Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 305/ШШ2025/00229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,

Мал маллаж байсан байдал тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Жавхлант багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ********* овогт ********* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ********* сум Жавхлант багт мал маллаж амьдарч байгаа. ********* нь Говь-Алтай аймгийн ********* сумд 8-р ангиа төгсөөд, мал дээр гарч аав, ээж, дүү нарын хамт мал маллаж амьдарч байгаад 1989 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1991 оны 09 дүгээр сард цэргийн албанаас халагдаж ирээд аав, ээжийн хамт мал малласан. 1998 оны 08 дугаар сард *********-тэй гэр бүл болж, 1999 оны 02 дугаар сарын 02-ний өдөр улсын бүлтгэлд гэр бүл болсон байдлаа бүртгүүлсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт аав, ээжийн хамт мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр гэж байхгүй, өрхийн тэргүүний нэрээр мал тоологдож явдаг байсан тул архиваас аав *********-ын нэрээр А дансны хуулганууд гарч ирсэн байгаа тул хүсэлтэд хавсаргаж өгсөн баримтуудыг үндэслэн *********-г 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт аав, ээжийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*********, *********/

- Нас барсны бүртгэлийн лавлагаа/*********/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт *********-ын 1991-1997 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03-8/2245 дугаартай архивын лавлагаа

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ********* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ********* нь 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Жавхлант багт мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаартай тус аймгийн ********* сумын ********* багийн малчин, өрхийн тэргүүлэгч *********-ын мал маллаж байсан хугацаа 1991-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-Нэхэмжлэгчийн эцэг *********-ын 1991-1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ********* дугаартай *********, ********* нар нь гэр бүл болсныг ********* өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын 02 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ********* дугаартай ********* 2006 оны ********* өдөр нас барсныг 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын 9 дугаарт бүртгэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ********* дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ********* настай, эхнэр ********* настай, хүү ********* настай, охин ********* настай, хүү ********* настай, охин ********* настай, охин ********* настай, охин ********* настай нар нь Говь-Алтай аймгийн ********* сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа зэргээр нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ********* нь 1991-1997 онуудад эцэг ********* өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.

6. Иймд *********-г 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын Жавхлант багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********* овгийн *********-г 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР