Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00814

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00814

 

Б ХХК, М.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/00681 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК, М.Б нарын хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э-ийн цагаан сар болох тул 1 кг сонгиныг 3 000 төгрөгөөр зарж чадна, зараад мөнгийг шууд өгнө гэсэн удаа дараагийн гуйлт, хүсэлтээр миний бие Б ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийн, Оросын холбооны улсын Тува улсын Хандгайт боомт, Монгол улсын Боршоон боомтоор 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 50тн бөөрөнхий сонгино оруулж ирсэн бөгөөд сонгиныг миний бие Увс аймгаас ачааны 2 машинд жолооч Д.М, Д.Б нарыг хөлслөн Б.Э-ийн хэлсэн Баянгол дүүрэг, 11 хороо, Телевизийн арын зооринд буулгуулсан. Уг сонгиныг зөрүүлээд борлуулалтын машинуудад ачуулсан байсан. Хариуцагч 50 тн сонгиныг хүлээн авч зарж, борлуулснаасаа хойш одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, удахгүй өгнө гэсээр сүүлдээ утсаа авахаа байсан. Миний бие сонгины мөнгөө авахаар Б.Э-ийн араас удаа дараа хайж, Баянгол дүүргийн цагдаад залилуулсан талаараа өргөдөл гаргасан ба Б.Э тухайн үед 149 940 000 төгрөг гэхээр хохирлын хэмжээ их гээд заавал шоронд ордог зүйл анги байна. Би мөнгийг чинь өгнө, та надтай сонгины мөнгө гээд 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад гомдолгүй гэж хэлээд өг гэж надаас гуйсан тул би Б.Э г шоронд явуулах хүсэл, шаардлага байхгүй, түүнээс мөнгөө л авах гэж цагдаад өгсөн тул түүний хүсэлтээр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, уг гэрээгээ цагдаад өгснөөр гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн. Цагдаад гомдол хаагдснаар 50 тн сонгины үнэ 149 940 000 төгрөгийг төлөхгүй байсан тул хилээр гаалийн бүрдүүлэлт хийж оруулсан Б ХХК-иар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00894 дугаар шийдвэрээр Б.Э Б ХХК-ийн нэрээр гаалиар оруулж ирсэн сонгиныг М.Б ээс хүлээн авсан нь гэрчүүд болон Б.Э-ийн гаргасан баталгаа, зээлийн гэрээ, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоор тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй. Б ХХК улсын хилээр оруулж ирсэн, түүнийг хариуцагч авсан байгааг тэдний хооронд худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох сонгины 1 кг-ийн үнийг 3 000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй. Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл үнийг нэг тал илэрхийлсэн, уг хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан гэх, хүсэл зоригийн илэрхийллийг нотлох баримтыг нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул талуудын хооронд худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 50тн сонгиныг Б.Э хүлээн авсан боловч худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй гэсэн шийдвэрээр Б.Э сонгиныг хүлээн авч, төлбөрийг буцаан төлөөгүй, худалдах-худалдан авах харилцааны үүрэг үүсээгүй гэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн сонгины үнэ 149 940 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Б ХХК нь 50 тн сонгины үнэд 149 940 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна. М.Б нь Б.Э гээс 50 тн сонгины үнэд 1 кг-ыг 1 200 төгрөгөөр тооцон нийт 60 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар тус шүүх өмнө нь шийдвэрлээд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00894 дугаар шийдвэр гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсэгт заасныг баримтлан   Б.Э-ээс сонгино худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай М.Батцэндийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Э-д холбогдох 50 тн сонгины төлбөрт 149 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Б ХХК нь татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 907 650 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх М.Б нь Б.Э-д 49,980 кг бөөрөнхий сонгино нийлүүлсэн үйл баримт тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа М.Б ийн Цагдаагийн байгууллагад гаргасан Б.Э нь 149 940 000 төгрөгийн үнэ бүхий 50тн сонгиныг залилан мэхлэж авсан гэх гомдлыг шалгуулах явцад Б.Э нь сонгины төлбөрийг төлж барагдуулах баталгаа гарган, иргэд хоорондын шүүхээр шийдвэрлүүлэх маргаан болгож тухайн үеийн Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний хохирол буюу 148.4-т заасан 5-15 жилийн ялтай гэмт хэргийг хаалгахаар мөнгөн дүнг нь багасгасан, дүр эсгэсэн зээлийн гэрээ байгуулж эрүүгийн хэргээ хаалгасан байхад уг дүр эсгэсэн зээлийн гэрээг, 49,980 кг сонгино бэлтгэн нийлүүлж, худалдсан гэрээний үүргээр сольж, худалдах-худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болсон мэтээр дүгнэсэн нь илт хууль бус байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болох 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Э-д М.Б ийн бэлтгэн нийлүүлсэн сонгинотой холбоотой үүргийг дуусгавар болгож, түүний оронд зээлийн гэрээний үүрэг үүсгэн сольж байгаа талаарх талуудын тохиролцоо, үг өгүүлбэр огт байхгүй байхад нотлох баримтад агуулагдаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийж "зээлийн гэрээ байгуулан 49,980 кг сонгины үнийг 20 000 000 төгрөгөөр тооцон, үүрэг сольсон" гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нотлох баримт болон маргаан бүхий харилцаанд буруу үнэлэлт дүгнэлт өгч, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүргийг солихоор тохиролцсон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй буюу талууд ингэж тохиролцоогүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-т заасан шинжийг агуулсан буюу үндэсээрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан "мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг шилжүүлээгүй" тул хууль зөрчсөн. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд 20 000 000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр шилжүүлсэн гэж нотариат гэрчилсэн, шүүхэд уг мөнгийг бэлнээр өгөөгүй болохыг талууд хүлээн зөвшөөрч байхад шүүх сонгины үнийг төлөх үүргийг сольж, зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь уг гэрээ болон шүүхийн дүгнэлт илт хууль бус, үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасан "20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн" гэсэн заалтыг талуудын тайлбарын хүрээнд судлан, бодит хууль зүйн дүгнэлтийг шүүх өгөөгүйгээс худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг талууд тохиролцон сольсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Б 49,980 кг сонгиныг Б.Э-д худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн ба үүнийг Б.Э хүлээн авсан болох нь нотлогддог. Нэхэмжлэгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээний харилцааны хүрээнд хөрөнгө шилжүүлсэн болохоо нэхэмжлэлийн үндэслэлдээ, шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн харилцааг худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв үнэлэлт дүгнэлт өгсөн атлаа уг харилцааны үүргийг нэхэмжлэгчийн хууль хэрэглээг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Зохигчдын хооронд үүссэн үүргийн харилцаанаас үүссэн маргааны улмаас зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэхээр шийдвэрлээгүй нь үндэслэлгүй бөгөөд талууд үүргийг сольсон гэж дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байна. М.Б , Б.Э нарын хооронд сонгиныг өгсөн, авсан харилцааг шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэлт өгсөн байж, уг гэрээний үүргийн зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн тохиолдолд сэргээх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний харилцааны үүрэг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсвэл үүрэг сольсон ямар ч тохиолдолд биелүүлсэн, биелүүлээгүй талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгч, эрх зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэхээр шийдвэрлэх байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК, М.Б нар нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 50 тн сонгины төлбөрт 149 940 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б ХХК нь 149 940 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, М.Б нь хариуцагч Б.Э гээс 60 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б ХХК нь Б.Э-д холбогдуулан 149 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00894 дугаар шийдвэрээр Б ХХК, Б.Э нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй үндэслэлээр Б.Э гээс 50 тн сонгины төлбөрт 149 940 000 төгрөг тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

/хх7-9 дэх тал/

 

Б ХХК нь Оросын холбооны улсын Тува улсын Хандгайт боомт, Монгол Улсын Боршоо боомтоор 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 50 тн буюу 49,980 кг бөөрөнхий сонгино оруулан ирж М.Б нь Б.Э-д бэлтгэн нийлүүлсэн болох нь хэргийн 26-28, 36, 40-41 дэх талд авагдсан хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гаалийн татвар төлсөн баримт, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналтанд хамруулсан тухай мэдэгдэл, хилийн мэргэжлийн хяналтын албаны шийдвэр зэрэг гаалийн бүрдүүлэлтийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч М.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 50 тн буюу 49,980 кг бөөрөнхий сонгины төлбөр 149 940 000 төгрөгийн хохирлыг Б.Э гээс гаргуулах агуулгатай өргөдөл гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр сонгины төлбөрийн тооцоог эцсийн байдлаар 20 000 000 төгрөгөөр тодорхойлж, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулан талууд харилцан тохиролцож Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3266 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан үйл баримт тогтоогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх37-39 дах тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч маргаан бүхий үйл баримтын талаарх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хэргийн 38 дах талд Баталгаа гэх гар бичмэл баримт авагдсан бөгөөд уг баримтаас үзвэл талууд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж сонгины төлбөрийн тооцоог 20 000 000 төгрөгөөр тодорхойлж төлж барагдуулахаар тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан тул нэхэмжлэгч М.Б нь сонгины үнэ 20 000 000 төгрөгийг хариуцагч Б.Э гээс шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК нь Б.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Э гээс 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б эд олгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/00681 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э гээс 20 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б.Э гээс 257 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б эд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ