Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0075

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.Анх-Ирээдүй

Яллагдагч                                                     Х.Э

Яллагдагчийн өмгөөлөгч                          Н.Мөнхнаран

Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 740 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Х.Эд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Х-н Э,

 

Х.Э нь 2023 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө      аймгийн  сумын    багийн        тоот байрны урд талын зогсоолд байрлуулсан О.Б-н эзэмшлийн 58-49 ОРА улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо жэй 150 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг гараараа цохиж хууль бусаар устгасны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Х.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Яллагдагч Х.Эд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: ... Урьдчилан хэлэлцүүлгийн үед яллагдагч, түүний өмгөөлөгч нараас гаргасан “гэрч н.Г, н.О гэдэг хүмүүсээс мэдүүлэг аваагүй, тухайн цаг хугацаанд Х.Этай хамт дэргэд нь байсан хүмүүс байгаа юм. Энэ хүмүүсээс мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй учраас гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэрхэн үйлдсэнийг тогтоогоогүй гэж үзэж байна” гэсэн хүсэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Бд холбогдох хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримт болох уг гэмт хэргийн үйл факт болсныг гэрчлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч нараас авсан мэдүүлгийг хуулбарлан авч "хэрэгт хавсаргасан. Мөрдөгч нь уг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол ... мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэсний дагуу хуулбарлан авч тэмдэглэл үйлдсэн байна. Дээрх нотлох баримтуудаар яллагдагч Х.Эыг ... гэмт үйлдэл хийснийг хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлуулсны дараа өөрийн мэдэх хэмжээнд үнэн зөв мэдүүлсэн тул заавал н.Г, н.О нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй юм.

Мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу эд зүйл хөрөнгийг үнэлгээг хийлгэхээр “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Ж-д шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг тогтоолыг танилцуулж, хууль сануулсан баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулснаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-ОРХ/7589 дугаартай зүйлийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг “Ашид билгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын төлөөлөгч, мэргэжилтэн Э.З нь үнэлгээчин бус этгээд болох нь тодорхой байхад шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргасан эсэхийг асууж тодруулах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хязгаарлаж, хуулиар хориглоогүй буюу шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13, 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу хохирогч О.Бд танилцуулсан нь мөн хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн нь тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан нь гомдлыг шалгах ажиллагаа бус оролцогчийн эрхийг хангах, нөгөөтээгүүр шинжээчийн дүгнэлт танилцуулах үе шатыг хуульчилж буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт танилцуулна гэсэн зохицуулалт хуульчлагдаагүй болно.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагч, хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохтой холбоотой санал хүсэлт гаргаагүй, хохирогч О.Б нь тайлбартаа: “хэлэх зүйлгүй” гэв гэж захирамжид тэмдэглэсэн атал шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохтой холбоотой санал хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй” гэж нэмж оруулсан нь ойлгомжгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 740 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Х.Э тайлбартаа: ... би машины гэрлийг цохиогүй ..., гэрч нараас мэдүүлэг аваагүй, шалгуулмаар байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед байсан гэрч нараас мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй, хуульд заасан журмын дагуу хууль сануулаагүй Зовдоо гэх мэргэжилтэн дүгнэлтэд гарын үсэг зурсан ... зэрэг зөрчил байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А  дүгнэлтдээ: ... эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Заавал н.Г, н.О нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй юм. ...“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Ж-д шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг тогтоолыг танилцуулж, хууль сануулсан баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулснаар ... үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтийг гаргасан ... шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохтой холбоотой санал хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй гэж нэмж оруулсан нь ойлгомжгүй ...тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх ... үйл баримтыг харсан байж болох бусад хүмүүсийг гэрчээр асуугаагүй ..., ... шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай ... гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Г.А эсэргүүцэл гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь: Тухайн үйл баримт болох үед н.Г, н.О, н.Б гэх хүмүүс байсан болох нь гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэрч нараас тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа талаар мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй байна.

 

 Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-ОРХ/7589 дугаартай дүгнэлтийг  Ч.Ж, үнэлгээний мэргэжилтэн Э.З нар гаргасан байх ба мэргэжилтэн Э.З нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээд мөн эсэх, эсхүл дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргасан эсэхийг тодруулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлага бий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болдог бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдах юм.

 

            Прокуророос энэ хэрэгт нотлогдвол зохих байдлуудыг нотолсон эсэхийг хянах үүргээ бүрэн биелүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, өөрөөр хэлбэл яллагдагч Х.Эд холбогдох хэрэгт нотлогдвол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал”-ыг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр эрүүгийн хэргээс гэрч Б.Сэргэлэн, Ж.Т, Г.Г, Н.Т нарын мөн хохирогч О.Бын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан хуульд заасан шаардлага хангаагүй байна.

 

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон хохирогч өөрийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байхад шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт ”Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохтой холбоотой санал хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй” гэж дурдсаныг цаашид анхаарвал зохино.

Яллагдагч Х.Э нь бусад этгээдийн хууль бус үйлдлийн талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргаж шалгуулах эрхтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 740 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ