Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2025/0033

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Т.И,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж нарын хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

              1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Т.И өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Т.И  2025 оны 01 дүгээр  сарын  09-ний өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Т.И  өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас  татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд   2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан байна.

            3. Тус зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Т.И шатахуун түгээх станцуудад түгээгчээр  ажиллаж байсан жилүүд нь  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор,  хөдөлмөрийн хортой, халуун, хүнд  нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт” -ын 2.19-д  заасан  Нефть боловсруулах үйлдвэрийн  ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй” гэж  шийдвэрлэснээр  2025 оны 2 дугаар  сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг Т.И нь одоо 56 настай, улсад 20-иас доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөл буюу шатахуун түгээгч, нефть операторчноор 10-аас доошгүй жил ажилласан юм.

 

Т.Игилик нь “Кайнар” ХХК-ны харьяа шатахуун түгээх станцад 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түгээгчээр 5 жил ажилласан, “МТ секьюрити” ХХК-д шатахуун түгээгчээр 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 жил, 2 сар, 2 хоног, нийт  10-аас доошгүй жил хортой нөхцөлд ажилласан.

Ингээд Т.И хортой нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарахаар аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын байцаагч нарт хандахад “Таны ажиллаж буй шатахуун түгээгчийн албан тушаал нь хортой нөхцөлд хамаарахгүй” гэж өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн юм. Дараа нь иргэн Т.И нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх асуудлыг тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж гомдол гаргасан байна. Тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Т.И гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэсэн байна.

Иймээс Т.И өндөр насны тэтгэвэр авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Иймд иргэн Т.И өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, Т.И 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах  тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

5. Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын газрыг төлөөлж дарга М.А хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.И 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргасан өргөдлийг хянан хэлэлцэж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/221 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтад заасан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад хамааралгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгч Т.И нь “К” ХХК-ны харьяа шатахуун түгээх станцад 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түгээгчээр 6 жил ажилласан  гэж байгаа. Тус газрын архиваас “К” ХХК-ийн 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тайлангаас үзэхэд 1997 оны 1,2,3 сар хүртэлх иргэдийн хураамж төлөлтийн тайланд байгаа ажилчдын жагсаалтад нэхэмжлэгч Т.И нэр байгаагүй. Харин 1997 оны 7 дугаар сараас эхлээд 12 дугаар сар хүртэлх тайланд Т.И нэр доороосоо 2 дугаарт бичсэн мөртлөө 7,8,9,10,11 дүгээр сарын цалин хөлсний жагсаалтууд хоосон байна. Зөвхөн 12 дугаар сард 32710 төгрөгийн цалин хөлстэй байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаагаар Т.И // нь 1997 оны 12 дугаар сард 32710 төгрөгийн цалин хөлстэй байсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 098484 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 2 дугаар хуудаст 1997 онд бүтэн жил ажилласан мэтээр бичсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.И нь шүүхэд хуурамч баримт бичиг гаргаж өгсөн байна. “К” ХХК-ийн шимтгэл төлсөн тайлангийн баримтад байгаа цалин хөлстэй таарахгүй байна. Уг дэвтрийн онуудын хувьд балаар зассан. Дэвтрийн 8 дугаар хуудсанд байгаа А.М ........... дугаартай “К” ХХК-ийн даргын хувийн тамга дарагдсан байна. Мөн дэвтрийн “Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл” хэсэгт эрхэлж байсан ажил, албан тушаал дээр түгээгч, операторчин гэж бичиж дээр нь тамга дарсан байна. Нэг хуудаст 2 удаа тамга дарах ёсгүй тул хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Нийгмийн даатгалын дэвтэрт ажил олгогчийн тамгыг дарах ёстой.

Нэхэмжлэгч Т.И нь “М” ХХК-ийн харьяа шатахуун түгээх станцад 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл шатахуун түгээгчийн албан тушаалд хортой нөхцөлд ажилласан гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/221 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтад заасан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад хамааралгүй байна.  Мөн нэхэмжлэгч Т.И нь “М ” ХХК-д сахиулаар ажилласан байсан нь тогтоогдсон.

Иймд хөдөлмөрийн хортой нөхцөлд 10 жил ажилласан гэж үзэх боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Т.И  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Т.И  2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.

3.  Нэхэмжлэгч Т.И  нь 1968 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 56 настай  бөгөөд  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2024/00208 дугаартай шийдвэрээр /Хавтаст хэргийн  25-27 дах  тал/  Т.И нь Сангийн аж ахуйн яамны харьяа Баяннуурын сангийн аж ахуйд 1988 оны 7 дугаар сарын 15-аас 1992 оны 02 дугаар сарын 10-ны хүртэл   тракторчоор ажиллаж байсныг тогтоосон байх ба энэ шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Т.И  нь Сангийн аж ахуйн яамны харьяа Баяннуурын сангийн аж ахуйд тракторчоор 1988 оны 7 дугаар сарын 15-аас 1992 оны 02 дугаар сарын 10-ыг хүртэл нийтдээ 3 жил 6 сар 26 хоног ажилласан нь тогтоогдсон тул  энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно:23.1.1.ажилтны 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа; 23.1.2.ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж  тус тус зааснаар тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр  байна.

 4.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012 он/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул  нэхэмжлэгч Т.И  ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 2 жилээр /1995,1996 он/ нөхөн тооцсоныг  эрх бүхий этгээдээс баталгаажуулсан,  мөн Т.И нь 2013 оны 3-12 дугаар сар, 2014 оны  1-12 дугаар, 2015 оны 1-3 дугаар сард  “Н” ХХК, “Ө” ХХК-д,  2021 оны 9-12 дугаар, 2022 оны 1-12 дугаар, 2023 оны 1-11 дүгээр  сард “Х” ХХК-д тус тус ажиллаж,  нийтдээ  4 жил 4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / Хавтаст хэргийн 6,8-10,11 дэх тал/ тогтоогдсон болно.

5. Нэхэмжлэгч талаас “Т.И  нь түгээгчээр “К” ХХК-ийн шатахуун түгээх станцад  1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал 5 жил, “М” ХХК-ийн  харьяа шатахуун түгээх станцад   2015 оны 3 дугаар сарын  02-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 6 жил 2 сар 2 хоног ажилласан,  нийтдээ 10-аас доошгүй жил хортой нөхцөлд ажилласан” гэсэн тайлбар гаргасан ба харин хариуцагч талаас “даатгуулагч Т.И “К” ХК-д ажилласан хугацаанд авсан  хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаагаар тус компанид ажилласан хугацаа нь  5 жил хүрэхгүй, мөн Т.И нь “М ” ХХК-д сахиулаар ажилласан байсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн хортой нөхцөлд 10 жил ажилласан гэж үзэх боломжгүй” гэж  маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 54-58 дах тал/ даатгуулагч Т.И “К” ХК-д  ажилласан 1997  оны 12 дугаар сар, 1998 оны 2-12 дугаар сар, 1999 оны 1-12 дугаар сар, 2000 оны 1-3, 6-12 дугаар сар, 2001 оны 1-8 , 10-12 дугаар сар, 2002 оны 1-6 дугаар сар, нийтдээ  4 жил 3 сарын  хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь тогтоогдож байна.  

Харин нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Т.И ........... дугаартай  нийгмийн даатгалын дэвтрийн /Хавтаст хэргийн 44  дэх тал/  “Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл” гэсэн хэсэгт  “”К” ХХК,  түгээгч, оператор , 1997.01. 01, тушаал 01,  2002.12.31,  тушаал 24”  гэж  тус тус тусгагдсан байгаа боловч тухайн хэсэгт “К” ХХК гэсэн тамга дарагдсан, гэтэл “К” ХК-ийн 1999 оны 1 дүгээр улирлын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд “К” ХК гэсэн тамга дарагдсан, нийгмийн даатгалын дэвтрийн шимтгэл төлсөн онууд нь засвартай,  тухайн онуудын сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, төлсөн шимтгэл, хураамжийн хэмжээ нь архивын лавлагаанаас зөрүүтэйгээс гадна  зарим хэсэг нь мөн засвартай байна.

 Хариуцагчаас  нэхэмжлэгчийн “К” ХК-д ажилласан хугацааны талаар маргаж байгаа  ба нэхэмжлэгч  талаас  “К” ХК-д  түгээгчээр  6 жил ажилласан  гэж нийгмийн даатгалын дэвтрийг гаргаж өгсөн боловч тухайн нотлох баримт нь   дээрх байдлаар эргэлзээтэй байгаа,  мөн түүний “К” ХК-д ажилласан хугацаа буюу ажилласан байдлыг   тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.И  “К” ХК-д  түгээгчээр 4 жил 3 сар ажилласан хугацааны  нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна гэж дүгнэлээ. 

 6. Мөн нэхэмжлэгч  Т.И  “М” ХХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 81/15 дугаар тушаалаар ШТС-155-д  түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчаар   томилж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 218/20 дугаар тушаалаар  өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан  мөн өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба  2015 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 4 дүгээр сарыг дуусталх нийт 5 жил 1 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 8-10,45,64-65,69-72 дах тал/ тогтоогдсон болно.

Уг тушаалаар түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчийн ажлаас чөлөөлөгдсөний дараа  нэхэмжлэгч Т.И нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “М” ХХК-тай 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Өлгий сумын 4 дүгээр багт байрлах  шатахуун түгээх станцын /ШТС-156 / барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө зэргийг хариуцан харж хамгаалах үүрэгтэй сахиулаар ажилласан байх ба тус компаниас 2020 оны 5-12 дугаар сар, 2021 оны 1-2 дугаар сар, мөн  3 дугаар сард ажилласан 5 хоногийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн /Хавтаст хэргийн 8-10,66-68,82-83 дах тал/ байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.И нь “М” ХХК-д түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчаар ажилласан, уг түгээгчээр ажилласан 5 жил  1 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа боловч 2020-2021 онд  “М” ХХК-д түгээгчээр биш  хөлсөөр ажиллах гэрээгээр  сахиулаар  ажилласан  нь тогтоогдож байна гэж үзлээ.  

7. Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.И нь нийтдээ 20 жил 1 сар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  байгаа боловч  үүнээс  түгээгчээр  ажиллаж,  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь  10 жил хүрэхгүй буюу  9 жил 4 сар байна гэж дүгнэлээ.

Хариуцагч талаас   дээрх үндэслэлүүдээс гадна “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/221 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтад заасан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад  түгээгчийн ажил хамааралгүй” гэж маргасан боловч нэгэнт  нэхэмжлэгчийн түгээгчээр ажилласан хугацаа нь  хуульд заасан “10-аас  доошгүй жил”  гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул маргааны энэ хэсэгт  дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Иймд   нэхэмжлэгч Т.И нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох   нөхцөл, болзлын  “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн” гэх болзлыг хангахгүй байх  тул  хариуцагчаас хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

8. Дээрх байдлаар  нэхэмжлэгч Т.И өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасантай нийцсэн  бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн  гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Т.И өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Т.И  2025 оны 01 дүгээр  сарын  09-ний өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ