Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогч Н.Б-,

шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт Ц-гийн А-т холбогдох эрүүгийн 1710011320046 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А- овогт Ц-гийн А- /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо .......... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн эхнэр Н.Б-тай гэр бүлийн маргаанаас болж маргалдан зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нөхөр бид хоёрын санхүү нэг болохоор е-мэйл дээр шуудан ирдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн зарлага мессэжээр ирсэн. Манай нөхөр автомашиндаа үнэтэй зүйл худалдаж авснаас болж бид маргалдсан. Гэтэл нөхөр Ц.А- машины түлхүүрээ аваад гарах гэхээр нь би түлхүүрийг нь өгөхгүй гээд зууралдаж байтал миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Би босч ирээд шарандаа “намайг зод зод” гээд дайрахад А- дахин намайг нэг удаа цохисон. Ц.А- бид хоёр 4 хүүхэдтэй, 15 жил хамт амьдарч байгаа, урьд өмнө намайг зодож байгаагүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал байхгүй. Тэр өдөр маргаанаас болж цохьсон. Бид эвлэрсэн хамт амьдарч байгаа. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ц.А- 2018.01.24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би эхнэр Н.Б-тай 2002 онд буюу 15 жилийн өмнө гэр бүл болсон. Бид хоёр гэр бүлийн баталгаатай. Одоогоор ХУД-ийн 11 дүгээр хороо Тэнгэр вилла хотхоны 112-4 тоотод 4-н хүүхдийн хамт амьдарч байна. 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой 19.00 цагийн үед гэртээ амрах гэж байгаад эхнэр Н.Б-тай гэр бүлийн маргааны улмаас маргалдсан. Тухайн үед маргалдаад би тайвшрах санаатай гарч явах гээд машины түлхүүрээ авсан чинь эхнэр Н.Б- түлхүүр булаацалдаад түлхсэн чинь уначихсан. Хэрүүл хийгээд уурлаад “цохь, зод” гээд хашгираад байхаар нь тухайн үед уур хүрээд нэг цохичихсон. Хаана нь яаж цохисноо санахгүй байна. Уур бухимдалтай байсан. Дараа нь уулзаад харсан чинь манай эхнэрийн баруун нүд нь жаахан хөхөрчихсөн байхаар нь хэд хоног очиж чадалгүй ээжийндээ байсан. Хэд хоногийн дараа эхнэр дээрээ очиж уучлалт гуйгаад эвлэрсэн. Би тухайн үед эхнэртээ гэмтэл учруулна гэж бодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,

2. Хохирогч Н.Б- 2018.01.14-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би нөхөр Ц.А-тай 2002 онд буюу 15 жилийн өмнө гэр бүл болсон. Бид хоёр гэр бүлийн баталгаатай. Одоогоор ХУД-ийн 11 дүгээр хороо Тэнгэр вилла хотхоны 112-4 тоотод 4-н хүүхдийн хамт амьдарч байна. Манай нөхөр хувиараа ангийн зориулалттай дэлгүүр ажиллуулдаг. Нөхөр бид хоёр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ үл ялих зүйлээс маргалдаж нөхөр А- миний толгой руу нэг удаа цохиж унагаасан. Би босож ирэнгүүтээ шарандаа “намайг зод зод” гэхэд нүүр рүү нэг удаа цохичихоод гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,

2018.01.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15133 дугаартай дүгнэлтэнд:

1. Н.Б-гийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 12-р хуудас/,

4. Шүүгдэгч Ц.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22-р хуудас/,

- оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1998.03.24-ний өдрийн 129 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 27-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.06.03-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 28-30-р хуудас/,

- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тэнгэр Вилла хотхоны 112-4 тоотод хохирогч Н.Б-тай гэр бүлийн маргааны улмаас цохиж  биед нь “...баруун нүдний дээд зовхины цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

  Хохирогч Н.Б-гийн ... 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр А- автомашиндаа үнэтэй зүйл худалдаж авснаас болж маргалдсан ба тэрээр машины түлхүүрээ аваад гарч явах гэхээр нь би түлхүүрийг нь өгөхгүй гээд зууралдаж байтал миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Би босч ирээд шарандаа “намайг зод зод” гээд дайрахад А- дахин намайг нэг удаа цохисон. Ц.А- бид хоёр 4 хүүхэдтэй, 15 жил хамт амьдарч байгаа, урьд өмнө намайг зодож байгаагүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал байхгүй. Тэр өдөр маргаанаас болж цохьсон. Бид эвлэрсэн хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15133 дугаартай дүгнэлтэнд:

1. Н.Б-гийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 12-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Н.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

         Шүүгдэгч Ц.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Н.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Аюулын зэргийн үнэлгээ”, 32 дугаар зүйлд заасан “Нөхцөл байдлын үнэлгээ” хийх ажиллагааг явуулаагүй байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.А- нь хохирогч Н.Б-гийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид байнга халдах зэргээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-ийг агуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Иймд шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тэнгэр Вилла хотхоны 112-4 тоотод хохирогч Н.Б-тай гэр бүлийн маргааны улмаас цохиж “...баруун нүдний дээд зовхины цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №15133 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчээс “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой” гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Ц.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Н.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

           Шүүгдэгч Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.