| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/03265/И |
| Дугаар | 197/ШШ2025/03339 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/03339
2025 03 27 197/ШШ2025/***
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***** ББСБ” ХХКомпани /регистрийн дугаар ****/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Г /регистрийн дугаар *****/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 398,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Х.Г-тэй 2024 оны 01-р сарын 05-ний өдөр ***** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 09-р сарын 06-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ***** тоот зээлийг ХААН банк дахь ***** тоот дансанд Х.Г нь шилжүүлэн авсан. Х.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ба 2025 оны 01-р сарын 22-ны өдрийн байдлаар ***** тоот зээлийн үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 138 хоногийн хүү 95,220 төгрөг, шимтгэл 3000 төгрөг, нийт 398,220 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
“***** ББСБ” ХХКомпани нь Х.Гтэй 2024 оны 01-р сарын 05-ны өдөр 2023-41280 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, улмаар 2024 оны 09-р сарын 06-ны өдөр ***** дугаартай “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6.9 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. (хх6-9)
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагчид 2025 оны 02-р сарын 14, 17-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг шуудангаар гардуулсан (хх13-14) бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримт”-ыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгжүүлээгүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ Х.Г биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 398,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүх хуралдаанд “хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”, 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
Хариуцагч Х.Г нь 2025 оны 02-р сарын 14-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч, шүүхээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, шүүх хуралдааны товыг хариуцагчийн **** дугаарын утсанд 2025 оны 03-р сарын 21-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. (хх18-19)
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуульд нийцнэ.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,597 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Х.Г-ээс 12,597 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 398,220 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 12,597 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР