Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 174

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй,

БӨА-ийн ӨС-ын

Улсын бүртгэгчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Ч.Тунгалаг

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0080 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0151 дүгээр магадлал,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0080 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.8, шинэчилсэн найруулсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүү Г.Бекарысийг Ш.М-, С.Хабибе нарт үрчилснийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгч М.Розад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0151 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0151 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: магадлалд “...түүний төрсөн эцэг Х.Галымбек нь 1999 онд, эх М.Айгүл нь 2013 онд гадаад улсын иргэн болсон байхад Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6, 55.7 дахь хэсэгт заасан хуулийн заалтаар гадаадын иргэдийн хүүхдийг үрчлэх, үрчлүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах эрх сумын Засаг даргад байгаа эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ...” гэж дүгнэсэн нь сумын Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийг үгүйсгэсэн байна.

5. Г.Бекарысын эцэг Х.Галымбек кь 1999 онд гадаад улсын иргэн болсон хэдий ч X.Галымбек өмнө нь гадаад улсын иргэн биш Монгол Улсын иргэн байсан болохыг анхаарч үзэх ёстой, нөгөөтэйгүүр Х.Галымбек нь хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн харин эх М.Айгүл мөн Монгол Улсын иргэн байсан, 2013 онд гадаад улсын иргэн болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн байхдаа буюу 2012 онд хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрч, энэ талаар нотариатаар гэрчлүүлсэн. Түүнчлэн Ш.М-, С.Хабиба нарын сумын Засаг даргад хандан бичгээр гаргасан хүсэлт зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна...”, 55.6-д “...Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана...”, 55.7-д “...Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана...” гэж заасантай бүрэн нийцсэн байх ба хуулийн энэхүү шаардлагыг хангасан нөхцөлд сумын Засаг дарга хүүхэд үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь хуульд тусгагдсан байх тул анхан шатны шүүх энэ талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн Долдугаар бүлгийн Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх хэсэгт гадаад улсын иргэний хүүхдийг үрчлэх, Монгол Улсын иргэн хүүхэд үрчлэн авах асуудлыг хориглосон хуулийн заалт байхгүй болохыг дурдаж байна.

6. Магадлалд “...нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна...” гэжээ. Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийн 3-т “...Г.Бекарысын бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж бүртгэлд хамруулахыг Улсын бүртгэгчид зөвшөөрсүгэй...” гэж тусгагдсан байх ба нэхэмжлэгч энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын шийдвэрийн 1 дэх заалтаар Г.Бекарысыг Ш.М-, С.Хабибе нарт үрчлүүлэх тухай, харин 3 дахь заалтаар Улсын бүртгэгчид бүртгэл явуулахыг зөвшөөрсөн агуулга бүхий шийдвэр байсан бөгөөд захирамжийн 3 дахь заалтыг Улсын бүртгэгч хэрэгжүүлэхээс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг "...Үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгч М.Розад даалгах тухай...” хэмээн тодорхойлсон болно.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх...” онцгой эрхийг эдлэх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гзж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болжээ.

8. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэж заасан. Хэдийгээр Г.Бекарыс нь Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй боловч төрснөөсөө өнөөдрийг хүртэл нагац өвөө эмээгийн хамт эрүүл саруул эсэн мэнд бойжиж, хүмүүжигдэж, тэднийг төрсөн эцэг, эхээ гэж ойлгодог ба харин төрсөн эцэг эхээ танихгүй, хэн гэдгийг нь ч мэдэхгүй өнөөдрийг хүртэл амьдарч байгааг анхан шатны шүүх шийдвэр гаргахад нэн тэргүүнд анхаарч үзсэн.

9. Одоо Х.Галымбек, М.Айгүл нар нь гэрлэлтээ цуцлуулсан, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй. Тэд тухайн үед сайн дурын үндсэн дээр өөрсдийнхөө зөвшөөрлөө өгч Казахстан Улс руу явснаас хойш өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, хүүхдээ эргэж ирээгүй, холбоо тасарсан болно. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна” гэж заасан учир Г.Бекарыс нь нэгэн адил энэ хуулийн хамгаалалтыг эдлэх эрхтэй.

10. Мөн Хүүхдийн эрхийн конвенцын 21 дүгээр зүйлийн 1-д “Үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих бөгөөд тэдгээр нь: (a) хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ; (б) хэрэв хүүхдийн хүмүүжил буюу үрчлэлтийг хангаж чадахуйц гэр бүлд байлгах буюу хүмүүжүүлэх зорилгоор шилжүүлэх, эсхүл тухайн хүүхдийн төрсөн оронд зохих ёсоор нь асрамжлах боломжгүй бөгөөд өөр оронд үрчлүүлэх нь хүүхдийг асарч хамгаалах боломжтой арга хэмээн авч үзэж, хүүхдийг асран хамгаалалтад түр шилжүүлэх, тохирох гэр бүлд үрчлүүлэх, эсхүл эх оронд нь зохих ёсоор асран халамжлах боломжгүй бол үндэстэн дамнан үрчлүүлэхийг хүлээн зөвшөөрнө; (в) хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад хүүхэд үрчлүүлэхэд дагаж мөрддөг баталгаа болон хэм хэмжээг адил хэмжээнд хангана; (д) улс хооронд үрчлүүлэх хүүхдийг шилжүүлэн суурьшуулахад оролцсон хүмүүс энэхүү үйл ажиллагаанаас санхүүгийн ашиг хонжоо олохгүй байх шаардлагатай бүх арга хэмжээ авна; гэж тус тус зааснаас үзэхэд, хүүхдийг дээрх байдлаар үрчлүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал харагдахгүй байна.

11. Мөн Харьяатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна” гэж заасныг анхаарч, улсын бүртгэгчийн эс үйлдэхүйгээс болж Г.Бекарысын эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, сурч боловсрох эрх, хамгаалуулах эрх, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох эрх нь тус тус зөрчигдөж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

12. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0151 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай иргэн Ш.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.  

14. БӨА-ийн ӨС-ынЗасаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар захирамжаар Г.Бекарысыг Шамей овогтой Мурат, Сейт овогтой Хабиба нарт үрчлүүлэх, Г.Бекарысын бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, бүртгэлд хамруулахыг улсын бүртгэгч М.Розад үүрэг болгосон байна.

15. Дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Ш.М-аас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж “Г.Бекарысыг үрчлэн авсан тухай бүртгэл хийлгэх”-ээр хүсэлтээ гаргасан, хариуцагч нь “...Г.Бекарыс нь Казахстан улсад төрсөн, түүний эцэг эх болох Х.Галымбек, М.Айгүл нар нь Казахстан улсын иргэн учир хүүхдийн үрчлэлтийг бүртгэлд хамруулах хуулийн заалт, дүрэм, журам байхгүй...” гэж бүртгэл хийхээс татгалзсанаас маргаан үүсчээ.

16. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл нэг бүрийг анхааралгүйгээр, маргааны гол үйл баримтад хамаарах нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, БӨА-ийн ӨС-ынЗасаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар захирамжид үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь буруу байна.

17. Тодруулбал, нэхэмжлэгч нь Засаг даргын захирамжийг үндэслэн үрчилснийг бүртгүүлэхээс гадна төрсний гэрчилгээ олгохыг улсын бүртгэгчид даалгуулахыг хүсчээ.

18. Хэрэгт казак хэл дээрх Г.Бекарысын төрсний гэрчилгээний хуулбар авагдсан, Казахстан улсад төрсөн нь маргаангүй нөхцөлд түүний харъяатын асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн, өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн иргэний харъяатын асуудал, эрх зүйн байдлыг тодорхой болгохгүйгээр хариуцагчийг “Иргэний бүртгэлийн тухай 11 дүгээр зүйлийн 11.6-д ”Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж заасныг зөрчсөн буруутай” гэж дүгнэх нь хэт өрөөсгөл байна.

19. Тодруулбал, Г.Бекарысын харъяатын байдлаас шалтгаалан түүнийг бусдад үрчлүүлснээс үрчлэлтийг бүртгэх, төрсний гэрчилгээ шинээр олгох харилцаа нь ямар хуулиар хэрхэн зохицуулагдан тодорхойлогдохыг анхаарвал зохино. 

20. Анхан шатны шүүх БӨА-ийн ӨС-ынЗасаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар захирамжийг үндэслэн Г.Бекарыст төрсний шинээр олгох нь зүйтэй гэж дүгнэхдээ тухайн харилцаанд хамааралгүй буюу “...төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэл хийх...” тухай Иргэний бүртгэлийн тухай 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтыг үндэслэн дүгнэсэн нь буруу юм.

21. Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь Монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэж заасны дагуу Г.Бекарысын төрсний гэрчилгээг орчуулж хэрэгт хавсаргах шаардлагатайг анхаараагүй байна.

22. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0151 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ТУНГАЛАГ

   ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ