Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2025/0035

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Д,

            Хариуцагч: Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын хоорондын төрийн албаны маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д үүрэгт ажлаас халах тухай” Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлагыг Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.

2. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлөөс гомдлын хариуг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04/221 дүгээр албан бичгээр өгсөн байх ба нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:

 3.1. Монгол улсын иргэн Б.Д би Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 7 дах жилдээ ажиллаж байна. Би гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр жил бүр 80-90-ээс дээш онооны үнэлгээ авч байсан. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 2024 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонхи болж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ж.Е, сумын Засаг даргаар М.А нар сонгогдсон билээ.

3.2. Гэтэл дээр дурдсан хоёр дарга ард иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ажлаа хийхийн оронд хамгийн түрүүнд төрийн албан хаагчдыг үзэл бодол, намын угшил харьяаллаар нь ялгаварлан гадуурхаж урьд өөрсдийн өс хонзон санаж явсан төрийн албан хаагчдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дүгээр бүлгийн 14.1-ийг зөрчиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Н бүлэглэж, албаны чиг үүрэг, бүрэн эрх,  нөлөөг урвуулан ашиглаж, сумын Засаг даргын тамгын газрын даргад дарамж шахалт үзүүлснээр сумын Засаг даргын тамгын газрын даргаас Б.Д намайг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас минь үндэслэлгүй халсан явдалд гомдолтой байна.

3.3.Тухайлбал, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Е тус сургуульд хуурамч дипломтой ажиллаж байсан хүүхдийг миний төрсөн дүү Б.С нь Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байх үед “шүүр” ажиллагааны улмаас ажлаас чөлөөлсөн явдлыг, М.А нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхад өөрийн үйлдсэн хууль бус гэмт хэргийн шинжтэй ажиллагааг Б.Д эцэг Х.Б нь дээр доор бичиж хуулийн байгууллагуудаар шалгуулсан явдлын хариуг би авна гэж өширхөж бусдад хэлсэн байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байгаад шүүхээр ял авч үүрэгт ажлаас огцорч байсан А.Н гэгч нь дахиж өөр сургуулиас хуурамч диплом авч ашиглаж байсныг эцэг нь шалгуулсан тул би өширхөж  байна. Өргөдлөө буцааж авахгүй бол чиний мууг үзнэ гэж намайг занаж байсан. Тэрээр намайг даруй зайлуулахыг М.А, С.А нараас шаардсан болохыг тэд өөрсдөө надад ярьсан.

3.4. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын дарга С.А намайг  дуудаж “Чамайг Хурлын дарга Ж.Е, Засаг дарга М.А, Хурлын нарийн бичгийн дарга А.Н нар нь ажлаас нь гарга” гэж надад өдөр бүр амар заяа үзүүлэхгүй үүрэг өгч шахалт үзүүлж байна. Иймд та тэднээс уучлалт гуйх юм уу, тэгэхгүй бол ажлаас гарах өргөдлөө бичиж өг” гэж удаа дараа хэлсэн. Мөн М.А ч албаны өрөөнд дуудаж “Та өөрөө ажлаас  чөлөөлөгдөх өргөдлөө өг” гэж надад дарамж шахалт үзүүлэхэд хажууд нь сумын Засаг даргын тамгын газрын дарга С.А байсан. Намайг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй болохоор дээрх бүлэг этгээд нийлж, миний эсрэг хуурамч баримт бүрдүүлэх ажилдаа орж, ажилтан С.Х арга хэлбэрийг зааж өгч хуурамч материал бүрдүүлэн ажилласан байна.

3.5. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны үед сумын Засаг даргын тамгын газрын даргын албан өрөөнд  төрийн сангийн төлөөлөгч, газрын даамал бид гурвыг нэг нэгээр оруулж ёс зүйн зөвлөл гэдэг хэдэн хүн намайг 2024 оны 10 дугаар сард 3 хоног ажил тасалсан  тул сануулах арга хэмжээ авч байна гэсэн боловч 2024 оны 12 дугаар сар гарч үүнийг засварлаж цалин хассан болгож хуурамчаар үйлдсэн байна. Гэвч төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гомдол гаргах журмын 1.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт бичгээр  мэдэгдсэн байна гэдгийг хангаагүй.

3.6. Тэрнээс өөр дүгнэлтэд бичсэн шиг 4 удаа миний тухай авч хэлэлцсэн гэдэг нь огт худлаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр ёс зүйн зөвлөлийн хуралд миний тухай хэлэлцсэн бол намайг яагаад биечлэн оролцуулаагүй, энэ нь миний хууль ёсны эрхийг зөрчиж байгаагаас  уг асуудал хуурамч болох нь тодорхой байна. Ёс зүйн зөвлөл 40 хоногийн дотор 4 удаа хуралдаж нэг хүнээс 2 удаа сануулж, нэг удаа сахилгын шийдвэр хүлээлгэж ажилласан гэдэг нь ойлгомжгүй. Ёс зүйн хороонд сахилгын шийтгэл ногдуулах эрх байгаа болов уу.

3.7. Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээг авсан болгож хуурамч материал бүрдүүлсэн гэж сонссон. 11 дүгээр сарын 10-нд “сануулах” арга хэмжээ авсан бол намайг ажлаас халах 01 дүгээр сарын 02-ны хүртэл 40 гаруй хоног болсон нь 3 сар хүрэхгүй хугацаа юм. 40 хоногийн 10 хоногт миний бие эмнэлэгт хэвтэн бие эмчлүүлж байсан. Арга хэмжээ авсан материалын хувийг эзэнд нь өгөх ёстой.

3.8. Би зөвлөлийн гишүүдтэй уулзахад М.С, Х.Ж нар “таны тухай нэг удаа хэлэлцсэнийг мэднэ, та өөрөө байсан. Үүнээс өөр хуралдааныг мэдэхгүй, бид оролцоогүй, мөн зөвлөлийн гишүүн К.С хурлын тэмдэглэлийг бидэнд авч ирж гарын үсэг зур гэхэд танилцахад, тус хуралд биднийг оролцож, үг хэлсэн мэтээр бичсэн байсан тул бид худлаа юмыг зөвшөөрөөгүй юм” гэж байсан. К.С нь “би таны тухай нэг удаагаас өөр тантай холбоотой асуудлыг авч хэлэлцэхэд огт оролцоогүй, мөн С.Х нэг удаа намайг хурлын тэмдэглэл хөтөлсөн мэтээр бичсэн боловч би тэмдэглэл хөтлөөгүй тул эсэргүүцэж байсан” гэв.

Мөн Т.А нь “таны тухай авч хэлэлцсэн гэх нэг ч удаагийн хуралдаанд би оролцоогүй юм” гэсэн. Ер нь Засаг дарга М.А, Засаг даргын Тамгын газрын дарга С.А нар ёс зүйн зөвлөлөөр төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчиж сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь хууль бус үйлдэл мөн. Ёс зүйн зөвлөл нь ажилтны ёс зүй зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргахаас бус тийм шийтгэл ногдуулах эрхгүй юм.Би сумын Эрүүл мэндийн төвд 12 дугаар сарын 11-ний өдөр хэвтэн эмчлүүлж улмаар 13-ны орой аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин очиж 7 хоног эмчлүүлэн 20-ны өдөр эмнэлгээс гарсан юм.

3.9. Иймд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашгийг хөндөж албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж хүнийг ялгаварлан гадуурхаж өөрсдийн хувийн өс хонзонгоор намайг хууль бусаар ажлаас минь халж хэлмэгдүүлж байгаа дээрх М.А, Ж.Е, А.Н, С.А нарын бүлэг этгээдэд болон миний тухай хуурамч бичиг баримт үйлдсэн ёс зүйн зөвлөлийн дарга гэх төрийн албан хаагч С.Х гомдолтой байгаа ба тэднийг зохих хуулийн байгууллагаар шалгуулж байгаа. Гэвч өнөө хүртэл миний улсын байцаагчийн эрх, тэмдэг, үнэмлэх цуцлагдаагүй хэвээрээ байна.

3.10. Би ажил таслаагүй, 9 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй, тэр талаар тогтоогдсон зүйл байхгүй.  Энэхүү асуудлын улмаас Төрийн албаны зөвлөлд хандсан, дараа нь Хүний эрхийн комисст хандсан, шүүхэд хандаарай гэсний улмаас  шүүхэд хандаж байна.

3.11. Иймд Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д үүрэгт ажлаас халах тухай” Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.Д намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон холбогдох тайлан мэдээг хугацаанд гаргаж өгөөгүй гэж дурдсан байна. Гэхдээ хариуцагч тал ямар мэдээ, тайланг хэнд, хэзээ гаргаж өгөөгүй талаар асуудлыг нотолж чадаагүй.  2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэг жилийн хугацаагаар гаргасан байна. Өмнө нь үр дүнгийн гэрээ гэж явдаг байсан. Одоо төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө гэсэн шинэ нэршилтэй болсон. Үүнд, ажил тасалсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зохицуулалт байхгүй учраас гүйцэтгэлийн төлөвлөгөөний талаар эрх зүйн хувьд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргах ёстой байна.

4.2. Хариуцагч тал гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд гаргаж өгөөгүй гэж байна. Тухайн үед Б.Д нь эмнэлэгт байсан учраас эмнэлгээс гарсны дараа аваачиж өгсөн. Иймд хугацаанд гаргаж өгөөгүйг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Б.Д нь өвдөж болно, архины хамааралтай байж болно. Хүний амьдралын асуудал. Харин тамгын газрын дарга Б.Д эргэж, анхаарал хандуулах ёстой байсан. 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж өгөөгүй, зөрчлийг давтан гаргасан, энэ нь цагийн бүртгэл болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон гэж байна. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тухай асуудлын хувьд Б.Д төлөвлөгөөгөө батлуулсан, уг төлөвлөгөөний дагуу ажилласан.

4.3. Хоёрдугаарт, 2024 оны 12 дугаар сард ажлын 16 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж дурдсан. Үүнээс  аймагт 9 хоног байсан, Прокурорын газраас зохион байгуулсан сургалтад оролцсон. Дэлүүн сум аймгийн төвөөс 150 км зайтай, тухайн өдөр ажлын цагт амжиж очих боломжгүй байдаг.

Иймд   ажил олгогч   Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй, ёс зүйн дүгнэлтийг өөрт нь танилцуулаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагч сумын Засаг даргын тамгын газрын даргын шүүхэд гаргасан хариу тайлбар:

5.1. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Б.Д нь төрийн албан хаагчийн үүргийг удаа дараа зөрчиж, өргөсөн тангаргаа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан. Үүнтэй холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын ёс зүйн зөвлөлийн дарга нарын удаа дараа ажлаас халах шаардлагатай гэх албан бичгүүдээр Б.Д төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байдалд хүрсэн.

5.2. Б.Д нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.12-т “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа ялгаварлан гадуурхахгүй байх”, 37.1.16-т “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 37.1.8-т “хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, 8 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг тус тус зөрчсөн учраас түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

5.3. Тодруулбал, Б.Д нь 2024 оны 12 дугаар сард ганцхан өдөр ажилдаа ирсэн.  7 хоног өвчтэй байсан гэж чөлөө авсан ба энэ хугацаандаа аймгийн сэтгэц наркологийн эмнэлэгт архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмчилгээ хийлгэж гарсан байсан. Эмнэлгээс гарсан боловч үргэлжлүүлэн ажил тасалсаар байсан бөгөөд ажилдаа огт ирээгүй тул ажил тасалсан шалтгааныг тодруулахаар байгууллагын ёс зүйн зөвлөлийн дарга С.Х, гишүүд нь Х.Ж, М.С, К.С, Т.А сумын хэсгийн цагдаа Т.Е нар Б.Д гэрт нь хайж очсон. Гэртээ Б.Д байгаагүй ба түүний эхнэр нь Б.Д гэр бүлийн амар тайван байдлыг алдагдуулдаг, ажилдаа очихгүйгээр гэртээ согтуурдаг талаар мэдүүлсэн. Ёс зүйн зөвлөлийн гишүүд түүнийг эрэн хайж гудамжнаас уулзаж, ажил тасалсан шалтгааныг тодруулахад архидан согтуурсан байдалтай ээлжийн амралтын хугацаа дуусаагүй тул нөхөж амарч байгаа гэх байдлаар тайлбарласан байна.

5.4. Б.Д нь эмчилгээ хийлгэхээр сум дундын эмнэлэгт хандсан боловч тэндхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс ёс бусаар хандаж ёс зүйн зөрчил давхар гаргаж, архидан согтуурсан байсан тул цагдаагийн газрын тусламжтайгаар аймгийн нэгдсэн эмнэлгийн архины хамааралтай иргэдийг эмчилдэг наркологийн тасагт хүргүүлж, зөрчил гарч буй шалтгааныг арилгуулах арга хэмжээ авч ажиллах талаар илтгэх хуудсыг олон нийтийн цагдаагаас хүргүүлж байсан. Мөн Б.Д нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний  биелэлтийг тайлагнаагүй, хийсэн ажлаа дүгнүүлээгүй.

5.5. Миний бие Дэлүүн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Д 2023 оны 10 дугаар сард 16 хоног ажлаас тасалсан үндэслэлээр анх удаа Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэж байсан. Дараа нь  2024 оны 2024 оны 10 дугаар сард Б.Д нь зөрчлийг дахин давтаж төрийн захиргааны албан хаагчийн нэр хүндийг унагаж, ажлаас үндэслэлгүй тасалж, гудамж талбайд  архи ууж, ажилд ирээгүй зэрэг шалтгаанаар тус сумын ёс зүйн дэд зөвлөл хуралдаж, Б.Д хариуцлага тооцуулахаар зөвлөмж хүргүүлсэн. Уг зөвлөмжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийг давтсан гэж үзээд үндсэн цалингаас 3 сарын хугацаагаар 20 хувийг хасах сахилгын шийтгэл оногдуулж байсан.

5.6. Дараа нь 2024 оны 12 дугаар сард Б.Д нь 1 сар ажилд ирээгүй, тэр талаар хамт олны хурлаар хэлэлцэж байсан. Ёс зүйн зөвлөлийн гишүүд  Б.Д уулзаж, зөвлөгөө өгөөд, шаардлага тавьсан боловч  Б.Д нь уг зөвлөгөөг үл тоож, зөрчлийг давтан гаргаж, архины хамааралтай болж, улмаар нэгдсэн эмнэлэгт архины хамааралтай оношилгоогоор эмчлүүлж байсан. Бид анх ажлаас халах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Б.Д тайлбар авахад, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар ямар нэгэн магадлал ирүүлээгүй  учраас шат дараалан арга хэмжээ авч, ажлаас нь халсан.

5.7.  Б.Д нь 2024 оны 11 дүгээр сард  зөрчил гаргахад иргэдээс   “... сумын Засаг даргын тамгын газрын даргын хувьд Б.Д хариуцлага ногдуулж чадахгүй байна. Б.Д давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр  Авлигатай тэмцэх газарт  гомдол гаргаж, нярав, нягтлан бодогч, бид гурвыг  нэг сар шалгаж байсан. Энэ талаар бид Авлигатай тэмцэх газарт албан бичиг, тайлбар зэрэг нотлох баримтуудыг  хүргүүлсэн

5.8. Нэхэмжлэгчийн цаг бүртгэгч нярав  буруу бүртгэсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бид цагийн бүртгэлээс болж 2024 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан тул  түүнээс хойш захиргааны албан хаагч бүрийн цагийн бүртгэлийг нарийн хөтөлдөг болсон.

 5.9. Иймд Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Ажил олгогчийн зүгээс төрийн албан хаагчийн ажлаас халсан шийтгэлийг ногдуулахдаа дараах хэд хэдэн зөрчил дээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэгдүгээрт, шалтгаангүйгээр ажил тасалсан. Хоёрдугаарт, төрийн жинхэнэ албан хаагчийн  гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл үр дүнгийн түвшин үнэлэх журмыг зөрчиж, гүйцэтгэлийн тайлан тайлагнаагүй, улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж төрийн албан хаагчийн нэр хүндийг унагааж, ёс зүйн зөрчилтэй холбоотой шийдвэр гаргасан. Шийдвэр гаргасан нөхцөлд үндсэн 3 шалтгаан байна.

6.2. Ажил тасалсантай холбоотой асуудлыг эс зөвшөөрч маргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд  олон хоногоор ажил тасалсан гэдэг  нь нотлогдон тогтоогдсон. Нэхэмжлэгч нь цаг бүртгэгч Ж зүгээс бусдын захиалгын дагуу хуурамчаар цагийн бүртгэлийг хөтөлсөн гэж байна.  Цаг бүртгэл гэдэг нь нотлох баримт.  Ж гэдэг хүнийг гэрчээр асуусан, мөн бусад Дэлүүн суманд ажилладаг цагдаагийн албан хаагчаас эхлэн бүхий л албан хаагч нар Б. ажил тасалсан гэх хуралдаанд оролцож, мөн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн.

6.3. Харин нэхэмжлэгчийн зүгээс би ажил тасалдаггүй,  шүүхэд гаргаж өгсөн бүхий л дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь худлаа гэдэг байдлаар хандаж байна. Гэхдээ үүнийг тогтоосон нотолсон зүйл байхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сургалтад суусан гэж тайлбарлаж байна. Тухайн сургалтад суух гэж байгаа бол томилолт бичигдсэн байх, урьдчилж мэдэгдсэн байх ёстой. Үүнтэй холбоотой томилолт, чөлөө хүссэн баримт зэрэг нотлох баримтууд байхгүй байна. Прокурорын байгууллагын удирдамж гэдэг баримтад Б.Д гэдэг хүний нэр нь байхгүй, сургалтад суусан тухай бүртгэл ч алга.

6.4. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2 хуралдааны тэмдэглэл авагдсан байна. Эдгээр хуралдааны тэмдэглэлд Б.Д нь 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, 12 дугаар сарын 04-ний өдөр ёс зүйн хорооны дарга, гишүүд нэхэмжлэгчтэй гудамжинд тааралдсан үед  согтуу байсан.

6.5. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэх үүрэг бүхий этгээд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахиж мөрдөх ёстой, ажлын байранд буюу ажлын байрны бус өөр бусад газарт төрийн жинхэнэ албан хаагчийн нэр хүндийг авч явах үүрэг бүхий этгээдийн хувьд гудамж, талбайд архидан согтуурч, улмаар сэтгэц наркологийн тасагт удаа дараа хэвтэн эмчлүүлж, олон нийтийн цагдаагийн тусламжтай аймгийн төвд хүргэгдэж байгаа асуудал нь ёс зүйн том зөрчлийн асуудал.

6.6. Нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой 4 удаа хуралдсан байна. Тухайн хуралдаанаас хэд хэдэн дүгнэлт гаргасан байдаг. Улсын дээд шүүхээс төрийн жинхэнэ албан хаагч архидан согтуурч төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаасан асуудал нь сахилгын шийтгэл мөн гэж тайлбарласан. Үүнтэй холбоотой гарсан дүгнэлтүүдийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй.  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг.

6.7. Ёс зүйн хорооны дүгнэлт, шийдвэртэй холбоотой нэг ч удаа гомдол гаргаагүй юм байна. Ес зүйн хорооны дүгнэлтээр  Б.Д зөрчил гаргасан нь тогтоогдсон, эрх бүхий байгууллагаас түүнд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, сахилгын шийтгэл ногдуулахыг удаа дараа шаардсан байдаг.  Эрх бүхий байгууллагын шаардсанаар шийдвэр гаргаж байгаа нь зүй ёсны,  хуульд нийцсэн гэж үзэж байна.

6.8. 2023 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн тайлангийн загварын дагуу хагас жилээр 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор, бүтэн жилээр 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор тайлагнана” гэж заасан.

6.9. Б.Д хувьд энэ үүргээ биелүүлээгүй. Нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, уг төлөвлөгөөний дагуу ажилласан ажлаа тайлагнаагүй бол тухайн албан хаагчтай цаашид ажиллах боломжгүй болно. Энэ үндэслэл нь ажлаас чөлөөлсөн нэг үндэслэл болсон.

6.10. Мөн Б.Д хувьд нэг сарын өмнө  цалин хасах сахилгын шийтгэлээр хариуцлага хүлээсэн, сахилгын шийтгэлтэй байсан хугацаанд дахин олон хоногоор ажил тасалсан, архидан согтуурсан, төрийн албаны нэр хүндийг унагаасан, бүтэн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хугацаанд гаргаж өгөөгүй, тайлагнаагүй байна. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Б.Д нь ажилд ирээгүй  ба хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь тогтогдохгүй байна.

6.11. Нэхэмжлэгчийн зүгээс улс төрийн ялгаварлан гадуурхал байна гэж тайлбарлаж, Ардчилсан нам гэж ярьж байгаа нь буруу. Төр засгийн эрхийг ямар ч нам барьж болно. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагч нам бус байх ёстой. 

6.12. Нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж гаргасан гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад зааснаар ажлаас халах сахилгын шийтгэлтэй холбоотой гомдлыг 30 хоногийн дотор шууд шүүхэд гаргах ёстой байсан. Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргаас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр  тушаал гаргасан. Тухайн өдөр тушаалыг аваад, шүүхэд 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсан байна. Тэгэхээр 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрөөсөн.

6.13. Иймд тухайн тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх нөхцөл байдал байна. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан  гаргасан “Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д үүрэгт ажлаас халах тухай” Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар /хэргийн147 дугаар тал/ нэхэмжлэгчийг Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас халах шийдвэрийг гаргахдаа үндэслэлд нь “... Б.Д нь төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж, 12 дугаар сард ажлын 16 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон холбогдох тайлан мэдээгээ хугацаанд гаргаж өгөөгүй зэрэг зөрчлүүдийг давтан гаргасан” гэж зааж,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот хамтарсан тушаалын Зургаадугаар зүйлийн 6.1,сумын Засаг даргын тамгын газрын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг тус тус баримталжээ.

3. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

4. Хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаар “Б.Д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар /хэргийн 31 дүгээр тал/ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1,  Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн  Б/17 дугаар тушаалаар /хэргийн 76 дугаар тал/ байгуулагдсан сумын Засаг даргын тамгын газрын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөмжийг /хэргийн 27 дугаар тал/ тус тус үндэслэж, нэхэмжлэгчийг  2024 оны 10 дугаар сард   хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

5. Дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсны  дараа нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын  2-ны өдрөөс 6-ны өдрийг дуустал, 9-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал, мөн 30-ны өдрөөс 31-ний өдрийг дуусталх ажлын өдрүүдэд  ажил тасалсан, 25-ны өдөр үдээс хойш, 26-ны өдөр бүтэн, 27-ны өдөр үдээс өмнө ажилд ирсэн, мөн 11-ний өдрөөс 20-ны  өдрийг хүртэл өвчтэй гэж бүртгэгдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын цагийн бүртгэлээр /хэргийн 32 дугаар тал/, мөн сумын Засаг даргын тамгын газрын нярав ажилтай, цагийн бүртгэл хөтлөх эрх бүхий этгээд Х.Ж гэрчийн мэдүүлгээр /хэргийн 133-134 дүгээр тал/ тус тус тогтоогдсон.

6. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл  Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт цөс зогсоншил, архины шалтгаант зан төрхийн эмгэг оношоор 2 хоног,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт 12 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор 7 хоног эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Н, дотрын эмч С.А нарын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тодорхойлолтууд /хэргийн 33, 203  дугаар тал/, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн наркологийн тасгийн нээж хөтөлсөн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өвчний түүх /хэргийн 35 дугаар тал/,  сэтгэц наркологийн эмчлэгч эмч Х.А албан бичиг /хэргийн 204 дүгээр тал/, нэхэмжлэгчийг сумын эрүүл мэндийн төвийн түргэний машинаар эмчтэй цуг аймгийн Нэгдсэн эмнэлгийн наркологийн тасагт хүргэсэн сумын олон нийтийн цагдаа Ш.Е 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн илтгэх хуудас /хэргийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд эмнэлэгт хэвтсэн хугацаанд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн хуудас олгогдоогүй байна.

7. Мөн 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын ерөнхий  прокурорын газраас  зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зориулж зохион байгуулсан сургалтад нэхэмжлэгч өөрөө хамрагдсан гэж мэдүүлсэн, Улсын ерөнхий прокуророос эрх бүхий албан тушаалтнуудад зориулж 2024 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд сургалт зохион байгуулсан, байгаль орчны байцаагчид 23-ны өдрийн 1 дүгээр ээлжид хамрагдсан, сургалтад хамрагдсан ирцийн бүртгэл нь аймгийн прокурорын газарт байхгүй, Улсын ерөнхий прокурорын  сургалт зохион байгуулсан багш нар хөтөлсөн талаар аймгийн Прокурорын газрын даргын  тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн  № Ц-1/543 дугаар “Хариу хүргүүлэх тухай”  албан бичигт  /хэргийн 234 дүгээр тал/, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын 2024 онд хийсэн ажлын тайланг сонсож, мэдээлэл арга зүйн зөвлөгөө  өгсөн үйл ажиллагаанд нэхэмжлэгч Б.Д нь оролцсон талаар аймгийн Байгаль орчны газрын даргын тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр албан бичигт /хэргийн 209-210 дугаар тал/ тус тус тусгасан тул дээрх арга хэмжээнүүдэд нэхэмжлэгч оролцсон гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “... 12 дугаар сарын 2-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл ажил дээр байсан,  захиалгаар цаг бүртгэгч тасалсан гэж буруу бүртгэсэн” гэж тайлбарласан боловч энэ тайлбар нь сумын төрийн албан хаагч нарыг хамруулсан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан сумын онцгой комиссын шуурхай хуралдаанд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй талаар тусгасан тэмдэглэлээр /хэргийн  36 дугаар тал/,  мөн нэхэмжлэгчийн ажил тасалсан асуудлыг хэлэлцэхээр хуралдсан сумын Засаг даргын тамгын газрын албан хаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд оролцсон албан хаагчдын ирцийн тэмдэглэлээр /хэргийн 42 дугаар тал/,  сарын эхний 3 хоног ажил тасалсан шалтгааныг мэдэх, сонсох зорилгоор гэрт нь очсон сумын Засаг даргын тамгын газрын ес зүйн зөвлөлийн дарга, гишүүд болон сумын хэсгийн цагдаа нарын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр /хэргийн 41 дүгээр тал/ тус тус үгүйсгэгдэж байна.

9. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 сарын 10-ний өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 1.1-д “ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэн (даатгуулагч)-д ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд эмнэлгийн хуудас олгох, мэдээллийн санд бүртгэх, хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна” гэж заасан заасан байх бөгөөд  архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг онош нь журамд заасан эмнэлгийн хуудас олгох  өвчний төрөлд хамаарахгүй ба  энэ өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмнэлгийн хуудас олгогдохгүй болох нь,  мөн уг  эмчилгээг  иргэн өөрөө сайн дурын үндсэн дээр архины хор тайлуулах, архийг жигших зорилгоор хийдэг эмчилгээ  болох нь хэрэгт авагдсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн наркологийн тасгийн их эмч И.С гэрчийн мэдүүлгээр / хэргийн 165 дугаар тал/ тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх зорилгоор эмнэлэгт хэвтсэн 9 хоногийг  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан  гэж  үзэх боломжгүй байна.

10. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлийг тусгаснаас  гадна  “... 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон холбогдох тайлан мэдээгээ хугацаанд гаргаж өгөөгүй  зөрчлийг гаргасан” гэх үндэслэлийг тусгасан, нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг  2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь, 12 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн  төрийн жинхэнэ албан хаагчийн 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн нүүр хуудсанд бичигдсэн огноогоор / хэргийн 212-218 дугаар тал/ тогтоогдсон.

11. Маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг болон нэхэмжлэгчийг байлцуулан хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааг явуулсан нь, нэхэмжлэгч тухайн асуудлын талаар тайлбар гаргасан нь, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын ёс зүйн зөвлөлийн гишүүд хуралдаж, дүгнэлт гаргасан нь тус тус хэрэгт авагдсан сонсох ажиллагаа явуулах тухай тэмдэглэл /хэргийн 53-54 дүгээр тал/, нэхэмжлэгч Б.Д тайлбар / хэргийн 57 дугар тал/, ёс зүйн зөвлөлийн дүгнэлт /хэргийн 58 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

12. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь  сахилгын зөрчлийг давтан гаргаж, 2024 оны 12 дугаар сарын ажлын 22 өдрийн 17 өдөрт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, төрийн жинхэнэ албан хаагчийн  2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг хуулийн хугацаанд тайлагнаагүй зэрэг зөрчлүүдийг тус тус гаргажээ.

13. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлүүдийн тухайд:

14. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-д “төрийн албанаас халах;”, 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж хуульчилсан.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 5.1.1-д "төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ" гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг;”, 5.1.2-т "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;”, 8.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ:”, 7.3-т “Төрийн албаны тухай хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэж тус тус зохицуулжээ.

15. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр “Ёс зүйн хэм хэмжээ батлах тухай “ тогтоолын хавсралтын “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ийн   1.1-д “Энэ ёс зүйн хэм хэмжээний зорилго нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.3-т заасан төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтан, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан (цаашид "албан хаагч, албан тушаалтан" гэх)-ы Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтооход оршино”,   2.1-д “Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө”, 2.8.1-т “байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг чанд баримтлах” гэж тус тус заажээ.

16. Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан “Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын дотоод журам”-ын / хэргийн 61-73 дугаар тал/ 7.5-ын холбогдох хэсэгт  “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах” гэж тусгасан байна.

17. Нэхэмжлэгчийн  2024 оны 12 дугаар  сард  ажлын 17 өдөр  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан “… албан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд  буюу тодруулбал, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ   гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй зөрчилд хамаарч байгаагаас гадна төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт хамаарах Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн   37.1.7, 37.1.16,  төрийн албан хаагчийн нийтлэг хэм хэмжээнд хамаарах  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.8-д заасныг болон  байгууллагаас тогтоосон дотоод журмын холбогдох заалтыг тус тус   зөрчсөн ёс зүйн зөрчил мөн байна.

            18. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална” гэж заажээ.

19. Хуулийн дээрх  заалтын дагуу  Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 4.1-д “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн тайлангийн загварын дагуу хагас жилээр 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор, бүтэн жилээр 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор тайлагнана”, 5.1-д “Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг хянаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлалын дагуу үнэлгээний хуудсаар үнэлнэ”, 8.4-д “Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд гүйцэтгэлийн үнэлгээний оноог бууруулах, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

20. Журмын дээрх заалтаар төрийн жинхэнэ албан хаагч нь тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтийг бүтэн жилээр 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор тайлагнахаар журамласан байх ба нэхэмжлэгчийн хувьд журамд заасан хугацааг зөрчиж, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тайланг гаргаж эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснийг мөн зөрчил гэж үзсэн хариуцагчийн үндэслэлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

21. Төрийн албаны тухай хуулийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно”  гэж   заасан байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаар “Б.Д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 сарын дараа буюу сахилгын шийтгэлгүйд тооцох хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад  давтан сахилгын зөрчлийг гаргаж, ажлын 17  өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ажил тасалсан, үүний улмаас тухайн жилийн төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг журамд заасан хугацаанд гаргаагүй  нь тогтоогдсон  тул  түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр зөрчлийн шинж байдалд нь тохирсон гэж шүүх үзлээ.

22. Иймээс  маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн, уг актын улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

23. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг  хүчингүй болгуулах, зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэх зорилгоор Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан, Төрийн албаны  төв зөвлөлөөс хариу ирснээс хойш  30 хоног дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 55 дугаар зүйлийн 55.2, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.8, 7.3, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д үүрэгт ажлаас халах тухай” Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША