Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01324

 

Г.Намнандоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03653 дугаар шийдвэртэй,      

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1340 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Г.Намнандорж,

Хариуцагч : Э.Хосбаяр,

Нэхэмжлэлийн шаардлага: 20 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагч Э.Хосбаяр, түүний өмгөөлөгч С.Батхүлэг,  нарийн бичгийн дагар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 онд банкны зээлээр байр худалдаж авах зорилгоор танил ах болох Тамирын байрыг барьцаанд тавиулж 40 сая төгрөгийг зээлэн авсан. Уг мөнгийг Э.Хосбаярт байрны урьдчилгаанд өгсөн. Э.Хосбаяртай  гэрээ  хийж нотариатаар батлуулсан. Байрны нийт  үнэ 178.871.900 төгрөг гэж хэлсэн. Би Э.Хосбаярт урьдчилгаа мөнгөө өгсөн учир  худалдаж авах Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106-А байрны 56 тоот хаягт байрлах байранд орсон. Би зээл  хөөцөлдөж байсан бөгөөд  Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк нь  байрны 1 м.кв-ын үнийг багасгах хэрэгтэй, 1 м.кв-ыг нь 1.850.000 төгрөг болговол зээл өгнө гэсэн. Гэтэл Э.Хосбаяр 1 м.кв-ын үнийг 2.3 сая төгрөг гэж хэлээд, банкны шаардлагад тохируулан үнийг буулгахгүй гэсэн. Үүний улмаас зээл бүтээгүй. Би Э.Хосбаярт зээл бүтэхгүй боллоо, байраа авч чадахгүй нь  өгсөн мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Э.Хосбаяр  зөвшөөрсөн тул би байрыг нь суллан өгч гарсан. Үүнээс хойш Э.Хосбаяраас мөнгөө нэхсэн ба 20 сая төгрөгийг 2015.9.15-ны өдөр өгсөн тул үлдэгдэл  20 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 2.3 сая  төгрөгөөр тооцож нийт 178.871.000 төгрөгөөр Г.Намнандоржтой 2015 оны 4 дүгээр сард гэрээ хийсэн. Байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувь 53.661.300 төгрөгийг төлөх байсан боловч Г.Намнандорж байгаа 40 сая төгрөгөө надад өгч, үлдсэн төлбөрийг банкны зээлээр төлье гэж гуйсан. Ингээд 2015.4.14-ний өдөр гэрээ байгуулж, 40 сая  төгрөгийг надад өгч, банкны зээл найдвартай бүтнэ, байрандаа орж байя гэж гуйсан.  Мөнгөө гүйцээж өгөөд, байрныхаа бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлсний дараа байрандаа ор гэсэн боловч  итгээд байрандаа оруулсан. Түүнээс биш мөнгө хэрэгтэй болоод 40 сая төгрөг авч  байрандаа оруулсан зүйл үгүй юм.  Гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл төлбөрөө өгөхгүй 5 сар болсон. Г.Намнандоржтой уулзаж гэрээний дагуу алданги тооцоход их мөнгө байна гээд харилцан тохиролцож 20 сая төгрөгийг нь өгч, үлдэх 20 сая  төгрөгийг нь алдангид суутган тооцож гэрээний ард нь бичиж өгсөн. Нэхэмжлэгч байрын суллаж өгсөн. Би Г.Намнандоржид итгэж байрандаа оруулснаас болоод тухайн үед байраа зарж чадаагүй.Үүний улмаас 30-35 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Иймд  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр102/ШШ2016/03653 дугаартай шийдвэр гаргаж,   Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-г баримтлан Э.Хосбаяраас 20сая төгрөгийг гаргуулан Г.Намнандоржид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хосбаяраас 257.950 төгрөгийг гаргуулан Г.Намнандоржид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1340 дугаартай  магадлал гаргаж,  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “204 дүгээр зүйлийн 204.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Талуудын хооронд 77.77 м.кв талбайтай орон сууцыг 178.871.000 төгрөгөөр Г.Намнандорижд худалдахаар харилцан тохиролцсон байх ба гэрээ байгуулагдсан. 2. Төлбөрийн урьдчилгаанд 40.000.000 төгрөгийг Э.Хосбаярт өгч, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээлж авч өгөхөөр тохирч, уг орон сууцыг Г.Намнандоржийн эзэмшилд шилжүүлсэн байна. 3. Байрны зээл бүтээгүй бөгөөд хариуцагч нь 2015.9.15-ны өдөр урьдчилгаа төлбөрөөс 20 сая төгрөгийг Г.Намнандоржид буцаан өгсөн үйл баримтад талууд маргахгүй байна. 4. Г.Намнандорж  Иргэний  хуулийн  204  дүгээр  зүйлийн  204.1-д  зааснаар  20 сая төгрөгийг эргүүлэн өгч байгаа үйлдлээрээ татгалзлыг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд талуудын хооронд хийгдсэн гэрээний 6 дугаар зүйлд "...үлдэгдэл төлбөрийг төлөлгүйгээр 1 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолдолд Б талыг гэрээнээс татгалзсанд тооцно" гэж заасан байна. Харин Г.Намнандоржийн өгсөн урьдчилгаа төлбөрийн 50 хувь болох 20 сая төгрөгийг алдангид суутган тооцсон гэх хариуцагч Э.Хосбаярын тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 20 сая төгрөгийг Г.Намнандоржид эргүүлэн төлөх нь зүйтэй байна. Гэрээнээс татгалзах гэдэг нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг хэлдэг. Гэхдээ Иргэний хуулийн эрх зохицуулалтад гэрээний нэг тал хүссэн үедээ нөгөө талдаа мэдэгдсэнээр гэрээнээс татгалзах эрхтэй гэж заагаагүй байна. Худалдах, худалдан авах гэрээний хувьд талууд гэрээний үүргээс татгалзах зохицуулалтыг Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд тусгагдсан байх бөгөөд "гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно" гэж заасан байна. Гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагч Г.Намнандорж нь байрны нийт үнэ болох 178.871.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг гэрээ байгуулагдмагц төлөх үүрэгтэй байсан бөгөөд үлдэгдэл 138.871.000 төгрөгийг 2015.5.20-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. Харин Э.Хосбаяр нь орон сууцыг гэрээ байгуулагдмагц Г.Намнандоржид шилжүүлэн өгч, Г.Намнандорж нь орон сууцыг хүлээн авч 2015.9.14-ний өдөр хүртэл амьдарч байсан байна. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2015.5.20-ны дотор төлөх төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд уг хугацааг 4 сар хэтрүүлсний дараа төлөхгүй болохоо илэрхийлж, орон сууцыг буцааж гэрээг дуусгавар болгох санал гаргадаг. Гэрээг нэхэмжлэгч тал зөрчсөнөөс гэрээ цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон. Харин  Иргэний  хуулийн  225,  227-д заасны дагуу худалдагч тал  учирсан хохирлоо шаардах эрхтэй байсан. Тиймээс Г.Намнандоржийн 2015.9.14-ний өдөр гаргасан гэрээг дуусгавар болгох тухай саналыг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд гэрээнээс татгалзаж байгаа явдал гэж үзэх үндэслэлгүй болно. Талууд тухайн тохиолдолд харилцан зөвшилцөж гэрээний харилцааг дуусгавар олгохоор Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд уг хэлцлээр талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцааг дуусгавар болгож, тооцоог харилцан зөвшөөрөлцөж хийсэн үйлдэл болно. Талууд гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгохдоо гэрээнд заасан анзыг тооцож, үүний дүнг харилцан тохиролцох нь хуульд харшлахгүй гэж үзэж байна. Энэхүү гэрээг дуусгавар болгох тухай гараар үйлдэж нэхэмжлэгч Г.Намнандоржийн гарын үсэг зурсан баримт хавтаст хэргийн хуудсанд авагдсан байна. Мөн хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч талуудын хооронд гэрээг дуусгавар болгохоор байгуулсан дээрх хэлцлийн үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс харилцан тохиролцож суутгасан 20 сая төгрөг нь нэхэмжлэгч гэрээг зөрчсөнөөр хариуцагчид учруулсан хохирлыг арилгахад чиглэсэн тохиролцоо болохыг шүүх хуралдааны явцад тайлбарласан болно. Шүүх энэ нөхцөл байдлыг мөн үнэлж үзээгүй байна. Дээрхийг дүгнэж үзвэл талууд гэрээ, гэрээнд тусгагдсан анз, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж төлөх хугацааг хэтрүүлсэн талаар маргаагүй. Гэрээний дагуу анз төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байсан. Харин хариуцагчийн зүгээс анз болон хохирол шаардах эрхтэй байсан. Тухайн тохиолдолд гэрээг дуусгавар олгохоор талуудын хооронд хийгдсэн хэлцлийг гэрээнээс татгалзах гэж үзэх үндэслэлгүй. Талууд гэрээний хүрээнд харилцан тохиролцож, анз тооцож, гэрээг дуусгавар болгосон. Уг тохиролцоогоор анзын тооцооллыг тохиролцож 20 сая төгрөгийг суутгуулахаар харилцан зөвшөөрөлцжээ. Уг үйл баримтыг талууд үгүйсгээгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Г.Намнандорж нь худалдан авсан орон сууцны  урьдчилгаа төлбөрт  өгсөн  40 сая төгрөгөөс буцааж аваагүй үлдсэн 20 сая төгрөгийг Э.Хосбаяраас нэхэмжилсэн ба  хариуцагч татгалзаж  маргасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрлэсэн хуулийн зүйл, заалтыг өөрчилж, хариуцагчаас 20 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосныг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э.Хосбаяр нь Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцыг 178.871.000 төгрөгөөр  Г.Намнандоржид худалдсан, нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт 40 сая төгрөг төлсөн боловч  20 сая төгрөгийг буцаан авч, үлдэх  мөнгийг  аваагүй нь тогтоогджээ. 

Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй нэг сараас дээш хугацаа өнгөрвөл худалдан авагчийг гэрээнээс татгалзсанд тооцохоор талууд тохиролцсон, нэхэмжлэгч торгууль төлөх эсэх талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1340 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ