| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00100/И |
| Дугаар | 305/ШШ2025/00230 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 305/ШШ2025/00230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй
Эцэг байх эрх сэргээлгэх тухай иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *********/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг байх эрх сэргээлгэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ********* онд Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн ********* настай. Ам бүл-3, хойд аав *********, ээж ********* нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* багийн *********-р байрны ********* тоотод амьдардаг. Би 2020 онд ********* овогтой *********-тэй хамтран амьдарч байх хугацаандаа миний өөрийн охин болох ********* нь ********* төрсөн. Миний бие охинтой болсоноос хойш 1 удаа согтууруулах ундаа хэрэглэж 7 сар 15 хоногтой байхад 2021 оны 06 сарын 3-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.12.1.2.1 дэхь хэсэгт заасан хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн сум дундын шүүхээс 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хорих ялаа дуусгаад 2024 оны 01 сарын 30-нд суллагдаж ирээд хамтран амьдрагч *********, охин ********* хоёр дээрээ очиход ********* өөр хүнтэй амьдарч байсан. Дараа нь 2024 оны 03 сарын 17-нд охинтойгоо уулзах гээд очиход байхгүй байсан ба охин яасан бэ гэхэд хорооны дарга аваад явсан гэсэн. Тэгээд бид хоёр хүүхдийн байгууллага дээр очиход би анх удаа тэр гомдол гаргасан ********* гэдэг хүнийг харсан юм. ********* урьд нь надтай уулзаж байсан юм шиг ********* архи, дарсаа жоохон хүүхдийн хажууд уухаа боль гэж удаа дараа хэлсэн гэж шүүх дээр ярьсан. Энэ хэлсэн үг нь ямар ч үндэслэл байхгүй. Худлаа хэлж байгаа учраас миний бие шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 07 сарын 01-нд ********* гэдэг хүнийг 2 дахь удаа л харсан. Би тэр хүнийг таньж мэдэхгүй. Миний бие охинтой болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэж байсныг мөн эрүүлжүүлэхэд орж байсныг үндэслэн эцэг байх эрхийг минь хасч шийдвэр гаргасныг дахин харж үзэн эцэг байх эрхийг минь сэргээж өгнө гэдэгт итгэлтэй байна. би цаашид архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй шударгаар хөдөлмөрлөж охинтойгоо элэг бүтэн сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээж авна уу гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:байхгүй.
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00286 дугаартай шийдвэр
- Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШ/27 дугаартай хорих ял хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай шүүгчийн захирамж
- Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ХМШЗ/09 дугаартай шүүгчийн захирамж
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15/190 дугаартай албан бичиг
- Төрсний бүртгэлийн лавлагаа/У.Анударь/
- Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаартай албан бичиг
- Өнөр бүл хүүхдийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай албан бичиг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
3. Нэхэмжлэгч ********* нь эцэг байх эрх сэргээлгэх нь шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00286 дугаартай гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх зааснаар ********* өдөр төрсөн охин ********* эцэг *********, эх ********* нарын эцэг, эх байх эрхийг хассугай гэх шийдвэр,
- Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШ/27 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ********* эдлээгүй үлдсэн 01/нэг/ жил, 1/нэг/ сар, 18/арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө сулласугай гэх шүүгчийн захирамж
- Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ХМШЗ/09 дугаартай эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ********* эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024ХМШЗ/27 дугаартай захирамжийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг биеэр эдлүүлсүгэй гэх шүүгчийн захирамж,
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15/190 дугаартай иргэн *********-ын охин ********* төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. ********* үрчлэлийн бүртгэл хийлгээгүй, *********-ын эцэг байх эрх хасуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэх албан бичиг,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ********* дугаартай ****************** өдөр төрснийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын ********* дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаартай тус газраас ********* одоо хаана, хэний асрамжид байгаа талаарх нотлох баримтыг гаргаж хүргүүлэв гэх албан бичиг,
- Өнөр бүл хүүхдийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай өнөр бүл хүүхдийн төв нь 21 аймаг 9 дүүргийн Засаг даргыг захирамжийг үндэслэн төрөөс зайлшгүй хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд асрамж, халамж, хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага юм. ********* нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/101 тоот захирамжаар 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус төвд ирж одоог хүртэл үйлчилгээнд хамрагдаж байгаа нь үнэн болно гэх албан бичиг тус тус авагджээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч ********* эцэг байх эрхийг хязгаарласан нөхцөл байдал арилсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00286 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хүүхдийг үл хайхардаг, хүнд нөхцөл байдалд байлгадаг гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч ********* нь одоог хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа тул хүүхдийн асран хамгаалах, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч тал үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ********* нь дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Тиймээс *********-ын эцэг байх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********-ын эцэг байх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР