Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1197

 

                  

Л.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бэ, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, И.Г нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2310000000440 дугаартай хэргийг 2023 оны 12 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Лгийн Б, 1978 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, -т оршин суух бүртгэлтэй, /РД:-/.

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 98 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 304 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 15 хоногийн хорих ялаас 2 жилийг нь хассан.

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Приус 30” маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тодорхой шалтгаангүйгээр тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Бийн хоолойг хутгаар хэрчиж амь насыг нь хохироосон, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох хохирогч Б.Гыг хутга барин хөөж алахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар нэг хүнийг алсан, нэг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Л.Бын биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 211 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас нийт 154.821.117 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бт 154.681.117 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Хд 140.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр ямар нэгэн маргахгүй. Миний үйлдсэн гэмт хэргийг хуулийн дагуу зөв зүйлчлэн шударгаар ял оногдуулахыг хүсэж байна. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа хохирогч Б.Гыг хутга барин хөөн хүн алахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүнд зүйл ангиар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзсэнгүй. Энэ нь гэрч Жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхээр нь 3-4 метр зайнаас маш чангаар “боль, хутгаа хая цагдаа байна” гэж орилсон, тэгсэн нөгөө нөхөр над руу хараад цагдаагийн машин хараад хутгаа хаясан” /хх 91-92/, гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ж хошууч бид 2 машинаас буугаад “хутгаа хая” гэж шаардахад хутгаа барьсан залуу хутгаа хаясан” /хх 94-95/ гэсэн мэдүүлгүүд нь миний тухайн гэмт хэргийг төгсгөөгүй, сайн дураараа татгалзсан нь харагддаг. Шүүх эдгээр гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг харгалзан үзээгүй. Тухайн хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023/ДШМ/852 дугаар магадлалаар “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг хэргийг төгсгөж төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан бөгөөд зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд халдахаар завдсан үйлдлийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ялын хэмжээг тогтоохоор хуульчилжээ.” хэмээн тодорхой дүгнэлт гаргасан байтал, анхан шатны шүүх ял оногдуулахдаа төгсөөгүй гэмт хэрэг буюу гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэргийн хамгийн хүнд ял болох бүх насаараа хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, давж заалдах шатны шүүхийн өмнөх шийдвэрийг биелүүлээгүй хууль зөрчсөн шийдвэр болсон. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс мянгантаа уучлалт гуйя. Эрдэнэд хүний амь насыг бусниулсандаа насан туршдаа харамсаж явах болно. Тухайн үед бодлогогүй, болчимгүй үйлдэл хийсэндээ цаг, минут тутам харамсаж өөрийгөө буруутгаж сууна. Хохирогчийн ар гэрт гэм хорын учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. ...” гэв.

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Энэхүү хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа хянан шийдвэрлэгдсэн. Анх анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэгдэж шүүгдэгч Л.Бт 20 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. Харин дараагийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Бт бүх насаар нь хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.Б нь 2 дахь анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар маргасан шинжтэй оролцсон. Тухайлбал, шүүгдэгч Л.Б “тухайн үед айж сандарсан учраас аргагүй хамгаалалт хийсэн” гэж тайлбарласан. Тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур хөнгөрүүлэх үндэслэл болохоос биш гэм буруугийн асуудлаар болон хэргийн үйл баримттай маргасан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд дээрх нөхцөл байдал хамаарахгүй байна. Гэтэл хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ өмнөх 20 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг өөрчилж бүх насаар нь хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Л.Бт хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт холбогдуулан хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Приус 30” маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тодорхой шалтгаангүйгээр тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Бийн хоолойг хутгаар хэрчиж амь насыг нь хохироосон, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох хохирогч Б.Гыг хутга барин хөөж алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гын “...2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим таксинд явахаар Б.Бийн хамт гэрээс гарч ... явж байтал Гандангийн ар, хороолол чиглэлд явдаг автобусны буудал дээр хар өнгийн куртиктэй, хар цүнх үүрсэн эрэгтэй хүн /Б/ гар өргөж зогсоход “19 орно” гэж хэлээд ... Нарны гүүр давж, цагаан хаалганы гэрлэн дохиогоор хойноосоо зүүн эргэж явах үед миний хажууд сууж явсан дүү Б.Бэ хоолойгоо сонин болгож дуугарахаар нь хартал хоолойноос нь их хэмжээний цус гарч хэрчигдсэн байсан. Би эргээд хартал ард суусан залуу зүүн гартаа хутга барьсан над руу далайх үед нь би сандарсандаа эсрэг урсгалын зам руу орж машин мөргөж зогсоод суудлын бүсээ тайлаад машинаас гарсан чинь тэр залуу зүүн гартаа хутгаа барьсан намайг алах гэж хөөсөн. Би мөргөсөн машинаа тойроод гүйтэл ард цагдаагийн алаг тэрэг ирээд зогссон бөгөөд хутгатай залууг “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд хутгыг нь булааж аваад тэр залууг барьж авсан. Цагдаагийн машины ард түргэний машин зогсож байхаар нь гүйж очоод “манай дүүг хутгалаад хаячихлаа, туслаарай” гэж хэлсэн чинь түргэний эмч ирж үзээд “бурхан болсон байна” гэж хэлсэн. Би эсрэг урсгалд орж машин мөргөөд зогсох үед мөргүүлсэн машины жолооч нэлээн настай эмэгтэй хүн байсан бөгөөд машинаасаа бууж ирээд манай дүүг хараад ухаан алдаж унасан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд утсаа хайсан боловч олоогүй. Миний бие рүү тэр хүн хутгатай гараараа далайж дайрсан. Би их хурдан машинаасаа гарсан тул гар хүрч амжаагүй. Тухайн үед замын бөглөрөл их, хурд удаан ойролцоогоор 20 орчим км/цагийн хурдтай явсан бөгөөд машин мөргөж зогсохдоо ямар нэгэн гэмтэл аваагүй. Нагац дүү Б.Бийн “Тоёота Приус-30” маркийн - УБМ улсын дугаартай автомашиныг би барьсан, жолоочийн хажуугийн урд суудал дээр амь хохирогч Б.Бэ суусан, арын суудал дээр зорчигч явж байсан. Автомашин дотор зорчигч орж ирээд ... явж байхдаа “ахын дүү нарт тамхи байвал ганц тамхи өгчихөөч” гэхэд Б.Бэ “ахаа би тамхи татдаггүй, та 19 дээр буугаад тамхи аваад татчих” гэж хэлсэн чинь зорчигч “19 дээр манай дүү Төгөлдөр хүлээж байгаа” гэж хэлсэн. ...Би хоолой хэрчихийг нь хараагүй. Автомашин дотор бид нарын хооронд маргалдаж муудалцсан ямар нэгэн зүйл огт болоогүй. Таксинд суугаад явж байхад “ахынх нь хөл жаахан муу, ... ах нь Архангай аймгийнх 19-ийн үйлчилгээний төв дээр дүү Төгөлдөр хүлээж байгаа” гэж ярьснаас өөр зүйл яриагүй. Амнаас нь архи үнэртэж байсан боловч их согтоогүй байсан. Тэр залуу хаанаас хутга гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Манай машинд ямар нэгэн хутга ир үзүүртэй зүйл байгаагүй. ...” /1хх 72-73/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн “...Миний том хүү Б.Бэ -өдөр - сумын эмнэлэгт төрсөн. ...Их засаг их сургуульд элсэн орж суралцаад, эрх зүйч мэргэжлээр 2021 онд төгссөн. ...Өөрийн - дугаартай машиныг 2022 оны эхээр миний нэр дээр лизингээр авсан ба лизингээ өөрөө төлдөг байсан. ...Улаанбаатарт машинаараа таксинд явдаг байсан. Гэртээ харихаасаа өмнө таксинд явж бензиний мөнгө олох гэж явсан. ...Надтай хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед залгаж ярихдаа “эгчийнхээсээ юм авсан уу” гэж ярьсан. ...Улаанбаатар хотод хувиараа таксинд явдаг байсан. Гомдолтой байна. ...” /1хх 68-69/,

иргэний нэхэмжлэгч Б.Хгийн “...2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би ээж Б.Д болон өөрийн хүүхэд 11 сартай Аын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотын төвөөс Яармаг чиглэлтэй өөрийн “Тоёота Приус-30” маркийн - УЕК улсын дугаартай авто машинтай явж байхад Эх хүүхдийн сувиллын урд төв зам дээр 3 дугаар эгнээнд түгжрээд зогсож байхад эсрэг талын буюу Яармагаас хотын төв чиглэлтэй төв зам дагуу 2 дугаар эгнээнээс цэнхэр өнгөтэй дугаарыг нь хараагүй “Тоёота Приус” маркийн авто машин шууд ирээд манай машиныг мөргөсөн. Тухайн үед машиныг маань миний ээж Д жолоодож явж байсан би машины хойд суудал дээр ганцаараа сууж байсан хүү маань урд жолоочийн эсрэг талын суудал дээр ганцаараа унтаж байсан чинь машин мөргөснөөс болоод суудлаас унасан. Би хүүгээ босгож авчаад цонхоор харсан чинь улаан өнгийн куртиктэй залуу “дүүг маань хутгалчихлаа, туслаарай хүмүүсээ” гээд гүйгээд манай машины хажуугаар гарсан. Би яасан юм бол гээд машинаасаа буух гэж байсан чинь манай машиныг мөргөсөн машинаас үл таних 50-60 орчим насны намхан туранхай биетэй эрэгтэй хүн хутга барьсан байдалтай “ална” гээд орилоод гүйгээд байсан. Тухайн авто машины ард цагдаагийн машин явж байсан. Цагдаа нар буугаад тухайн хүнийг барьж авч байсан. Ээж маань машинаас буугаад тухайн мөргөсөн машин дээр очсон жолооч нь нас барсан байдалтай байсныг хараад ээж маань ухаан алдаад газар унасан. Түргэн тусламжийн авто машин ирээд үзээд тариа хийж өгөөд явсан. Аав маань ирээд ээжийг маань эмнэлэг рүү аваад явсан. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Харин миний хүү А урагшаа суудлаас унаад хэсэг уйлаад толгой нь хөдөлсөн юм шиг байна лээ. ...Машины урд хэсэг нь чихэгдээд асаагаад явахаар 5 км дээш явахгүй байгаа. Бүх гэрэл нь хагарсан байгаа. Гомдолтой байна. ...” /1хх 77-78, 85-87/,

гэрч Б.Дгийн “...Охин Х, зээ хүү 10 сартай А нарын хамтаар Хгийн - УЕК улсын дугаартай автомашиныг би жолоодож, ... Хан-Уул таурын гэрлэн дохио өнгөрөөд түгжрээд 3 дугаар эгнээнд зогсож байсан. Тэгтэл эсрэг талын урсгалын 2 дугаар эгнээнд явж байсан “Приус-30” маркийн машин огцом эргээд 3 дугаар эгнээнд шилжиж байхад ... уг машин замын голын боржуур даваад эсрэг урсгалд орж ирээд манай машины зүүн урд талыг мөргөөд зогссон. Тэгтэл манай машиныг мөргөсөн машины жолооч хаалга онгойлгож гарч ирээд орилоод замын урд тал руу зугтаасан. Тухайн машины арын хаалганаас хутга барьсан эрэгтэй гарч ирээд араас нь явах шиг болсон. Тухайн үед би машины жолоочийг хутгатай хүнээс айгаад зугтааж байна гэж бодсон. Тухайн машины арын хаалганаас гарч ирсэн хутгатай хүн манай машин руу ирэх магадлалтай, манай машин руу аймар хараад байхаар нь манай охин Х “машинаа түгж” гээд орилоод сандраад би машины хаалгыг түгжсэн. Тэгтэл удаагүй цагдаагийн алба хаагч ирээд барьсан. Тухайн үед бид нар шоконд орчихсон байсан. Манай машиныг мөргөсөн машины жолооч залуу “энэ хүн манай дүүг ингэчихлээ” гээд байхаар нь машин дээр очиж харсан чинь жолоочийн хажуу талын суудал дээр нэг залуугийн хоолой хэрчигдсэн байдалтай, нүд нь хөдлөөд байсан. Машины арын хаалганаас гарч ирсэн залуу баруун гартаа хүрэн иштэй хутга барьчихсан байсан. ...” /1хх 81-82/,

гэрч Ц.Жийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 20 минут хавьцаа ... жолооч дэд ахлагч Б.Бийн хамт - УАТ улсын дугаартай цагдаагийн алаг тэрэгтэй хороо руу явж байх замд буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “В” центрийн ард талын засмал зам дээр “Приус 30” маркийн цэнхэр өнгөтэй автомашин эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслээ мөргөөд зогсчихсон байсан. Машины цаанаас “намайг алах гээд байна цагдаа дуудаарай” гээд нэг улаан куртиктэй, саравчтай малгайтай 25-30 орчим насны залуу орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь би шууд жолоочийг “машинаа зогсоо, хоёулаа бууна шүү” гэж хэлээд бид хоёр машинаас буусан чинь манай алаг тэрэгний урд талын “Приус 30” маркийн машины дэргэд цус болчихсон, хувцастай түрийтэй гуталтай, хар бараан хувцастай эрэгтэй хүн “ойртсон хүнийг нь ална шүү” гэж хашхираад, цаана байсан нөгөө улаан куртиктэй залууг “чамайг би заавал ална за юу” гэж хэлээд хойноос нь хөөх гээд довтлох гээд байж байсан. Тэгэхээр нь би 3-4 метр орчмын зайтай сэжигтэн этгээд дээр очоод маш чангаар “боль хутгаа хая, цагдаа байна” гэж орилсон. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь над руу гайхаж хараад ард талд маань цагдаагийн машин байгааг анзаараад хутгаа хаясан. Тэгэхээр нь би очоод гарыг нь мушгиад доош нь дараад өчсөн. Тэгээд би “одоо тайвшир, үгэнд ор” гэж хэлээд тэндээс босгоод, жолооч дэд ахлагч Бийг “чи хэргийн газрыг хамгаалалтдаа ав, хэргийн нотлох баримт болох хутгыг сайн хараарай” гэж хэлээд би сэжигтэн этгээдийг бариад хэлтэс рүү сугавчлаад явсан. Тэгээд явж өгөхгүй “тамхи татмаар байна” гээд байсан. Тэгэхээр нь би “хэлтсийн үүдэнд очоод тамхи татуулна” гэж хэлээд дагуулаад явж байсан чинь Ганзориг гарч ирээд надтай хамт сэжигтнийг сугавчилж хэлтсийн үүдэнд ирсэн. Тэгээд сэжигтэн этгээдийг тайвшруулахын тулд нэг ширхэг тамхи зуулгасан. Тэгсэн чинь сэжигтэн “хоёуланг нь алах байсан юм, нэгийг нь шаачихсан, нөгөөх нь зугтчихлаа ямар азтай гөлөг вэ, цагдаа хүрээд ирэх юм” гэж хэлсэн. Тэгээд тамхи татуулж дуусгаад сэжигтэн этгээдийг эрүүгийн мөрдөгч Гантулгад хүлээлгэн өгсөн. Намайг баривчлах үед сэжигтэн этгээд болох Л.Б ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Сэжигтэн Баас архины үнэр ханхалж байсан, үйлдэл хийх өөрийгөө удирдах чадвартай байсан ба хариу үйлдэл үзүүлэх бүрэн ухамсартай, ер нь дунд зэргийн согтолттой байсан. ...” /1хх 91-92/,

гэрч Х.Бийн “...Би хэсгийн байцаагч Жийн хамтаар ... - УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод ... төв зам руу баруун эргээд явахад машин урсгал сөрж мөргөсөн. Хутга барьсан согтуу хүн улаан цамцтай залуугийн араас хөөсөн байдалтай харагдахаар нь гартаа хутга барьсан хүн дээр тулж очоод машинаа зогсоож цонхоо доош буулгахад зугтаж байсан улаан цамцтай залуу ирээд надад хандаж “Ахаа туслаарай, манай ахыг хутгалчихлаа” гэж тусламж гуйсны дагуу Ж хошууч бид 2 машинаас буугаад “хутгаа хая” гэж шаардлага тавихад гартаа хутга барьсан залуу хутгаа хаяхад нь шууд очоод баривчилж аваад энэ явц байдлыг жижүүрт даруй мэдэгдээд хутга барьсан хүнийг Цагдаагийн хэлтэст оруулж холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч ажилласан. Намайг буугаад харахад нүүрэнд нь өөрчлөлт ороод, нэлээн найгасан байдалтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтолттой харагдаж байсан. Баривчлах явцад гартаа хутга барьсан залуу надад хандаж “Би хоёуланг нь алах байсан юм” гэж хэлэхээр нь машин руу очоод харахад жолоочийн эсрэг талын суудал дээр хутгалуулсан байдалтай эрэгтэй хүн цус алдаад хэвтэж байсан. ...” /1хх 94-95/,

гэрч С.Тийн “...Манай нөхөр Б нь Төв аймгийн Лүн суманд өөрийн малаа маллаж амьдардаг юм. Манай туслах малчин авахаар зар тавьсан байхад Л.Б гэх хүн утсаар 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр холбогдоод сарын 500.000 төгрөгөөр туслах малчнаар ажиллуулахаар болсон. ...Тэгсэн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутын үед 88185833 дугаарын утаснаас залгаад “мөнгө байвал өгчих иргэний үнэмлэхээ сунгуулаад хөдөө явъя” гэж хэлэхээр би “надад одоохондоо мөнгө байхгүй байна, нөхөр Бтай яриа” гэж хэлсэн. Тэгсэн нөхөр Бтай яриад 50.000 төгрөгийг шилжүүлж авсан байсан. Үүнээс хойш дахиж би холбоо бариагүй, манай нөхөр Б залгаж утсаа авахгүй байсан гэсэн. Манайд туслах малчнаар ажиллаж байхдаа цагаан сараар архи уусан, мөн 2023 оны 3 дугаар сарын эхээр архи уусан. Архи уухаараа их муухай зан авиртай юм билээ. Би нэг удаа Улаанбаатар хотоос 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөө нөхөр дээрээ очиход туслах малчин Б нь архи уучихсан байсан. Би тамхи авч очсон байсан. Тэгээд намайг тамхи авчираад өгчихгүй юу гэхээр би ширээн дээр тамхи байна аваад тат гэсэн чинь намайг гичий гээд элдэв муухайгаар дуудаад байсан. Тэгсэн манай нөхөр Б унтаж байгаад сэрээд “чи юу яриад байгаа юм дугуй унт” гээд загнасан чинь чимээгүй болсон. Тэгээд Б “надад хутга байгаа шүү” гээд яриад байсан. Тухайн үед тоогоогүй согтуудаа дэмий юм ярьж байна гэж бодож байсан. Цагаан сарын өмнө манай нөхөр Б Улаанбаатар хотод ирчихсэн байхад Б утсаар яриад архи аваад ирээрэй гээд байхаар нь манай нөхөр 0,75 грамм архи аваачиж өгсөн чинь уг архи уучихаад манай нөхрийг унтаж байхад нь гэрийн хар иштэй хутгийг гартаа бариад “чамайг ална шүү” гээд манай нөхрийн өөдөөс босоод ирж байхад нь манай нөхөр Б сэрээд босоод гар руу нь өшиглөж хутгыг нь булааж авсан гэсэн. Тэгээд тухайн шөнө нь үглээд хоносон гэсэн. Тэгээд манай нөхөр надад ярихдаа “Б архи уухаараа авиргүй нөхөр байна, архи өгч болмооргүй юм байна” гэж хэлж байсан. ...” /1хх 111-112/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Б.Бийн цогцост хүзүүн дэх баруун гүрээний тараагуур болон хураагуур судас бүрэн тасалсан, хүзүүний булчин, зөөлөн эд, төвөнхийн мөгөөрсний гадна хальс гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас цочмог гадуур цус алдаж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гэмтлийг авсны дараагаар богино хугацаанд (1-2 минут орчим) үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэхгүй. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цус, шээсэнд илрээгүй, ходоодны шингэнд 2,7 промилли илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис шээсэнд илрээгүй байна. Талийгаач нь нас барахын өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтолтгүй байжээ. 2023 оны 3 дугаар сарын 28-ны 17 цаг 40 минут цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 1-2 цаг орчим болсон байжээ. ...” гэсэн 977 дугаар /1хх 121-124/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Гын биед цээжний цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. ...” гэсэн 4458 дугаар /1хх 133-134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн “Л.Б” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. “Л.Б” гэж хаягласан цуснаас 3,0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжийн хэмжээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд хүрэлцэхгүй. ...” гэсэн 1622 дугаар /1хх 158-159/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн - УБМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гадна болон дотор талын гадаргуугаас 22 ширхэг гарын мөр илэрсэн. Уг гарын мөрүүдийн № 5, 8, 9, 106, 106, 11, 12, 13, 14, 15, 16, 19, 21 дугаартай гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. /10 дугаартай 2 ширхэг гарын мөрүүдийг хооронд нь ялгахын тулд 10а, 106 гэж дугаарлав/. Харин №1, 2, 3, 4, 6, 7, 17, 18, 20, 22 дугаартай гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн № 106 дугаартай гарын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн амь хохирогч Бийн Бийн баруун гарын долоовор хурууны дардастай, N912 дугаартай гарын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн амь хохирогч Бийн Бийн баруун гарын ядам хурууны дардастай, №19 дугаартай гарын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Баянмөнхийн Гын баруун гарын эрхий хурууны дардастай тохирно. Шинжилгээнд тэнцэж буй №5, 8, 9, 106, 11, 13, 14,15, 16, 21 дугаартай гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай болон харьцуулах шинжилгээнд ирүүлсэн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Харьцуулах загварт ирүүлсэн Лгийн Б нь санд 2 удаа, Бгийн Г нь санд 4 удаа бүртгэгдсэн. Харин амь хохирогч Бийн Бэ папилон санд бүртгэгдээгүй байна. ...” гэсэн 1564 дугаар /1хх 171-173/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилж буй Toyota prius- 30 маркийн, - УБМ улсын дугаартай автомашинд эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүссэн эвдрэл гэмтлүүд нь шинэ, ослын үед үүссэн байна. Урд бамбай, зүүн хажуу хормой хагарсан гэмтлүүд хатуу мохоо зүйлтэй урдаас хойш чиглэлд харилцан үйлчлэлээр буюу ослын үед 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн урд дугуйн нүүр хэсэгт 1,3х1см нэвт цоорсон гэмтэл нь хурц эрмэгтэй зүйлтэй гаднаас дотогш чиглэлд 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. ...” гэсэн 1566 дугаар /1хх 205-206/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Б нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Б нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг ойлгон мэдэх чадвартай байсан байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Л.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн 342 дугаар шинжээчийн /2хх 72-73/ дүгнэлтүүд,

шуурхай удирдлагын гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /1хх 10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-29/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 30-33/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 34-39/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 40-53/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 54-55/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 56/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 59/, “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 214, 219/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Л.Бын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.

Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, шууд болон шууд бус санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсныг ойлгоно.

Шүүгдэгч Л.Бын хохирогч Б.Бийн амь насыг тодорхой шалтгаангүйгээр хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг нь төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй. Энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт юм.

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тодорхой шалтгаангүйгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох хохирогч Б.Гыг хутга барин хөөсөн үйл баримт нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоогдсон байна. Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан бичгийн нотлох баримтуудаар ийнхүү сэргээн тогтоосон байх бөгөөд уг нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийг хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэж, түүний гэмт үйлдлийн талаар хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Тодруулбал, шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Г руу хутга барин “ална” гэж дайрч, араас нь хөөсөн бөгөөд хохирогч нь өөрийн тээврийн хэрэгслээр эсрэг урсгалд явсан машиныг мөргөж зогсоон гарч зугтсан ба тухайн үед үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч нар шүүгдэгчийг саатуулснаар гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.

Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч хүнийг алахад чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч төгсөөгүй нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх тул шүүгдэгч Л.Бын үйлдлийг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж анхан шатны шүүхээс дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба түүнд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Л.Баас “ял хөнгөрүүлэх” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг зөрүүтэй байдлаар дүгнэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн нэхэмжлэлээс оршуулгын зардал 13.630.703 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын 1.140.000 төгрөг, тээврийн хэрэгслийн угаалгын зардал 470.000 төгрөг, Алтан зоос капитал ББСБ-ын зээл 18.800.000 төгрөг, Начин заан Финанс ББСБ-ийн зээлийн үлдэгдэл 2.530.414 төгрөг, Заан 4 барьцаалан зээлдүүлэх газрын зээл 1.512.200 төгрөг, Флат Флаян ХХК заан барьцаалан зээлдүүлэх газрын 1.470.000 төгрөгийг нийт 39.553.317 төгрөгийн болон иргэний нэхэмжлэгч Б.Хгийн шинжээчийн хөлс төлсөн 140.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж, А.Бийн нэхэмжлэлээс замын зардал болон шашны зан үйлтэй холбоотой 3.495.864 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гурав дахь хэсгийн 3.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82.500.000 төгрөгийг буюу нийт 122.193.317 төгрөгийг шүүгдэгч Л.Баас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бт 122.053.317 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хд 140.000 төгрөгийг олгуулахаар зөвтгөх өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч шүүгдэгч Л.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Бын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас нийт 122,193,317 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бт 122,053,317 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Хд 140.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ш.БЭ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ