Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 110/ШШ2025/0032

 

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Т.Ж,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж нарын хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

              1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Т.Ж  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож,Т.Ж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

              Нэхэмжлэгч анх “Т.Ж  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож,Т.Ж 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа “2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” гэж тодруулсан болно.

2. Нэхэмжлэгч Т.Ж  2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас “тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж хариу өгснөөр   уг шийдвэрийн талаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд   2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан байна.

            3. Тус зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор “Т.Ж эрхэлж байсан гэх шатахуун түгээх станцын нефть хангамжийн агуулахын ачигч гэх ажил, мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор,  хөдөлмөрийн хортой, халуун, хүнд  нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт” 2.19-д  заасан  нефть боловсруулах үйлдвэрийн  ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж  шийдвэрлэснээр  2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Т.Ж нь одоо 55 настай, улсад 20-иас доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд буюу шатахуун түгээгч буюу нефтийн операторчиноор 10-иас доошгүй жил ажилласан байна. “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Т.Ж үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иргэн Т.Ж Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан байна.

Тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101 дугаартай тогтоолоор Т.Ж гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэсэн байна. Т.Ж нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Казакстан улсын Астана хотод ач, зээ нарыг асран харж хамгаалахаар явсан байна.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101 дугаартай тогтоолыг түүний охин Ж нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын газраас албан ёсоор гардаж авсан байна. Ингээд уг тогтоолыг 2024 оны сүүлчээр Казакстан улсад түр оршин сууж буй аав Т.Ж явуулсан байна. Т.Ж гуай уг тогтоолтой танилцаад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж үзсэний дагуу тэрээр Бүгд Найрамдах Казакстан улсад суугаа Элчин сайдын яамны нотариатчаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Я.С надад итгэмжлэл явуулсан байна. Иймээс Т.Ж өндөр насны тэтгэвэр авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Шатахуун түгээгч буюу нефтийн операторчин нь хөдөлмөрийн хортой нөхцөл хамаардаг. Хуульд 10-иас доошгүй жил ажилласан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог юм байна. Нийгмийн даатгалын газар  нь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2.19-д заасан нефть боловсруулах үйлдвэрийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж татгалзсан байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.  Өөрөөр хэлбэл, Монгол улсад нефть боловсруулах үйлдвэр байхгүй. Харин нефтийг борлуулах шатахуун түгээх станцууд ажиллаж байна. Өмнөх шүүхийн практикт  байгаа, зөвхөн манай аймаг биш, Улаанбаатар хотод ч ийм жишгээр түгээгчээр ажиллаж байгаа хүмүүс  хөдөлмөрийн хортой нөхцөл хамаарагдаад, өндөр насны тэтгэвэр тогтоолгож байсан.

Иймд Т.Ж  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож,Т.Ж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  Нийгмийн даатгалын газарт даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

5. Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын газрыг төлөөлж дарга М.А хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч Т.Ж “Х” ХХК-д ажиллаж байсан шатахуун түгээгч буюу нефтийн операторчны ажил, мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Жагсаалт, журам батлах тухай” нэгдүгээр хавсралт, “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2.19-д заасан Нефть боловсруулах үйлдвэрийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй байгаа тул хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Нэгэнт хууль тогтоогчоос нефть боловсруулах үйлдвэр гэж тодорхой зааж өгсөн учраас манай байгууллагаас дураараа тогтоож өгөх боломжгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэгчийн “Т.Ж  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож,Т.Ж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.

3.  Нэхэмжлэгч Т.Ж  нь 1969 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 55 настай  байх ба түүний  ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 6 сараар /1990 оны 7-12 дугаар сараас эхлэн 2000 оныг дуустал/ нөхөн тооцсоныг  эрх бүхий этгээдээс баталгаажуулсан  /Хавтаст хэргийн   6 дах  хуудасны ар  тал/   байна.

Мөн нэхэмжлэгч Т.Ж нь  2011 оны 10 дугаар  сарын 01-ээс эхлэн  2024 оны 7 дугаар сарыг дуустал  “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулахад  түгээгч /нефть хангамжийн операторчин/ бөгөөд  шатахуун  ачигчаар ажилласан, энэхүү  хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь “Х” ХХК-ийн захирлын  2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар,2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр  тушаалууд, тус компанийн захирлын тодорхойлолт,2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ,уг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолт, 0334490 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой, даатгуулагч Т.Ж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн   5-6,7-8,21-23,34,37-39 дэх  тал/ тус тус тогтоогдож байна.

4.Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Ж  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулахад нефть хангамжийн операторчин бөгөөд шатахууны ачигчаар ажиллаж,  шимтгэл төлсөн   хугацаа 12 жил 10 сар,  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012 он/-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул  нөхөн тооцсон хугацаа 10 жил 6 сар, нийт 23 жил 4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр  байна.

5.Хариуцагч талаас нэхэмжлэгч Т.Ж  хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “Т.Ж ажиллаж байсан ажил, мэргэжил нь   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор,  хөдөлмөрийн хортой, халуун, хүнд  нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”–ын 2.19-д  заасан “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн  ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй” гэж тодорхойлсон.

Харин  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох  бусад  болзлыг хангаж байгаа талаар  маргаагүй, тодруулбал, 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд хүрсэн болон  10-аас доошгүй жил  “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулахад нефть хангамжийн операторчин бөгөөд шатахууны ачигчаар ажилласан талаар маргаагүй болно.

 

6. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг” 4.1.3-т “"агуулах" гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг”, 4.1.4-т “"түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг” гэж тус тус заасан.

“Х”  ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулахад   нефть хангамжийн операторчин бөгөөд шатахууны ачигчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Т.Ж байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажил үүргийг “шатах  тослох материалыг  хүлээж авах, хадгалах,  ачих,түгээх, хэмжилт хийх,түгээгүүр, насосны хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн урсгал засварыг хийх” гэж,  хөдөлмөрийн нөхцөлийг  “хортой”   гэж  тус тус тусгаснаас гадна энэ  талаар гэрч  “Х”   ХХК-ийн захирлаас “...Т.Ж нь шатахуун түгээх станцын  операторчин бөгөөд ачигчийн хувьд шатахууныг хүлээж авах, хадгалах,  ачих,түгээх, хэмжилт хийх гэсэн үндсэн чиг үүргүүдийг гүйцэтгэдэг байсан. Манай шатахуун түгээх станцын түгээгч, ачигч нарын  хувьд шатахууны ууршилттай орчинд шатахууны түгээлт хийдэг,шатахууны хүндийг хэмжих, градусыг хэмжих үйл ажиллагаа явуулдаг. ...Иймээс хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг байгаа” гэж мэдүүлсэн.     

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчны гүйцэтгэх ажил үүрэг нь  Монгол улсад шатахууны худалдааны чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг бусад  хуулийн этгээдийн  шатахуун түгээх станцад ажилладаг нефть хангамжийн операторчны гүйцэтгэх ажил үүрэгтэй ижил,  хөдөлмөрийн нөхцөлийн хувьд   мөн ижил буюу ажлын байрны тодорхойлолтод “хортой” гэж тусгасан  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 41-46 дах тал/  тус тус тогтоогдож байна.

Мөн шүүхээс нотлох баримт цуглуулах хүрээнд  тус аймгийн Нийгмийн даатгалын газраас  нэхэмжлэгч Т.Ж  ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан  иргэн И.С тэтгэврийг хэрхэн тогтоосныг шалгахад  иргэн И.С нь “Р” ХХК-ийн  шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор  ажиллаж байсныг  хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан  үзэж, тэтгэврийг хөнгөлөлттэйгөөр  тогтоосон  болох нь  тогтоогдсон / Хавтаст хэргийн 65-66,68-75 дах тал/ болно.

Үүнээс гадна, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “...бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд дараах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө: 2.Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ” гэж тусгаснаас үзэхэд  Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр нь  ашиглалтад ороогүй ,төслийн шатанд  байгаа  гэж үзэхээр байна.

7. Нэхэмжлэгч  Т.Ж нь 2011 оноос 2024 оны 7 дугаар сарыг дуустал “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулахад нефть хангамжийн операторчин, шатахууны ачигчаар ажилласан нь тогтоогдож байгаа ба энэхүү ажил нь  тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил ,мэргэжилд хамаарах  эсэх нь  одоогийн дагаж мөрдөж байгаа болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулиудыг  дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актуудаар  тус тус зохицуулагдана.

1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн  6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.

Уг 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар   баталсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.

Мөн 2023 онд баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталжээ.

Уг жагсаалтын ““2.Хөдөлмөрийн хортой нөхцөл”  хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 8.Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/; 8.Нефть хангамжийн операторчин /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/, 13. Ачигч, агуулахын /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/ ;13.Шатахуун ачигч, 14.Шатахуун буулгагч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ “ гэж  тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон  өмнө нь үйлчилж байсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч,  буулгагчийн ажил,  мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд   хамаарч байна.

 Харин  дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын  “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-өөс бусад хэсэгт нефть  буюу  шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.

Үүнээс үзвэл уг тушаалуудаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтгээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх станц”-ын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус  зохицуулсан гэж үзнэ.

8. Дээрх  үйл баримтуудыг   холбогдох хууль , захиргааны хэм  хэмжээний актуудтай холбож үзэхэд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд  нефть хангамжийн операторчин, шатахууны ачигчийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд  нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог  болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой  байнга , ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг”  нөхцөл байдалтай холбоотойгоор  хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад  хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин, ачигч хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр нь нефть, бензин зэрэг хортой шингэнтэй  шууд харьцдаг  хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахыг харгалзан үзэхгүйгээр  Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-дээрх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байна.

10. Иймд   нэхэмжлэгч Т.Ж нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй,  хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн опероторчин, шатахуун ачигчийн ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь  хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.

11. Дээрх байдлаар  нэхэмжлэгч Т.Ж өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно”  гэж заасан.

Нэхэмжлэгчээс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас  дээрх үндэслэлээр “тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж хариу өгсөн бөгөөд  нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан тухайн  өдрөөр биш харин  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд   гаргасан гомдлыг нь хянан шийдвэрлэсэн өдрөөс буюу 2024 оны 12 дугаар  сарын 16-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, Т.Ж өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ