| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2025/0011/З |
| Дугаар | 110/ШШ2025/0034 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 110/ШШ2025/0034
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.М,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсролын газар хоорондын нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М нь “Өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгосон гэх нэг удаагийн буцалтгүй тусламжийн 3 129 320 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Боловсролын газраас гаргуулахаар маргасан.
2. Нэхэмжлэгчээс дээрх асуудлаар Боловсролын сайдад 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй байх тул шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд,
2.1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын сургуульд олон жилийн турш багш, сургалтын менежерээр ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 жилийн дунд сургуульд 1986 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал орос хэлний багшаар, Толбо сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл орос хэлний багшаар, Толбо сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал орос хэлний багш, сургалтын менежерээр тус тус ажилласан. 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ардын армийн 119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Үүгээр төрийн байгууллагад 37 жил, цэрэгт 1 жил нийт 38 жил ажилласан.
2.2. Төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгодог хуультай. Ажил олгогчоос тэтгэмжийн хэмжээг 39 198 296 төгрөг байхаар тооцож, холбогдох бичиг баримтуудыг Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын санхүүгээс 2024 оны 9 дүгээр сард 36 068 976 төгрөгийн тэтгэмжийг олгож, үлдсэн 3 129 320 төгрөгийн тэтгэмжийг өгөлгүй хохироосон юм гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4-т төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор хуульчилсан. Хуулийн үйлчлэлд Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн менежерээр ажиллаж байсан Н.Махаббат хамаарч байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 61.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан. Энэ хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын Хоёрын 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” гэж заасан. Нэхэмжлэгч тухайн үед 1 116 714 төгрөгийн үндсэн цалинг авсан. Энэ талаар хариуцагч цалин илүү олгогдсон гэх асуудал яриагүй учраас 3 129 320 төгрөгийн буцалтгүй тусламжийг авах нь үндэслэлтэй. Боловсрол, Шинжлэх ухааны сайд нь Засгийн газрын нэг гишүүн нь. Тухайн үед “Ковид-19” цар тахалтай холбоотой цалин нэмсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Н.М илүү цалин олгож байсан талаар ямар нэгэн асуудал гараагүй, шударга ёсны зарчмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжид 39 198 296 төгрөг авах ёстой гэж үзэж байна гэв.
4. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
4.1. Иргэн Н.М өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журам”-ын 2.3-т нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн тоод хэмжээг баримтална гэсний дагуу тооцоолсон болно гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Иргэн Н.М нь Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д “Төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 09-ний дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;” гэсний дагуу тухайн сургуулийн нягтлан бодогч тус иргэний өндөр насны тэтгэвэрт гарах нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн тооцооллыг төсвийн шууд захирагчаар хянуулан баталгаажуулж, Боловсролын газарт ирүүлсэн. Уг тэтгэмжийн мөнгийг олгоход шат шатандаа тооцооллоо хууль журмын дагуу хийж, хянан шалгаж, олгодог. Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд тухайн албан хаагчийн тэтгэмжийн тооцоолол, төслийг Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын ТҮБД-4 цалингийн сүлжээний 5 шатлалаар 934 899 төгрөгөөр үндсэн цалинг тооцоолж өгөх байсныг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 дугаар тушаалын дагуу 1 116 914 төгрөгөөр тооцоолсон байна.
Нэхэмжлэгчийн ялгаатай гэж байгаа, цалингийн зөрүү гарсан асуудал нь тухайн үед ажил олгогчоос Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар тооцоолсон.
Гэхдээ бид уг тэтгэмжийг шат шатандаа хянаж олгохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол буюу “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.3-т “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална.” гэж заасны дагуу 2021, 2022, 2023 онд мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоолуудад тусгагдсан төрийн албан хаагчийн үндсэн цалингийн хэмжээгээр үнэн зөв тооцоолол хийж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон болно. Иймд Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар тооцоолсон хэмжээгээр тэтгэмж олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаал 2022 онд “Ковид-19” цар тахалтай холбоотой албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гаргасан эрх зүйн акт гэж ойлгож байна. Манай байгууллагын хувьд Засгийн газрын тогтоолыг барихаас өөр арга зам байхгүй, Засгийн газрын тогтоол илүү хүчинтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана: 13.3.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;”,
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.
Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”,
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаартай тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын Хоёрын 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” , 2.3-т “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ...төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална.” гэж тус тус заасан.
3. Нэхэмжлэгч Н.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд ТҮБД-4 сүлжээний цалин авч ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгчийн төрийн байгууллагад 38 жил ажилласан гэх үйл баримттай хариуцагч маргаагүй болно.
4. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-4 зэрэглэлийн 5 дугаар шатлалын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор 934 899 төгрөгөөр, 2022 оны 107 дугаар тогтоолоор ТҮБД-4 зэрэглэлийн албан тушаалын цалингийн доод хэмжээг 934 899 төгрөгөөр, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор 1 337 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.
5. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолын 2 дахь заалтаар салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг тухайн жилийн батлагдсан төсвийн багцынхаа хүрээнд зохицуулж шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрснөөр Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 дугаар тушаалаар /нэгдүгээр хавсралт/ сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-4 зэрэглэлийн цалинг 1 063 537 төгрөгөөр тогтоож, тушаалын 2 дахь заалтаар ...ТҮБД ангиллын 5 дугаар шатлалаар 2022 оны 1, 2 дугаар сард цалинжиж байсан багш, ажилтны цалингийн доод хэмжээг энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хэмжээнээс 5 хувиар нэмэгдүүлэн тогтоохыг холбогдох төсвийн шууд захирагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
6. Ингэснээр Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/06 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Н.М үндсэн цалингийн хэмжээг 1 116 714 төгрөгөөр тогтоосон байх ба нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сар хүртэл 1 116 714 төгрөгийн үндсэн цалин авч ажилласан нь гэрч тус сургуулийн ня-бо А.Н мэдүүлэг, дээрх хугацааны цалингийн хүснэгт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 3 жилийн цалингийн доод хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаартай тогтоолоор баталсан хэмжээгээр 2021 он, 2022 оны 01-03 дугаар сард 934 899 төгрөгөөр, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 дугаартай тушаалаар тогтоосон хэмжээгээр 2022 оны 04-12 дугаар сард, мөн 2023 оны 01-06 дугаар сард 1 116 714 төгрөгөөр, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 421 дугаартай тогтоолын дагуу 2023 оны 07-12 дугаар сард, мөн 2024 оны 01 дүгээр сард 1 337 000 тус тус төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэгч Н.М 39 198 296 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаарх төсвийн төслийг Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт ирүүлжээ.
8. Монгол Улсын Сангийн яамнаас нэхэмжлэгч Н.М олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжид 42 818 400 төгрөгийн төсвийг баталсан нь, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын нягтлан бодогчоос Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472, 2022 оны 107, 2023 оны 241 дугаартай тогтоолуудыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 3 жилийн цалингийн доод хэмжээг 2021-2022 он, 2023 оны 01-06 дугаар сард 934 899 төгрөгөөр, 2023 оны 07-12 дугаар сард 1 337 000 төгрөгөөр тус тус тооцож, өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжид 36 068 970 төгрөг олгосон үйл баримтууд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 249 дугаартай албан бичгээр тогтоогдсон.
9. Хариуцагч нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо ажил олгогчоос нэхэмжлэгч Н.М 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар дуусталх хугацааны цалинг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар тогтоосон 1 116 147 төгрөгөөр тодорхойлсныг буруу гэж үзсэн байх ба энэ талаарх хариуцагчийн маргаан нь үндэслэлгүй байна. Учир нь Засгийн газраас 2022 оны 107 дугаар тогтоолоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний ТҮБД-4 зэрэглэлийн албан тушаалын цалингийн доод хэмжээг 934 899 төгрөгөөр тогтоосон, уг шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилсэн боловч Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/22 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн цалингийн доод хэмжээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 116 714 төгрөгөөр тогтоож шийдвэрлэхдээ дээрх байдлаар Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолын 2 дахь заалтыг баримталсан тул Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/22 дугаар тушаалаар тогтоосон цалинг Засгийн газраас тогтоосон цалинтай адилтгаж үзнэ.
10. Ажил олгогчоос нэхэмжлэгч Н.М 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сар хүртэл авч байсан цалингийн доод хэмжээг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар тогтоосон хэмжээгээр тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд энэ нь “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын Хоёрын 2.3-т “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ...төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална.” гэж заасныг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг хариуцагч захиргааны байгууллагаас дутуу олгосон гэх маргаан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Н.Махаббатад өндөр насны тэтгэвэрт гарах үед дутуу олгогдсон нэг удаагийн буцалтгүй тусламжийг зохих ёсоор тооцож олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.М өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дутуу олгогдсон нэг удаагийн буцалтгүй тусламжийг зохих ёсоор тооцож олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА