| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/04636/И |
| Дугаар | 197/ШШ2025/03814 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/03814
2025 04 03 197/ШШ2025/****
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******” ХХКомпани /регистрийн дугаар *****/-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.Н /регистрийн дугаар *****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 4,745,512.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “О.Н нь 2021 оны 12-р сарын 13-ны өдөр **** дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулж, 3,509,910 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй 677 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. 2022 оны 03-р сарын 10-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж үндсэн зээл 3,509,910 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан гэрээний барьцаат зээлийн гэрээний 2.7-т заасан “...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, энэхүү мөнгөн дүнгээс 2,282,605 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4,736,212.91 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 4,745,512.91 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч “******” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
“******” ХХКомпани нь О.Н-тэй 2021 оны 12-р сарын 13-ны өдөр **** дугаартай барьцаат зээлийн гэрээ/хх8-10/-г байгуулж, гар утас худалдан авах зорилгоор 3,509,910 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байна.
Хариуцагч О.Н-ээс “зээлийн гэрээний үүрэгт 2,282,605 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй, зээлийн хүүг багасгаж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Дээрх барьцаат зээлийн гэрээний 2.6-т “Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу төлнө” гэснийг зөрчин О.Н биелүүлээгүй болох нь зээл төлөлтийн дансны хуулга/хх-12/-аар тогтоогдсон, мөн гэрээний 2.7-т “Хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүү/сарын 3,3 хувь/гийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно” гэсний дагуу зээлийн үндсэн хүү 2,117,418.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 296,946.91 төгрөг, зээлийн үлдэгдэл 2,321,847.80 төгрөг, нийт 4,736,212.91 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч “******” ХХКомпанийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээр бүртгэсэн /хх-7/ байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцагчтай “барьцаат зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээнд заасны дагуу үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т заасан “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримт”-ыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаж мэтгэлцээгүй, хариуцагчаас төлсөн төлбөрийг нэхэмжлэгч тал маргаагүй болохыг тэмдэглэн, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шүүх шийдвэрлэсэн болно.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч О.Н-ээс 90,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 4,745,512.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******” ХХКомпанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 90,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР