| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0044/э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын О-т холбогдох эрүүгийн 1835000400045 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6-р баг 5-9 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 сарын 21-ний өдрийн 167 тоот шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ял, мөн зүйлээр 2010 оны 03 сарын 29-ний өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:ОЗ77112512/ Б овгийн Т-ын О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.О нь 2018 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 07-01 тоот хашаанд байх хохирогч Х.З амбаарын цонхоор нэвтэрч 3 ширхэг ямааны мах хулгайлж 162.800 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.О-ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 1 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 07-01 тоот хашаанд байх хохирогч Х.З амбаарын цонхоор нэвтэрч 3 ширхэг ямааны мах буюу нийт 58 кг мах хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл нуусан газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт /хх-ийн 2, 5-8, 12-17, 46 тал/, хохирогч Х.З мөрдөн байцаалтад өгсөн “Энэ өвөл 26 тооны хонь, 7 ямаа нядалж Улаангом суманд Барилгын хороонд байгаа 7-1 тоот хашаанд байх гэрт болон амбаарт хураасан ба 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 гулууз, нэг ямааны гулууз мах зараад үлдсэн 4 ямааны махыг амбаарт 5 хонины махыг гэрт үлдээгээд тэр шөнө дүү А гэх айлд хонохоор явсан. Маргааш нь буюу 29-ний өдөр хөдөө явах гээд Барилгын хороонд байх гэртээ ирсэн чинь манай гэрийн урд талд байх амбаарын цонхыг таглаж хаасан байсан паниарыг хагалаад амбаар дотор байсан 4 ямааны махнаас 3 ямааны махыг аваад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2 ямааны махыг хаа, гуяар нь эвдэж байгаад хавсарч хөлдөөсөн байсан, 2 ямааны махыг эвдээд мөч мөчөөр нь амбаарын голд байх модноос өлгөсөн байсан. Махнаас 4 гуя, 2 ууц, 1 хаа алдагдсан, амбаарт 3 хаа, 2 сээр, 2 хүзүү үлдсэн байсан. Буцаагаад 28.5 кг мах авсан. Ямааны махыг манай хадам дүү Т.О хулгайлсан тул одоо түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хоол унд байхгүй байсан бол хэлээд авна биз дээ Энэ хэргийг хааж өгөөч гэж хүсэж байна. Хэрэв О хулгайлсан гэдгийг эрт мэдсэн бол цагдаад өгөхгүй байсан” /хх-ийн 18-24 тал/ гэх мэдүүлэг,
гэрч С.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ээж бид хоёр амбаарт болон гэрт хураасан байсан ямаа, хонины гулууз махыг Улаангомын ченж Н, түүний эхнэр Ц нарт 20 хонины гулууз мах 401 кг, 1 эх ямааны гулууз мах 14кг байсныг зараад 5 хонины гулууз болон 4 ямааны мах үлдсэн. Тэр махыг манайх хавар хүнсэндээ хэрэглэхээр үлдээсэн. Ээж бид хоёр тэр шөнө А ахын гэрт хоночихоод маргааш өглөө нь гэрт ирэхэд гэрийн урд талын амбаарын цонхыг битүүлж хаасан байсан паниарыг эвдээд хүн орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай амбаарын цонхоор хулгайч орж 2 үүцлээд хөлдөөсөн байсан ямааны мах болон амбаарын нуруу модонд өлгөсөн байсан ямааны махнаас 2 ууц, 4 гуя, 1 хаа зэрэг махуудыг аваад явсан байсан” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “Миний төрсөн дүү О ямааны мах хулгайлж авсан байна. 2017 оны 11 дүгээр сард 26 хонь, 8 ямааг хөдөөнөөс дүү О-ын хамтаар Улаангом руу тууж гэрийнхээ гадна нядалсан юм. Уг малыг хөдөөнөөс тууж явахад дүү О надаас 1 бог мал өгөөч гэж гуйхаар нь би түүнд ах нь зээлтэй учраас зээлээ төлмөөр байна гэж хэлээд мал өгөөгүй юм. Миний дүү амбаараас мах хулгайлсанд гомдож байна. Дүү маань ажил төрөлгүй, хүний хар бор ажил хийдэг хүн байдаг юм” /хх-ийн 36-37 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Т.О-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би төрсөн ах С-ын гэрт очиход гэр нь цоожтой байсан болохоор амбаар руу орж ямааны мах хулгайлж авсан. Би цагаан сарын бууз боох санаатай уг ямааны махыг авсан юм. Би амбаарын цонхны паниар модыг гараараа салгаж цонхоор дотогш ороод өлгөөтэй байсан ямааны мах байснаас 2 ууц, 4 гуя, 1 хааг аваад амбаар дотроос хоосон шуудай авч түүндээ хийж цонхоор гарч яваад Улаангом сумын 6 дугаар багт байх гэр лүүгээ үрээд явсан. Гэрт очоод ямааны 4 гуя, 1 хааг гэрийн хаяанд цасанд булаад 2 ууцыг нь дэвтээж яснаас нь махыг салгаж, яс махыг амбаарт оруулж поошиг дээр тавьсан. Өөр ямааны мах аваагүй. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр цагдаа нар гэрт ирж надаас ямааны махыг хурааж авсан. 2017 оны 12 сард төрсөн ах С бид хоёр хөдөөнөөс мал тууж ирж байхдаа би ахдаа цагаан сараар бууз баншаа боож авах хэрэгтэй байна, та нэг мал өгөөч гэж гуйхад С ах надад мал өгөх мэдэл байхгүй. Манай эхнэрт хэл гээд мал өгөөгүй юм. Эхнэр бид хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор амьдрал хэцүү байна. Би гадуур хүний хар бор ажил хийж, эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” /хх-ийн 52-53 тал/ гэх мэдүүлэг, баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс/ хэнд ч /-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.
Иймд шүүгдэгч Т.О-ын төрсөн ахынхаа гэрт хүнгүй гэдгийг мэдсээр байж хашаанд очиж амбаарынх нь цонхны тагалсан паниар модыг эвдэн орж, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр ямааны мах авсан нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-д нэвтэрч үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.
Хохирогч Х.З хашаанд байх амбаар нь цоожтой байсан бөгөөд тухайн амбаарт хохирогч өөрийн эд хөрөнгийг хадгалдаг байх тул амбаар нь тусгайлсан хамгаалсан байр, агуулахад хамаарч байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчил гараагүй байх тул шүүгдэгч Т.Оыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.О нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэрч Т.С, Т.Т, Т.Б, Т.Д, Ч.Ө нарын мэдүүлэг, Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 36-44, 57, 60 тал/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О нь Увс аймгийн Улаангом сумын 6-р баг, 5-27 тоотод амьдардаг, газар болон газраас бусад ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгөгүй, хавар, намрын улиралд хөдөө явж айлын туслах малчнаар, зун нь барилга дээр ажиллаж байдаг, тогтсон ажилгүй, амьдрал ахуй тааруу, хүнсний талон болон хүүхдийн мөнгөөр амьдардаг байх ба урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 сарын 21-ний өдрийн 167 тоот шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар, 2010 оны 03 сарын 29-ний өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна.
Хохирогч Х.З хулгайд алдсан ямааны махны зах зээлийн үнэлгээ нь 168200 төгрөг болох нь хэрэгт авагдсан 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн УВ/01/234 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 46 тал/, мөрдөгчийн хохирлын тооцоо гаргасан баримт /хх-ийн 81 тал/-аар нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийн улмаас 168.200 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.О-аас хулгайн эд зүйл буюу нийт 28.5 кг мах /ямааны 3 гуя, 2 хаа, шулсан бөөрөнхий хэлбэртэй мах/-ыг хураан авч, хохирогч Х.З хүлээлгэн өгсөн нь хэргийн 16 дугаар хуудаст авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 84 дэх талд буй хохирогчийн “...манай хадам дүү байсан тул би хэргээ татаж авна гэж хэлсэн, одоо би гомдол, тэмцэлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...би хулгайлсан махаа бүгдийг буцаагаад өгчихсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, хохирол төлөгдсөн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх боловч шүүгдэгч Т.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоног хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-ын О-ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т 1 жил 1 хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА