Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1199

 

           

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/1010 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2309000001805 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ж ургийн овгийн Бийн Б, 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа сормуус артист ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Б худалдааны төвд Б. тэй маргалдан, улмаар толгойн тус газар олон тооны удаа цохиж, эрүүл мэндэд духанд шарх, дух, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж ургийн овогт Бийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь хэрэг бүртэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргаагүй. Түүнчлэн хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлсөн. Гэвч анхан шатны шүүхээс гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзахгүй түүнд 800 нэгжээр торгох ял оногдуулж буй нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсхүл торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Б худалдааны төвд Б.Мтэй маргалдан, улмаар толгойн тус газар олон тооны удаа цохиж, эрүүл мэндэд духанд шарх, дух, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мгийн “...2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед ... миний ширээн дээр байсан 5 ширхэг хумсны будгийг шууд булаагаад гараад явчихаар нь би шууд араас нь гараад “миний будгийг үлдээ яах гээд байгаа юм” гэхэд өөдөөс хэрэлдээд би хумсны будгаа авах гээд зууралдахад будаг барьсан гараараа миний толгой руу цохиод хагалсан. Дээрээс нь миний үсийг зулгааж тугаар нь унагаасан. ...Миний толгой буюу духны баруун хэсэгт хумсны будаг барьсан гараараа цохиод толгой хагарч их хэмжээний цус гарсан. Миний хүзүүг маажсан, үснээс тугаар нь зулгааж унагаасан. ...” /1хх 18-19/,

гэрч Б.Сийн “...М нэг эмэгтэй хүнтэй маргалдаад нөгөө эмэгтэй нь баруун гартаа хумсны будаг барьчихсан байж байгаад Мгийн нүүр рүү шидээд оносон. Тэгээд үснээс нь зулгаагаад байсан. Тэгээд хүмүүс голоор нь ороод байсан. Тэгсэн чинь М нь нөгөө эмэгтэйн үснээс зулгаасан. Тэгсэн чинь хүмүүс голоор нь ороод салгасан. Тэгээд Мгийн толгойны дух хэсгээс нь цус гарч байсан. ...” /1хх 25-26/,

гэрч М. ын “...Гутлаа зараад байж байсан чинь эмэгтэй хүмүүс орилоод байсан. Тэгээд гараад харсан чинь Б худалдааны төвд лангуу түрээсэлдэг Мг нэг эмэгтэй үснээс нь зулгаагаад доош нь дарсан байсан. Тэгээд би очоод салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгээд манай тэр хавийн лангуун дээр суудаг хүмүүс салгах гээд байж байсан. ...Тэгээд тэр хоёрыг арай гэж салгасан чинь дахин М рүү дайраад үснээс нь туг тугаар нь зулгаагаад байсан. Тэгээд бас Мгийн хумсны будгийг авчихсан гээд буцаагаад авах гэсэн чинь бид нар руу дайраад байсан. Тэгээд хоёр тийш нь салгаад хол байлгаж байсан чинь нөгөө эмэгтэй халааснаасаа хумсны будаг гаргаж ирээд М рүү шидээд нүүрийг нь оноод Мгийн духны хэсгээс нь цус гарсан. Тэгээд цусыг нь тогтоох гээд байж байсан чинь нөгөө эмэгтэй гүйж ирээд баруун хөл рүү нь өшиглөөд байсан. ...” /1хх 28-29/,

Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 7 сарын эхээр наадмаас өмнө байх Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Б худалдааны төв дээр, нөгөө эмэгтэй дээр очоод хумсаа янзлуулах гэхэд “завгүй байна. ...маргааш 1 цагт хүрээд ир” гээд явуулсан. Тэгээд яваад маргааш нь очсон. Тэгээд би хумсаа янзлуулаад ... миний хумсан дээр ацтон түрхээд 1 цаг гаруй суулгасан. ...Тэгэхээр нь “би гялс хийгээд өгөөч 2, 3 цаг боллоо, маргааш яваад ирье” гэсэн чинь “үгүй” гээд байсан. Тэгээд би “мөнгөө авъя” гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгэхээр нь би шууд ширээн дээр нь байсан 3 ширхэг лаакыг аваад гарсан. Тэгээд нөгөө эмэгтэй араас гараад ирсэн. Тэгээд миний үснээс зулгаагаад нүдний шил нугалаад миний цамцнаас цамцнаас татаад миний цээжин хэсгийг ил гаргаад ... зууралдаад байсан. ...” /хх 6-7/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Мгийн биед духанд шарх, дух, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 8664 дугаар /1хх 33-34/ гэсэн дүгнэлт,

эд зүйл хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх 10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнээс “...шүүгдэгч Б.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсхүл торгох ялыг багасгах ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч, шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хохирогч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/1010 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ