Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,          

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тамираа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурор П.Удвал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Б,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын Н-д холбогдох 1735002060014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Зүүнговь сумын Суварга багт оршин суудаг, /РД:ОЖ90062617/ Т овогт Б-ын Н.

             Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдснаар/

Яллагдагч Б.Н нь Зүүнговь сумын Суварга багийн нутаг "Гурамсны гол бураа" гэх газраас 2017 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр 2.94 метр куб бургас мод бэлтгэж 246.960 төгрөгийн хохирол, 0.1244 метр куб улиас мод бэлтгэж 11.494 төгрөгийн хохирол, нийт 258.454 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сард Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Гурамсны гол бураа” гэх газраас буюу орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөрөлгүйгээр 2.94 метр куб бургас мод бэлтгэж 246.960 төгрөгийн хохирол, 0.1244 метр куб улиас мод бэлтгэж 11.494 төгрөгийн хохирол, нийт 258.454 төгрөгийн хохирол ойн санд учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тодруулбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/, хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 тал/, эд мөрийн баримтаар модон иштэй төмөр сүх хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 тал/,

шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Уг мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Харин орон нутгийн тусгай хамгаалалттай газарт оршиж байна. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамгаалалтын бүсийн ойд мод бэлтгэж болохгүй. 350 ширхэг бургас мод 2.94 метр куб нойтон мод, 6 ширхэг улиас мод 0,1244 метр куб нойтон мод байна. Б.Н нь зохих зөвшөөрөлгүйгээр бургас, улиас мод бэлтгэсэн байна. Уг мод нь хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ улиас мод 11.494 төгрөг, бургас мод 246.960 төгрөг нийт 258.454 төгрөг болж байна” гэх 01 тоот дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

“Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд мөрийн баримтаар хураагдсан сүх 8.000 төгрөг, 34 метр кв хэмжээтэй 2 давхарлаж барьсан малын хашаа 170.000 төгрөгийн үнэлгээтэй, нийт 178.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт /хх-ийн 46 тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Б-ын “2017 оны 11 дүгээр сард манай сумын Суварга багийн нутаг “Гурмасны голын бураа” гэх газар малчин сумын иргэн Б.Н гэх залуу ирж буугаад бургас мод их хэмжээгээр тайрч бургас модоо сүлжиж, тойргийн хэмжээ нь 34 метр, өндөр 1 метр орчим хэмжээтэй малын хашааг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барьчихсан байсан. Манай сумын Тамгын газрын байгаль хамгаалагч Д.М, газрын даамал Д.Э нар очиж уг байдалтай танилцаж улмаар сумын Засаг дарга Д.Н-гээр уламжлуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг хашаа барьж суурьшсан Б.Н нь газрын болон мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй өөрөө дур мэдэж хашаа барьсан айл юм. Б.Н нь манай сумын иргэн биш Малчин сумын 3-р багийн нутгийн иргэн бөгөөд манай сумын тамгын газарт ямар нэгэн зөвшөөрөл авахаар санал хүсэлт гаргаж байгаагүй. Ер нь манай сум уг газар зөвшөөрөл өгөх боломжгүй, орон нутгийн тусгай хамгаалалтад орсон, байгалийн өнгө үзэмж нөөц бүхий газар юм. Байгаль орчинд учирсан хохирол 258.454 төгрөг, мөн Б.Н-гийн гэрт очиж ирсэн бензины мөнгө 41.000 төгрөг нийт 299.454 төгрөгний хохирлыг Б.Н төлж барагдуулсан байгаа. Одоо Б.Н-д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэх хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/, 

гэрч Б.Б-гийн “2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай нөхөр Б.Н Зүүнговь сумын төв рүү явж хашаа барих мод бэлтгэх зөвшөөрөл авна гэж яваад нэг хоноод гэртээ ирсэн. Би түүнээс явсан ажил бүтсэн эсэх талаар асуухад явсан ажлаа бүтээгээд ирлээ гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр хашаа барих мод бэлтгэнэ гээд 3 хоног ганцаараа яваад орой нь гэртээ ирдэг байсан. Манай гэр өвөлжөө барьдаг газраас 2 км орчим хол газар байсан болохоор би очиж хараагүй. 5 дах хоногоос хашаа барихаар бэлтгэсэн модоо хадам аав Б.Бтай хамтран сүлжиж хашаа барина гээд 4 хоног хамт ажилласан. 11 сарын эхээр манай гэр уг хашаа барьсан өвөлжөөнд буухад бургасаар сүлжиж хоёр давхарлаж дунд нь элс хийсэн малын хашаа барьсан байсан. Манай нөхөр Б.Н хашаа барихад гэрийнхээ түлээ бэлтгэхэд хэрэглэдэг модон иштэй төмөр сүхийг хэрэглэж байсан тэрнээс өөр багаж хэрэглээгүй” гэх хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 гэрч Д.Э-ийн “Би Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамалын ажлын байранд 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийн хүртэл ажиллаж байна. Манай сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг байдаг юм. Тухайн газар нутагт газрын зөвшөөрөл олгохдоо багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэж уг газрыг өвөлжөөний зориулалтаар өгдөг. Тухайн иргэн Б.Н нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Мод бэлтгэж хашаа барьсан газар байгаль хамгаалагч Д.М-ын хамт очиж хэмжилт хийхэд тойргийн хэмжээ 34 метр, өндөр нь 1 метр орчим бургасаар сүлжиж хоёр давхарлаж дунд нь элс хийж малын хашаа барьсан байсан. Уг газрын солбилцол нь N-49.58.44.6 E93.29.29.6 солбилцолд оршиж байсан” гэх хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

гэрч Б.Б-ын “Манай хүү Б.Н хашаа барих бургас модоо ганцаараа бэлтгэсэн. Би хашаа барих үеэр очиж хамт тусалж хашааг нь барьсан бөгөөд 4 хоног орчим ажиллаж хашаагаа барьсан. Хүү маань мод бэлтгэх эрх авах ажил бүтсэн гэсэн. Сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдаад намайг асуухад би таныг хашаа бариулахгүй байх гэж бодоод худал хэлсэн юм гэж надад хэлсэн. Би хэрэв зөвшөөрөл олгоогүй бол хүүгээрээ мод бэлтгүүлэхгүй байсан юм” гэх хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

гэрч Д.М-ын “2017 онд Б.Н, Б.Б нар надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Би уг хүмүүсийг танихгүй. Манай сум мод бэлтгэх эрхийн ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй юм. Б.Нгийн хашаа барьж мод бэлтгэсэн газрыг 2017 онд орон нутгийн хамгаалалтанд авсан газар нутаг байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

шүүгдэгч Б.Н-гийн “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Гурмасны голын бураа” гэх газар бургас мод бэлтгэж малын хашаа барихаар аав Баярбат, эхнэр Баярмаа нартай ярилцаад Зүүнговь сумын төв рүү орж модны зөвшөрөөл авахаар ороход холбогдох хүмүүс байхгүй байсан. Би модны зөвшөөрөл авах талаар нутгийн иргэдээс асуухад тухайн орон нутагт оршин суудаг иргэн биш бол газар эзэмших зөвшөөрөл өгдөггүй гэсэн тул хавар шилжүүлэг хийж ирчихээд нөхөж татвар түрээсийг нь төлье гэж бодоод гэртээ харьсан. Гэртээ очоод аав, эхнэр хоёртоо хавар шилжүүлэг хийлгэхгүй бол болохгүй юм байна, харин малын хашаа барих эрхээ авсан гэж худал хэлсэн. Тэгж хэлэхгүй бол аав, эхнэр хоёр мод бэлтгүүлж хашаа бариулахгүй байсан. Мөн манай мал авга ахын хашаанд багтахгүй байна гэсэн тул малын хашаа барьж малаа авахгүй бол болохгүй гэж бодоод худал хэлээд бургас, улиас мод бэлтгэж малын хашаа барьсан. Би 6 ширхэг улиас, 300 ширхэг бургас мод бэлтгэж хашаа барьсан. Хуурай модоор хашаа барьж болдоггүй болохоор нойтон мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ модон иштэй сүх ашигласан. Өөр ямар нэгэн унаа, техник, морь мал ашиглаагүй. Манай гэрээс мод бэлтгэсэн газар ойрхон байсан. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй гэдгийг мэддэг боловч хашаа барих шаардлагатай байсан тул хавар Зүүнговь суманд шилжиж ирээд зохих зөвшөөрлийг нөхөж авья гэж бодоод бэлтгэчихсэн. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байна” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, баримтуудаар шүүгдэгч Б.Н нь өөрийн хэрэгцээндээ буюу малын хашаа барих зорилгоор Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Гурамсаны гол бураа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.94 м3 буюу 350 ширхэг нойтон бургас, 0.1244 м3  буюу 6 ширхэг нойтон улиас модыг хууль бусаар бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Н-гийн мод бэлтгэсэн гэх Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Гурамсаны гол бураа” гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Б.Н нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Гурамсаны гол бураа” гэх газрын ойгоос 2017 оны 10 дугаар сард нойтон бургас, улиас мод бэлтгэж хашаа барьсан болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Б.Н-г хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

           Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №1 тоот дүгнэлтээр 258.454 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагвар буюу хохирол нь 258.454 төгрөг байна.

 

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 775.363 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Н хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 775.363 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Б.Н нь байгаль экологид учруулсан хохирол гэж 258.454 төгрөг, тээврийн зардал гэж 41.000 төгрөг төлж барагдуулсан нь хэргийн 69 дугаар талд авагдсан Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 250 тоот албан бичгээр нотлогдож байна.

 

Хэрэгт тээврийн зардалтай холбоотой хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгчийн тээврийн зардалд төлсөн гэх 41000 төгрөгийг хохиролд оруулан тооцож, үлдэх 475.909 /775.363-299.454/ төгрөгийн шүүгдэгч Б.Н-гээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 170.000 төгрөгийн үнэлгээтэй хашаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8000 төгрөгийн үнэлгээтэй модон иштэй төмөр сүх 1 ширхэгийг тус тус хурааж, шүүгдэгч Б.Н-гийн ойн санд учруулсан үлдэх хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н-д ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зохистой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Н-д шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Т овгийн Б-ын Н-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-ын Н-г 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 299.454 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-гээс 475.909 /дөрвөн зуун далан таван мянга есөн зуун ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 170.000 төгрөгийн үнэлгээтэй хашаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8000 төгрөгийн үнэлгээтэй модон иштэй төмөр сүх 1 ширхэгийг тус тус хурааж, ойн санд учирсан хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БОЛОРТУЯА