Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0569

 

2017 оны 8 сарын 10 өдөр                   Дугаар 221/МА2017/0569                          Улаанбаатар хот

Т.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0405 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т.Ч-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0405 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, “ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Т овогтой Т.Ч миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0405 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүх дүгнэхдээ “..Налайх дүүргийн Засаг дарга үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримталж ажиллаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, өөрөөр хэлбэл, мөн хуулийн 4.2.1-д хуульчилсан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцээгүй шийдвэр болжээ” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэсэн үндэслэлээр Налайх дүүргийн Засаг даргын Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гэвч нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

  1. Нэгэнт хуульд үндэслээгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй буюу илт хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Ч-ийг ажлаас халсан Засаг даргын захирамж хууль бус бөгөөд уг захирамж гарсан цагаас нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш дээрх захирамжийн дагуу бий болсон бүх сөрөг нөлөөлөл болох ажлаас халагдсан, хууль ёсоор ээлжийн амралтаа эдэлж чадаагүй, ээлжийн амралтын олговроо авч чадаагүй зэрэг бүх сөрөг нөлөөллийг арилгах ёстой. Гэтэл шүүх захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон боловч түүний үйлчлэлийн үр дүнд бий болсон сөрөг нөлөөллийг арилгалгүй орхиж, Т.Ч-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж хамгаалж чадсангүй.
  2. Т.Ч нь 2016 оны 07 дугаар сард ээлжийн амралт эдлэх байсан боловч дээд байгууллагын шийдвэрээр амралтаа хойшлуулан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хууль ёсны ээлжийн амралтаа эдэлж байсан болох нь Засаг даргын баталсан ээлжийн амралтын хуваарь, амралтын мөнгө олгож буцаан суутгасан санхүүгийн баримт, гэрч Т.Э, Х.Б, Ч.О, О.З, Ч.З нарын гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх “...маргаан бүхий актыг гарахад Т.Ч нь ээлжийн амралтаа эдэлж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдохгүй байна...” гэж нотлох баримтыг бүрэн бодитой зөв үнэлж дүгнэсэнгүй.

                                                                                                                                

  1. Т.Ч нь ажил тасалсан гэх хугацаанд хууль ёсоор ээлжийн амралттай байсан гэдгээ хангалттай нотолсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ээлжийн амралттай байсан ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, хэрэв үндэслэлгүй халсан бол өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор хуульчилсан байна.
  2. Т.Ч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрийн улс төрийн алба хаагч бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх баталгаагаар хангагдах, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралт эдлэх, ээлжийн амралтын олговор авах эрхтэй.
  3. Т.Ч-ийг ажлаас халсан захиргааны акт илт хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Т.Ч-ийг илт хууль бус захиргааны актаар ажлаас халсан учир нь ажлаас буруу халагдаж ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2107 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0405 дугаар шийдвэрийн “...нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон...” хэсгийг эс зөвшөөрч Т.Ч-ийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хамгаалж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Ч-ийг “2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил, үүргээ орхин, ажил тасалж Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэх үндэслэлээр Засаг даргын Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилт хариуцсан орлогчийн ажил, албан тушаалаас халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “дээрх маргаан бүхий Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Т.Ч нь “... би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж ээлжийн амралттай байсан ...” гэж маргажээ.

 Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ээлжийн амралт олгох заавар”-ыг баталсан бөгөөд уг зааврын 3-д “Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж зааснаас үзэхэд ажилтан нь ажил олгогчийн баталсан хуваарийн дагуу ээлжийн амралт эдлэхээр байна.

Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/06 дугаар захирамжид нэхэмжлэгч Т.Ч-ийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж ээлжийн амралт эдлүүлэхээр заасан байх ба энэхүү хуваарийг өөрчилсөн шийдвэр гараагүй өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж ээлжийн амралт эдлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг ээлжийн амралтаа биечлэн эдэлж байсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч “...Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу амарч байтал нийслэлийн Засаг даргын Тамгын газраас байгууллагын удирдлагууд ээлжийн амралт эдлэх асуудлыг түр хойшлуулах тухай албан бичиг ирж, ээлжийн амралтаа хойшлуулсан байсан...,  ...гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоно...” гэж тайлбарлах боловч гэрчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байхаас гадна өөр хоорондоо зөрүүтэй байх тул уг мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч аливаа шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, сонсох ажиллагаа явуулах шаардлагатай байтал хариуцагч дээрх ажиллагааг явуулалгүйгээр нэхэмжлэгч Т.Ч-ийг ажил тасалж, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу юм.

Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд буюу бүрэн эрхийн хугацаанд томилолтын журмаар ажиллах төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сум, дүүргийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Т.Ч-ийн томилогдон ажиллаж байсан Налайх дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалын бүрэн эрхийн хугацаа дууссан төдийгүй хариуцагчаас Засаг даргын орлогч нарыг чөлөөлж, Засаг даргын орлогч нарыг шинээр томилсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн “ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН