Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1169

 

Б.Чад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Ц.Монгол,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Ц.Монгол нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Чад холбогдох 2308 00977 0547 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Б-ийн Ч, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны 15 тоот гэртээ С.Бын зүрхэн тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чын цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэд 5.825.000 /таван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Чаас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн лентээр ороосон, нийт урт нь 32 см, ажлын хэсэг нь 20 см, бариул нь 12 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хураагдан ирсэн 7 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Чад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амь хохирогч С.Быг зүрхэн тус газарт хутгалж алсан маш харамсалтай гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх хурал болон мөрдөн байцаалтын явцад миний бие “Хэрэг болох үед согтуу байсан учраас үйлдлээ санахгүй байна” гэж мэдүүлж, гэм буруугаа хүлээлгүйгээр оролцсон. Хэргийн үйл баримт, нотлох баримтуудаар миний бие гэмт хэрэг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож байгаа тул давж заалдах шатны шүүх хуралд өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ маш их гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Анхан шатны шүүх хуралд оролцох үед миний өмгөөлөгч надад “Таныг үйлдсэн гэх хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт байхгүй тул таныг цагаатгах байр суурьтай оролцоно. Та ч гэсэн тийм байдлаар оролц” гэдэг хуулийн зөвлөгөө өгсөн. Үйлдсэн хэргээ шударгаар хүлээгээгүйгээс оногдуулах ял нэмэгддэг гэдэг хуулийн мэдлэггүйн улмаас би өмгөөлөгчийн зөвлөсөн байр сууриар анхан шатны шүүх хуралд оролцсон. Анхнаасаа үйлдсэн хэргээ шударгаар хүлээх нь оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл болдог гэдгийг мэддэг байсан бол би анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ чин шударгаар хүлээж оролцох байсан. Хохирогчийн ар гэр, эхнэр, үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Би шоронд байх хугацаандаа ч өөрийн ар гэрээр дамжуулан хохирогчийн ар гэрт чадлынхаа хэрээр тусалж, дэмжиж явахаа илэрхийлж байна. Би элэгний В, Д вирустай, элэгний хатуурал, сорвижилт өндөр, эмчийн байнгын хяналтад явдаг хүн юм. Энэ талаарх нотлох баримт болон бусад эрүүл мэндийн эмгэгийн талаарх мэдээлэл нотлох баримт хавтаст хэрэгт байдаг. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ өдөр бүр шаналж, тэр өдөр яах гэж архи уувдаа гэж өдөр бүр харамсаж, хүн амины жигшүүрт хэрэг үйлдсэн өөрийгөө өдөр бүр зүхэж, хэрвээ цаг хугацааг ухрааж болдогсон бол гэж өдөр бүр бодож байна. Үр хүүхэд ач нараа тойруулж суугаад, өсгөн хүмүүжүүлэх, үлгэр жишээ болох ахмад, өтөлж яваа насандаа гэмт хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж байна. Нэг жилийн өмнө ч гэсэн суллагдаж үр хүүхэд, ач зээ нартаа очно гэдэг дээдийн заяа юм. Би ахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Би болон манай гэр бүл насан туршдаа Монгол Улсын шударга шүүх, эрхэм шүүгч нарт баярлан, дахин алдахгүйн тулд бүхий л чадлаараа хичээн амьдрах болно. Эрхэм шүүгч нараа миний үйлдсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг хийсэн, анхан шатны шүүхээс тогтоосон мөнгөн хохирлыг төлж барагдуулсан, тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг хохирогчийн ар гэрт үзүүлсэн, цаашид ч чадлынхаа хэрээр тусалж байх болон эрүүл мэндийн эмчийн байнгын хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж түүнд 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэх ял шийтгэсэн. Шүүхийн шийдвэр, оногдуулах ялын хэмжээ нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны зарчим болон энэрэнгүй ёсны зарчим, шудрага ёсны зарчмуудыг баримталж нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг дүгнэж ял оногдуулах ёстой. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд шүүх хуралдаанд оролцох байр суурийн хувьд зөрүүтэй байсан. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа болсон үйл явдлыг санахгүй байгаа тул гэм буруутай болон буруугүй гэх байр суурь илэрхийлээгүй боловч болсон үйл явдалд гүнээ харамсаж, шүүхээс гарах шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрөхөө илэрхийлж байсан. Өмгөөлөгч миний хувьд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хангуулах үүднээс хэргийг прокурорт шилжсэнээс хойш олон удаа хүсэлт, гомдол гаргаж байсан нь хавтаст хэргээс тодорхой харагдана. Дээрх хүсэлт, гомдлын агуулга нь энэ хэрэг бүрэн нотлогдоогүй тул хэргийг бүрэн дүүрэн шалгах, яллах болон цагаатгах нотлох баримтыг тэнцүү цуглуулах, үйл баримтыг эргэлзээгүй нотлох тухай хүсэлт байсан. Гэвч прокурорын шатанд дээрх хүсэлт, гомдлыг нэг ч хүлээж аваагүй бөгөөд шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж хариу өгсөн. Улмаар анхан шатны шүүх хуралд миний байр суурь хэвээр байсан нь шүүхийн шийдвэр болох ял шийтгэлд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь, шийтгэх тогтоолд дурдаагүй боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг байдлаар шүүгчид хандсан /шүүгчийн зүгээс шүүгдэгчээс асуух асуултанд ажиглагдсан/, тэр нь ялын хэмжээг хүндрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Манай үйлчлүүлэгчийн хувьд анхны мэдүүлгээсээ л өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж байсан нь хавтаст хэргийн материал болон бодит байдалтай нийцэж байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алах” гэмт хэргийн нийгмийн хор аюул хэн бүхэнд ойлгомжтой, тийм ч учраас ялын хэмжээ нь 8-15 жил хорих байдаг. Тэглээ гээд энэ гэмт хэрэгт холбогдсон хүнд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл бүрдсэн боловч хэрэглэхгүй байх үндэслэл байхгүй. Манай үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэг “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцлүүдийг хангасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэх гол шинжүүдийг мөн хангасан байтал эдгээр ялыг хөнгөрүүлэх, хасах боломжуудыг хэрэглээгүй нь шудрага ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд, сүүлийн 20 жил Төв цэвэрлэх байгууламж буюу Улаанбаатарчуудын бүх бохирыг цэвэрлэх байгууламжид машинист хийдэг. Уг байгууллагын ажилчид хортой нөхцөлд ажилласан хордлогоо архи ууж саармагжуулдаг нь энэ байгууллагын ажилчдын бичигдээгүй дүрэм болсон байна. Гэвч энэ байдал нь Б.Чын хувийн байдалд сөргөөр нөлөөлөөгүй нь амьдрах хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ойр орчмын архи уудаг хүмүүсээс өөрийгөө болон гэр орноо хол байлгах гэж хичээдэг нь гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагддаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд нэгэнт өөрөө болсон үйл явдлыг санадаггүй тул шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэртэй маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч шүүхээс тогтоосон хохирлыг төлж, цаашид гарч болзошгүй хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Б.Ч согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн нь түүний энэ гэмт зан төлөвт өөрийн буруутай үйлдэл байх боловч ажлын орчны хорт нөлөө, түүнийг саармагжуулж байгаа буруу дадал зэрэг нь нийгмийн дам нөлөө үзүүлсэн байх нь гарцаагүй. Шүүх нийгмийн сөрөг нөлөө нөлөөлснийг онцгой тохиолдолд тооцож, хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нээлттэйгээр заасан байна. Иймд шүүгдэгч Б.Чад оногдуулсан 12 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгчийн гэр бүлийн хүсэлтээр давж заалдах шүүхийн шатнаас эхлэн шүүгдэгч Б.Чын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Болсон гэмт хэргийн тухайд маш их харамсаж байгаа учраас хохирогчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Ч болон түүний гэр бүлтэй очиж уулзахдаа хохирол, төлбөрийг бага багаар ч хамаагүй хурдан төлж барагдуулах талаар тайлбарласан. Энэ талаар шүүгдэгч болон түүний гэр бүлийнхэн ойлгож байсан бөгөөд маш их харамсаж хохирогчийн гэр бүлээс хүлцэл өчин өршөөл хүсэж байгаа. Мөн шүүгдэгч Б.Ч “би анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Болсон зүйлд маш их харамсаж байна” гэж илэрхийлдэг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үнэхээр их гомдолтой байна. Амь хохирогч насанд хүрээгүй 2 хүүхэдтэй бөгөөд цаашид хэрхэн, яаж амьдрахаа бид үнэхээр мэдэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд надад сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зориг байгаагүй. Давж заалдах шүүхийн шатанд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхийг хүсэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Ц нь давж заалдах шүүхийн шатанд сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө миний үйлчлүүлэгч Д.Ц нь надтай сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлаар ярилцаж шүүгдэгчийн гэр бүлтэй тохиролцохоор болж байсан. Энэ талаар асуудал анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж заасны дагуу амь хохирогчийн нас, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байдлаар тооцож үзэхэд 82.500.000 төгрөгийн сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар давж заалдах шүүхийн шатанд нэхэмжилж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Чаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж” гэснийг “...хохирол болон хор уршигтай холбоотой баримтаа цуглуулан иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж” гэж өөрчлөн найруулж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Чаас нэхэмжлэх эрхтэй байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Чыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоот гэртээ С.Бын зүрхэн тус газар нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Чыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Б.Чад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч нарын мэдүүлэг, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04/142 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай “Ногоон өнгийн аяган дээрээс” гэж тодорхойлон бичсэн гарын мөр нь Б-ийн Ч-ын баруун гарын ядам хурууны хээний дардастай, №3 дугаартай “Ногоон өнгийн аяган дээрээс” гэж тодорхойлон бичсэн гарын мөр нь Ж-ын Б-ын баруун гарын эрхий хурууны хээний дардастай, ...тус тус тохирч байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 226-229/ авагджээ.

Дээрх амь хохирогч С.Бын зүрхэн тус газар нь хутгалж, хүнийг алсан гэх хэрэгт Ж-ын Б-ыг холбогдуулан сэжигтнээр татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэдий ч 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолоор “...хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн илтгэх хуудсаар Ж.Б нь 11 цаг 06 минутын үед Б.Ч, Г.Ч нараас салж яваад гэртээ харьсанаас хойш гэрээсээ гадагш гараагүй байх ба 16 цагийн үед Н.Туул гэх эмэгтэйтээ хамт усанд явахаар гэрээсээ гарсан байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Ж.Б нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед буюу хэрэг болсон цаг хугацаанд тухайн хэрэг гарсан газар буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоот Б.Чын гэрт очоогүй, тэнд байгаагүй болох нь тогтоогдож байна. ...” гэж үзэн Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэжээ. /3хх 50-52/

Гэтэл гэмт хэрэг гарсан газар буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоот гэрээс хураан авсан ногоон өнгийн аяган дээрээс Ж-ын Б-ын баруун гарын эрхий хурууны хээний дардас илэрсэн бөгөөд яагаад түүний гарын хээ илэрсэн талаар эргэлзээгүй тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд дээрх нотлох баримтын эргэлзээтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах шаардлагатай байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1161 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Ц.Монгол нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Чад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1161 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Чад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ