Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 104

 

 

 

 

                                                                                             

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн М.С-т холбогдох эрүүгийн 1710 0088 80071 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Баярхүү, хохирогч М.А, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.С нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120.0 мянгатад байрлах “Жетро” супер маркетын орчим автомашин дотор иргэн М.А-гийн нүүрэн тус газар нь бичгийн цаасны доор тавьдаг хавтгай жижиг дөрвөлжин хавтган мод шидэж улмаар биед нь “хамар ясны ил хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч М.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Ам бүл 4. Би 4-10 насны 2 хүүхэдтэй. Хохирогч М.А нь 2 жилийн өмнөөс надтай хамт туслах ажил хийж явсан. Санамсаргүй байдлаар хохирогч руу хавтан шидсэн. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, дээрх гэмтлүүдийг би хохирогч руу бичгийн цаасны хавтан шидэж учруулсан. Би хохирогчид 23.000 төгрөгөөр эм, 5.000 төгрөгөөр бинт авч өгсөн. Мөн гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулсан. Үүний хөлс 40.000 төгрөгийг төлсөн. Мөн толгойн томографийн зургийн 180.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эхнэр Б Хаан банкны дансаар дамжуулан А-гийн дансанд эмчилгээний төлбөрт нь 300.000 төгрөг, зуу зуун мянгаар хувааж, 3 удаа шилжүүлсэн. Би хохирогчид эмчилгээний зардалд бүгд 500.000 гаран төгрөг төлсөн байгаа. Хохирогч М.А-гийн дансаар 300.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга баримт нь  хавтаст хэрэгт авагдсан байгаа. Би хохирогчоос уучлалт гуйсан. Түүний цаашид гарах эмчилгээний болон бусад  зардлыг төлж барагдуулна. Би сардаа 500.000-600.000 төгрөгийн цалин авдаг. Хохирогч А-гээс уучлалт гуйсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч М.А-гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хэрэг гардаг тэр өдөр бид хоёр орой ажлаа тараад явж байсан. Би “цалин орсон байна, хоёулаа хоол идэх үү” гэхэд С яваагүй. Тэгээд би ганцаараа яваад яах вэ гэж бодоод эргээд хартал намайг хавтангаар цохисон. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас миний хамар хугарч гэмтэн, маш их хэмжээний цус алдсан. Бидний хооронд маргалдсан, хэл амаар доромжилсон зүйл болоогүй. Одоо хамартаа тос түрхэж байгаа. Хамрын зөөлөн эд гэмтсэн учир цаашид хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч зөвлөсөн.

Анх эмчид үзүүлэхэд 4-5 сарын дараа хагалгаанд орох шаардлагатай гэж байсан. Одоогоор дахин эмчид үзүүлж, хяналтанд ороогүй байна. Би толгойн томографийн зураг авхуулахад М.С 180.000 төгрөг, хамрын эмчилгээнд 100.000 төгрөг, эм тарилгын мөнгөнд 50.000 төгрөг тус тус дансаар шилжүүлсэн. Хэрэг болсон өдөр Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулахад 40.000 төгрөг, эм тарианы мөнгө 20.000 төгрөг төлсөн. Над руу 3 удаа 100.000 төгрөг дансаар шилжүүлээгүй. Уг мөнгө шилжүүлсэн гэх 5021490460 тоот данс нь миний өөрийн мөн байна.

Би С-аас 2.348.000 төгрөг нэхэмжилсэн. Сын төлсөн нэг удаа дансаар шилжүүлсэн 100.000 төгрөг, мөн ойр зуурын эм тарианы мөнгө гэж өгсөн 50.000 төгрөг, Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулсан 40.000 төгрөг, мөн эм тарианы 20.000 төгрөг, толгойн зураг авхуулсны хөлс 180.000 төгрөгийг дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж, үлдэх мөнгийг нэхэмжилнэ. Энэ мөнгөнд өвчтэй, ажилгүй байсан хугацааны авах ёстой цалин 348.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 100.000 төгрөг, бариачид толгой бариулсны хөлс 40.000 төгрөг орж байгаа. Үлдсэн мөнгө нь цаашид хийгдэх хамрын хагалгааны зардал, эмчилгээний төлбөрт шаардагдах юм.  

Би хувь хүнээр толгойгоо бариулж, 40.000 төгрөг төлсөн. Энэ нь баримтгүй. Хохирогчоос 60.880 төгрөгийн эм тарианы баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өмгөөлөгчийн 100.000 төгрөгийн зардлын баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ мөнгө шүүгдэгчээс нэхэмжилж байгаа үнийн дүнд орж байгаа. Би 20 хоногийн хугацаанд ажилдаа яваагүй. Одоо бол ажлаа хийж байгаа. Би өвчтэй байсан хугацааны акт баримтыг байгууллагадаа өгсөн. Надад өвчтэй байсан хугацааны цалинд 50.000 төгрөг орсон байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгийн магадлагааг 7 хоногоор бичиж өгсөн. Тухайн үед эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Би сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710008880071 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Баясах трейд ХХК-д туслах ажилтанаар ажилдаг. Өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 09 цагийн орчим нэг компанид цуг ажилладаг С-ын хамт гадуур түгээлт хийж явсан юм. Ингээд түгээлтээ хийж байгаад 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын Жетро супер маркетийн орчим ирээд би С-т “хоёулаа цайндаа орох уу” гэж асуутал “би цайнд орохгүй” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “чи цайндаа орохгүй юм бол би ганцаараа цайндаа орчоод ирье” гэж хэлээд түгээлтийн автомашинаас буух гээд эргээд хартал С миний нүүр орчим газар хавтгай модоор нэг удаа цохисон. Тэгсэн миний хамрын баруун шанаа орчим газраас цус гарч эхэлсэн. Тэгээд С намайг дагуулан бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт ирээд уг цус гарч байсан газарт нэг оёдол хийлгэсэн. Машинд С бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед С бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Миний бодлоор С намайг цайндаа орох гэлээ гэж миний нүүр орчимд модоор цохисон байх. Бид нэг компанид хамт ажилладаг юм. Би нүүрэндээ эмчилгээ хийлгэж зовиураасаа эдгэрэх хүсэлтэй байна.

...Би эмчилгээний зардлын 2.0 сая төгрөг нэхэмжилж байна. Хэрэг болдог өдөр Гэмтэлийн эмнэлгээс гараад С намайг гэрийн гадаа хүргэж өгөөд явсан.  С надад эмчилгээндээ хэрэглээрэй гэж 300.000 орчим төгрөг өгсөн. Хамрын гэмтэл авсан хэсэгт одоо хүртэл өвчтэй, цаашдаа эмчлүүлэх шаардлагатай, хамар байнга битүүрэх зовиуртай байна. Би №14749 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-7х, 59-60 х/,

 

2. Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Баясах трейд” ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би С гэх хүнийг сайн танихгүй. Уг хүнтэй хэд, хэдэн удаа түгээлтээр хамт явж байсан. А-г мөн сайн мэдэхгүй. Манай компанид туслах ажилтан хийдэг гэж мэднэ. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цаг 30 минут орчим ажил дээр ирээд байж байтал манай Түгээлтийн албаны дарга Нэмэхбаяр намайг дуудан уулзаад ...“чи өнөөдөр С жолоочтой хамт түгээлтэнд яв” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Стай хамт түгээлтэнд явж байхдаа түүнээс “А-г хаачсан” талаар нь асуухад “2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орой нь А рүү санамсаргүй бичгийн цаасны хавтан шидсэн чинь нүднийх нь доод талд онож гэмтээсэн” гэж надад хэлсэн юм. Би тэгж л А-г гэмтсэн талаар мэдсэн.

А-г 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой ажил дээрээ ирсэн талаар би мэдэхгүй байна. Тэр хоёрын дунд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн асуудал байсан болон урьд өмнө хоорондоо маргалдаж зодолдож байсан гэх асуудлын талаар би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-42х/,

 

3. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би С-ын эхнэр юм. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй өгнө. Би  нөхөртэйгээ 2006 онд гэр бүл болж, 2007 онд хүү, 2011 онд охинтой болсон. Манай нөхөр Хэнтий аймагт бага насаа өнгөрөөсөн. Одоо хоёр хүүхдийн сайн аав, сайн хань байгаа юм. Урд өмнө нь, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Одоо ажлаа хийгээд сайн сайхан амьдраад явж байна. Манай нөхөр гэртээ ямар нэгэн асуудал гаргадаггүй, даруу дөлгөөн зантай, ажил дээрээ ямар байдгийг нь мэдэхгүй байна. Доороо 6 дүүтэй болохоор амьдрал сайн мэднэ, уул нь хүнд гар хүрч зодох хүн биш гэж боддог. Санамсаргүй тохиолдлоор ийм зүйл болсон байх гэж бодож байна.

Би өөрийн нөхрийг ямар хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Манай нөхөр С “ажлынхаа туслах залуу руу хатуулгатай хавтас шидсэн чинь машины хаалганд цохигдоод туслах залуугийн хамар орчимд оночихсон” гэсэн. Тэгээд тэр өдрөө Гэмтлийн эмнэлэг орж, эм тариаг нь авч өгчихөөд ирлээ гэж ...надад хэлсэн.

Манай нөхрийн утас руу нөгөө зодуулсан гээд байгаа хүний аав, ах нь яриад “хүүхдүүдийг чинь сайхан явахыг харна, банди минь, гөлөг, пизда минь” гэх мэтээр байнга дарамталж байна. Хуулийн дагуу шийдүүлнэ гэж Цагдаагийн байгууллагад өгчихөөд яахаараа ар гэрийнх нь хүмүүс манай нөхрийн утас руу ярьж элдвээр хэлж дарамталдаг юм. Эхлээд 8.000.000 төгрөг нэхэж байснаа, дараа нь 5.000.000 төгрөг нэхэх болсон. Дараа нь 2.000.000 төгрөг болсон. Бид хоёр уг нь чадах ядахаараа эмчилгээний мөнгө, эм тарианы зардал мөнгө өгсөн. Яагаад ингэж дураараа мөнгө нэхээд байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62х/,

 

4. Гэрч Л.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би А-гийн хажуу айлынх нь буюу ахынх нь эхнэр юм. А зодуулсан талаар мэдсэн ба зодуулчихаад маргааш өглөө нь манайд орж ирэхэд ...нүд нүүр нь хөхөрч хавдсан, хамрын хажуу талд оёо тавиулсан байсан. А нь манай хажуу хашаанд амьдардаг, төлөв даруу зантай, архи, тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. А нь аав Марууштай хамт амьдардаг. Бараа өгчихөөд орж ирсэн чинь модоор хамар орчимд цохисон гэж зодуулсан талаараа хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 64х/,

 

5. ШШҮХ-ийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14749 тоот дүгнэлтэд:

1. М.А-гийн биед хамар ясны ил хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 17х/,

 

6. Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 36-39х/

 

7. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 73х/,

 

8. Шүүгдэгч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. 2017 оны 11 сарын 07-ны өдөр 17 цагийн үед А-гийн хамт ажлаа хийж яваад Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгатын Жетро худалдааны төвийн ертөнцийн зүгээр ар талд байх цайны газрын гадаа зогсоод А “хоёулаа хоолонд оръё” гэхэд нь “ах нь орохгүй, чи орчихоод ир” гэсэн чинь А “цалин буучихаад байхад аяга хоол аваад идчихэж чадахгүй” гэхээр нь “юу гээд байгаа юм бэ” гээд жолооны хүрдэн дээрх саарал өнгийн бичгийн хавтас байсныг аваад А лүү шидсэн чинь баруун нүдний доор, хацар орчимд оноод цус гарсан. Тэгээд эмийн сан орж анхны тусламжийн бинт, спирт аваад цусыг нь тогтоох зорилгоор боогоод шууд Гэмтлийн эмнэлэгт очоод, үзүүлээд оёдол тавиулахад 40.000 төгрөг авч байсан. Гэмтлийн эмнэлгийн цагдаад бүртгүүлээд, А-г гэрт нь хүргэж өгсөн.

2017 оны 11 сарын 10-ны өдөр нэгдсэн 3-р эмнэлэгт толгойн томографикийн зураг 180.000 төгрөгөөр авхуулсныг төлсөн. Мөн оёдол тавиулсны хөлс 40.000 төгрөг төлсөн. Өөрийн эхнэр Б дансаар бэлнээр 100.000 төгрөг 3 удаа шилжүүлэн 300.000 төгрөг төлсөн. Мөн ойр зуурын эм тарианы мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн. Ерөнхийдөө 500.000 төгрөгийн тусламж үзүүлсэн байгаа.

А-гийн эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг би өгч чадахгүй. Учир нь миний утас руу А болон аав, ах, эгч, нар нь “намайг ална, толгойг чинь тасдана, сэвстэй гүзээг чинь хагална, жорлонд хаяна” гэх мэтээр хэлсэн тул сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Зөндөө уучлалт гуйсан, эмчилгээний зардал мөнгийг өгсөн байхад ямар учраас 2.000.000 төгрөг нэхэмжилээд байгааг ойлгохгүй байна. Бид хоёрын дунд ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй, бид хамт ажлаад 2 жил болж байна. Би №14749 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-71х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Н-ын мэдүүлэг /хэргийн 14-15х/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 28х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.С-т холбогдох эрүүгийн хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч М.С нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатад байрлах “Жетро” худалдаа, үйлчилгээний төвийн орчим ажил үүргээ гүйцэтгэж явахдаа “хоолонд орно, орохгүй” гэсэн үл ойлгоцолоос үүдэлтэй машин дотор байсан цаасны доор тавьдаг дөрвөлжин хавтган мод шидсэн нь  иргэн М.А-гийн хамар тус газар онож, биед нь хамар ясны ил хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны язарсан шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжигдсэн

- ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14749 тоот “М.А-гийн биед хамар ясны ил хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт,

- хохирогч М.А-гийн “...Би Баясах трейд ХХК-д туслах ажилтанаар ажилдаг. Өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 09 цагийн орчим нэг компанид цуг ажилладаг Сын хамт гадуур түгээлт хийж явсан юм. Ингээд түгээлтээ хийж байгаад 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгат Жетро супер маркетийн орчим ирээд би С-т “хоёулаа цайндаа орох уу” гэж асуутал “би цайндаа орохгүй” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “чи цайндаа орохгүй юм бол би ганцаараа цайндаа орчоод ирье” гэж хэлээд түгээлтийн автомашинаас буух гээд эргээд хартал С миний нүүр орчимд хавтгай модоор нэг удаа цохисон. Тэгсэн миний хамрын баруун шанаа орчим газраас цус гарч эхэлсэн. Тэгтэл С намайг дагуулан бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт ирээд уг цус гарч байсан газарт нэг оёдол хийлгэсэн.

... Би С-аас 2.348.000 төгрөг нэхэмжилсэн. Сын төлсөн нэг удаа дансаар шилжүүлсэн 100.000 төгрөг, мөн ойр зуурын эм тарианы мөнгө гэж өгсөн 50.000 төгрөг, Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулсан 40.000 төгрөг, мөн эм тарианы 20.000 төгрөг, толгойн зураг авхуулсны хөлс 180.000 төгрөгийг дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж, үлдэх мөнгийг нэхэмжилнэ. Энэ мөнгөнд өвчтэй, ажилгүй байсан хугацааны авах ёстой цалин 348.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 100.000 төгрөг, бариачид толгой бариулсны хөлс 40.000 төгрөг орж байгаа. Үлдсэн мөнгө нь цаашид хийгдэх хамрын хагалгааны зардал, эмчилгээний төлбөрт шаардагдах юм.” гэсэн мэдүүлэг,

- Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 36-39х/,

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас баримт /хэргийн 73х/,

- Г.Г, Л.Б, Л.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Саас үйлсэн хэргийн талаар мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч М.А-гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.С нүүрэн тус газар нь бичгийн цаасны доор тавьдаг дөрвөлжин хавтган мод шидсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.С-ын “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэмт үйлдэлд нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.    

 

Энэ хэргийн шүүгдэгч М.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч М.С-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч М.А-гийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол” нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд тооцогдоно.

 

Харин учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа, үйлчилгээний  зардал болон өвчний учир эмчилгээ сувилгаа хийлгэж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны олох байсан цалин орлого зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.   

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах  үүрэгтэй гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол тэжээл өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.   

 

Шүүгдэгч М.С нь хохирогч М.А-д эмчилгээний зардал төлбөрт тооцон өөрийн эхнэр Л-ын Б Хаан банк дахь 5011236574 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг,  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100.000 төгрөг, бүгд 300.000 төгрөгийг тус банкны 5021490460 тоот дансанд шилжүүлсэн нь хэргийн 80-81 дүгээр талд авагдсан ХААН банкны депозит дансны хуулга баримтаар тогтоогдсон ба хохирогч А нь дээрх мөнгө орсон гэх 5021490460 тоот дансыг өөрийн харилцах данс мөн болохыг,  мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3 дугаар эмнэлгийн рентген тасгийн оношлогооны төвийн үйлчилгээний төлбөр 180.000 төгрөг /хэргийн 50х/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт хамарт оёдол тавиулсан төлбөр 40.000 төгрөгийг /хэргийн 70х/ тус тус шүүгдэгч нөхөн төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн баримттай. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/                                                                                                                                                                                               

 

Иймд шүүгдэгч М.С-аас гэм хорын хохиролд тооцон хохирогч М.А-д 520.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь ойр зуурын эм тарианы мөнгө гэж хохирогчид өгсөн гэх мөнгийг түүнд нөхөн төлсөн хохирлын тооцоонд оруулаагүй хэмээн тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас хохирол учруулсны үр дагавар буюу хор уршигт тооцон шүүгдэгчээс эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин олговор, өмгөөлөгчийн хөлс болон цаашид гарах эмчилгээний зардал зэрэгт бүгд 2.348.000 төгрөг нэхэмжилж, уг шаардлагын үндэслэлд хамаарна гэх “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хэргийн 43х/, “Баясах” ХХК-ийн ирцийн цагийн бүртгэл, санхүүгийн тэмдэгтэй /хэргийн 45х/, эмчилгээний төлбөрийн баримтууд /хэргийн 46-47х, 50х, 52х, 78х/, 2017 оны 11 сарын 04-нөөс 2017 оны 11 сарын 10-ны өдрийн хооронд өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагаа баримт /хэргийн 48х/, өргөдөл нэхэмжлэл /хэргийн 74-75х/ зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгснийг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад:  

- Хэргийн 47-р хуудасны ар тал, 50 дугаар тал, 52 дугаар талд тус тус авагдсан Френдшип Наран гэх /Нэгдсэн 3-р эмнэлгийн 2 давхарт байрлах рентген тасаг 4  тоот/ 180.000 төгрөг /толгойн томографикийн зураг авхуулсан гэх/ төлсөн баримтын иргэнд очих хувь, санхүүгийн тэмдэгтэй кассын орлогын ордер баримтууд нь тус тус хэрэгт давхардаж авагдсан, өмгөөлөгчид ажлын хөлс 100.000 төгрөг төлсөн гэх төлбөрийн баримт хэрэгт авагдаагүй, мөн хохирогч М.А-гийн ажиллаж буй байгууллагын ажилтны ирцийн цагийн бүртгэл гэх баримтад ажиллавал зохих өдөр 22, ажиллавал зохих цаг 176, цалин бодох цаг 56, ирцийн цаг 55,6, хоцролт 0.32, тасласан цаг 120 цаг гэж, цалинтай, цалингүй чөлөөтэй байсан хоног 0.00, цаг 0.00 гэж бүртгэгдсэн байгаа нь түүний эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсан гэх хугацаанаас зөрүүтэй байхаас гадна цаашид ямар эмчилгээ хийлгэх болон эмчилгээний зардлын талаар эмнэлгийн байгууллага, эмчлэгч эмчийн гаргасан эмчилгээ үйлчилгээний үнийн талаарх баримтат мэдээллийг хохирогч, түүний өмгөөлөгчөөс хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.   

 

Түүнчлэн хохирогчийн ажил олгогч байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон тушаал, шийдвэр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт баримтууд хэрэгт авагдаагүй, хохирогч нь эрүүл мэндийн даатгалтай гэх хэдий ч өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулах, мөн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсэн хугацаанд хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсаны тэтгэмж  нийгмийн даатгалын сангаас авсан эсэх нь тодорхой бус, цалин, тэтгэмжийн зөрүүг тодорхойлох үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй тул шүүх “Баясах интернэшнл” ХХК-ийн нягтлан бодогчийн “348.000 төгрөгийн цалин илүү бодогдох байсан” гэх санхүүгийн тэмдэг бүхий /хэргийн 45х/ гараар бичсэн тодорхойлолтыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацаанд авах байсан гэх цалин, тэтгэмжийг зөрүүг тогтоох боломжгүй байна.

 

Шүүх дээр дурьдсан үндэслэлээр хохирогчийн нэхэмжилж буй өмгөөлөгчийн зардал, өвчний учир ажил эрхлээгүй хугацааны цалин олговор, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй хэмээн дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч М.А нь цаашид гарах эмчилгээний зардал, цалин олговор болон бусад хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.   

 

Иймд шүүгдэгч М.С-ын хохирогч М.А-д нөхөн төлсөн 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн хэмжээнд баримт бүхий хохирол нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэсэн болно.    

 

  1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч М.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч М.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 28х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.      

 

Шүүх, шүүгдэгч М.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос 520.000 төгрөгийг нөхөн төлсөн болон хохирогчоос цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.    

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. М.С-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.С нь хохирогч М.А-д учирсан гэм хорын хохиролд нийт 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч М.А цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний зөрүү болон бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт М.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД