Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2025/0031

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х” ХХК,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Манар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаартай шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан” гэх зөрчил гаргасан гэж үзэж, 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2. Уг шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  шүүхэд гаргасан гомдолдоо үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:

2.1. “Х” ХХК-д Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар захирамжаар шатахуун түгээх станц барихаар 225 м2 газар олгосон юм. Тухайн үеийн хууль тогтоомжийг үндэслэж 225 м2 газарт шатахуун хадгалах сав, түгээгүүр байршуулж баригдана, бусад газрууд нь нийтэд үйлчилгээ үзүүлэх зориулалттай обьект учир нийтийн эзэмшлийн газар ашиглагдаж үйлчилгээ явуулах болно гэж тайлбарлаж өгсөн.

Зөвшөөрөгдсөн газарт тусгай зөвшөөрөл бүхий “Эм-Пи-Ай Консалтанс” компаниар зураг төслөө хийлгэж, улсын экспертизээр баталгаажуулан тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч “Зураг төгөлдөр” ХХК-аар гүйцэтгүүлж,  25 дахь жилдээ ашиглаж байна. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл №32/04/09 дугаартай олгогдсон. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 32/04/80 дугаартай акт үйлдэж, комисс ашиглалтад хүлээж авч ажиллуулахыг зөвшөөрсөн.  “ШТС-01” нь хууль зөрчигдөж баригдаагүй болно.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулиар хүний эрх, иргэний өмчлөх эрх нь хамгаалагдсан байдаг. Шатахуун түгээх станцаа зураг төслийн дагуу барьж улсын комисс нь хүлээж авч, үл хөдлөх хөрөнгөөр бүртгэж өмчлөх эрх олгож, 25 жил ашиглаж байгаа нь ямар ч хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

2.3. Тухайн үед аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт “ШТС-01”-ийн эзэмшил газрыг өргөтгөж өгнө үү” гэж амаар хүсэлт гаргахад “дээд байгууллагаас үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газраа өргөтгөхөд зөвхөн нийтийн дуудлага худалдаагаар өргөтгөнө гэсэн чиглэл өгсөн” гэжээ. Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшил газраа өргөтгөх шаардлага гаргахад зөвхөн нийтийн дуудлага худалдаагаар өргөтгөх ямар хууль зүйн зохицуулалт байгаа вэ? гэхэд хууль эрх зүйн зохицуулалтыг тайлбарлаж хариу өгч чадахгүй. Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж бизнесээ өргөтгөх шаардлагаар барилга объектоо үргэлжлүүлэн өргөтгөх шаардлага гаргахад эзэмшил газраа зөвхөн нийтийн дуудлага худалдаагаар эзэмших ёстой гэсэн Газрын тухай хуульд зохицуулалт байхгүй юм. Өөр худалдан авагч дуудлага худалдаагаар ялж авлаа гэхэд урьд байсан шатахуун түгээх станцын  хил залгаа газарт шатахуун түгээх станц  барихад хуулиар зохицуулагдсан хоёр шатахуун түгээх станц  хоорондох зай 50 м-ээс дээш байна гэсэн нормативыг зөрчинө. Бусад холбогдох байгууллага ч зөвшөөрөхгүй. Зургийн байгууллага зургаа ч хийхгүй. Барилга хөгжлийн төв зураг хийлээ гэхэд экспертиз ч хийхгүй. Ингээд газар эзэмшүүлэх дуудлага худалдаа хууль бус болно.

 2.4. Газар олголттой холбоотой зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2014-2018 онуудад шийдвэр гаргаж улсын хэмжээний хот суурин газруудад баригдсан иргэн, аж ахуйн нэгжийн барилга объектуудын байршилд хэмжилт хийж эзэмшил газрыг кадастржуулах ажил зохион байгуулж, захирамжид зааснаас илүү дутуу газар эзэмшиж байгааг тогтоож,  илүү газрыг нэмж, дутуу газрыг хасаж захирамж гаргахаар шийдвэр гаргасан билээ. Тендер зарлаж, тендерт “Трай минерал марк” ХХК ялж, эзэмшил газрын хэмжээг тогтоож, кадастржуулах үүргийг гүйцэтгэжээ. “Трай минерал марк” ХХК нь тендерийн ажлаа гүйцэтгэж үр дүн тайлангаа аймаг, сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт шилжүүлэн өгчээ. Үүнд, иргэн хуулийн этгээдийн эзэмшиж байгаа бодит газрын хэмжээ нь захирамжид заасан газрын хэмжээнээс их тохиолдолд захирамж шинэчлэн гаргах шаардлагатай гэсэн хаягтай нийт 1785 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын жагсаалтыг гаргаж, Засаг дарга болон холбогдох газарт хүлээлгэн өгчээ. Жагсаалтын 625 дугаарт “Х” ХХК-ийн Өлгий сумын 13 дугаар багт байршилтай “ШТС-01”-ийн эзэмшил газрыг 638 м2-аар ихэсгэж шийдвэрлэжээ. Гарын үсэг зурсан албан тушаалтан нар, гүйцэтгэсэн нэгж талбарын инженер П.У, М.М, мэдээлэл хянан хүлээж авсан аймгийн Засаг дарга Х.Д, Өлгий сумын Засаг дарга Ө.Х, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын дарга Н.Н, газрын даамал Т.З нар гарын үсэг зурж, тамга дарж хүлээж авсан байна. Засгийн газраас шийдвэрлэж хөрөнгө гаргаж хот суурин газарт байршилтай барилга объектуудын эзэмшил газрын хэмжээг тогтоож кадастржуулж хуульчлах арга хэмжээ авсаар байхад орон нутгийн засаг захиргаа үүргээ гүйцэтгээгүй одоо хүртэл хүргүүлсэн 1785 иргэн аж ахуйн нэгжүүдийн газрыг жагсаалтын дагуу захирамж шинэчлээгүй хохироож байна.

2.5. “Х” ХХК-ийг эзэмшил газраа ихэсгэх талаар засаг захиргаанд амаар биш албан тоотоор хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр буруутгаж торгох арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х” ХХК эзэмшил газраа ихэсгэх талаар амаар хүсэлт гаргасныг орон нутгийн засаг захиргаа хүлээж аваад тухайн үеийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын дарга Н.Н “...ашиглаж байгаа газраа өргөтгөнө гэвэл зөвхөн нийтийн дуудлага худалдаагаар өргөтгөх болно.” гэж хууль бус хариу өгсөн юм. “Х” ХХК шатахуун түгээх станцын  эзэмшил газраа ихэсгэх талаар албан тоотоор хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр буруутгаж торгож байгаа бол аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар Засгийн газрын шийдвэрээр иргэн аж ахуйн нэгжийн эзэмшил газрын хэмжээг “Трай минерал марк” ХХК-аар хэмжүүлэн тогтоолгож, захирамж гаргаж, зөрчлийг арилгуулах шийдвэрийг албан тоотоор хүргүүлснийг хүлээж аваад өнөөдөр хүртэл биелүүлээгүй бурууг хэн хариуцах вэ? Үүнд хамрагдсан 1785 иргэн, аж ахуйн нэгж буруугүй юм гэжээ.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. Улсын байцаагч Б.Ж манай компанийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах шатахуун түгээх станцын зориулалтаар олгогдсон газраас илүү хэмжээний газар эзэмшиж байна гэсэн мэдээлэл иржээ. Үүний дагуу шалгалт хийгээд 36 м2 газрыг илүү ашиглаж байна гэж үзэн торгох шийтгэл оногдуулсан. Шатахуун түгээх станц байрлах газар нь нийт 225 м2 газартай боловч  үүнээс 36 м2 газрыг нэмэлтээр ашигласан гэж дүгнэсэн байна.

Манай компани уг шатахуун түгээх станцыг 1999 онд барьж байгуулсан. Тухайн үед хувийн аж ахуйн нэгжүүдийн эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, зах зээлийн нөхцөл байдал хүндрэлтэй байсан тул ард иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор энэхүү станцыг байгуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу аймгийн ерөнхий архитектор Б.М, Өлгий сумын архитектор Х.С нар зөвхөн манай компанид бус тухайн үед үйл ажиллагаа эхлүүлж байсан нийт 7 шатахуун түгээх станцад 200-300 м2  хэмжээтэй газар олгосон.

Тухайн үед бид тайлбараа хэлсэн, ийм нийтийн үйлчилгээ явуулдаг газарт хэд хэдэн автомашин зогсож шатахуун буулгадаг, шатахуунаар үйлчлүүлдэг гэхэд, "Хэрэв та нар авахгүй бол боль" хэмээн мэдэгдэж байсан. Иймээс бид олгосон газарт станцаа барьсан.

3.2. Шатахуун түгээх станц (ШТС) барих үйл явц нь хууль, журамд нийцсэн шат дараалалтайгаар хийгдсэн болно. Улаанбаатар хотод шатахуун түгээх станцын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байгууллага зургийг нь боловсруулсан.

Улмаар хот байгуулалтын яамны харьяа зураг төслийн экспертизээр хянуулж, баталгаажуулсан. Зураг төсөл батлагдсаны дараа тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын улсын байцаагч н.Х барилга барих зөвшөөрөл олгосон. Барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч байгууллагаар хийлгэж, дууссаны дараа аймгийн Засаг дарга болон Барилга, хот байгуулалтын газрын даргын тушаалаар томилогдсон 8 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс барилгыг хүлээн авч, ашиглалтад оруулсан.

Ийнхүү хууль, журмын дагуу шаардлагатай зөвшөөрөл, хяналт шалгалтыг давж, улсын комисс хүлээн авсны үндсэн дээр тус шатахуун түгээх станц 26 дахь жилдээ хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Иймд бүх төрийн байгууллагуудын зөвшөөрлийг авч, хууль ёсны дагуу баригдаж ашиглалтад орсон тул “Хазына” ХХК нь  ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна.

3.3. Анх шатахуун түгээх станцыг барих үед барилгын норм, стандарт болон холбогдох хууль, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, хэмжилтийн нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангалтгүй байсан тул мэргэжлийн хүмүүс энгийн хэмжилтийн хэрэгслээр газар хэмжиж, шатахуун түгээх станцыг хэрхэн барьж, ашиглах талаар зөвлөгөө өгдөг байсан.

Барилга, объектуудын газар ашиглалтын зөв, бурууг тодорхойлох үүднээс Засгийн газар 2014 онд энэ асуудлыг авч хэлэлцэн, хот, суурины хэмжээнд байгаа барилга, объектуудын эзэмшлийн газарт хэмжилт хийх ажлыг эхлүүлсэн. Манай аймагт энэхүү хэмжилтийг 2014-2018 оны хооронд “Трай минерал марк” компани тендерт шалгарч, дөрвөн жилийн турш хийж гүйцэтгэсэн.

Уг компанийн хийсэн хэмжилтийн дүнд ямар объектууд шаардлага хангаж байгаа, аль нь шаардлага хангахгүй байгаа, мөн ямар газруудын хэмжээг өөрчлөх шаардлагатай талаар зөвлөмж гаргасан. Гэхдээ тус компани нь захирамж, тогтоол, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш тул зөвхөн хэмжилтийн үр дүнд тулгуурласан зөвлөмж боловсруулсан байдаг. Энэхүү зөвлөмжийн дагуу манай шатахуун түгээх станц 1785 иргэн, аж ахуйн нэгжийн дунд 625 дугаарт жагсаж, эзэмшил газрын хэмжээг 638 м2-аар нэмэгдүүлэх санал гаргасан байдаг. Гэвч энэ талаар манай компани мэдээлэл аваагүй, мөн манай компанид албан ёсоор мэдэгдээгүй байсан.

Тухайн үед газрын албаны байгууллага иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг хүргэж, зөвлөмжийн дагуу шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Уг хэмжилтийн дүнг аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга, болон аймгийн Хот байгуулалтын газрын дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч нийт ард иргэдэд мэдээлэх, олон нийтэд зарлах төрийн байгууллагын үүргээ биелүүлээгүйгээс зөрчил үүссэн. Засгийн газраас хэмжилт хийж, захирамж гарган, зөрчлийг арилгах үүрэг өгсөн боловч энэ шийдвэрийг орон нутгийн холбогдох байгууллагууд биелүүлээгүй. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй. Иймд манай компанийн эзэмшлийн газрын хэмжээг тухайн үед нарийн хэмжих багаж хэрэгсэл байхгүй байснаас мэдэх боломжгүй байсан бөгөөд зөрчил гэж үзэж буй шатахуун хадгалах сав байршилтай 36 м2 талбай газартай холбоотой асуудалд манай компани хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна.

3.4. 1999 онд аймагт 7 шатахуун түгээх станц баригдсан бөгөөд бүгдэд нь  200-300 м2 газарт олгогдсон. Эдгээрээс хоёр шатахуун түгээх станц нь 2018 онд "Трай минерал марк" компанийн зөвлөмж, жагсаалтаар газраа тэнд заасан хэмжээгээр ихэсгэж авсан. Бусад 5 шатахуун түгээх станц нь аймгийн хэмжээнд анх олгогдсон газартаа үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайн үед эдгээр шатахуун түгээх станцууд удаа дараа “…хууль эрх зүйн орчин бүрэлдэж байна” гэж хэлж, энэ газрыг өргөтгөх зөвшөөрөл авахаар хандахад, “ …газраа нэмэгдүүлж авахаар бол нийтийн дуудлага худалдаанд оруул" гэсэн хариулт өгч байсан ч хуулийн уг үндэслэл нь тодорхойгүй байсан.

Учир нь тухайн шатахуун түгээх станцын хил заагийн хоорондын хэмжээ 100-150 метр байх шаардлагатай бөгөөд худалдаа үйлчилгээ эсвэл орон сууц баригдвал шатахуун түгээх станцын эзэмшил хязгаараас 200 метр хүртэл зайтай байх ёстой.

Тиймээс, газрыг өргөтгөхдөө шатахуун түгээх станцын хил заагаас 500 м2 талбайг нэмэгдүүлж, нийтийн дуудлага худалдаанд оруул гэсэн  шаардлага тавьсан, өөр хүн тухайн хилийн зааг газарт үргэлжлүүлээд тэр газарт дэлбэрэх аюултай бодис хадгалагдсан саванд яг тэр хязгаараас эхэлж барилга барьж хэн ч чадахгүй тул хууль бус  гэж тухайн үед тайлбарлаж байсан юм гэв.

4. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

4.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11-1/112 албан бичгээр хүргүүлсэн бичиг баримтууд болон Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 384 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн холбогдох бичиг баримтуудыг үндэслэн “Хазына” ХХК-ийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх С.Зоя-1, 107 тоот хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 8312007946 нэгж талбарын дугаартай 225 м2 газраас илүү газарт 4.95x6.99, 4.07x6.31 харьцаатай 61.2 м2 газарт түгээгчийн байр, 25 тонны багтаамжтай 3 ширхэг шатахууны сав, ачаа буулгах талбай, бохирын худаг, илүүдлийн сав, жорлон зэргүүдийг барьсан нь аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 0000043553, газрын кадастрын зураг, 8312007946 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэгт байгаа холбогдох бичиг баримт болон геодезийн тусгай тусгай зөвшөөрөлтэй “Өлгий ланд” ХХК-ийн хэмжилт, “Тод пойнт” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зураг, газар дээр нь хийсэн үзлэг, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр илүү газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу 5000 нэгж буюу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

4.2. Газар эзэмшүүлэх шийдвэрийг зөвхөн аймаг, сумын Засаг дарга гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”. 21.4.3 дахь заалт “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар заасан юм.

“Х” ХХК нь шатахуун түгээх станцын зориулалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр илүү ашиглаж байгаа газраа нэмж эзэмших талаар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал, хүсэлт гаргасны үндсэн дээр тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум. нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаар дуудлага худалдааны журмаар эзэмших ёстой байсан.

4.3. Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын ХХ1.1.57-Д тусгагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх. ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх", Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” ажлуудын хүрээнд гэрээт ажлын даалгавар ёсоор Өлгий сумын нэгж талбаруудын газрын мэдээллийг 2013-2015 онд “Трай минерал марк" ХХК хийж гүйцэтгэсэн байна. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газрын хэмжээ /бодит газрын хэмжээ/ нь захирамжид заасан хэмжээнээс илүү тохиолдолд захирамж шинэчлэн гаргах шаардлагатай нэгж талбарын мэдээллийг гаргасан ба тус мэдээллийн 625 дугаарт 8312007946 нэгж талбарын дугаартай “Хазына” ХХК-ийн газар захирамжид 225 м2, бодит газрын хэмжээ 763.09 м2, илүү ашиглаж байгаа газрын хэмжээ 538.09 м2 болох нь тогтоогдсон байна. Гэвч тухайн илүү газрыг холбогдох хууль тогтоомжуудад нийцсэн тохиолдолд дуудлага худалдаа явуулах журмаар эзэмшүүлэх ёстой байсан гэжээ.

5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

5.1. “Х” ХХК нь 1999 онд Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр 225 м2 газрыг эзэмших эрх авч, үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Харин 2010 онд шатахуун түгээх станцын өргөтгөл хийхдээ тус газарт шатахуун түгээх сав, түгээгчийн байр зэрэг барилга байгууламжийг байршуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээг геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хэмжиж шалгасан. Үүнд газрын төлөв байдал, чанарын баталгаа хийсэн компанийн хэмжилт, мөн “Трай  минерал марк” компанийн 2014 онд хийсэн хэмжилтээр тус компани нь эзэмшлийн 225 м2  газраас  илүү талбайг ашиглаж байгаа нь тогтоогдсон.

Газрын тухай хуулийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж заасан байдаг. Тиймээс “Х” ХХК нь зөвшөөрөгдсөн 225 м2 газраа л эзэмших ёстой байсан. Хэрэв компани тухайн үед илүү ашиглаж буй газраа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж оруулах хүсэлт гаргасан бол уг талбайг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, дуудлага худалдаагаар эзэмшүүлэх боломжтой байжээ. Гэвч энэ үйл ажиллагаа хийгдээгүй байна.

“Трай минерал марк” компанийн хийсэн хэмжилтийн дүнд илүү, дутуу талбайн зөрчил тогтоогдсон бөгөөд энэхүү хэмжилтийг улсын нэгдсэн цахим системд бүртгэж, холбогдох хувийн хэрэг үүсгэж эхэлсэн байна. Үүний дагуу илүү, дутуу талбайн зөрчлийг арилгах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авах ёстой байсан. Газар эзэмших эрх олгох асуудлыг зөвхөн тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх ёстой бөгөөд зөвшөөрөлгүйгээр илүү газар эзэмших нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд оногдуулсан торгох шийтгэл хууль тогтоомжийн дагуу гарсан гэж үзэж байна гэв.          

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг  үндэслэлтэй гэж үзлээ.

2. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д хууль зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан бол …хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

 

3. Гомдол гаргагч “Х” ХХК-д анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар захирамжаар 225 м2 газрыг шатахуун түгээх станц байршуулж, үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмшүүлж, 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байх ба  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаас “Х” ХХК-ийг шатахуун түгээх станцын зориулалтаар 225 м2 газраас илүү газар ашигласан гэж үзэж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 0219315 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

 

4. Шийтгэлийн хуудаст дээрх зөрчил нь кадастрын зургаар тогтоогдсон гэж тусгагдсан байх ба хариуцагчаас  “Х” ХХК-ийг зөвшөөрснөөс илүү газар ашигласан гэж үзэхдээ  “Өлгий ланд” ХХК-ийн хэмжилт, “Тод пойнт” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зураг, газар дээр нь хийсэн үзлэг, фото зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэсэн гэж тайлбарласан. Зөрчлийн хэргийн материалын 24, 28-31 дүгээр хуудаст авагдсан дээрх баримтуудаас үзэхэд кадастрын зургаар тодорхойлсон  225 м2 газрын байршилд  түгээгүүр байршилтайг, 225 м2-аас илүү газарт шатахуун буулгах талбай, аянга зайлуулагч, газар дор булсан шатахууны нөөцийн сав, түгээгчийн байр, газар дор булсан шатахууны нөөцийн савын төмөр хашаа, гэрэлтүүлэг, цемент цутгасан талбай бүхий байгууламжууд байршилтайг тус тус  тогтоожээ.

5. Гомдол гаргагчаас маргаантай холбоотой үйл баримтын талаар “...дээрх шийдвэрийн дагуу “Х” ХХК нь тухайн байршилд  шатахуун түгээх станцын зориулалтаар 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна,  1999 онд аймагт 7 шатахуун түгээх станц анх баригдсан бөгөөд бүгдэд нь 200-300 м2 газар олгогдсон.

Анх газар олгосон үед 225 м2 газарт түгээгчийн байр, шатахуунаар цэнэглэх талбай бүгд багтахгүйг хэлэхэд, 225 м2 газарт шатахуун хадгалах сав, түгээгүүр байршуулна,  энэ нь  нийтийн үйлчилгээний объект учраас машин орох, гарах болон түгээгчийн байр зэрэг бусад обьектууд нь нийтийн үйлчилгээний газарт байрлаж болно” гэж тайлбарлаж өгсөн. Шатахуун түгээх станцыг барих үед холбогдох хууль, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, хэмжилтийн нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангалтгүй байсан тул мэргэжлийн хүмүүс энгийн хэмжилтийн хэрэгслээр газар хэмжиж, шатахуун түгээх станцыг хэрхэн барьж, ашиглах талаар зөвлөгөө өгдөг байсан. Тухайн үед шатахуун түгээх станцын зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компани, барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгжүүд байгаагүй тул 1999 онд өөрсдөө тухайн байршилд шатахуун түгээх станцыг барьж байгуулсан. Дараа нь улсын хэмжээний барилга, объектуудыг барих, гүйцэтгэхтэй холбоотой эрх зүйн акт 2012 оноос гарч хэрэгжиж эхэлсэн. Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан аж ахуйн аргаар баригдсан шатахуун түгээх станцыг шинэчлэх шаардлагын дагуу тухайн үед зураг төслийн мэргэжлийн байгууллага, барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй компани бий болсон тул 2010 онд хууль журмын дагуу зураг төслийг боловсруулж, гүйцэтгэгч байгууллагаар барилга угсралтын ажлыг хийлгэж, шатахуун түгээх станцыг шинэчлэн ашиглалтад оруулсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, 2010 онд 32/04/80 дугаартай акт үйлдэж ашиглалтад хүлээж авч ажиллуулахыг зөвшөөрсөн.” гэж тайлбарлан, хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

 

6. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг;” 4.1.4-т "түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг;”, 4.1.7-д “бүх төрлийн шатахуун” гэж боловсруулах үйлдвэрт технологийн дагуу боловсруулагдсан эцсийн бүтээгдэхүүн буюу автобензин, дизель түлш, онгоцны түлш, шатдаг хий болон керосин, дайвар бүтээгдэхүүн;” -ийг,

Барилгын тухай хуулийн /2008 он/ 3 дугаар зүйлийн  3 дугаар зүйлийн  3.1.4-т "барилга байгууламж" гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг;” 3.1.5-д "барилгын норм, нормативын баримт бичиг" гэж барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, заавар, журмыг; 3.1.8-д "барилгын зураг төслийн магадлал" /цаашид "магадлал" гэх/ гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг;” тус тус ойлгохоор заасан.

 

7. Дээрх байдлаар “Х”  ХХК нь Өлгий сумын Засаг даргын 1999 оны 108 дугаар захирамжийн дагуу тухайн байршилд шатахуун түгээх станц барьж, 25 жил үйл ажиллагаа явуулсан, 2010 онд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагын дагуу шатахуун түгээх станцын барилга байгууламжийг шинэчлэн барьж, ашиглалтад оруулсан гэх үйл баримттай хариуцагч маргаагүй ба тус компани  нь 2010 онд  Барилгын тухай хуульд заасны дагуу шинэчилж барих шатахуун түгээх станцын барилга байгууламжийн зураг төслийг  тусгай зөвшөөрөл бүхий  “Эм-Пи-Ай Консалтанс” ХХК-аар хийлгэж гүйцэтгүүлсэн нь, уг зураг төслийг боловсруулахдаа шатахуун түгээх станцын операторын барилга (1), хэвтээ далд савнууд (2), ослын сав (3), шатахуун буулгах худаг (4), шатахуун буулгах талбай (5), түгээгүүрийн арал (6), түгээгүүрийн саравч (7), автомашины зам талбай (8), үнэ сурталчилгааны самбар (9), галын багажийн сарай (10), аянга хамгаалагч (11) зэрэг барилга байгууламжийн байршлыг шатахуун түгээх станцад хамааралтай барилгын холбогдох  норм, нормативийн баримт бичгүүдийн дагуу төлөвлөсөн нь, уг зураг төслийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хянан үзэж зөвшөөрсөн нь, Баян-Өлгий аймгийн ерөнхий архитектор баталсан нь хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцын “Ерөнхий төлөвлөгөө М1:500” баримтаар тогтоогдсон.

8. Түүнчлэн  Барилгын тухай хуульд заасан журмаар “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцын зураг төслийн талаар 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын улсын экспертизийн 797/2010 дугаартай дүгнэлт гарсан байх ба уг баримтын “11.Ерөнхий дүгнэлт” хэсгийн 11.1-д “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцын шинэчлэлтийн зураг төслийг “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн дагуу холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцсөн байна.

Орон тооны бус экспертүүдийн гаргасан дүгнэлтээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцын шинэчлэлтийн зураг төсөл нь холбогдох норм дүрмийн дагуу боловсруулагдаж,төлөвлөлт болон техникийн шийдэл нь зохих шаардлагыг хангасан тул уг зураг төслийн дагуу угсралтын ажил хийх боломжтой болно.” гэж дүгнэжээ.

9. Улмаар тухайн 2010 онд Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс “Эм-Пи-Ай Консалтанс” ХХК-ийн төлөвлөсөн зургийн дагуу “Хазна” ХХК-ийн шатахуун түгээх станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, “Зураг төгөлдөр” ХХК-аар гүйцэтгүүлсэн “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцын барилга байгууламжийг 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс ашиглалтад оруулахыг  улсын комисс зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан 2010 оны 32/04/09 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”,  2010 оны 32/09/80 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт” зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

10. Мөн Өлгий сумын архитектор Х.С үйлдсэн “Х” шатахуун түгээх станцад  гол замаас шинээр гаргах гарц замын зураг М1:1000” баримтаар “Хазына” ХХК-ийн шатахуун түгээх станцын байршил, гарц замыг төлөвлөсөн байх ба баримтад аймгийн ерөхий архитектор болон инженерийн шугам сүлжээг хариуцаж үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллагууд зөвшөөрч,  Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд болох Баян-Өлгий аймгийн Засаг дарга уг зургийг баталсан байна.

11. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “Х” ХХК нь тухайн байршлаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж үзэхээргүй байна.

 

12. Барилгын тухай хуулийн /2008 он/ 22 дугаар зүйлийн 22.1-д “Барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө.” гэж заасан ба   Өлгий сумын Засаг даргын 1999 оны 108 дугаартай захирамжаар “Х” ХХК-д эзэмшүүлсэн 225 м2 хэмжээтэй газарт шатахуун түгээх станцын барилга байгууламжийг багтааж барих боломжгүй гэж хэргийн аль аль тал тайлбарласан. Энэ тохиолдолд “Х” ХХК нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж, ашиглах эрхтэй газарт дээрх байдлаар холбогдох хууль, барилгын норм, нормативийн баримт бичгийн шаардлагад нийцүүлж, 2010 онд шатахуун түгээх станцын барилга байгууламжийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулсныг буруутгах  үндэслэлгүй гэж үзлээ.

13. Хариуцагчаас ...“Х” ХХК нь  газраа нэмж эзэмших талаар санал, хүсэлт гаргасны үндсэн дээр тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны журмаар газар эзэмших ёстой” гэж, гомдол гаргагч талаас “...шатахуун түгээх станцын зориулалтаар илүү эзэмшиж байгаа гэх газрыг нэмж эзэмшүүлэх асуудлаар Газрын албанд хүсэлт гаргахад дуудлага худалдааны журмаар газрыг эзэмшинэ гэх хариуг өгсөн, гэвч манай компанийн шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмших эрхтэй 225 м2 газартай хил залгаа орших маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх нь холбогдох норм, стандартыг шаардлагыг зөрчих тул дуудлага худалдаа явуулах замаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэх нь хууль бус” гэж тайлбарлаж маргасан.

14. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан.

15. Эрх бүхий этгээдээс Газрын тухай хуулийн холбогдох заалт болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу тухайн  газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулах тохиолдолд уг газар нь бусдад эзэмшүүлж болохоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлагатай бөгөөд дуудлага худалдааг нийтэд зарлан мэдээлэхээр дээрх журамд зохицуулагдсан.

 16. “Х” ХХК-ийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх маргаан бүхий газарт байршилтай шатахуун буулгах талбай, аянга зайлуулагч, газар дор булсан шатахууны нөөцийн сав, түгээгчийн байр, газар дор булсан шатахууны нөөцийн савын төмөр хашаа, гэрэлтүүлэг зэрэг нь шатахуун түгээх станцын барилга байгууламжийн бүрдэлүүд бөгөөд тус компани нь Өлгий сумын Засаг даргын 1999 оны 108 дугаар захирамжаар олгосон газраа үргэлжлүүлэн эзэмшсэн хугацаанд дээрх байдлаар 2010 онд Барилгын тухай хуульд заасан журмын дагуу барилгын норм, нормативын баримт бичигт нийцүүлж, шатахуун түгээх станцаа төлөвлөж, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.

17. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна: 5.1.1.барилгын норм, дүрэм; 5.1.2.барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал; 5.1.3.стандарт”, 5.2-т “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, мөрдөнө” гэж тус тус заасан.

Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны  4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар баталсан “Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм /БНБД 21-07-14/”  барилгын норм ба дүрмийн   “5. Байршилд тавигдах шаардлага” гэсэн хэсэгт “Шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших  барилга, байгууламж хүртэл  хамгийн бага зайг  Хүснэгт 1-ийн дагуу тогтооно” гэж,  Хүснэгт 1-ийн 3 дугаарт  орон сууц, олон нийтийн барилга нь газар доор байрлах савтай шатахуун түгээх станцаас 25 м-ийн зайтай байхаар заасан.

18. Хариуцагчийн “…аж ахуйн нэгж байгууллагад Газрын тухай хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч маргаан бүхий газар нь гомдол гаргагчийн шатахуун түгээх станцын зориулалтаар  эзэмших эрхтэй түгээгүүр байршсан 225 м2 газрын эргэн тойрны хил залгаа газар байгаа тохиолдолд уг газрыг эзэмшүүлхээр нийтийн дунд дуудлага худалдаа зохион байгуулах нь шатахуун түгээх станцад хамаарах холбогдох норм нормативын баримт бичигт заасан шаардлагад нийцэхээргүй байгаа ба эрх бүхий байгууллагаас уг газрыг бусдад эзэмшүүлэхээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байгаагүй нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилгаа, хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Нөгөө талаар “Х” ХХК нь шатахуун түгээх станцаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн байх ба Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” гэж заасан.

Иймд маргаан бүхий газрыг дуудлага худалдаа явуулах замаар эзэмшүүлэх боломжтой гэж үзэхээргүй байгаа ба энэ талаарх гомдол гаргагчийн тайлбар маргааныг үндэслэлтэй гэж дүгнэв.

19. Шүүх хуралдааны явцад гомдол гаргагч талаас илүү ашигласан гэх газрын хэмжээ нь шатахуун хадгалах сав байршилтай 36 м2 газар гэж тайлбарласан бол хариуцагчаас “Трай минерал марк” ХХК-ийн 2014-2018 оны хооронд хийсэн хэмжилтээр “Х” ХХК нь 538.09 м2 газар илүү ашиглаж байгаа нь тогтоогдсон, гэхдээ уг хэмжилтийг үндэслээгүй, “Өлгий ланд” ХХК-ийн хийсэн хэмжилт, “Тод пойнт” ХХК-ийн хийсэн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зураг, газар дээр нь хийсэн үзлэг, фото зураг, 225 м2 газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэсэн гэж тайлбарласан.

“Х” ХХК нь дээрх байдлаар анх Өлгий сумын Засаг даргын 1999 оны захирамжаар 225 м2 газрыг эзэмшиж, энэ үеэс үйл ажиллагаа явуулсан, 2010 онд шатахуун түгээх станцыг шинэчлэн барьж ашиглалтад оруулсан бол 225 м2 газрын кадатрын зургийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйлдэж мэдээллийн санд оруулсан нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаартай албан бичиг, 225 м2 газрын кадастрын зураг бүхий баримтаар тогтоогдож байна.  Үүнээс үзэхэд  “Хазына” ХХК-д олгосон 225 м2 газрын байршлыг эрх бүхий албан тушаалтнаас тус компани шатахуун түгээх станцын зориулалтаар тус байршилд  үйл ажиллагаа явуулаад 11 жилийн дараа үйлдсэн кадастрын зургаар тодорхойлсон байна.

Зөрчлийн хэрэгт авагдсан кадастрын зураг, “Өлгий ланд” ХХК-ийн хэмжилт, “Тод пойнт” ХХК-ийн хийсэн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зургаар тодорхойлогдож буй 225 м2 газарт зөвхөн түгээгүүр байршилтай байх ба 225 м2 газраас илүү ашигласан гэх маргаан бүхий газарт байршилтай шатахуун буулгах талбай, аянга зайлуулагч, газар дор булсан шатахууны нөөцийн сав, түгээгчийн байр, газар дор булсан шатахууны нөөцийн савын төмөр хашаа, гэрэлтүүлэг, цемент цутгасан талбай бүхий байгууламжууд орших газрын хэмжээ, анх олгосон 225 м2 газрын байршил аль болох, анх олгосон гэх газарт багтаж буй барилга байгууламжуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүйгээс “Хазына” ХХК-ийн  бодит байдалд илүү ашигласан гэх газрын хэмжээ тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

20. Зөрчлийн тухай хуулийн  1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж  тус тус зааснаар материаллаг хууль тогтоомжоор  тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй, биелүүлэх талаар арга хэмжээ  хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан  бие даасан үйлдэл /эс үйлдэхүй/-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж тооцож, хариуцлага тооцохоор хуульчилжээ.

Дээрх байдлаар “Х” ХХК нь тухайн байршлаас Өлгий сумын Засаг даргын 1999 оны 108 дугаартай захирамжаар шатахуун түгээх станц ажиллуулах зориулалтаар 225 м2 газар эзэмшсэн, Барилгын тухай хуульд заасан журмын дагуу уг байршилд холбогдох норм нормативын баримт бичгийн дагуу шатахуун түгээх станцын барилга байгууламжийг төлөвлөж, ашиглалтад оруулсан, шатахуун түгээх станцын барилга байгууламжийн зураг төсөл, байршлын зургийг тухайн үед Өлгий сум болон Баян-Өлгий аймгийн ерөнхий архитектор, аймгийн Засаг дарга, холбогдох төрийн бусад байгууллага болон инженерийн шугам сүлжээ хариуцдаг мэргэжлийн байгууллагууд хянан үзэж зөвшөөрсөн, хуульд заасан эрх бүхий этгээдээс тус шатахуун түгээх станцын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, улсын комисс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн зэргээс үзэхэд “Х” ХХК-ийн тухайн байршлаас 225 м2 газраас илүү газар ашигласан гэх үйлдэл нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчлийн шинжийг хангаагүй гэж үзэхээр байна.

21. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т зааснаар  зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд энэ хуульд заасан шийтгэл оногдуулах бөгөөд мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасантай маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл нийцээгүй байх ба уг шийдвэр нь гомдол гаргагчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул  “Х” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 2,  3.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 М.РИЗА