Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 666

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төвшинзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, М.Д******* нарыг оролцуулан “С*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 352557 дугаар хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулах, тус актыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлүүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “С*******” ХХК

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Багатойруу, М байр тоот.

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Самжуугийн гудамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ““Си Эф Си Групп” ХХК-нь 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс гадаад худалдаа, зуучлал эрхлэн явуулахаар байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нарын 2012 оны

12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 тоот актын тогтоох хэсэгт Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, дахь хэсгүүдийг тус тус үндэслэн нийт 198.819.100 төгрөгийн захиргааны хариуцлага хүлээлгэсэн.

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт... хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан бол ...өршөөн хэлтрүүлнэ гэсэн заалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд, татварын хяналт шалгалтын актын хууль зүйн үндэслэл болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэх заалт нь мөн хуулийн дагуу өршөөгдөх ёстой  болов уу гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актаар нийт 198.819.000 төгрөгийн акт тавигдсан

байдаг. Уг актыг дотор нь задалж харвал:

1.    Нөхөн татвар 140.275.100 төгрөг,

2.    Торгууль 46.613.400 төгрөг,

3.    Алданги 11.712.000 төгрөг,

4.    Хүү 218.600 төгрөгийн байдаг.

Гэвч нөхөн татварын 140.275.100 төгрөг дотор 62.983.300 төгрөгийг ....2011 онд 674.059.100 төгрөгийн хөрөнгийг 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Э*******” ХХК-нд үнэгүй шилжүүлсэн боловч “Э*******” ХХК нь 2011 онд балансандаа тусган тухайн хөрөнгөөр олсон орлогоо тайлагнасан ба “Си Эф Си Групп” ХХК нь шилжүүлсэн хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дүгээр заалтыг зөрчсөн хэмээн актаа үндэслэж шийдвэрлэсэн.

Мөн маргаан бүхий актны ТОГТООХ хэсгийн 2.б-д “... 2011 онд 674.059.100 төгрөгийн хөрөгө шилжүүлсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 62.983.300 төгрөгийн нөхөн татвар ... ногуудлах...” гэж тусгаж, шийдвэр гаргасан.

Дээрх эд хөрөнгүүдийг 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Си Эф Си Групп” ХХК нь “Э*******” ХХК-нд “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” болон “Автомашины бэлэглэлийн гэрээ” –ээр шилжүүлсэн. Үйл явдал буюу маргаан бүхий гэрээ, хэлцэл, шилжүүлсэн хөрөнгө нь 2009 оны санхүү, татварын асуудал байдаг.

Хяналтын байцаагч нар нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 01-дүгээр сарын 31-ний хооронд дахь хугацаанд “Си Эф Си Групп” ХХК нь хийсэн ажил, үйлчилгээ, бараа, орлого, эд хөрөнгөд ногдуулсан татвараа бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах үүрэгтэй.

Харин татварын улсын байцаагч нар нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 тоот актаар манай байгууллагын 2010-2011 оны санхүүгийн тайланг шалгахдаа 2011 онд 2009 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой шийдвэр нь татварын хууль болон холбогдох журамд нийцээгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 тоот хяналт шалгалтын актыг хуульд нийцүүлэн бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “”Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд захиргааны зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна татвар, төлбөр, хураамж, үндсэн үүрэг чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно” гэж тэмдэглэсэн тул татварын ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хяналт шалгалтын актын алданги, хүү, торгуулийг нөхөн татвараа төлсөн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн дагуу хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэх тул татвар төлөгч “Си Эф Си Групп” ХХК нь хяналт шалгалтын актаар тогтоосон нөхөн татвараа төлж алданги хүү торгуулийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой тул дээрх актыг бүхэлд нь өршөөлийн хуульд хамруулах боломжгүй юм” гэжээ.          

ҮНДЭСЛЭХ НЬ;

“С*******” ХХК-ийн захирал Б.А******* Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар хяналт шалгалтын актыг хуульд нийцүүлэн хүчингүй болгох, тус актыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлнэ үү гэсэн  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий 352557 дугаар актын тогтоох хэсэгт Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн холбогдох хэсгүүдийг үндэслэн 198.819.100 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, хүү ногдуулж захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь бүхэлдээ “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамрагдах боломжтой гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*******, Ц.Э******* нар 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн (35/12)1330 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтоор “С*******” ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт,төлөлтийн байдалд санхүүгийн шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн нийт 1.668.892.7 мянган төгрөгийн зөрчил нь Татварын хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж 140.275.100 төгрөгийн нөхөн татвар, 46.613.400 төгрөгийн торгууль, 11.712.000 төгрөгийн алданги, 218.600 төгрөгийн хүү нийт 198.819.100 төгрөгийн хариуцлага ногдуулжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

“С*******” ХХК-ийн 2009 оны бэлэглэлийн гэрээгээр 674 сая төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг үнэгүй шилжүүлснийг хүлээн авагч “Э*******” ХХК 2011 онд балансдаа тусган тайлагнасан ба “С*******” ХХК өөрийн хөрөнгөөс хасалгүйгээр элэгдлийн зардлыг зардалдаа тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан, шилжүүлсэн хөрөнгөнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн Татварын улсын байцаагчийн акт хууль зөрчөөгүй байна.

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актад тавигдсан  198.819.100 төгрөгийн хариуцлагаас торгууль, алданги, хүүг хасаад үлдэх нөхөн татварын 140.275.100 төгрөг дотор 62.983.300 төгрөгийг 2009 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэж үзсэн татварын улсын байцаагчийн шийдвэр нь татварын хууль болон холбогдох журамд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь “С*******” ХХК-ийн 2009 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 674 сая төгрөгийн хөрөнгийг “Э*******” ХХК 2011 онд балансдаа тусган тайлагнасан, “С*******” ХХК өөрийн хөрөнгөөс хасалгүйгээр элэгдлийн зардалдаа тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн “Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт” гэсэн 15 дугаар зүйлийн 15.1-д “дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй;”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байна.

Татварын улсын байцаагч томилолт, удирдамжид заасан хугацааны санхүүгийн баримтад шалгалт хийх үүрэгтэй бөгөөд “С*******” ХХК –ийн хувьд 2009 онд гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөнгийг 2010-2011 оны татвар төлөлттэй холбоотой тайланд хамааруулан шалгаж зөрчил гэж үзсэн нь хууль бус гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх;”, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө,...эсхүл ажил үйлчилгээ эрхэлж....татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх:” гэсэн  татвар төлөгчийн хувьд хүлээсэн үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Харин 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн  1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангын хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”  хэмээн тус тус заажээ.

Дээрхээс үзвэл “С*******” ХХК-д татварын улсын байцаагчийн 352557 дугаар актаар төлүүлэхээр тогтоосон 46.613.400 төгрөгийн торгууль, 11.712.000 төгрөгийн алданги, 218.600 төгрөгийн хүү нь татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл байна. Харин 140.275.100 төгрөгийн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Си Эф Си” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас  торгууль, алданги, хүүгийн 58.544.000  төгрөгийн төлбөрийг өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлж төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн13 дугаар зүйлийн 13.11, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актаар “С*******” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 46.613.400  төгрөгийн торгууль, 11.712.000  төгрөгийн алданги, 218.600   хүү нийт 58.544.000   төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх 140.275.100  төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР