Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2025/0029

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х.Е ,

            Хариуцагч: Бугат сумын Засаг даргын хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып /цахимаар/, хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч “Бугат сумын 2 дугаар багт байршилтай нэгж талбарын ....... дугаар бүхийн 700 м.кв талбайтай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх 1251 дугаартай гэрээний дагуу шилжүүлэн эзэмшүүлэх тухай захирамж гаргахгүй байгаа Бугат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргаж маргасан.

            2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу  аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх ба аймгийн Засаг даргаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7-03/25 дугаартай бичгээр хариу өгснөөр  2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

            3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            3.1 Миний бие Х.Е нь Баян-Өлгий аймаг, Өлгий сум 9 дүгээр багт оршин суудаг. Бугат сумын иргэн А.Ж эзэмшлийн Баян-Өлгий аймаг, Бугат сумын 2 дугаар багт байршилтай, нэгж талбарын ......... дугаар бүхий 700 м.кв талбайтай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж авахаар болж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1251 дугаартай гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан юм.

            3.2. Мөн үүнтэй холбоотой бүхий л бичиг баримтуудыг сумын газрын даамалд хүлээлгэж өгсөн ба сумын Засаг дарга асан Х.Е нь  газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж гаргах ёстой байсан. Гэтэл сумын Засаг дарга Х.Е нь хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр эс үйлдэхүй гаргаж намайг чирэгдүүлсэн.

            3.3. Уг асуудалтай холбоотой гомдлыг надад газар шилжүүлэхээр гэрээ хийсэн А.Ж хамт аймгийн Засаг даргад гомдол гаргасан юм. Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7-03/25 дугаартай албан бичгээр Бугат сумын Засаг дарга Х.Е хандаж, “Газрын тухай хуулийн дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана уу” гэх байдлаар хариу өгсөн. Үүний дараа нэг сар хүлээж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Сумын Засаг дарга нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаагаас болж миний газар эзэмших эрх зөрчигдөж байна.

            3.4. Урьд нь уг газрын асуудлаар Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00468 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2024/0025 дугаар шийдвэр тус тус гарч газрын хууль ёсны эзэмшигчээр А.Ж болохыг тогтоож байсан. Шүүхэд ямар нэгэн маргаан байхгүй болно. Үүнээс болж газрыг шилжүүлж авсан Х.Е би газраас ашиглаж чадахгүй, өвөлжихөөр малаа аваачиж чадахгүй хохирсон. Хөрш газар эзэмшдэг Ш.Б нь хууль бус ашиг сонирхлоо сумын Засаг даргаар дамжуулан хэрэгжүүлж биднийг хохироож байгаад гомдолтой байна.

3.5. Дараа нь Бугат сумын шинээр томилогдсон Засаг дарга Х.А бас  тухайн асуудлын талаар хандаж, танилцуулж байсан боловч  захирамж гаргаж өгөөгүй. Тийм учраас шүүхэд хандаж байна  гэв.

4. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт:

            4.1. Х.Е нь тус сумын оршин суугч А.Ж өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эрхийг шилжүүлж авахаар өргөдөл гаргасан боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хадлан бэлчээр ашиглах, хамгаалах журам батлах тухай” 17 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.5, 3.6, 3.8 дахь заалтуудтай харшилж байгаа тул тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар бэлчээр ашиглалтын асуудлыг дахин хэлэлцэж гэрээ шинээр байгуулах хүртэл шийдвэр гаргах боломжгүй байна.

4.2. Бугат сумын Засаг даргын хувьд  энэ асуудлын  талаар хүмүүсээс судалж, газрын даамалтай ярьсан. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас гарсан  “Хадлан бэлчээр ашиглах, хамгаалах журам батлах тухай” тогтоолыг шүүхэд хариу тайлбартай хамт нотлох баримтаар хүргүүлсэн. Тухайн   журамд нутаг дэвсгэртээ ямар нэгэн өвөлжөө, хаваржаа худалдахад тэр хавийн айлууд, иргэдээс санал аваад, хөрш айлууд зөвшөөрсөн тохиолдолд эрх олгох тухай заасан.  Тухайн газарт оршин суудаг хөрш айлуудаас зөвшөөрөл авна гэх үндэслэлээр бид   зөвшөөрөхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

 Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэх эрхтэй. Бугат сумын Засаг дарга асан Х.Е  болон одоогийн Засаг  дарга нар нь хууль бусаар эс үйлдэхүй гаргаж, бусдад давуу байдал бий болгож байна. Тэнд амьдарч байгаа нэг хүний эрх ашгийн төлөө газрыг хууль журмын  дагуу шилжүүлж авсан Х.Е гэдэг иргэний эрхийг хууль бусаар зөрчиж байна. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хууль журмын дагуу хийгдсэн. Газрын даамал энэ асуудалтай холбоотой бичиг баримтыг хууль журмын дагуу  хүлээж авсан. Гэтэл Засаг дарга захирамж гаргахгүйгээр эс үйлдэхүй гаргаж, Б гэдэг хүний эрх ашгийг хууль бусаар хамгаалсан, давуу эрх бий болгосон. Хууль бусаар саад учруулж, бусдад давуу бий болгож байгаа  нийтийн албан тушаалтан байна.

 Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын 2 дугаар багт байршилтай, нэгж талбарын .........  дугаар бүхий 700 м2 талбайтай газрыг Х.Е надад газар эзэмших эрх шилжүүлэх 1251 дүгээр гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргахыг даалгах”  нэхэмжлэл  нь үндэслэлтэй байна.

2. Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх маргаан бүхий 700 м2  газрыг анх Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 51 дүгээр захирамжаар[1] иргэн А.Ж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний газар эзэмших гэрээг[2] байгуулж, 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 0005646 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[3] олгожээ.

3. Улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний 15 жилийн хугацаа дууссанаар Бугат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай “ захирамжаар[4] уг газрыг эзэмшүүлэх хугацааг 40 жилээр сунган шийдвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 08313-2019/00083 дугаар газар эзэмшүүлэх гэрээг[5] байгуулж, ...........  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг[6] 39 жилийн хугацаатайгаар олгосон, уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.

4. Дээрх үйл баримтууд нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримтын талаар маргаагүй болно.

5. Уг газрын анхны эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэхээр 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэлийн 1251 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г[7] байгуулж, нотариатаар батлуулсан байх бөгөөд уг гэрээг үндэслэж эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хариуцагчид гаргасан боловч хариуцагч уг хүсэлтийг шийдвэрлээгүй ба шүүхэд шийдвэрлэхгүй байгаа үндэслэлээ “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар “Хадлан бэлчээр ашиглах, хамгаалах журам батлах тухай” тогтоолын 3 дугаар зүйлийн 3.5, 3.6, 3.8 дах заалтуудтай харшилж байх тул тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар бэлчээр ашиглалтын асуудлыг дахин хэлэлцэж гэрээ шинээр байгуулах хүртэл шийдвэр гаргах боломжгүй “ гэж тайлбарлажээ.

6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”,  38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна”  гэж тус тус заажээ.

7. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж хоорондоо хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхээ  шилжүүлж болох бөгөөд ийнхүү газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхээр бол газар эзэмшигч нь шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд  хүсэлт гаргахдаа хуульд заасан шаардагдах баримт бичгүүдийг бүрэн хавсаргах, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй байх шаардлагуудыг  тус тус хангасан тохиолдолд сумын Засаг дарга 15 хоногийн шийдвэр гаргахаар хуульчилжээ.

8. Энэ маргааны хувьд хариуцагч нь  хуульд заагаагүй үндэслэлээр буюу иргэдийн бэлчээр ашиглалттай холбоотой үндэслэлээр  нэхэмжлэгчид газар эзэмших  эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна  гэж шүүх дүгнэлээ.

9.Тодруулбал, хариуцагчийн үндэслэл болгож буй Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 17 дугаар тогтоолоор[8] баталсан “Хадлан, бэлчээр ашиглах, хамгаалах журам”-ын 3.5-д “Өөр сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх”, 3.6-д “Өөр аймаг, сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хотонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх”, 3.8-д “Өвөлжөө, хаваржааныхаа хашаа, хороог худалдсан тохиолдолд бэлчээр ашиглах, хадлан ашиглах гэрээг цуцалж, тухайн бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн хурал, багийн иргэдийн Нийтийн Хурлаар бэлчээр ашиглалтын асуудлыг дахин хэлэлцэж гэрээг шинээр байгуулна” гэсэн заалтууд нь өөр, аймаг сумын малчид дур мэдэн мал оруулахгүй байх, өвөлжөө, хаваржаа, хотонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх, түүнчлэн, газар эзэмших эрхийг шилжүүлсний дараа  бэлчээр ашиглалттай холбоотой асуудлуудыг хэрхэн зохицуулах талаар тусгасан заалтууд бөгөөд энэ нь газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд бусдад шилжүүлэх асуудалд хамааралгүй байна.

10. Иймээс дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус,  үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх нэгж талбарын 8305001927 дугаар бүхий 700 м2 талбайтай газрын эзэмших эрхийг Х.Е  2024 оны 11 дүгээр сарын 06 өдрийн бүртгэлийн 1251 дугаартай гэрээний дагуу  шилжүүлэх шийдвэр гаргахыг Бугат сумын Засаг даргад  даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Е  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх нэгж талбарын ........... дугаар бүхий 700 м2 талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Х.Е 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийн 1251 дугаартай гэрээний дагуу  шилжүүлэх шийдвэр гаргахыг Бугат сумын Засаг даргад  даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 71 дүгээр тал

[2] Хэргийн 72 дугаар тал

[3] Хэргийн 73 дугаар тал

[4] Хэргийн 51 дүгээр тал

[5] Хэргийн 47-49 дүгээр тал

[6] Хэргийн 17 дугаар тал

[7] Хэргийн 40-41 дүгээр тал

[8] Хэргийн 32-38 дугаар тал