| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2020/03903/И |
| Дугаар | 210/МА2021/00804 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2021/00804
| 2021 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2021/00804 |
М.Цгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Цгийн хариуцагч БХЗХТБАА холбогдуулан гаргасан битүүмжилсэн, хураасан, хөрөнгө чөлөөлөх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг М.Ц, Б.У, Б.Инарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн уг шийдвэр гарснаас хойш 4 жилийн дараа буюу 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б.Б 62 000 000 төгрөг гаргуулах шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж М.Ц, Б.У, Б.И нарын өмчийг дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх үед Б.Бнь гэрлэлтээ цуцлууж үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өгч тайлбар гаргасан байдаг. Гэтэл төлбөр барагдуулах ажлын алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр олгосон хөрөнгийг өмчлөгчийнх нь оролцоогүйгээр дуудлага худалдаанд оруулж, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол гаргасан. Иймд БХЗХТБАА 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр Б.Баас 62 229 380 төгрөг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн ...2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч М.Ц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулж 2019 онд шүүхэд нэхэмжлэл гарсан бөгөөд гурван шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзэж М.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч БХЗХТБАА холбогдох 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Цгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь ... 90 тоот орон сууцыг Б.Бөмчлөлөөс чөлөөлөх тухай тогтоол гаргахдаа бие даасан шаардлага гаргах эрхтэй М.Ц болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж тэднийг нүүлгэн гаргах шаардлага тавьсан нь хууль бус юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зөвхөн Б.Б нүүлгэн гаргах эрхтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр М.Ц болон түүний 2 хүүхдэд уг орон сууцыг өмчлүүлсэн тул бид орон сууцны хууль бус эзэмшигч, өмчлөгч биш. Шүүх гуравдагч этгээдүүдийг нүүлгэн гаргах тухай хариуцагчийн шийдвэр хуульд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч М.Ц хариуцагч БХЗХТБАА холбогдуулан тус албаны 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Маргааны зүйл болох орон сууцны өмчлөл, ашиглалтын талаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 604 дугаар шийдвэрээр М.Ц, Б.Бнарын гэрлэлтийг цуцлаж, охин Б.У, хүү Б.И нарыг эх М.Цгийн асрамжинд үлдээж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоотын 2 өрөө орон сууцыг М.Ц, Б.У, Б.И нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Энэ шийдвэрээс өмнө буюу 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.Борон сууцыг “Анод банк” ХК-д барьцаалан 180 000 000 төгрөгийн зээл авсан, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3010/Б дугаар шийдвэрээр Б.Б 62 229 380 төгрөг гаргуулж, “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх6-10/
Төлбөр төлөгч Б.Бнь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хураан авч, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч барьцааны хөрөнгө худалдан борлогдоогүй байна. Улмаар орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгож, төлбөр авагч зөрүү мөнгийг төлж төлбөртөө тооцон авснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдаж дуусгавар болсон байна. /хх30-31/ Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан байх тул хариуцагч байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаар тогтоолоор маргаан бүхий орон сууцыг битүүмжилсэн болон хураасан шийдвэрийг цуцалж, орон сууцыг чөлөөлснийг буруутгах боломжгүй юм.
Орон байрыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүнээс чөлөөлөх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдах бөгөөд уг ажиллагаатай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг М.Ц, Б.У, Б.И нарын өмчлөлд үлдээсэн байхад өмчлөгчийг нь оролцуулалгүй, дуудлага худалдаанд оролцуулсан, гуравдагч этгээдүүдийг нүүлгэн гаргах хариуцагчийн шийдвэр хуульд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.
Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
А.МӨНХЗУЛ