Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 305/ШШ2025/00245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********* мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ********* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие *********-нд Тайшир суманд төрсөн. Би 8-р ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийнхээ хамт мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1994 оны малын А данс аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учир малчнаар ажиллаж байсан жил гэж тооцогдохгүй гэж тэтгэвэрийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*********, *********/

- Төрсний бүртгэлийн лавлагаа/*********/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 175 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнагдсан хүмүүсийн бүртгэл

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 172 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт *********-ын 1994 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 171 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт *********-ийн 1993-1994 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт *********-ийн 1991-1992 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/*********

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ********* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ********* нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдов. Үүнд:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 172 дугаартай тус аймгийн Тайшир сумын далан багийн малчин, өрхийн тэргүүлэгч *********-ын мал маллаж байсан хугацаа 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын авлагаа,

-Нэхэмжлэгчийн нөхөр *********-ын 1994 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 171 дугаартай тус аймгийн Тайшир сумын далан багийн малчин, өрхийн тэргүүлэгч *********-ийн мал маллаж байсан хугацаа 1993-1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-Нэхэмжлэгчийн эцэг *********-ийн 1993-1994 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 159 дугаартай тус аймгийн Тайшир сумын далан багийн малчин, өрхийн тэргүүлэгч *********-ийн мал маллаж байсан хугацаа 1991-1992 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-Нэхэмжлэгчийн эцэг *********-ийн 1991-1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *********, ********* нар нь гэр бүл болсныг 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын 09 дүгээрт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ********* дугаартай ********* нь ********* өдөр төрснийг 1975 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын 52 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 175 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1969 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар зарлигаар Тайшир сумын харъяат ********* алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай ********* нөхөр *********, хүүхдүүдэд ********* 11 настай, ********* 9 настай, ********* 7 настай, ********* 5 настай, ********* 2 настай гэж бүртгэгдсэн архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас үнэлж, дүгнэлт хийхэд нэхэмжлэгч ********* нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж багт эцэг *********-ийн өрхөд харьяалагдан, малчнаар ажиллаж байжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ********* нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэгч *********-ийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Харин нэхэмжлэгч ********* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын далан багт мал маллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь нэхэмжлэгч ********* нь 1991 оны 01-06 дугаар саруудад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 8 жилийн сургуульд суралцаж байсан нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 8 жилийн сургуулиас олгосон 114616 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *********-тай гэр бүл болсон гэрлэсний бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудаар тус тус нотлогдож байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********-г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан байдлыг тогтоож, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын далан багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА