Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1198

 

        

Г.Аод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мн өмгөөлөгч Д.Батдулам,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Г.Аод холбогдох эрүүгийн 2005020620865 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Гын А, 1984 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэдээгүйжүүлгийн их эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, одоо - тоотод оршин суух, /РД:-/.

            Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон.

            Шүүгдэгч Г.А нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа явуулах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлгийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед “зүүн хөлийн шилбэнд хадуулсан түгжээт хадаасыг авах” мэс засалд орохоор төлөвлөгдсөн өвчтөн М.Мт нугасны хөндийн мэдээгүйжүүлэлт хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийх стандартын 6, 10-т заасан “мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг” хийх, мэдээгүйжүүлгийн үеийн хяналт болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан мэдээгүйжүүлгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг хийж, хуудсыг бөглөөгүй, хагалгаанд орохын өмнөх харшлын анамезын талаар асуумж авах зэрэг хийвэл зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн М.Мт мэдээгүйжүүлэг хийсний дараа эмийн харшлын урвал илэрсний улмаас нас барсан гэх үйлдэлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Гын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хохирол, хор уршгийн төлбөрт 5.963.600 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 90.300.000 төгрөг, нийт 96.263.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мд олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэмт хэргийн шинж, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, гэм буруутай үйлдэл эргэлзээгүй тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагад нийцээгүй болно. Шүүх эмнэлгийн бичиг баримт болох өвчний түүхэн дэх “асуумж гэсэн хэсэгт-байхгүй” гэж тэмдэглэснийг “асуумж аваагүй” буюу ямар нэгэн эмийн бодист харшилтай эсэхийг асуугаагүй, асуумж аваагүй гэж буруу дүгнэлт хийсэн. Мэс засал хийхийн өмнө мэдээ алдуулалт хийх эм тариаг (хэд хэдэн эмийн бодис хавсарч хийдэг) заавал сорил тавьж хэрэглэх талаар эмчилгээний стандарт байхгүй. Энэ тухай нарийн мэргэжлийн шинжээч нар дүгнэлт гаргаж, мэдүүлэг өгсөн атал шүүх сорил тавиагүйгээс өвчтөн хохирогч нас барсан гэж буруу дүгнэлт хийсэн. Шүүх хуралдаанд шинжээч Л.Г, Ц.Ганбат нарыг оролцуулж мэтгэлцэх зарчмыг хангаж шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авсан боловч шинжээч нарыг ирээгүй байхад хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь хэргийн талаар бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тогтоохдоо эмч оношилгоо, эмчилгээний ямар стандарт, удирдамжийн ямар заалтыг биелүүлээгүй, зөрчсөн гэдгийг шинжээч нараар хөдөлбөргүй тогтоолгох үүргийг мөрдөгч, прокурор хүлээнэ. Гэтэл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээч эмч нарын 103 дугаар дүгнэлт /хх 212/-ээр “өвчтөнд мэдээгүйжүүлэг эхлэхээс өмнө зохих асуумж, харшлын асуумж авсан байна. Мэдээгүйжүүлэлтийн тарианы тун хэмжээ нь стандартад нийцсэн байна.” Харшилгүй гэж тэмдэглэсэн байна. Мэдээгүйжүүлгийн эмч нар заавар, дүрэм зөрчөөгүй байна.» гэж тогтоосон байхад шүүх хуулийг зохих ёсоор биелүүлээгүйг няцаах, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж илт буруу дүгнэлт хийсэн бөгөөд дээрх 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг шүүх шийтгэх тогтоолд дурдаагүй болно. Урьд гаргасан 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь эмнэлгийн бичиг баримт болох өвчний түүхийг анхааралтай, хянамгай нягталж судлаагүй тул “асуумж аваагүй” байна гэж илтэд буруу дүгнэсэн. Гэвч 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр дээрх дүгнэлт няцаагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлийг үндэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдол, тайлбарыг дэмжин оролцож байна. Би тухайн үед мэдээгүйжүүлгийн хуудсыг бөглөсөн. Гэвч мэдээгүйжүүлгийн хуудас хэрэгт авагдаагүйн улмаас шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан байдаг. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мн өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “асуумжийг би бөглөх ёсгүй” байсан” гэж маргаж байсан. Тухайн үед шүүгдэгч Г.А нь хохирогчоос асуумж огт аваагүй бөгөөд зөвхөн коридорт тааралдахаа л асуусан байдаг. Анх шүүгдэгч Г.А нь “хохирогчоос бичгээр асуумж аваагүй” гэж мэдүүлж байсан атлаа анхан шатны шүүх хуралдаанд мэдээгүйжүүлгийн хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримттай би танилцаагүй. Тухайн мэдээгүйжүүлгийн хуудсыг хаанаас, яаж авч шүүхэд гаргаж өгсөн нь эргэлзээтэй санагдаж байна. Өвчтөнийг анх эмнэлэгт хэвтэх үед мэдээгүйжүүлэлтийн эмч өвчтөнөөс харшлын талаар асуумжийг авах ёстой. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүх хуралдаанд шинжээч эмч нарыг оролцуулаагүй” гэж байна. Шүүгдэгч талаас хохирогчийн үхлийн шалтгаант анхаарал хандуулах бус зөвхөн тухайн мэдээгүйжүүлгийн хуудсыг хэн бөглөх ёстой талаар шинжээч эмч нараас тодруулдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг гарснаас хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн стандарт хариуцсан ажилтнаас гэрчийн мэдүүлэг авахад “Г.А нь асуумжийг бөглөөгүй байна. Энэ баримт нь өвчтөний түүхэнд байхгүй байна” гэж мэдүүлсэн. Дээрх асуумжийг мэдээгүйжүүлгийн эмч авах ёстой байсан. Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлэх журам байдаг. Уг журмын дагуу эмнэлгийн байгууллага эм, тарианы гаж нөлөөтэй холбоотой мэдээг Эрүүл мэндийн яамд 7 хоногийн дотор мэдэгдэх ёстой. Гэвч энэ талаар баримт хэрэгт байдаггүй. Мөн хохирогчийг “урьд нь мэдээгүйжүүлэлтэд орж мэс засал хийлгүүлэхэд харшил илрээгүй” гэдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс эмчилгээг зохих ёсоор хийгээгүйн улмаас миний үйлчлүүлэгч хохирч амь насаа алдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б тайлбартаа: “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийг төлөөлж оролцож байна. Мэдээгүйжүүлгийн хуудас бөглөсөн эсэхийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайн үед хохирогч 2 дахь удаагаа хагалгаанд орох гэж байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь хагалгаанд орсон байсан учраас харшлын асуумжийг авсан байсан. Өмнөх хагалгаанд мэдээгүйжүүлэлт хийхэд хохирогчийн биед ямар нэгэн харшлын урвал илрээгүй. Хагалгаа амжилттай болсон. Харин 2 дахь удаагийн хагалгаанд харшилсан асуудлыг дан ганц шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж болохгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа Монгол Улсад батлагдсан стандартын дагуу явагдахаас гадна Олон Улсын эрдэм шинжилгээний материал, шинжлэх ухаанд үндэслэж явагддаг. Мөн Монгол Улсад антибиотиктой холбоотой стандарт тогтоосон баримт бичиг байхгүй. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хохирол, хор уршгийн төлбөрт 5.963.600 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 90.300.000 төгрөг, нийт 96.263.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мд олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь, Иргэний хуульд гэм хор учруулсан этгээдээс хохирол төлбөрийг гаргуулахаар зохицуулсан байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь төрийн байгууллага учраас улсын төсвөөс санхүүждэг. Байгууллагаас гэм хорын хохирлыг гаргасны дараа санхүүгийн шалГаар зөрчил үүсдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүл мэндийн сайдын 661 дүгээр тушаалаар баталсан хавсралтад “мэдээгүйжүүлгийн эмч нь мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг, явц, хяналт гэсэн 3 хуудсыг бөглөнө” гэж заасан байгаа. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн мэдээгүйжүүлгийн хуудас нь явц, хяналт гэсэн хуудаснаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгийг хийгээгүй байдаг. Шүүгдэгч Г.А нь мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгийг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан 3 шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шүүгдэгч Г.Аын анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн мэдээгүйжүүлгийн хуудас нь хоёр өөр агуулгатай байсан. Өвчний түүх нь анх өвчтөнийг эмнэлэгт хэвтэхэд нь авдаг хүлээн авагч эмчийн асуумж юм. Гэтэл мэдээгүйжүүлгийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод мэдээгүйжүүлэлт болон мэс заслын өмнө заавал тухайн хуудсыг бөглөнө гэж заасан байдаг. Гэтэл шүүгдэгчээс тухайн хуудсыг бөглөсөн эсэхээс үл хамааран хохирогч нас барах байсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна. Мөн “мэс засал хийхээс өмнө мэдээгүйжүүлгийн эм тарианаас харшилтай эсэхэд заавал сорил тавьж хэрэглэх ёстой талаар эмчилгээний стандарт байхгүй” гэж байна. Мэдээгүйжүүлэхэд мөрддөг 2 төрлийн стандарт байдаг. Уг хэргийн хувьд нугасны хөндийн мэдээгүйжүүлгийн стандарт юм. Уг стандартаар өвчтөнд хийх тун хэмжээг нарийвчлан тогтоосон байдаг. Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчид ямар эмийг, хэр хэмжээгээр хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Учир нь, өвчтөний түүхэнд ямар эм тариа хэрэглэсэн талаар мэдээлэл байдаггүй. Хэрэгт авагдсан хамгийн сүүлд гарсан 103 дугаар шинжээчийн дүгнэлтэд “эмийн эмчилгээний бичиглэл өвчтөний түүхэнд хавсаргагдаагүй” гэж байдаг. Өөрөөр хэлбэл, өвчтөнд ямар эм тариа хийсэн нь тодорхойгүй байдаг. Эмчилгээ, оношилгоо зохих журмын дагуу хийгдэж байгаа эсэхэд тухайн тасгийн эрхлэгч, эмнэлгийн чанарын алба, эмчилгээ эрхэлсэн захирал хяналт тавин ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуульд заасны дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийг иргэний хариуцагчаар тогтоосон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.А нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа явуулах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлгийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед “зүүн хөлийн шилбэнд хадуулсан түгжээт хадаасыг авах” мэс засалд орохоор төлөвлөгдсөн өвчтөн М.Мт нугасны хөндийн мэдээгүйжүүлэлт хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийх стандартын 6, 10-т заасан “мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг” хийх, мэдээгүйжүүлгийн үеийн хяналт болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан мэдээгүйжүүлгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг хийж, хуудсыг бөглөөгүй, хагалгаанд орохын өмнөх харшлын анамезын талаар асуумж авах зэрэг хийвэл зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн М.Мт мэдээгүйжүүлэг хийсний дараа эмийн харшлын урвал илэрсний улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мн “...Би хүлээгээд байж байхад 19 цагийн орчимд манай хамаатны Т над руу яриад “Энэ хүүхэд чинь бүтэхгүй болсон байна шүү дээ, бушуухан ирээрэй” гэж хэлсэн. ... 00:00 цагийн орчимд Т над руу яриад нас барчихлаа гэсэн. ...Охин маань 8 настай, мөн 2 настай хоёр хүүхэдтэй, ээжийгээ харуулдаж хараад хэцүү байна. Хохирлоо нэхэмжилж байна. Гомдолтой байна. ...” /1хх 31-32/,

гэрч Ц.Тгийн “Г эмч над руу залгаад Мийн талаар хэлэхдээ сая мэс заслын үеэр Мт мэдээгүйжүүлэлт хийсэн чинь эмийн бодисын харшил өгөөд дөнгөж хийтэл доошоо өвдөөд байна гээд М орилсон, ...унтуулгын эмч А “эмээс харшилсан, ...унтуулчихсан байгаа” гэж хэлсэн гэсэн. ...” /1хх 13-14/,

гэрч С.Гын “...Мэдээ алдуулах бодисыг мэс заслын өмнөх тасалгаанд хийсэн. Тариа хийснээс нэг их удалгүй талийгаач “ууц нуруу руу загатнаад байна” гэж хэлсэн. Энэ үед мэдээгүйжүүлэгч эмч А хажууд нь хараад хянаад байж байсан. Талийгаач “загатнаад өвдөөд байна” гээд орилоод ахар сүүл хавьцаагаа маажаад байсан. Тэгснээ талийгаачийн хөл гар нь хөшөөд байгаа бололтой байсан. Мэдээгүйжүүлэх эмч А энэ үед арга хэмжээ авч эмчилгээг удирдсан. ...” /1хх 15-16/,

гэрч Я.Эагийн “...Тухайн М гэх өвчтөнд бупивакайн /Bupivacain/-г хийхээс өмнө сорил тавиагүй. Тухайн үед эмч А надад сорил тавь гэж хэлээгүй учраас би сорил тавиагүй. А эмч тийм заавар зөвлөмж өгөөгүй учраас би сорил тавиагүй. Журам нь мэдээгүйжүүлэлтийн эмч заавар зөвлөмж өгсөн тохиолдолд сорил тавьдаг байгаа. Урьд өдөр нь эмч А уг өвчтөнийг үзсэн байх ёстой. ...” /1хх 27-28/,

гэрч М.Пгийн “...Хэсэг хугацааны дараа “хагалгаа хойшлогдохоор боллоо” гэж эмчлэгч эмч Г хэлсэн учраас бид нарын хагалгааны өрөө рүү оролгүй дараагийн ажилдаа шилжсэн. Энэ өдрөө ажлаасаа буугаад маргааш ажилдаа ирэхэд М гэх эмэгтэй нас барсан гэдгийг нь ажил дээр ирж мэдсэн. ...” /1хх 21-22/,

гэрч Р.Гагийн “...Харшлын маягт гэж тусдаа байхгүй. Харин мэдээгүйжүүлэгч эмчийн маягт хуудас тусдаа байгаа. Уг маягтад байгаа асуумжийн дагуу асуугаад бөглөөд өвчтөнөө мэдээ алдуулалт хийхээ өвчтөндөө тайлбарлана. А эмчийн хувьд өөрөө мэдээгүйжүүлгийн хуудсаа бөглөхөө мэдэж байж яагаад бөглөөгүйг нь би одоо мэдэхгүй байна. ...” /2хх 14-16/,

гэрч Б.Бын “...Унтуулгын өмнө үзлэг хийхдээ өвчтөний биеийн байдал асуумжийг асуугаад унтуулга хийхдээ харшлах эсрэг заалт бий эсэхийг мэдээгүйжүүлгийн эмч өөрөө тогтоох үүрэгтэй. Мэдээгүйжүүлэг хийхдээ харшлын асуумжийг заавал асуух ёстой бөгөөд харшилтай гэж хэлбэл сорилыг тавина. Мөн эмч өөрийн дотоод итгэлээр харшилтай гэж хэлсэн бол сорилыг мөн тавьж болдог байгаа. А эмчийг яагаад бөглөөгүйг би одоо хэлж мэдэхгүй байна. Өвчний түүхийг би харлаа мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй байна. ...” /2хх 18-20/,

шинжээч эмч Ц.Гын “...Мэдээгүйжүүлэг хийсэн эмч энэ талаар заавал хөтөлж бичиж тэмдэглэл авах ёстой. Мэдээгүйжүүлгийн эмч нь мэдээ алдуулалтын явцад цаг хугацаа эмийн тун хэмжээ амин үзүүлэлтүүдийг тэмдэглэх тусгай маягт хөтөлнө. Өвчний түүхийг харахад харшлын асуумж аваагүй байсан. ...” /1хх 132-133/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. ...” гэсэн 1194 дүгээр /1хх 39-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн мэс заслын мэдээгүйжүүлгийн явцын бичиглэлд “нугасны хөндийн мэдүүгүйжүүлгийн” эм болон тун хэмжээ бичигдээгүй байна. Мэдээгүйжүүлгийн ямар төрлийн эм тариа хэрэглэсэн болон харшилтай эсэх талаарх асуумж аваагүй, харшлын сорил тавиагүй байна. Мэдээгүйжүүлгийн эмч харшлын талаар асуумж авч, шаардлагатай тохиолдолд сорилыг тавих ёстой. ...” гэсэн 122 дугаар /1хх 65-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн “...2020 оны 22815 тоот дахин хэвтэх үеийн өвчний түүхэнд асуумжийн хэсгийг бөглөөгүй байна. Мөн мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй тул мэдээгүйжүүлгэд ямар тариаг хэдэн граммаар хийсэн, тун хэмжээний талаарх дүгнэлт өгөх боломжгүй байна. ...” гэсэн 103 дугаар Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтран гаргасан /1хх 212-222/ дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл тэмдэглэл /1хх 8/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /10-12/, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182 тоот тушаалаар нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт” /1хх 94-97/, “Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв”-ийн 22815 дугаартай өвчний түүх /1хх 69-81/, Нугасны хөндийн мэдээгүйжүүлгийн стандарт /2хх 97-102/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.А гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед талийгаач М.Мийн өвчний түүхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан бөгөөд уг өвчний түүхэнд шүүгдэгч Г.Аын “Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас” авагдаагүй болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Аоос гаргаж өгсөн “Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас” /2хавтас 218 хуудас/ гэх бичгийн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу авагдаагүй тул нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А мэдээгүйжүүлгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг, мэдээгүйжүүлгийн явц, сэрээх үеийн хяналтын хуудсыг бөглөөгүй, мэс заслын өмнөх үзлэгийг хийгээгүй, өвчтөнөөс харшилтай эсэх талаарх асуумж аваагүй, шаардлагатай тохиолдолд харшлын сорил тавих үүргээ биелүүлээгүйгээс хохирогч М.М нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Ганбатаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шийдвэрлүүлэх ...” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй болно.

Учир нь, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...” гэж тус тусдаа хоёр шинжээр тодорхойлсон бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэлд “шалтгаангүйгээр биелүүлээгүй”, эсхүл “зохих ёсоор биелүүлээгүй” гэх чухам аль үйлдэл байгааг шалган тогтоосон байх хууль зүйн шалгуурыг тавьжээ.

Тухайлбал, “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэдэгт эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй эс үйлдлээр илрэх бол “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг ойлгохоор байна.

Шүүгдэгч Г.А нь тухайн үед амь хохирогч М.Мийн мэдээгүйжүүлгийн эмчээр ажиллаж байсан ба түүний үйлдэл дээрх гэмт хэргийн объектив шинжид хамаарах мэс заслын өмнөх үзлэг, мэдээгүйжүүлгийн явц, сэрээх үеийн хяналтын хуудсыг бөглөөгүй, мэс заслын өмнөх үзлэгийг хийгээгүй, өвчтөнөөс харшилтай эсэх талаарх асуумж аваагүй, шаардлагатай тохиолдолд харшлын сорил тавих үүргээ биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх үндэслэл бүхий байна.

Тухайн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь хоорондоо бие биенээ үгүйсгээгүй, агуулгын зөрүүгүйгээс гадна эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл тусгагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ