Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч Ж.М

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-т холбогдох 1816000320026 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Х-ийн Э

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус гэх газарт Ж-ын цайны газрын гадаа иргэн Ж.М-ыг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Үнээн-Ус гэх газраас бензин тосоо аваад урагшаа 3 км газар явж байгаад хөх өнгийн Истана машинтай тааралдаж тэнд 1 шил архи хувааж уусан. Тэндээс дугаарын машиныг Ж.Б барьж хоол идэх гэж буцаж Үнээн-Усанд ирээд Ж гэдэг айлын гадна ирж зогссон чинь автобусны жолоочийн хүүхэд ирээд ямар ширүүн явдаг юм аятайхан яваач гэсэн чинь Ба миний яаж явах чамд ямар хамаатай юм гээд тэр хоёр заамдалцаад авсан. Тэгээд хэрүүл болохоор нь би очиж салгасан чинь тэр банди намайг барихлаар нь бид хоёр барьцалдаад зогсож байтал цаанаас нь аав нь бололтой хүн гүйж ирээд Ба-ыг цохиод авсан. Тэр залуу бид хоёрыг хүмүүс салгахаар нь эргээд харсан чинь Ба аавтай нь барьцалдсан зогсож байхлаар нь салгах гэж очоод тэр хүний мөрнөөс татаад хавсарсан чинь унасан. Тэгээд тэр хүн босоод автобусандаа суусан бид нар явсан ... Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /ХХ69-70/,

Хохирогч Ж.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явах ээлжтэй байсан учир тухайн өдөр аймгаас гараад 15 цагийн үед Үнээн-Усан дээр очоод түрүүлээд цайны газарт орсон байсан. Манай хүүхдүүд гадаа машинд байсан хүмүүс буулгахын хооронд би цай уугаад сууж байхад хүмүүс гадаа зодоон болж байна хүүхдийг чинь зодож байна гэж хэлсэн. Ба гэдэг залуу намайг боогоод надаас зууралдсан байсан. Э ирээд энэ машины жолооч хаана байна гэхээр нь би байна гэж хэлэхэд ирээд 2  удаа өшиглөсөн. Тэгээд гэрт байсан хүмүүсийг дуудаад тэд нар гарч ирээд салгасан. Урдаас приус машинтай ногоон дээлтэй залуу ирээд айлд орж айлын утсаар цагдаа дуудсан. Э гадаа гараад хоёулаа эв зүйгээ олоод зохицоё гэхээр нь би тийм юм байхгүй гэж хэлсэн. Тухайн хүн машины араар ороод утсаар ярьсан. Тэгээд би нэг машин олсон шатахууныг нь хэн хийх юм бэ? гэхээр нь би “би шатахуун хийж чадахгүй цагдаад дуудлага өгсөн байгаа” гэж хэлсэн. Тэгээд энэ залуу зохицъё гэхээр нь үгүй гэхэд дахин намайг хавсарч унагаад 2, 3 удаа өшиглөсөн. Тэгээд машинаас манай эхнэр хүүхэд гарч ирж салгаад хойшоо явсан байгаа. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч нь 518.000 төгрөг өгч хохирол төлж барагдуулсан гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Ө-ын “...Мөнхзул ахыг дагуулж гараад Ба, Э хоёр дээр дагуулж очоод та нар учир зүйгээ ол гэсэн чинь М ах чи яв би эд нартай өөрөө ярина гээд зогсож байтал Э ирж хавирч унагаасан чинь Мөнхзул ах босож ирээд би аймаг явлаа гээд машиндаа суугаад хөдлөөд шууд урагшаа гараад явсан...” гэх мэдүүлэг /ХХ16-17/,

Гэрч Т.М-ын “...жолооч залуугийн аав Истана машины түлхүүрийг авч жолоон дээр нь суугаад согтуу залуучуудад машин бариулахгүй гээд утсаар цагдаа дуудсан. Тэгээд зогсож байтал Өсөхбаяр ирээд хооронд нь зохицуулах гэж их үзсэн. Хоорондоо зохицохгүй байж байгаад бүгдээрээ гэрийн ар талруу явцгаасан байж байгаад намайг нэг харахад манай Гуулингийн Э жолоочийг өшиглөж унагаасан чинь жолоочийн хүү, эхнэр нь гүйж очиж аавыгаа салгаж аваад маргалдаад автобусанд суугаад хөдөлсөн ...” гэх мэдүүлэг /ХХ18/,

Гэрч Ж.Ба-ны “...Ж эгчийнд ирээд зогссон чинь нэг банди ирээд пизда минь аятайхан яваач хүн дайрлаашдээ гээд ирээд миний түлхүүрийг булаагаад явчихсан. Би тэгэхээр нь заамдаж барьж аваад бид хоёр бие биенээ заамдалцаад зогсож байтал араас хүн миний толгой руу цохихлоор нь эргээд харсан чинь шар залуу зогсож байхлаар нь барьж аваад боосон чинь тэр хүн намайг бас боогоод хажуу талаас нөгөө залуу бас миний толгой руу цохисон.. Би цохиогүй хүмүүс салгаад хоёр тийш болсон. Би араас нь очоод ахаа та хүмүүсээ аваад явчих, би хүмүүсээ аваад явчихья гэсэн чинь чамтай ярих юм байхгүй гээд жолооч цааш эрэгтэл араас Э хавирч унагаасан чинь жолооч босож машиндаа ороод явсан...” гэх мэдүүлэг /ХХ20/,

Гэрч М.Б-ийн “...Истана машин автобусны урд талд хүн дайрах шахуу ирж зогсохлоор нь би очиж та согтуу байж ингэж явж болохгүй хүн дайрна шүү  дээ гэж хэлчихээд эргээд явтал араас машин барьж явсан согтуу хар куртиктэй ах буруу талд сууж явсан Гуулингийн гэх ноосон цамцтай ах хоёр машинаас буугаад яасан том үгтэй банди вэ муухай хараад байна уу гээд  хар куртиктэй ах миний нүүр руу 2 даа цохисон. Тэгээд ээж болон тэнд байсан хүмүүс салгаж байтал аав гарч ирээд юу болов гэхэд намайг тэнд явж байсан хүмүүс холдуулж гуанзанд дагуулж ороод сууж байтал аав орж ирж цагдаатай ярьчихаад цагдаа ирэхгүй удаж байна явцгаая гээд гэрээс бүгдээрээ гарсан чинь тэр залуучууд аавтай учраа олъё гээд дагуулж автобусны араар орооод ярьж байсан. . Би машиндаа хүмүүсээ суулгаад бүртгэж байтал аавыг ноосон цамцтай залуу хавсарч унагаагаад өшиглөж байхаар нь ээж бид 2 гүйж очоод салгаж аваад явъя гээд аваад явсан ...” гэх мэдүүлэг /ХХ22-23/,

Гэрч Б.Л-ийн “...М-ыг яриад учраа ололцъё гээд ногоон дээлтэй залуу дагуулаад нөгөө залуусын хамт хойд дэлгүүрийн араар орсон. Би эр хүмүүс учраа олж байгаа юм байх гэж бодоод хүмүүсээ суулгаад бүртгэчихээд Мөнхзул ирэхгүй удаад байхаар нь Б бид хоёр автобуснаас буутал М-ыг хойно мөстсөн цасан дээр хавсарч унагаагаад хар куртиктэй залуу өшиглөж байхаар нь бид хоёр гүйж очоод та нар учраа ололцохгүй юм байна гэтэл ногоон дээлтэй залуу нөгөө хоёрыг барьж авахлаар нь бид хоёр М-ыг аваад автобусанд оруулж ирээд бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг /ХХ24-25/,

Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаартай “... 1. 2. Иргэн Ж.М-ын биед баруун  бугуйн шөрмөсний няцрал, суналт, баруун гарын 2-р үе, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт  /ХХ34-35/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус гэх газарт Ж-ын цайны газрын гадаа иргэн Ж.М-ыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Э согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж ялыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулахаар хугацаа тогтоон шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентген зургийг хохирогч Ж.М-д буцаан олгож, 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж,  энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдоогүй, хохирогч Ж.М-д хохиролд 518.000 /таван зуун арван найман мянган/ төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Х-ийн Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Х.Э-т сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентген зургийг хохирогч Ж.М-д буцаан олгож, 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

5. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдоогүй, хохирогч Ж.М-д хохиролд 518.000 /таван зуун арван найман мянга/ төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА