хэлбэрээр олон мянган хүнд ямар ч бүртгэлгүй хуурамч, нэрлэсэн цаас зарсны улмаас ард иргэд хохирсон нь үнэн гэж заасан. Гурван байгууллагаас ирсэн албан бичгийг үндэслэн бид нар ийм мэдэгдэл хийсэн. Мөн З ХК-тай холбоотой асуудал Орхон аймгийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхад мөрдөн байцаах газрын дарга нь Аудитын шалгалт З ХК-д оруулъя гээд Голден пэйж аудитын байгууллага нь 3-4 сарын хугацаанд шалгалт хийж шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд нь бид нарын ярьж байгаа асуудлуудын талаар бүгдийг нь бичсэн байсан. Эдгээр байдал нь тухайн хувьцааг хуурамч гэж бодох үндэслэл юм. Энэ нотлох баримтын хүрээнд бид хэвлэлийн бага хурлаа хийсэн. Миний хувьд З ХК-ийн үүсгэн байгуулагч гэж нэг удаа Д.А гэдэг нэрийг дурдсан. Даам.мн сайтад бүх бичгүүдээ үзүүлж бид ТУЗ-ийн гишүүн тул олон мянган хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байна гэж ярьсан, Д.А ийг доромжилсон зүйл огт байхгүй. Компанийн 24,500 иргэдийн эрх ашгийг ТУЗ-ийн есөн гишүүний хоёрын хувьд үүргээ биелүүлэн хамгаалсан. Бид ингэж тэмцсэнээр олон мянган хувьцаа эзэмшигч нарын хувьцааг бүртгүүлж, хохиролгүй болгосон. Хэрвээ эдгээр албан бичгүүдийг барьж ярьснаараа нэр төрийг нь гутаасан гэж үзэж байгаа бол тэдгээр албан байгууллагууд бас буруутай болно. Бид төрийн байгууллагуудын албан бичгээс гадна хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэл болгож ярьсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Д.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Н.Т, Д.Б, С.Э нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн мэдээлэл, www.daam.mn сайтад өгсөн ярилцлагаа хэвлэлийн хурал хийх, мөн мэдээллийн сайтад ярилцлага өгөх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч Н.Т, Д.Б нарт, няцаалт хийсэн хэвлэлийн хурлын бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудсаараа бусадтай хуваалцахыг хариуцагч С.Эт, Эрдэнэтийн 24.500 иргэдээс их хэмжээний мөнгө авч луйвардсан, луйварчин Д.А гэх мэдээллийг өөрсдийн фэйсбүүк хуудсыг ашиглан няцаалт хийхийг хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нарт тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар сонгогдох эрхэд халдсан аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах шаардлагаасаа нэхэмжлэгч Д.А татгалзсан болохыг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 1-7 асуудлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолж чадаагүй байна. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэвлэлийн бага хурлын тэмдэглэлд үзлэг хийхэд Д.А нь Олон мянган хувьцаа эзэмшигчдийг хохироосон, Ерөнхийлөгчийн дүү гэж хэлээд хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж байна, хувьцаа эзэмшигчдийг луйвардаж, луйврын аргаар компанийн хэлбэрийг өөрчилсөн, шүүхэд нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан, н.М хэргээ хаалгасан, шударга бусын хонилын схемийн нэг хэсэг гэж нэг ч удаа дурдаагүй, ийм байдлаар тайлбар, үг үсэг байхгүй байхад нөхцөл байдлыг төсөөлөн буруугаар тайлбарлажээ. Анхан шатны шүүх З ХК-ийн талаар мэдээлэл бус шууд нэхэмжлэгч рүү чиглэсэн гэж хэт субъектив байдлаар дүгнэсэн байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарласан. Тухайлбал, дээрх хуульд нэхэмжлэгчийн нэр, нэр хүнд, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан байхыг хуулийн нөхцөлд /диспозитев/ тусгах бөгөөд Д.А-ийн нэр, нэр хүнд, алдар хүндийн талаарх гутаасан мэдээлэл тараасан байхыг хуулиар шаардсан ба гутаах гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг хэлнэ. Хариуцагч Н.Т, Д.Б нар нь тус хэвлэлийн хуралд хуулийн этгээдийн талаар танилцуулах, мэдээлэл хүргэхдээ үүсгэн байгуулагч, удирдах албан тушаалтны нэрийг зарим тохиолдолд дурдсан нь шууд чиглэсэн гэж үзэхгүй. Д.А-ийн талаарх нийгэмд бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл тараасан байхыг шаардана. Гэтэл Д.А нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн албан бичигт ...үнэт цаасны хэлбэр, шаардлагыг хангаагүй, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Г ХХК-ийн санхүүгийн дүгнэлт зэргээр нотлогдсон асуудлыг тайлбарлаж байгаа нь бодит байдалд төрийн болон төрийн бус байгууллагын албан бичиг, дүгнэлт зэргээр нотлогдсон асуудлыг дурдаж хэвлэлийн бага хуралд хэлсэн зүйлийг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүх З ХК-ийн буюу хуулийн этгээдийн талаар ярьж байхад нэхэмжлэгчийн талаар андуурч, санамсаргүй нэр нь дурдагдсан тохиолдолд эрх зүйн албадлага шаардахгүй, шүүхийн шийдвэрээр албадлага хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байгаа нь зөрчилтэй дүгнэлт хийж байгааг харуулж байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын19 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана гэж тусгасан бөгөөд манай улс нь тус олон улсын гэрээнд нэгдэн, гэрээнд заасан үүргийг биелүүлэх үүрэг хүлээсэн ба хариуцагч нар нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хязгаарыг хэтрүүлээгүй, дээр дурдсан нотлох баримтын хүрээнд олон нийтэд мэдээлэл хийснийг анхан шатны шүүх хуулийн зүйл, заалтыг хэрэглэхдээ илүү ач холбогдолтой, үнэлэх боломжтой эсэх талаас нь тайлбарлаагүй байна. Тухайлбал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлэх хүрээ, хязгаарыг хэрхэн хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн эрхэд шууд халдсан талаар баримт байхгүй, харин хариуцагч нарын зүгээс холбогдох байгууллагын албан бичиг, дүгнэлтийг дурдсан асуудлыг нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж андуурч шийдвэрлэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Д.Б ын дээрх ярианаас үзвэл З ХХК-ийн үйлдлийн талаар бус тухайн компанийн үүсгэн байгуулагч Д.А-ийн үйлдлийн талаар ярьж байгаа гэж ойлгогдохоор байна...Мөн хэвлэлийн хурлын үеэр Зэс эрдэнийн хувь компанийн хэлбэрийг хууль бусаар өөрчилсөн гэж ярьсан нь нэхэмжлэгч Д.А-ийн талаар ярьж байгаа гэж ойлгогдохоор байна...Хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлч асуулт асуусан байна. Сэтгүүлч-Одоо тэр Д.А гэдэг хүн чинь Төв аймагт нэр дэвших гээд явж байгаа гэсэн үү? гэж асуужээ. Энэ үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна...Сэтгүүлчийн асуусан асуултаас үзвэл, хариуцагч Н.Т, Д.Б нарын хэвлэлийн хуралд ярьсан яриа бүхэлдээ нэхэмжлэгч Д.А-ийн талаар ярьсан гэж хөндлөнгийн дор хаяж нэг этгээд ойлгожээ.... гэж дурдахдаа нэгээс дээш этгээд дээрх агуулгаар ойлгосон гэж тайлбарлах боловч асууж байгаа этгээд нь мэргэжлийн сэтгүүлч буюу хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд асуусан асуултыг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байдлаар тэрхүү этгээд ойлгосон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Шүүхэд ямар шаардлага гаргаж буй талаараа нэхэмжлэлдээ тусгах нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх нь хэргийн буюу хариуцагчаас тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлэх, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлэх нөхцөл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах, сонгогдох эрхэд халдсан аливаа хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонгогдох эрхэд халдсан аливаа хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах шаардлагаасаа татгалзаж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхдээ Д.А-ийн талаар яриагүй З ХХК-ийн талаар ярьсан, хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдын шударга бус үйл ажиллагааны талаар ярьсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад түүний алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэрхэн гутаагдсан нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хэргийн 1 дүгээр хавтасны 25-27 дугаар тал дахь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/3379 тоот албан бичиг, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/103 тоот албан бичиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 01/428 тоот албан бичиг, хэргийн 2 дугаар хавтасны 15-18 дугаар тал дахь Г ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/25 тоот шинжээчийн тайлан зэрэг баримтаар хэвлэлийн хурал болон цахим орчинд хийсэн ярилцлага бодит байдалд нийцсэн, худал мэдээлэл тараагаагүй нэхэмжлэгчийг гүтгээгүй нэр төрд нь халдаагүй гэж мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Н.Т, Д.Б нарын зохион байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэвлэлийн хурлын бичлэг, www.daam.mn сайтад Н.Т, Д.Б нарын өгсөн ярилцлагын дуу, дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр дээрх бичлэгт анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл хэргийн 2 дугаар хавтасны 82-95 дах талд авагдсан байна.

 

Анхан шатны шүүх Н.Т, Д.Б нарын зохион байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэвлэлийн хурлын бичлэг, www.daam.mn сайтад Н.Т, Д.Б нарын өгсөн ярилцлагын дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлгүйгээр зөвхөн дээрх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 1 дүгээр хавтасны 25-27, 2 дугаар хавтасны 15-18 дах талд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/3379 тоот хүсэлтийн хариу албан бичиг, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/103 тоот хариу хүргүүлэх тухай, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/428 тоот албан бичгийн хариу, Г ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/25 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж хэргийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2021/00619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ